Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 02061

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02061

 

 

“А.Б” ХХК-ийн Эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/01377 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А.Б” ХХК-ийн Эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч “О” ХХК, Ц.Д, С.С, нарт холбогдох, 264 603 779.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнджав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч А.Б” ХХК-ийн Эрх хүлээн авагчийн төлөөлөгч А.Жавхлан, Б.Цэнджав нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь зээлдэгч Ц.Д, С.С, О ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2107005276 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 245,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 22.2 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн барьцаанд: Ц.Д, О ХХК нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 104 тоот хаягт байрлах Ү-2201013338 бүртгэлийн дугаартай, 000681606 тоот гэрчилгээний дугаартай 402 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 4А байрны зүүн урд байрлах 18635311760065 нэгж талбарын дугаартай, 000318776 тоот гэрчилгээний дугаартай 134 м.кв эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Зээлдэгч Ц.Д, С.С, О ХХК нар нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Зээлийн гэрээний дагуу Үндсэн зээл 239,382,358.75 төгрөг, Зээлийн хүүнд 25,187,691.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 33,728.76 төгрөг, нийт 264,603,779.17 төгрөгийн өртэй болоод байна. Иймд хариуцагч нараас 264,603,779.17 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Д, С.С, О ХХК нар шүүхэд болон төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Б ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 2107005276 тоот зээлийн гэрээ, 2107005276 тоот барьцааны гэрээг байгуулж 245,000,000 төгрөгийг жилийн 22.20 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатайгаар зээлсэн болно. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч А.Б ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 50,968,380 төгрөгийг төлсөн боловч 2020 оны 02 дугаар сараас эхлэн давагдашгүй хүчин зүйл буюу цар тахал дэгдсэн нь урьдчилан тааварлашгүй нөхцөл байдал үүсгэж, эрхэлж байсан үйл ажиллагаа маань доголдож эхэлсэн. Нэхэмжлэгч А.Б ХХК-д улс оронд үүссэн нөхцөл байдлыг харгалзан зээлийн эргэн төлөлт хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг гаргаж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс хүлээн аваагүй болно. Нэхэмжлэгч "А.Б ХХК-ийн хариуцагч нарын өмчлөлийн 70,000,000 төгрөгийн үнэ бүхий улсын бүртгэлийн 18635311760065 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 4а байрны зүүн талд байрлах 134 м.кв газар, 763,800,000 төгрөгийн үнэ бүхий Ү-2201013338 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 104 тоот хаягт байрлах 402 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө буюу нийт 833,800,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 264,603,779,17 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг болон гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөх хугацаа болоогүй байхад нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Д, С.С, О ХХК нараас 264,603,779.17 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бны Эрх хүлээн авагчид олгож,   хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Дийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 104 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013338 дугаартай, 402 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч О ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18635311760065 дугаартай, 2016 онд 15 жилийн хугацаагаар олгогдсон 134 м.кв газрын тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Д, С.С, О ХХК нараас 1,551,168 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нар нэхэмжлэгч “А.Б” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ гэрээнд заасан нөхцөлийн хүрээнд тодорхой хэмжээгээр биелүүлж 45 387 029.98 төгрөгийг төлж байсан боловч урьдчилан тааварлашгүй, давагдашгүй нөхцөл байдал үүссэний улмаас эрхэлж байсан үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлт тасалдаж эхэлсэн тул нэхэмжлэгч “А.Б” ХХК-д улс оронд үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн эргэн төлөлт хийх хугацааг сунгаж, хойшлуулж өгөх хүсэлтийг гаргаж байсан боловч нэхэмжлэгч эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн эргэн төлөлт хийх хугацааг сунгаж, хойшлуулж өгөх хүсэлтийг гаргаж байсан боловч нэхэмжлэгч эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр зээлийн гэрээг зөрчиж дангаар цуцалсан, гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөх гэрээний хугацаа болоогүй байхад нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг шүүх хүлээн авч ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн, шүүх зээлийн гэрээний үүрэг 264 603 779.17 төгрөг хариуцагч нарын 833 800 000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зээлдэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “А.Б” ХХК-ийн эрх хүлээн авагч нь хариуцагч “О” ХХК болон Ц.Д, С.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 264 603 779.17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2018 оны 12 сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А.Б ХХК нь 245 000 000 төгрөгийг, жилийн 22,20 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар хариуцагч “О” ХХК, Ц.Д, С.С нарт зээлдүүлэх, хариуцагч нар зээлийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Ц.Дийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 104 тоот 402 м.квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч “О” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18635311760065 дугаартай, 2016 онд 15 жилийн хугацаатайгаар олгогдсон 134 м.квадрат газрыг тус тус барьцаалсан байх бөгөөд хариуцагч нар нь үндсэн зээл 5 617 641.25 төгрөг, хүүд 39 769 354.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 34 төгрөг, нийт 45 387 029.98 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн хүүгийн тооцоолол зэргээр тогтоогдсон. /хх-ийн 7-19-р тал/

 Талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрийн үүргээ биелүүлээгүй байх тул хууль буюу гэрээнд зааснаар нэхэмжлэгч “А.Б” ХХК-ийн эрх хүлээн авагч нь хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй болно.

Зээлдүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, хугацаа тогтоож байсан ч хариуцагч нар төлбөрийг төлөөгүй болох нь хэргийн 24-28 талд авагдсан зээлдэгч нарт хүргүүлсэн мэдэгдлүүдэээр нотлогдож байх тул зээлийн гэрээний 5.2.3, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “О” ХХК болон Ц.Д нарын эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3, 165 дугаар зүйлийн 165.1, 165.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр болох талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “... цар тахал дэгдсэнтэй холбогдуулан зээлийн эргэн төлөлт хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг гаргасан...” гэж тайлбарлах боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна. Мөн “... гэрээний хугацаа болоогүй  байхад нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн...” гэх түүний гомдол үндэслэлгүй байна.

Тодруулбал, талууд зээлийн гэрээний 1.9, 1.10-т зээлийг хуваарийн дагуу хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ биелүүүлэгүй тохиолдолд зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. Түүчнлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй юм.

Иймд хариуцагч “О” ХХК болон Ц.Д, С.С нараас үндсэн зээлийн үлдэгдэл 239 382 358.75 төгрөг, хүү 25 187 691.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33 728.76 төгрөг, нийт 264 603 779.17 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А.Б” ХХК-ийн эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Шүүх хариуцагч нар төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдаж үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 174 дугээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Харин нэхэмжлэгч мөнгөн хөрөнгөө буцаан шаардснаар гадна барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн хоёр шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэг шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй нь буруу байх боловч зохигчид нэхэмжлэлийн бүх шаардлагад мэтгэлцсэн учир шийдвэрийг хүчингүй болгох хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй болно. 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/01377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 551 168 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                                          Г.ДАВААДОРЖ

                                                                                                Б.НАРМАНДАХ