Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/376

 

           

 

 

    2023           4             06                                       2023/ДШМ/376

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

иргэний хариуцагч П.Л, түүний өмгөөлөгч Ч.Алдар,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав, иргэний хариуцагч П.Л нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Бд холбогдох 2202000180142 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

********** овгийн Б.Б, 19** оны * дугаар сарын **-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ************************* газарт ******** мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн **дугаар хороо, Алтан-Өлгий ** дугаар гудамжны **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: **00000000/;

Шүүгдэгч Б.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтад “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”-ыг хориглох” гэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлд “Шийдвэр гүйцэтгэгч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш 5 хоногийн дотор ялтныг төрийн албанд томилсон, сонгосон, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах болон шүүхээс хориглолт, хязгаарлалт тогтоосон бусад эрх, зөвшөөрлийг олгосон байгууллага, албан тушаалтанд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх мэдэгдлийг хүргүүлнэ” гэж,

Албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийн 1 дүгээр зорилтын 1 дэх хэсэгт заасан “хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж, хууль журамд заасны дагуу холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, хяналт тавих” гэж тус тус заасныг зөрчиж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 17.640.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ХЛ65091432 регистрийн дугаартай, П.Лгийн нийгмийн даатгалын мэдээлэлд үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах чиг үүргээ зориуд хэрэгжүүлээгүйн улмаас П.Лг Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох Боловсролын хүрээлэнгийн захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах боломжоор хангасан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хариуцагч П.Лгээс 39.899.443 /гучин есөн сая найман зуун ерэн есөн мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж Боловсрол Шинжлэх ухааны яамны харъяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд олгож, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д /36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4/ заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Анхан шатны шүүх Б.Б шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хуулиар хүлээсэн үүргээ зөрчин, хийх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй буюу хуульд заасан хугацааг хэтрүүлэн ялтан П.Лг томилох эрх бүхий байгууллага болох Боловсрол шинжлэх ухааны яаманд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр албан бичиг хүргүүлсэн нь хууль бус шинжтэй эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэжээ.

Сүхбаатар дүүргийн шүүхээс ирүүлсэн гүйцэтгэх хуудас /1хх 106/, П.Лд ял оногдуулсан шийтгэх тогтоолд түүний биеийн байцаалтад “...хэрэгт холбогдох үедээ Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байсан” гэж тэмдэглэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нээж, ялтнаас биеийн байцаалтыг нь тодруулан авсан асуумжинд /1хх 116/ П.Л нь Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байсан гэж хариулж, уг албан тушаалаас 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр чөлөөлөгдсөн тушаалыг /1хх 118/ өгсөн байна. Үүнээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх хуудсыг хүлээж аваад ажиллагаа явуулахад П.Л нь нийтийн албанд ажиллаж байгаа талаарх мэдээлэл байхгүй байна.

Иймд Б.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж /1хх 119/ П.Л нийтийн албанд томилогдох эрх хасах ялаар шийтгүүлсэн тул мэдээллийн санд бүртгэж, хариу ирүүлнэ үү гэж албан бичиг хүргүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “...Шийдвэр гүйцэтгэгч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш 5 хоногийн дотор ялтныг төрийн албанд томилсон, сонгосон, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах болон шүүхээс хориглолт хязгаарлалт тогтоосон бусад эрх зөвшөөрлийг олгосон байгууллага, албан тушаалтанд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай мэдэгдлийг хүргүүлнэ.” гэж заажээ.

Хуулийн энэ заалтаас үзэхэд П.Л төрийн албанд ажиллаж байгаа мэдээлэл байхгүй тул Төрийн албаны зөвлөлд мэдээллийг хүргүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Үүнээс үзэхэд дээр дурдсан “...Б.Б шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хуулиар хүлээсэн үүргээ зөрчин, хийх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй буюу хуульд заасан хугацааг хэтрүүлэн ялтан П.Лг томилох эрх бүхий байгууллага болох Боловсрол, шинжлэх ухааны яаманд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр албан бичиг хүргүүлсэн нь хууль бус шинжтэй эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Харин Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн прокурорт тус тус П.Лг төрийн албанд ажиллаж байгаа талаар мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн боловч уг бичгийг бичиг хэргийн ажилтан нь Б.Бд өгөөгүй, Сүхбаатар дүүргийн прокуророос ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь тогтоогдсон байна.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-т “...Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан байна.

Анхан шатны шүүх Б.Б үйлдэл, санаа зорилгыг тодорхойлж дүгнэлт хийхдээ “...Шүүгдэгч Б.Б албан үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үйлдэл, эс үйлдэхүй нь давтагдаж байх бөгөөд ялтны хувийн хэрэгт хяналт тавих эрх бүхий бусад этгээд зөрчлийг илрүүлэх боломжгүй байдалд хүргэж байгаа нь хоорондоо холбоотой хууль бус шинжтэй, санаатай үйлдэл гэж үзэхээр байх тул албан үүрэгтээ хайнга хандсан гэж үзэх боломжгүй.” гэжээ.

Шүүхийн энэхүү дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулвал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба Б.Б энэ гэмт хэргийг үйлдэх санаа зорилго байгаагүй, П.Лд давуу байдал бий болгохоор амлалт өгөөгүй гэдэг нь тогтоогдсон.

Харин ялтны мэдээлэл бүрэн авагдаагүйгээс энэ асуудал үүссэн ба тэрээр П.Лг төрийн албанд ажиллаж байгааг мэдэж, ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандаж зөрчлийн хэрэг нээлгэж, шийтгэл ногдуулан, уг зөрчлийн хэргийг прокурор хянах үедээ хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэж шалгуулахаар мөрдөх байгууллагад шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогджээ. Энэ нөхцөл байдлаас үзэхэд Б.Б уг хэргийг санаатай үйлдсэн гэх нөхцөл байхгүй болох нь нотлогдсон, шүүх хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэлт хийжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны 2023/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч П.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны хооронд Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажиллах хугацаанд хөдөлмөрийн хөлс болох нийт 36.924.916 төгрөг бодогдсоноос гар дээр 29.582.395 төгрөгийн цалин авсан тул энэхүү хохирлыг хариуцуулахаар намайг иргэний хариуцагчаар татсан юм.

Миний бие П.Л нь 1965 онд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 58 настай, 1989 онд МУИС-ийг математикч мэргэжлээр дүүргэсэн, профессор цолтой, улсад 34 жил тасралтгүй ажилласан бөгөөд үүнээс 27 жилийг их дээд сургуульд багш, сургалтын албаны дарга, БСШУЯ-ны харьяа СТС, БЗС, Боловсролын хүрээлэнд удирдах ажил эрхэлж ирсэн. Төрөөс даалгасан ажил үүргээ сайн биелүүлж амжилт гаргаж байсны учир ойн медалиуд, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнагдсан, Монгол Улсын боловсролын салбарын шилдэг менежерээр удаа дараалан шалгарч байсан.

Боловсролын хүрээлэнгийн захирлаар 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны хооронд БСШУ-ны сайдын тушаалаар томилогдон үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Миний бие ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн хуульд заасан ажлын өдрийн ердийн 8 цагаас илүү ажиллаж боловсролын салбарын 100 жилийн түүхэнд анх удаагаа ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт шинэчлэн сайжруулах ажлыг удирдан зохион байгуулсан. Ковидын үеийн хүнд бэрхшээлийн даван туулах арга хэмжээний хүрээнд бүх судлагдахуунаар 5000 гаруй теле хичээл, интерактив хичээлийг бүтээх ажлыг удирдсан. Энэ ажлын үр дүнгээр коронагийн үеийн хүндрэлийг амжилттай даван туулж ЮНЕСКО-гоос Дэлхийн шилдэг 10 улсын нэгээр Монгол Улс нэрлэгдсэн /материалыг хавтаст хэрэгт хавсаргасан/.Тэрээр “Education in Mongolia” ном болон тогтвортой хөгжлийн боловсролын шат шатны номыг бүтээх ажлыг өөрийн манлайлал доор бүтээлгэсэн нь манай салбарын түүхэнд анхны бүтээлүүд гэдгээрээ илүү үнэ, цэнэтэй юм /Материалуудыг нүүр хуудсаар хавсаргав/. Ийнхүү хоёр жилийг илүү их хөдөлмөрлөж ихийг бүтээх ёстой гэсэн итгэл үнэмшлээрээ би даван туулсан дээрх онуудын миний хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг яамны сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээгээр дүгнэхдээ 95-с дээш хувиар үнэлсэн болно. Энэ хэрэгт хэдийгээр би иргэний хариуцагчаар татагдсан боловч миний эзэмшсэн боловсрол, мэргэжил, мэргэшил, ажлын дадлага туршлага, ур чадвараа Монгол улсын Боловсролын байгууллагын хөгжил дэвшилд харамгүй зориулж, хувь нэмэрээ оруулсан гэж боддог.

Энэ хугацаанд ажилласан цалин хөлс бол боловсролын салбарт 34 жил ажилласан дээрх ажлын туршлага, ур чадварынхаа үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцаанаас олсон цалин хөлс, орлого буюу надад ажил олгогчийн зүгээс миний хөдөлмөрийн хөлс, үнэлэмж болгон олгосон цалин хөлс юм. Уг цалинг олгосноос болж улс оронд, тэр дундаа байгууллагад хохирол учирсан гэж үзэхгүй байна.

Учир нь гэвэл, би ажил олгогчтой байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус хугацаанд ажиллаж, хөдөлмөрийн хөлс болох тохиролцсон цалин хөлсөө авсан юм. Би огт ажил хийлгүй энэхүү цалин хөлсийг авсан бол өнөөдөр иргэний хариуцагчаар төлбөр төлөхөд гомдолгүй юм. Өнөөдөр би хийхгүй байсан ч өөр хүнийг ажлуулсныхаа төлөө төр цалин хөлс өгөх л хуультай орон. Иймд шүүгдэгчийн үйлдлээс болж байгууллага хохирсон гэж дүгнэсэн анхан шатны шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж буй тул тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, надаас гаргуулахаар заасан төлбөрөөс чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 11 жил тасралтгүй ажиллаж байна. Би хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа жилд 600 гаруй ялтанг хүлээн авч, хяналт тавьж ажилладаг байсан. Би Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолтой П.Лтэй холбоотой гүйцэтгэх хуудсыг хүлээж авсан. Тухайн шийтгэх тогтоолд биеийн байцаалт хэсэгт П.Лг “Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байсан" гэсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар “тухайн хүнийг ажлаас халагдсан тушаалыг авчирсан байсан тул Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөлд уг хүний эрхийг хасаж, мэдээллийн сандаа бүртгэж өгнө үү” гэж албан бичиг явуулсан. Тухайн байгууллагаас “бүртгэж авлаа, 2 жил хаслаа” гэсэн байдлаар буцаж хариу ирүүлсэн. Хорихоос өөр төрлийн ял буюу эрх хасах ял оногдуулсан тохиолдолд сар бүр биечлэн уулзаж, тайлбар авч хяналт тавьж ажилласан. 2021 оны 9 дүгээр сард П.Лг төрийн албанд ажиллаж байгааг мэдээд миний бие зөрчил хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлыг гаргасан. Би хуулийг хэрэгжүүлснийхээ төлөө энд зогсож байгаадаа маш их харамсаж байна. Би П.Лг ямар нэгэн байдлаар танихгүй. Ах, дүү, амраг садангийн холбоо байхгүй.” гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Алдар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтас хэргийн материалаас Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Б059 дугаартай тушаалаар Хүрээлэнгийн захирлаар П.Лг томилсон байдаг. Энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий томилгоо болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл П.Лгийн хувьд байхгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Шүүгдэгч Б.Б нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хууль тогтоомжид заасан албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлээгүй. Үүний улмаас ялтан П.Лд давуу байдал бий болгосон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Уг хэргийн хувьд хоёр үйл баримт байдаг. Нэгдүгээрт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш 5 хоногийн дотор ялтныг төрийн албанд томилсон, сонгосон, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах болон шүүхээс хориглолт, хязгаарлалт тогтоосон бусад эрх, зөвшөөрлийг олгосон байгууллага, албан тушаалтанд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай мэдэгдлийг хүргүүлнэгэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар П.Лг Боловсрол соёл шинжлэн ухааны яамны сайдын тушаалаар томилсон байдаг. Тэгэхээр дээрх заалтад зааснаар шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдлийг зохих ёсны эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй гэж прокуророос дүгнэсэн. Хоёр дахь үйл баримт бол хорихоос өөр төрлийн ял оногдуулсан ялтанд ял эдлүүлэх үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьсан гэх асуудал байдаг. Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өөр өөр байдлаар мэдүүлэг өгдөг. 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны үйл баримт байдаг. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтны ял эдлэлтийн байдалд шийдвэр гүйцэтгэгч хэрхэн хяналт тавих ёстой гэхээр мэдээллийн санд нэвтэрч ялтны холбогдох мэдээллийг нягтлах замаар хяналтыг хэрэгжүүлэх ёстой байтал нийт 13 удаагийн үйлдлээр ялтны Боловсрол соёл шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байгаа талаарх баримтыг орхигдуулсан. 1 дүгээр хавтас хэргийн 132-188 дугаар хуудсанд холбогдох мэдээллүүд нь байсан болохыг нотолсон баримтууд байдаг. Конвенцид зааснаар гэмт хэргийн шинжийг тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улс Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэгтэй. Мөн зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улс Олон улсын гэрээг соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Авлигын эсрэг конвенцийг Монгол улсын Их хурлаас 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр соёрхон баталсан. Иймд Авлигын эсрэг хуульд заасны дагуу дээрх конвенцийн 28 дугаар зүйлд зааснаар хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд гэмт хэргийн санаа сэдэлт зорилгыг тайлбарлаж болно гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд Б.Б дээрх үйлдэлд дүгнэлт хийсэн. Прокуророос анхан шатны шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч гэм буруугаа нотлох үүрэг хүлээгүй тул худлаа хэлээд байгаа юм биш үү гэдэг байдлаар асуулт асуугаагүй. Тэмдэглэлд тодорхой харагдана. Шүүгдэгч Б.Б нь эрх бүхий байгууллагад 1 жил 9 сарын дараа мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Үүнтэй холбоотой Төрийн албаны зөвлөлийн албан бичиг байдаг. /1хх 53 хуудас/ Уг албан бичигт “Боловсрол шинжлэх ухааны яамны төсөвт байгууллагын удирдах албан тушаалтаныг Боловсрол шинжлэн ухааны сайд томилж, чөлөөлдөг. ЗГ-ын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар 62 дугаар тэмдэглэлд заасны дагуу Боловсрол шинжлэх ухааны сайд Арабын нэгдсэн Эмират улсад ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор тухайн ажилтаныг томилох мэдэгдлийг танилцуулж амжаагүй” гэсэн байдаг. Хэрэгт авагдсан эдгээр үйл баримтуудын хүрээнд Б.Б Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар томилсон байгууллагад нь холбогдох мэдэгдлийг 5 хоногийн дотор хүргүүлэхгүй, өөр байгууллагад хүргүүлсэн, мөн ялтны ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих албаны чиг үүргээ зориуд санаатайгаар хэрэгжүүлээгүй гэж дүгнэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос Б.Б Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйл, албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийн 1 дүгээр зорилтын 1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 17.640.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ХЛ65091432 регистрийн дугаартай, Шаавай овгийн Пүрэвийн П.Лгийн нийгмийн даатгалын мэдээлэлд үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах чиг үүргээ зориуд хэрэгжүүлээгүйн улмаас П.Лг Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох Боловсролын хүрээлэнгийн захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах боломжоор хангасан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол ...” гэж,

мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол ...” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, бусдад их хэмжээний хохирол учирсан бол ...” гэж тус тус гэмт хэргийн шинжийг тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

“Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгох бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хамаарахаар хуульчилжээ.

“Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгох бөгөөд давуу байдал бий болгосныг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж зааснаар тодорхойлно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон ...” гэж заасан шинжийг хангах нэг нөхцөлд Нийтийн албан тушаалтан, өөртөө давуу байдал олж авсан этгээдийн хооронд харилцан сонирхол бүхий эрх ашгийн нэгдэл үүссэн байдал хамаарна.

Албан тушаалтан хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлвэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үүрэгт хамаарах үйл ажиллагааг явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсан нь алдаа доголдол гаргахад хүргэсэн байх зэргийг ойлгоно.

Тодруулбал, шүүгдэгч Б.Б нь П.Лгийн нийтийн албанд ажиллах эрх хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих үүрэг хүлээсэн хэдий ч зохих ёсоор биелүүлээгүй, ял эдэлж буй ялтны амаар болон бичгээр гаргаж буй “би ажил хийхгүй байгаа” гэх үгэнд итгэж, сар бүр түүнийг биечлэн ирүүлэх бүртгэл хяналтаас өөр ажиллагаа хийгээгүй нь үүрэгт ажилдаа хайнга хандаж, хэлбэрийн шинжтэй хяналт тавьсан байх бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзлээ.

Учир нь “албан тушаалтан албандаа хайнга хандах” гэдэгт хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг авахгүй байх, мөн албаны чиг үүргээ гүйцэтгэсэн боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсанаас алдаа дутагдал гаргахад хүргэсэн, эдгээрээс шалтгаалан бусдад их хэмжээний хохирол учирсан байх зэргийг багтаан ойлгодог болно.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулыг тодорхойлох, тухайлбал, түүний нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь хор уршиг байдаг.

Шүүгдэгч Б.Б шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах чиг үүргээ зориуд хэрэгжүүлээгүйн улмаас П.Лг нийтийн албан тушаалтнаар ажиллах боломжоор хангасан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Б, П.Л нарын хооронд харилцан сонирхол бүхий эрх ашгийн нэгдэл байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байна.

 

Учир нь, хэрэгт авагдсан Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /1хх 111/, эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдэд эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл /1хх 112/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /1хх 113/, П.Лгийн бичгээр гаргасан баталгаа /1хх 114, 115, 122, 124, 126, 128, 130, 134, 139, 142, 145, 146, 150, 152, 155, 159, 162, 165, 183/, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 3/13896 дугаар албан тоот /1хх 119/, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/737 дугаар албан тоот /1хх 120/, шийдвэр гүйцэтгэгч Б.Б тэмдэглэл /1хх 121, 123, 125, 127, 129, 133, 138, 141, 143, 147, 148, 151, 154, 157, 158, 161, 166, 173, 176, 177, 182, 185, 193/, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан Б.Б хүсэлт /1хх 174/, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 3/17484 тоот албан бичиг /1хх 178/, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 3/17485 тоот албан бичиг /1хх 179/, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 06-05/1858 дугаар албан бичиг /1хх 190/ зэрэг баримтуудаас үзвэл Б.Б өөрийн хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эрх хасах ял эдэлж буй этгээдэд хяналт шалгалтыг бүрэн гүйцэт тавилгүй ажилдаа хайнга ханджээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  “...“их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж, мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдад их хэмжээний хохирол учирсан бол ...ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч Б.Б үйлдэл “Хайнга хандах” гэмт хэргийн зарим шинжийг буюу  их хэмжээний хохирол учирсан байх нөхцлийг хангахгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх Б.Бд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу иргэний хариуцагч П.Лгийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, прокурор иргэний хариуцагч П.Лтэй холбогдох нэхэмжлэлээ мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Б өмгөөлөгч П.Баасанжавын гаргасан шүүгдэгчийг цагаатгах агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн прокурорын газраас Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Б цагаатгаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу иргэний хариуцагч П.Лгийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, прокурор мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч П.Лд холбогдох нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

3. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР