Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2024/00791

 

 

 

   2024             09            30     

                          130/ШШ2024/00791

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Цагдаагийн газар /дарга Ө/.

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт Уын Бийг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Б аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н,

Хүсэлт гаргагч Х.Х,

Албадан эмчлүүлэгч У.Б,

Орчуулагч Т.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б аймгийн Цагдаагийн газар нь Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт Уын Бийг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулахыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б аймгийн Ө сумын 1-р багийн оршин суугч Х.Хаас У.Бийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг манай байгууллагад гаргасан. Уг хүсэлтийнхээ хүрээнд манай байгууллагын зүгээс ажиллагаа хийсэн. Ажиллагаа хийсний дагуу шинжээч томилсон. Уг шинжээч дараах дүгнэлтийг гаргасан. Үүнд: Иргэн У.Б архидан согтуурах өвчтэй, эмгэгтэй хүн. Тийм учраас түүнийг албадан эмчлүүлж, аюулгүй байдлыг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасны дагуу ажиллагаагаа дуусгаж, хэргээ шүүхэд шилжүүлсэн. Албадан эмчлүүлэгч У.Бийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан. Тэр бол согтууруулах ундаа хэрэглэдэг нь үнэн. Эмнэлгийн шатанд албадан эмчлүүлэгч У.Б ямар нэгэн өвчний улмаас албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй гэсэн дүгнэлт гараагүй. Харин ч албадан эмчилгээнд явах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан тул У.Бийг эмчилгээнд явуулах нь зүйтэй. Гол учир нь У.Бийн өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдлыг хангах нь зүйтэй гэдгийг хэлье гэв.

2. Хүсэлт гаргагч Х.Хын тайлбар: Миний хувьд аймгийн цагдаагийн газарт нөхөр болох У.Бийг албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргасан маань үнэн. Одоо ч гэсэн уг гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Нөхөр маань байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Мөн архидан согтсон үед агсам тавьж, хорио цээрийн үг хэрэглэж, хэл амаар доромжилдог. Архи авах мөнгөгүй болох үед өөрийн хэрэглэж байсан утсыг хүртэл барьцаалж архи уудаг. Би ажлаасаа ядраад ирэхэд надад тус болохгүй. Дандаа архидан согтуурч намайг согтуу хүлээн авч үндэслэлгүй гүтгэдэг. Үүгээр гэр бүлийн амар амгалан байдлыг алдагдуулж, эрхийг маань зөрчдөг. Уг үйлдлүүдээ нэг биш удаа дараа гаргасан. Тийм учраас заавал албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

3. Албадан эмчлүүлэгч У.Бийн тайлбар: Бид гэр бүл болсноос хойш гэр бүлээ би тэжээн тэтгэж байгаа. Хамт амьдарсан хугацаандаа эхнэр, хүүхдүүдээ ямар нэгэн зүйлээр дутаж үзээгүй, садгалан байлаа. Эхнэр маань 23 жил ажилгүй байхад нь би гэр бүлээ тэжээн тэтгэж асран хамгаалж ирсэн. 2024 оны 05 дугаар сард эхнэр маань цэвэрлэгчээр ажилд орсон. Хэдийгээр бид урьд нь гэрлэлтээ цуцалж, тустай амьдарсан ч хэсэг хугацааны дараа дахин эвлэрсэн. Бид хүүхдүүдээ өнчрүүлэхгүй байхын тулд нийлсэн гэж ойлгож болно. Эвлэрснээс хойш би 2 жил гаруй хугацаа архи уугаагүй. Тэгээд дараа нь дахин архи уудаг болсон. Би одоо хувиараа мужаан хийдэг хүн байгаа. Ажлаасаа ядраад гэртээ ороход, гэр орон цэвэрлээгүй, бэлдсэн хоол, цайгүй байдаг. Үүнээс улбаатай заримдаа хэрүүл маргаан гардаг. Одоо жоохон архи уугаад очиход шууд цагдаа дууддаг болсон. Хэдийгээр би түүний эрхэнд халдсан ч халдаагүй ч намайг баривчилдаг. Бүр одоо хүртэл баривчлах байранд баривчлагдаж байна. Зун би ямар ч ажил хийж чадаагүй. Миний хөл хугарсан, хөл маань хадаастай байгаа. Гар маань бас гэмтэлтэй байгаа. Эмч нар надад хөлөө эмчлүүлэх шаардлагатай гэсэн ч би хөлөө эмчлүүлж чадахгүй байна. Хүүхдүүд маань оюутан тул зээл авч байгаад тэд нарыг явуулсан. Би хэдийгээр өвчтэй байсан ч хар бор ажлаа хийгээд байгаа. Гэхдээ архи уудаг маань үнэн. Мөн гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулаг маань бас үнэн. Шүүхээс би Өд спираль хийлгээд, эмчлэгдэхийг хүсэж байна. Би заавал албадан эмчилгээнд явахыг хүсэхгүй байна гэв.

4.Хүсэлт гаргагч Б аймгийн Цагдаагийн газрын х/ч Б.Мны бичсэн илтгэх хуудас, а/х Ө.Эын бичсэн илтгэх хуудас, а/д Ц.Эын бичсэн илтгэх хуудас, У.Бийн  ХУР системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн Ө сумын 1 багийн Засаг даргын тодорхойлолт, эрх бүхий албан тушаалтны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт гаргасан хүсэлт, Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загвар, шинжилгээний объект, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хүнд холбогдуулан шинжилгээ хийсэн тухай дүгнэлт, согтуурах, мансуурах донтой эсэх талаар дүгнэлт гарсан иргэдэд хуулийн зарим заалтыг танилцуулсан тухай бүртгэл, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, тус газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32/4460 дугаар албан бичгээр Х.Нт олгосон итгэмжлэл, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32/4458 дугаартай албан бичиг, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ЗШ/706 дугаартай шийтгэвэр зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Ө сумын 1-р багийн оршин суугч Х.Хаас аймгийн Цагдаагийн газарт нөхөр У.Бийг албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргасан. У.Б архидан согтуурах өвчтэй, эмгэгтэй хүн. Тийм учраас түүнийг албадан эмчлүүлж, аюулгүй байдлыг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасны дагуу ажиллагаагаа дуусгаж, хэргээ шүүхэд шилжүүлсэн. Гол учир нь У.Бийн өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдлыг хангах нь зүйтэй байна. Иймд У.Бийг албадан эмчилгээнд хамааруулах тухай хүсэлт нь үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

7. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж зохицуулжээ.

8. Албадан эмчлүүлэгч Ш овогт Уын Б нь 1974 онд төрсөн, 50 настай, Ө сумын 1 дүгээр багт эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг ба байнга архи уудаг болсон, гэр орондоо тогтохгүй, өдөр шөнө гэлтгүй гэрээс гараад явж архи уудаг, гэр бүлийн амар амгалан байдлыг алдагдуулдаг болох нь хүсэлт гаргагч Х.Хын мэдүүлэг, Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангаас гарсан албадан эмчлүүлэгч У.Бийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн хуудас, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/59 дугаар тушаалын хоёр дугаар хавсралтаар баталсан Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загвар, хохирогч Х.Хын, гэрч Д.Ёийн мэдүүлэг, 2024 оны 06 дугаар сарын 10-ы өдрийн, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

9. Иймд албадан эмчлүүлэгч У.Бийн хувьд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, өөрөө сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан гэж заасан үндэслэл хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг захиргааны журмаар албадан эмчлэх газарт явуулж архины албадан эмчилгээ хийлгэх нь зүйтэй байна.

10. Хүсэлт гаргагч байгууллагаас архинд донтох эмгэгтэй болсон түүнийг архины албадан эмчилгээнд зайлшгүй хамруулах талаарх эмнэлгийн дүгнэлт гарсан ба уг дүгнэлтээр У.Б нь архинд донтох эмгэгтэй, архины албадан эмчилгээнд зайлшгүй хамруулах шаардлагатай гэх тул иргэн У.Бийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргах эрхтэй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б аймгийн Цийн газар нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ш овогт Уын Б /РД:ӨӨӨӨ/-ыг албадан эмчлэх эмнэлэгт явуулж, албадан эмчлүүлсүгэй.

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт заасныг баримтлан У.Бийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б аймгийн Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН