Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/01122

 

Н.Батзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04240 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1269 дүгээр магадлалтай,

Н.Батзаяагийн нэхэмжлэлтэй

Б.Алтанзулд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батбүрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр амаар тохиролцож зээлдүүлсэн. Зээлийн хүү, хугацааг амаар тохиролцсон. Б.Алтанзулаас мөнгөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч тэрээр удахгүй өгнө “төлнө” гэсэн боловч өгөөгүй. 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад Б.Алтанзул Япон улсад байгаа нь тогтоогдсон тул би түүнийг гадаадаас ирэхээр  нэхэмжлэлээ  татан авсан. Хүүг бичгээр тохиролцоогүй тул 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Алтанзул шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт болох 4.500.000 төгрөгтэй холбоотой асуудлыг тус дүүргийн шүүх хянан хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 8071 тоот шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 159 тоот магадлал тус тус гарсан. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар хавсаргаж өгсөн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөнгө зээлж авсан үнэн болно гэсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Ямар үед баримт үйлдсэн нь эргэлзээтэй байна. 2010 онд хийгдсэн зээлийн асуудал болохоор Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг, энэ хугацаанд нэхэмжлэл гаргаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Н.Батзаяагаас Б.Алтанзулд мөнгийг яаж шилжсэн талаар нотлогдохгүй байна. Зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэн байхыг шаарддаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04240 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дзх заалтыг баримтлан Б.Алтанзулаас 3.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Батзаяад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Батзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж хариуцагч Б.Алтанзулаас 62.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Батзаяад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1269 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04240 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62.900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1269 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч “...2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр амаар тохиролцож, 3.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн хүү, хугацааг амаар тохиролцсон” гэж тайлбар гаргасан байхад шүүх Н.Батзаяа, Б.Алтанзул нарын хооронд Иргэний хуулийн 283 дүгээр зүйлийн 283.1-д зааснаар зээлийн гэрээнээс үүдсэн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Н.Батзаяа, Б.Алтанзул нарын хооронд хэзээ зээлийн харилцаа үүссэн зээлдүүлсэн мөнгийг хэрхэн Б.Алтанзулын өмчлөлд шилжүүлсэн болох нь нотлогдохгүй, хүү, хугацааг амаар тохиролцоод дараа нь бичгэн хэлбэрт оруулсан байхыг үгүйсгэхгүй нотлох баримт нь эргэлзээтэй байхад зөвхөн мөнгө өгч, авалцсан гэх баримтыг үндэслэн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгч “2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр” мөнгө зээлдүүлсэн Б.Алтанзулаас мөнгөө нэхэмжилж “2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан” болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа ч нэхэмжлэгч Н.Батзаяагийн мөнгө зээлдүүлсэн мөнгөө нэхэмжилж шүүхэд хандсан сар, өдөр давхцаж байгаа нь эргэлзээ төрүүлэхүйц, мөн уг баримтыг ямар нэгэн эх баримтаас нь хэсэгчлэн авч 2016 оны 04 дугаар сарын 04-ний өдөр гаргасан тайлбарын доод хэсэгт хуулбарлан хүргүүлсэн.

3. Шүүх нэхэмжлэгч хэзээ үүссэн, ямар харилцааны улмаас шаардах эрх үүссэн, эрх нь хэзээ зөрчигдсөн, эрхээ зөрчигдсөн талаар хэзээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан зэрэг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийг хэрхэн хэрэглэж байгаа талаараа тодорхой дурьдаагүй.

4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 8071 тоот шийдвэрээс “...Н.Батзаяагаас 1.800.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн...” талаар дурьдсан боловч уг харилцаа энэхүү иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн холбогдож байгааг огт дурьдаагүй, хариуцагч Б.Алтанзулын тайлбарласнаар шийдвэрт дурдагдсан мөнгийг нэхээд байхаар нь мөнгө өгнө гэсэн амлалт бүхий баримт дээр гарын үсэг зурсан” гэж хэлдэг.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Н.Батзаяагийн “...3.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Алтанзул эс зөвшөөрөхдөө “хөөн хэлэлцэх хугацаа дууссан, уг асуудлыг шүүх өмнө нь шийдсэн” гэжээ.

Хариуцагч Б.Алтанзул нь Н.Батзаяагаас 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөг авсан нь хэргийн 20 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон, тэрээр уг баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн асуудлаар 2013 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч гадаадад байгаа шалтгаанаар нэхэмжлэлээ татан авсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй. Нөгөө талаар уг маргааныг шүүх өмнө нь шийдвэрлэсэн гэх байдал тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлж чадаагүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04240 дүгээр шийдвэр,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1269 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 63.000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ