Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2018/0052

 

 

2018 оны 01 сарын 17 өдөр           

Дугаар 221/МА2018/0052

Улаанбаатар хот

Д.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 834 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.А-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Боловсролын газрын даргад холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34, 4.1.38, Боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бүтцийн салбар нэгжийн хувьд гомдлыг хянан үзээд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаар тогтоолоор Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн.

Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлд Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд 35.1.2-д “төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх дээрх тогтоолыг үнэлж үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх “Д.А-ийн үйл ажиллагааиы үр дүнд өгсөн үнэлгээний талаар ярилцлага хийгээгүй бөгөөд дахин үнэлгээ хийлгүүлэх эрхийг нь зохих хүсэлт гаргасаар байтал нэхэмжлэгчид эдлүүлээгүй байна. Тодруулбал, Нийслэлийн Боловсролын газрын албан хаагч нарыг байлцуулан 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн “үр дүнгийн гэрээ дүгнэх ажлын хэсгийн тайлан” гэх албан бичгийг үйлдэж, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нарын үр дүнгийн гэрээний биелэлтэд дүгнэлт өгчээ. Тайланд “Ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09.00 цагаас 19.00 цаг хүртэл нийслэлийн Боловсролын газрын 501 тоотод дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарыг хуваарийн дагуу хүлээн авч 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнэн ажиллалаа” гэж дурдсан боловч энэхүү үйл баримт бодит байдал дээр болоогүй гэж шүүхээс үзлээ. Учир нь дээрх үйл баримтыг нотлох ямар нэг бичгийн нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүйгээс гадна нэхэмжлэгч Д.А шүүх хуралдаанд үр дүнгийн гэрээг дүгнэхдээ ямар үндэслэлээр хангалтгүй дүн өгсөн, ямар баримтад тулгуурлан ийнхүү дүгнэсэн талаар захиргаа тайлбар хийгээгүй, түүнтэй ярилцлага хийгээгүй гэж тайлбарласан” гэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхгүй, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч Д.А-ийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэж үнэлгээ өгөхдөө 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр НБГ-ын 501 тоот өрөөнд Нийслэлийн Боловсролын газрын дарга өөрөө нэхэмжлэгч Д.Атэй үр дүнгийн биелэлтийн хүрэх түвшин, тоон үзүүлэлт, хийж хэрэгжүүлсэн ажил, явц үр дүнгийн талаар асууж тодруулж, шүүмжлэл өгч, ярилцлага хийсэн. Энэ талаар Д.А шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой мэдүүлсэн байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тухайн ярилцлага хийх үед ажлын хэсгийн гишүүний хувьд байсан. Шүүхэд тухайн ярилцлага явуулсан тэмдэглэл, үр дүнгийн биелэлтийг дүгнэсэн илтгэх /Тухайн илтгэх хуудас, тэмдэглэл өдрийг нарийн бичгийн алдаанаас болж 05-ны өдрийг 07-ны өдөр гэсэн байсан/ хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөөр байтал хэт нэг талыг барьж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхгүй, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй үзэж байна.

Төрийн албан зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.1-д “гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, шууд захирагчтай ярилцлага хийнэ” гэж заасан болохоос үнэлгээний талаар ярилцлага хийнэ гэж заагаагүй.

Дээрх журмын 6.5-д үндэслэл бүхий тайлбар гаргаж болно гэсэн бөгөөд Д.А нь үндэслэл бүхий тайлбар гаргаагүй гэж үзсэн. Учир нь Д.А 2017 оны 01 дүгээр сарын 13-нд тайлбартаа гэрээний биелэлтэд гаргасан, алдаа зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн байсан бөгөөд дахин хамгаалах хүсэлт гаргасан байсан. Иймээс хүсэлтийг хүлээн авахгүй, дахин дүгнэхгүй талаар 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Д.Ад биечлэн уулзсан тэмдэглэл хавтас хэрэгт байдаг. Д.А-ийн үнэлгээг өөрчлөөгүй учраас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Илтгэх хуудас”-д тайлбарыг хавсарган Төрийн албан зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.5-д “...Хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн “Илтгэх хуудас”-нд тайлбарыг хавсарган төсвийн шууд захирагчийн Хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно” Гэж заасны дагуу дүгнэсэнд тооцсон. Дээрх журмын 8 дугаар 8.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч гэрээ байгуулах болон дүгнэхээс татгалзсан, эсхүл төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид гэрээний биелэлтээ тайлагнаагүй, гэрээний төслөө хүргүүлээгүй тохиолдолд холбогдох тал Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлд харьяаллын дагуу гомдол гаргаж болно.Холбогдох Зөвлөл ирүүлсэн гомдлын дагуу шалтгааныг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна. Шаардлагатай тохиолдолд буруутай албан тушаалтанд шаардлага хүргүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд санал гаргаж болно” заасны дагуу Д.А нь дүгнэхээс татгалзсан талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй.

Нэхэмжлэгч Д.А нь үр дүнгийн гэрээний биелэлт гаргаж өгөхдөө 1 дүгээр хэсгийн 1.1-д нийт арга хэмжээ 50 гэсэн мөртлөө гэрээнд тусгагдсан нийт арга /хүснэгтэд/ хэмжээ 53 гээд Жинхэнэ гүйцэтгэл 49 арга хэмжээний биелэлт гаргасан, тусгай арга хэмжээ 6, манлайллын зорилт 5 гаргасан байдаг.

Д.А үр дүнгийн гэрээний биелэлт үнэлж дүгнэхдээ нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээнд заасантай харьцуулан дүгнэсэн. Үр дүнгийн гэрээний 1 дүгээр хэсэгт Төсвийн шууд захирагчийн хүлээх үүрэг гээд гэрээний хавсралт болох “Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан 105 нийт арга хэмжээг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт/ тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн/ бүрээр хангаж хэрэгжүүлнэ гэсэн ба арга хэмжээний зорилт-4, зорилтийг хэрэгжүүлэх арга хэмжээ 50, тусгай арга хэмжээ-6, манлайллын зорилт-5 гэж гаргасан нь зөрүүтэй байгааг шүүх хуралд тайлбарлаж баримтаар гаргасаар байтал анхан шатны шүүх “Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан 105 арга хэмжээ тус бүр дээр хариуцагч ярилцлага хийж үнэлгээ өгөх ёстой гэсэн нь ойлгомжгүй байна. Төрийн албан зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 1.3.2-д

“Арга хэмжээ” гэж ТТХ-д тодорхойлсон тухайн хөтөлбөрийн бүрэлдэхүүнд багтах, тоо хэмжээ, цаг хугацаа, чанарын шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох гарц буюу ажил, үйлчилгээг;

Арга хэмжээ нь нийт арга хэмжээ, тусгай арга хэмжээ, нэмэлт арга хэмжээнээс бүрдэнэ.

- “нийт арга хэмжээ” гэж “Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан тусгай арга хэмжээнээс бусад арга хэмжээг,

- “тусгай арга хэмжээ” гэж “Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан, хууль тогтоомж, төр, засгийн удирдах дээд байгууллагын бусад шийдвэрээр үүрэг болгосон ажил үйлчилгээ болон тухайн салбарын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэх зэрэг тулгамдсан асуудлаар төсвийн ерөнхийлөн захирагч нийтлэг арга хэмжээнээс илүү ач холбогдол өгч, үр дүнг тусгайлан дүгнэхээр сонгож даалгасан арга хэмжээг,

- “нэмэлт арга хэмжээ” гэж гэрээ байгуулагдсанаас хойш тухайн жилийн явцад нэмж хэрэгжүүлэхээр талуудын харилцан тохиролцсон арга хэмжээг хэлнэ гээд тодорхой заасан.

Иймээс захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна,

Төрийн албан зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан ““Төрийн жинхэнэ албан хаагч- Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх)-г үнэлж дүгнэх Үлгэрчилсэн загвар”-ын 1.1. ... нийт арга хэмжээ бүрийн биелэлтэд 0-30 онооны үнэлгээ өгч, дундаж оноог гаргана.

Тухайн арга хэмжээг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрсэн бол 30, тухайн арга хэмжээг хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэлийн зарим шалгуур үзүүлэлтийг хангаагүй, үр дүнд бүрэн хүрээгүй бол20-29, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн дуусаж, ажил хийгдэж байгаа бол энэ ажлын түвшинг харгалзан 14-19, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн бол энэ ажлын түвшинг харгалзан 5-13, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил хийгдэж эхэлсэн бол энэ ажлын түвшинг харгалзан 1-4 оноо өгч, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх талаар ямар нэг ажил хийгдээгүй бол оноо (“0” гэж тэмдэглэнэ) өгөхгүй.

1.2-Төсвийн ерөнхийлөн захирагч нь Загварын 1.2-ын тусгай арга хэмжээ тус бүрийн хэрэгжилтийг Загварын 1.1-ийн нийт арга хэмжээний хэрэгжилтийг үнэлсэн аргачлалаар дүгнэнэ. Загварын хавсралт маягт (Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан)-ын харгалзах 3 дахь баганад тусгай арга хэмжээ бүрийн биелэлтэд 0-40 онооны үнэлгээ өгч, дундаж оноог гаргана. Тухайн арга хэмжээг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрсэн бол 40, тухайн арга хэмжээг хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэлийн зарим шалгуур үзүүлэлтийг хангаагүй, үр дүнд бүрэн хүрээгүй бол 29-39, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн дуусаж, ажил хийгдэж байгаа бол энэ ажлын түвшинг харгалзан 18-28, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн бол энэ ажлын түвшинг харгалзан 7-17, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил хийгдэж эхэлсэн бол энэ ажлын түвшинг харгалзан 1-6 оноо өгч, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх талаар ямар нэг ажил хийгдээгүй бол оноо (“0” гэж тэмдэглэнэ) өгөхгүй.

Тусгай арга хэмжээний хэрэгжилтийн дундаж оноог тооцохдоо тусгай арга хэмжээ тус бүрт өгсөн онооны нийлбэрийг үнэлгээ өгсөн тусгай арга хэмжээний нийт тоонд хувааж гаргана.

1.3.Төсвийн ерөнхийлөн захирагч нь Загварын 1.3-ын манлайллын зорилт тус бүрийн хэрэгжилтийг Загварын хавсралт маягтын дагуу зорилт бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан зорилт бүрийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр уг маягтын харгалзах 3 дахь баганад зорилт бүрийн биелэлтэд 0-30 онооны үнэлгээ өгч, дундаж оноог гаргана. Манлайллын зорилтын биелэлтийн үнэлгээний дундаж оноог тооцохдоо зорилт тус бүрт өгсөн онооны нийлбэрийг үнэлгээ өгсөн нийт зорилтын тоонд хувааж гаргана” гэж заасан аргачлалын дагуу үнэлж дүгнэсэн.

Тухайлбал. Нэхэмжлэгч үр дүнгийн гэрээний 2.4-д “Цаасаар болон цахимаар ирсэн өргөдөл гомдол санал хүсэлтийг холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулж , шийдвэрлэлтийг богиносгох” гэсэн байх ба гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь “өргөдөл, гомдлын шийдвэрлэлт сайжирч, иргэдэзс гарах өргөдөл, гомдлын тоо буурна” гэсэн. Гэтэл 2015 онтой харьцуулахад 59-өөр илүү өргөдөл гомдол иргэдээс ирж буураагүй ихэссэн байдаг. Гэтэл шүүх Д.А-ийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг болон нэхэмжлэгчийн эрхэлж байгаа байсан албан тушаалын үйл ажиллагаатай шууд хамааралгүй байна гэж дүгнэсэн. Үр дүнгийн гэрээний зорилго нь үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршдог.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0834 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.А-г “2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээгээр F буюу хангалтгүй дүгнэгдсэн” гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь хэсгийг баримтлан Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж, Нийслэлийн Боловсролын газрын дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг нь захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах зохицуулалт бөгөөд мөн хэсгийн 23.1.2-т заасан “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэдгийг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмаар дүгнэхэд хангалтгүй дүн авсныг ойлгохоор байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчийг үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн тухай нэг ч удаа уулзаж тайлбар аваагүй, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлалын холбогдох заалтуудыг хэрэгжүүлээгүй, гэрээний баталгаажуулалт хийгдээгүй, үр дүнгийн гэрээний үнэлгээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй,  Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.1, 6.2.5, 6.5-д заасан ярилцлага хийх заалтыг хэрэгжүүлээгүй, үнэлгээтэй санал нийлэхгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбар гаргаж болно гэж заасныг огт хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлээр маргажээ.

Анхан шатны шүүх “ ... нэхэмжлэгч нь албан тушаал бууруулах шийдвэртэй холбогдуулан үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлгээ тус бүрээр ямар баримтад үндэслэж дүгнэж байгаа талаар мэдэх эрхтэй, нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээтэй холбоотой зохих тайлбарыг хүргүүлж, дахин асуудлыг хэлэлцүүлэхээр хандсан, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр уулзалтын тэмдэглэл гэгч зүйлийг хөтөлсөн бөгөөд харин асуудлыг дахин авч үзээгүй нь Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.1, 6.5 дахь заалтыг хэрэгжүүлээгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлтэй” талаар зөв дүгнэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Нийслэлийн Боловсролын газрын дарга өөрөө нэхэмжлэгч Д.А-тэй үр дүнгийн хүрэх түвшин, тоон үзүүлэлт, хийж хэрэгжүүлсэн ажил, явц үр дүнгийн талаар асууж тодруулж, шүүмжлэл өгч, ярилцлага хийсэн. Тухайн ярилцлага хийсэн тэмдэглэл, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудас зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөөр батал хэт нэг талыг барьж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэх гомдлын тухайд:

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй түүний үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн талаар уулзсан тэмдэглэл байх бөгөөд харин нэхэмжлэгчийн маргаж байгаа үр дүнгийн гэрээний биелэлтийг хэрхэн үнэлж, дүгнэснээ танилцуулаагүй, ямар баримтад үндэслэсэн, оноо тус бүрийг өгөх болсон үндэслэл, түүнийг нь нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар шалтгаан, түүний үндэслэл нь хариуцагчийн тухайн оноо, үнэлгээг өгөх болсон шалтгаанаар хэрхэн няцаагдаж байгаа талаар талуудын тайлбар, үндэслэл тусгагдаагүй байгаа нь үр дүнгийн гэрээний биелэлтийн дүгнэлтийг дахин хийлгэх хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч Нийслэлийн Боловсролын газрын даргаас нэхэмжлэгчийн 2016 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө бодитой дүгнэлт хийгээгүй, чухам ямар үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэнээ тодорхой тайлбарлаж, энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргах боломжийг нэхэмжлэгчид олгоогүй байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан дахин үнэлгээ хийлгэх талаар тайлбарыг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэхдээ Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.5-д “ ... талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ” гэж заасны дагуу үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзсэний үндсэн дээр төсвийн ерөнхийлөн захирагчаас үнэлгээг хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогдоогүй нь уг заалтыг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, үнэлгээний дүн бодитой биш байна.

Мөн хариуцагч үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ ямар шалтгаанаар оноог бууруулж, хасч тооцсон үндэслэлээ танилцуулаагүй. Тухайлбал, Улсын Их Хурлын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14/55 дугаар тогтоолоор тус дүүргийн 2016 оны төсвийг баталснаас хойш 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрчлөлт, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсны улмаас нэхэмжлэгчээс шалтгаалахгүйгээр үр дүнгийн гэрээнд тусгасан зарим арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болсон байхад эдгээр арга хэмжээг хэрэгжүүлээгүй гэж оноог хасч, бууруулж тооцсон байх бөгөөд ямар үндэслэлээр эдгээр арга хэмжээ болон бусад арга хэмжээг дүгнэхдээ оноог хасч, бууруулж тооцсоноо тайлбарлаж, нотлоогүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “ .... төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” гэж заасан бөгөөд хариуцагчаас төрийн жинхэнэ албан хаагч Д.А-ийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинд үнэлгээ өгч байгаа тохиолдолд энэ талаар хуульд заасан журмын дагуу нотлох баримтад үндэслэсэн, үнэн зөв, бодитой дүгнэлт хийх ёстой байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн өргөдөл, гомдлын тоо өссөн хэдий ч уг өргөдөл, гомдлыг цаг хугацаанд нь бүрэн барагдуулсан. Өргөдөл, гомдлын тоо өсөх буурахаас илүүтэйгээр уг өргөдөл, гомдлыг хэрхэн барагдуулсан, ямар ахиц, үр дүнд хүрсэн гэдэг нь чухал ажил байх ёстой гэдгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Мөн нэхэмжлэгч үр дүнгийн гэрээндээ хэрэгжүүлэх арга хэмжээний тоог зөрүүтэй байдлаар гаргасан гэх тайлбар нь үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв, бодитой дүгнэсэн эсэх, дүгнэлтээ нэхэмжлэгчид танилцуулж, үндэслэл бүхий тайлбар гаргах боломж олгосон эсэхийг тогтоох маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн байдлыг энэ үндэслэлээр зөвтгөх боломжгүй байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-д “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаал бууруулахдаа мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх тухай төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн гэж үзэхээргүй, энэ талаар хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй байна.

Иймд “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 834 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ