Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 618

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Боржигон халтар овогт Б*******ын Б******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” тухай журмын 4.9.2.2 дахь заалт илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал иргэн Б.Б******* миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт хандаж 2016 оны 5 дугаар сарын 18, 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд зааснаар мэдэгдэл хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийн агуулга нь Сант бүрэн дунд сургууль нь Улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулаагүй барилга байгууламжид хууль зөрчин сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь өөрөө хууль бус болохыг мөн тус барилгад хичээллэж байгаа хүүхдүүдийн аюулгүй байдал, хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул нийтэд энэ талаар мэдээлнэ гэсэн байсан. Гэтэл байгууллага хоорондын маргаанд төрийн байгууллага оролцох, улмаар жагсаал цуглаан хийхийг бүртгэж авахгүй гэсэн хариуг ирүүлж байсан. 

Ийнхүү хариуг ирүүлсэн даруй Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаар шийдвэрээр “жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай” хэмээн шийдвэрлэсэн. 

Иймд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10.4-т “Жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон бол зохион байгуулагч нь шүүгчийн захирамжийг хүлээн авсны дараа энэ тухай тухайн Засаг даргад урьдчилан мэдэгдэж жагсаал, цуглаан хийх цаг, хугацааг тохиролцож төлөвлөсөн арга хэмжээгээр зохион байгуулж болно” гэж заасны дагуу дахин Сант сургуулийн гадна замын эсрэг талд 2016 оны 6 дугаар сарын 07 өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хооронд цуглаан зохион байгуулж Сант бүрэн дунд сургууль нь Улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулаагүй барилга байгууламжид хууль зөрчин сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь өөрөө хууль бус болохыг мөн тус барилгад хичээллэж байгаа хүүхдүүдийн аюулгүй байдал, хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул нийтэд энэ талаар мэдээлнэ гэсэн мэдэгдэл хүргүүлэхэд дүүргийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1/1762 дугаар албан бичгийг ирүүлж, татгалзсан хариуныхаа хууль зүйн үндэслэлдээ Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үндэслэл болгож байх тул тус журам нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч Б.Б*******ийн  2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: 

“..Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” тухай журмын 4.9.2.2 дахь заалт нь илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилж байна” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарантуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Журам батлах тухай” А/1086 дугаар захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай” журмыг баталсан. 

Энэхүү журмыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.г, 29.2 дахь хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” 2005 оны 67, “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 2009 оны 143 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах, үр дүнг тооцох, нийслэлээс гаргах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор тус журмыг баталсан. 

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолоор сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт “иргэдээс яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны бусад байгууллагад амаар, бичгээр болон цахим сүлжээгээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журмыг хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, мөрдүүлэхээр тогтоол гаргасны дагуу энэхүү журмыг Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а дахь дэд заалтад “Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах” гэж заасан үүргийнхээ хүрээнд баталсан. 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бол захиргааны актыг илт хууль бус болохоор хуульчилсан байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гомдолд дурдсан асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүхээс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаар шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн талаар дурджээ. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 791.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрийг хэргийн оролцогч, эрх залгамжлагч заавал биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ” гэж тус тус заасан байдаг. 

Нэхэмжлэгчийн гомдол Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаар шийдвэрийг биелүүлэх эсэх дээр гаргасан гомдол байх тул Нийслэлийн Засаг дарга жинхэнэ хариуцагч биш байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэлийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргыг жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү. 

Иймд энэхүү журам нь утга агуулгын илэрхий алдаагүй, тухайн журмыг гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхой, Нийслэлийн Засаг дарга өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй, нэхэмжлэгчийн жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарлаагүй, хориглоогүй, эрх ашгийг хөндөөгүй, жинхэнэ хариуцагч биш байх тул иргэн Б.Б*******ийн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай журмыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Б.Б*******ийн “... Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” тухай журмын 4.9.2.2 дахь заалтыг илт хууль бус болгохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Журам батлах тухай” А/1086 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “г”, 29.2 дахь хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” 2005 оны 67, “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 2009 оны 143 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах, үр дүнг тооцох, нийслэлээс гаргах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” тухай журмыг баталсан байна. 

“Бүрэнцутгамал” ХХК-ийн захирал Б.Б******* нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “...Засаг дарга хууль бусаар жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаар шийдвэрээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан “Бүрэнцутгамал” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын “Бүрэнцутгамал” ХХК-ийн жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 492 дугаар магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1-д дэх хэсэгт заасныг удирдлага болгон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна. 

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад Сүхбаатар дүүргийн Засаг даргад жагсаал, цуглаан хийх хүсэлтийг гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1/1762 дугаар албан бичгээр “...Та бүхний дээрх асуудлаар жагсаал, цуглаан хийх талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа тул нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын 4.9.2.2 дахь хэсэгт зааснаар та бүхний мэдэгдлийг буцааж байгааг мэдэгдэж байна” хэмээн хариу өгчээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.г-д “иргэдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх”, мөн хуулийн 29 дүгээр 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 67 дугаар 1.а-д “иргэдээс яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны бусад байгууллагад амаар, бичгээр болон цахим сүлжээгээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журмыг хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж 2005 оны эхний хагас жилд багтаан баталж мөрдүүлсүгэй”, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 143 дугаар тогтоолын 2-т “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг хангах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэж тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээд баталсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын 4.9.2.2 дахь заалт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй ба зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудад хандахаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар дугаар журмын 4.9.2.2 дахь заалтыг баримтлан өргөдлийг хүлээн авахаас татгалзаж хариу өгч байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна хэмжээн тайлбарлах бөгөөд нэхэмжлэгч тухайн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдөж байна гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй ба энэ үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар баталсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын 4.9.2.2 дахь “Шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа асуудлаар өргөдөл, гомдол ирүүлсэн бол” иргэнд зөвлөгөө өгч, өргөдөл гомдлыг буцаана” гэх заалтыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй юм.

Иймд энэхүү журмын холбогдох заалт нь нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй буюу иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмын зорилгоос үзвэл Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан байх тул Б.Б*******ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” тухай журмын 4.9.2.2 дахь заалт илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.г, 29 дүгээр зүйлийн 29.2-т тус тус заасныг баримтлан Б.Б*******ийн гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” тухай журмын 4.9.2.2 дахь заалт илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.САЙХАНТУЯА