| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0026/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
нарийн бичгийн дарга Г.Номин,
өсвөр насны шүүгдэгч Ж.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Анхзул, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мандал,
өсвөр насны шүүгдэгч Р.Б, түүний хууль ёсны төлөөлөгч М.Рэнцэнханд, тэдгээрийн өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ж.А, Р.Б нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706000000215 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 16 настай, бага боловсролтой, Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар дунд сургуулийн 9-р ангид сурдаг, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 8-36 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 489 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэг жилийн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэж байсан, Олхонууд овогт Ж.А, /регистрийн дугаар /,
Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 14 настай, бага боловсролтой, Баянзүрх дүүргийн 92 дугаар дунд сургуульд 9-р ангид сурдаг, Баянзүрх дүүргийн 8-р хороо Эрдэнэтолгойн 1-3 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 489 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэг жилийн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэж байсан, Боржигон овогт Р.Б, /регистрийн дугаар НФ03232410/.
Үйлдсэн хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Ж.А, Р.Б нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Харуул Алтай хотхоны 106, 108 дугаар байрны дунд орших “Ачит-Эх” хүнсний дэлгүүрийн баруун талын вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж Вэлвэт нэртэй архи 1 ширхэг, Чингис архи 1 ширхэг, Алпэн Голд максфан шоколад 4 ширхэг, Биг ланч бэлэн гоймон 4 ширхэг, Эдка шоколад 1 ширхэг, Кока кола ундаа 4 ширхэг, хиам 4 ширхэг, бэлэн 50.000 төгрөг зэргийг хулгайлан авч иргэн Б.Янжинлхамд нийт 140.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад өсвөр насны шүүгдэгч Ж.А, Р.Б нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Янжинлхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би Баянзүрх дүүргийн 8-р хороо Харуул Алтай хотхоны 106, 108 дугаар байрны дунд орших Ачит-Эх 8 нэрийн хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юм. Манай дэлгүүрийн худалдагчаар Хонгор гэх залуу ажилладаг бөгөөд өдөр бүр дэлгүүрийн арын өрөөнд харж хонодог юм. 2017 оны 10 дугаар сарын 22-ны Хонгор эхнэр дээрээ очно гээд дэлгүүрээ цоожлоод явсан байсан. Маргааш нь өдөр нь надруу залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би дэлгүүр дээрээ очиход манай дэлгүүрийн баруун талын вакум цонх онгорхой, кассны дээд талын 2 камер дээр алчуур бүтээсэн байдалтай байсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/
Гэрч М.Хонгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“…01 цагийн үед дэлгүүрээ хааж яваад өглөө 09 цаг 20 минутын үед дэлгүүр дээрээ ирсэн. Тэгээд наймаа хийж байгаад кассны шургуулганд байсан 50.000 төгрөг байхгүй байхаар нь гайхаад амралтын өрөөрүү ороход цонх нь онгорхой байсан юм. Тэгээд цагдаад хандсан . Мөн архины тавиур дээр байсан Велвэт архи 1 ширхэг байхгүй байсан. Би уг нь өдөр бүр дэлгүүр дээрээ хонодог юм. Тэр өдөр гэртээ харисан юм. Намайг гэртээ харисныг манай дэлгүүрээр орж гардаг, надад тусладаг Анхаа гэдэг хүүхэд мэдэж байгаа…” гэх мэдүүлэг. /хх-ийн 20/,
Насанд хүрээгүй гэрч Т.Түмэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би 10 цагийн үед Харуул Алтай хотхоны шийдэн дээр найз Анхсумъяатай таараад сагс тоглож байгаад цаашаа РС тоглоомын газарт Батболдтой тааралдсан. Тэндээ бид 3 байж байгаад 14 цагийн үед гараад Хонгороо ахын дэлгүүрт байж байгаад орой 20 цагийн үед Батболд бид 2 108-р байрны 1-р орцны 10 давхарт гарч унтаж байхад Анхсумъяа 00 цагийн үед ирээд бид 3 орцон дотор 04 цаг хүртэл унтсан. Тэгээд би сэрээд явья гэтэл Анхсумъяа өнөөдөр Хонгороо ах дэлгүүр дээрээ байхгүй байгаа ш дээ гээд дэлгүүр дээр нь очоод баруун талын цонхыг түлхэж нээхэд Анхсумъяа, Батболд хоёр ороод 10-20 минут орчим болоод дэлгүүр дотороос архи, шоколад, ундаа, гоймон, хиам зэргийг аваад надад өгөөд араас нь өөрсдөө гарч ирсэн. Тэгээд хулгайлсан юмнуудаа жалганд нуучихаад РС тоглочихоод гэртээ харьцгаасан…” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
Өсвөр насны шүүгдэгч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би бэлтгэлээ тараад Харуул Алтай хотхоны РС тоглоомын газар ороход найз Ж.А, Түмэнбаяр нар байсан. Бид 3 тоглож байгаад орой РС-ны газраас гараад Хонгороо ахын хүнсний дэлгүүрт орж барааг нь өрж өгчихөөд тэндээсээ гараад хажуугийн орц руу орж унтацгаасан. Шөнө 03-04 цагийн үед сэрээд орцноос гарахад Анхсумъяа “Хонгороо ах өнөөдөр дэлгүүрт хонохгүй, эзэнгүй байгаа, гурвуулаа оръё” гээд Анхсумъяа бид 2 дэлгүүрийн баруун талын цонхыг түлхэж ороод камер дээр нь Анхсумъяа малгайгаа тавьж хаагаад дэлгүүрээс Велвет архи 1 ширхэг, Чингис архи 1 ширхэг, Алпэн Голд максфан шоколад 4 ширхэг, Биг ланч бэлэн гоймон 4 ширхэг,Эдка шоколад 1 ширхэг, Кока кола ундаа 4 ширхэг, хиам 4 ширхэгийг авсан. Касснаас Анхсумъяа мөнгө авсан бөгөөд гараад тоолж үзэхэд 45.000 төгрөг байсан…Хулгай хийж байх үед Түмэнбаяр гадаа зогсож байсан. Тэндээсээ бид 3 Харуул Алтай хотхоны дээр байдаг жалганд хулгайлж авсан эд зүйлсээ нуусан…” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Өсвөр насны шүүгдэгч Ж.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“…Шөнө 03 цагийн үед сэрээд орцоос гараад бид 3 явж байтал гэнэт Хонгороо ах өнөөдөр эхнэр дээрээ очно гэж байсан нь санаанд ороод тэр хоёрт хэлээд Хонгороо ахын дэлгүүр очоод баруун талын жижиг вакум цонхыг Батболд хүчтэй түлхэхэд онгойсон. Тэгээд Р.Б бид 2 ороод кассны дээд талын камер дээр нь би өмсөж явсан малгайгаа тавьж хаагаад дэлгүүрээс бид хоёр Велвет архи 1 ширхэг, Чингис архи 1 ширхэг, Алпэн Голд максфан шоколад 4 ширхэг, Биг ланч бэлэн гоймон 4 ширхэг,Эдка шоколад 1 ширхэг, Кока кола ундаа 4 ширхэг, хиам 4 ширхэг, биет 50.000 төгрөг зэргийг хулгайлж авсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
-гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-7/
-гэрч М.Хонгорын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 8/
-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
-нас тоолсон тэмдэглэлүүд /хх-ийн 10-15/
-Ж.А, Р.Б нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-44/
-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 06-ны өдрийн 489 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /46-52/,
-Баянзүрх дүүргийн 92-р дунд сургуулийн 9В ангийн анги удирдсан багш М.Батцэцэгийн Р.Бын талаарх тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 53-60/,
-Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61/,
-Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар дунд сургуулийн 9А ангийн анги удирдсан багш Б.Сандагсүрэнгийн Ж.Агийн талаарх тодорхойлолт, хувийн хэргийн хуулбар /хх-ийн 63-65/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, өсвөр насны гэрч, өсвөр насны сэжигтэн, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.
Баянзүрх дүүрийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Ж.А, Р.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.А, Р.Б нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Ж.А, Р.Б нар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байсан байна.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч нарт ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 06-ны өдрийн 489 дугаартай шийтгэх тогтооло ор өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоолоо.
Өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгаж эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхээс үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, удаа дараагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч Б.Янжинлхам нь хохирлоо бүрэн авсан тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, өмгөөлөгч нар болон тэдгээр нь өөрсдийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Ж.А, Р.Б нар нь бүлэглэж, үйл ажиллгаа явуулах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, өсвөр насны шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Өсвөр насны шүүгдэгч Олхонуд овогт Ж.А, Боржигон овогт Р.Б нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.А, Р.Б нарт нэг жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.А, Р.Б нарт оногдуулсан нэг жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 489 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн оногдуулах ялыг гурван жил нэг сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.А, Р.Б нарт оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 жил, 6 сар, 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.А, Р.Б нарт оногдуулсан нэг жил зургаан сар арван тав хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Ж.А, Р.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ж.А, Р.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ