Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/370

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Нямдорж,

шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ш.Амарбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Б-д холбогдох 2203 00502 0478 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Б-ийн Б, 1980 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ...-д нярав ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ... /;

Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын  21-ний өдөр 14 цаг 41 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Батхүлэг авто засварын газрын баруун замд С.Б-ийн эзэмшлийн “Mitsubishi Delica” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 2 дугаар хавсралтын “1.1. Үргэлжилсэн цагаан шугамыг хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в” тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Husqvarna FC350” загварын улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, 16 настай Б.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Н” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нийт 3.142.800 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Б-ийн Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг болон ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн осол болох үед миний хүү Б.Х-ын унаж явсан мотоциклд учирсан хохирлын хэмжээг 3.142.800 төгрөг гэж тогтоосон. Шүүгдэгчийн зүгээс мотоциклд учирсан хохирлыг төлөөгүй бөгөөд анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй хэмээн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Тухайн үед эмнэлэгт ээж нь сахиж байсан тул ээж рүү нь мөнгө шилжүүлж байсан. Эмнэлэг дотроосоо эм тариа авдаг байсан. Мөрдөн байцаалтын шатанд би 10 сая орчим төгрөгийн зардал гарсан гэж баримт өгсөн боловч зарим баримтын гүйлгээний утга нь ойлгомжгүй байна гээд 3 сая гаруйг нь хүлээн зөвшөөрсөн тул тэрхүү баримтыг гаргаж өгсөн. Төлсөн гэж байгаа 3.421.120 төгрөг нь эрүүл мэндийн эмчилгээний зардал юм. Мотоциклийн төлбөр одоогоор орж ирээгүй, төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үнэлгээний тайлангаар тогтоосон мотоциклд учирсан хохирлын төлбөр болох 3.142.800 төгрөгийг Б.Б-ээс гаргуулан хууль ёсны төлөөлөгч Х.Б-д олгох өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч шийтгэх тогтоолын зарим хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байгаа. Шүүх шийтгэх тогтоолдоо гэмт хэргийн улмаас хохирсон эд хөрөнгө болох мотоциклд учирсан хохирол төлбөрийг гаргуулахаар тусгаагүй. Иймд 3.142.800 төгрөгийг Б.Б-ээс гаргуулан хууль ёсны төлөөлөгч Х.Б-д олгуулах талаар өөрчлөлт оруулж өгнө үү. Хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлага, ялын бодлого, тухайн хүний хувийн байдал, өрх толгойлсон эцэг зэрэг бусад зүйлийн талаар маргасан зүйлгүй. Шүүх хуралдаанд хууль ёсны төлөөлөгч ийм хохирол гарсан гэдгийг илэрхийлсэн боловч шүүх буруу ойлгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч талаас нийгмийн даатгалын сангаас мөнгө орсон гэж ярьдаг боловч тэр талаарх баримтыг гаргаж өгдөггүй. Хэргийн 89 дэх талд авагдсан баримтад мотоциклийн төлбөр огт ороогүй. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэнэ, улсын яллагчаас эрүүл мэндийн зардалтай холбоотой асуудал тул шүүхийн эрх хэмжээний асуудал гэсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай талаас 3.421.120 төгрөгийн хохирол төлсөн. Үүнээс 3.142.800 төгрөг нь мотоциклийн үнэлгээ, үлдсэн 278.320 төгрөг нь эмчилгээний зардал юм. Хохирогчийн хийлгэсэн эмчилгээ Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тул үлдэгдэл эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлын зөрүүг үнэлгээ дээр нэмж хохирогч руу шилжүүлсэн. Шүүх хянан хэлэлцээд хохирол төлбөргүй, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хагалгааны төлбөрийг төлж хөнгөлөлт үзүүлсэн. Эм тарианы үнийн дүн хэрэгт авагдсан бөгөөд уг үнийг эмчилгээн дээр нь нэмж төлсөн. Тэр эмчилгээний төлбөр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас орж ирсэн. Үүний зөрүүг нь бид нэмж төлсөн. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3.421.120 төгрөгийн баримт гаргаж өгснийг хэрэгт хавсаргасан. Яллах дүгнэлтийн хавсралтад нийт 3.421.120 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлөөгүй гэж бичиж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт мотоциклийн төлбөрийг орхигдуулсан тул эрүүл мэндийн төлбөр дээр нэмж гаргуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан ч шүүх “Хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ” гэсэн нь учир дутагдалтай болсон. Тухайн тээврийн хэрэгсэл нь компанийн нэр дээр байдаг бөгөөд хууль ёсны төлөөлөгчийн нэр дээр шилжээгүй. Гэсэн ч тухайн компаниас Х.Б-ийн эзэмшлийнх гэдгийг баталсан баримт хэрэгт авагдсан учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, мотоциклийн хохирол 3.142.800 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын  21-ний өдрийн  14:41 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Батхүлэг” авто засварын газрын баруун замд С.Б-ийн эзэмшлийн “Mitsubishi Delica” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Husqvarna FV350” загварын улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, тус мотоциклыг жолоодон явсан Б.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Х-ын: “...Би мотоцикл жолоодон Хадатаас Зайсан руу гэртээ харихаар ганцаараа явж байсан. 32-ын тойргийн гэрлэн дохиотой уулзварын хойноос нь урагш чиглэлд гараад 20-30 метр орчим явж байтал миний урд явж байсан “Mitsubishi Delica” загварын автомашин 1 дүгээр эгнээнээс шууд зүүн тийш дараад миний урдуур ороод ирсэн. Би хараад тоормос атгаад зүүн тийш налаад урд талын хэсгийг нь мөргөөд эсрэг урсгалд унасан. ...” /хх 21/,

шүүгдэгч Б.Б-ийн: “...Би “Mitsubishu Delica” загварын 00-00УУУ улсын дугаартай автомашин жолоодоод 1 дүгээр эгнээнээс буцаж эргэх гээд 2 дугаар эгнээнд хойноос орж ирсэн мотоциклтой мөргөлдсөн. ...Гэмтэл согог судлалын Үндэсний төвд ирээд байж байхад цагдаа нар үлээлгэхэд 1.28% согтолттой гарсан. ...Би урьд өдөр нь Модны 2-т караоке, бааранд ойролцоогоор 04 цаг хүртэл архи, виски уусан байсан. Урьд орой нь уусан байсан болохоор гайгүй болов уу гээд, бас ахын бие өвдөөд байхаар нь би жолоодсон. ...Осол гарсанд маш их харамсаж байна. Би өөрөө их гэмшиж байна. ...” /хх 120/ гэсэн мэдүүлгүүд,

00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч, шүүгдэгч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.1, 1.4-т заасныг зөрчсөн, “Husqvarna” загварын улсын дугааргүй мотоциклийн жолооч Б.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а, 3.1.б, 3.7.а-д заасныг зөрчсөн болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 999 дүгээр магадлагаа /хх 97-98/,

00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгахад 1.28% буюу согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл /хх 13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18/,

ослын улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Х-ын эрүүл мэндэд ядам хурууны үзүүрийн шивнүүрийн үзүүр хэсгийн тасрал, эрхий, ядам, чигчий хурууны алганы шивнүүр, хоёр талын шуу ясны далд хугарал, баруун сарвууны том хэмжээний урагдсан шарх, шөрмөсний урагдал бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11593 дугаар дүгнэлт /хх 76-77/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг, түүний үйл баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг тогтоосон хэм хэмжээний дотор хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, энэ талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Насанд хүрээгүй хохирогч Б.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Б.Б-ийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн атлаа тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө осол үүсгэхгүй байх үүргээ биелүүлэлгүйгээр Б.Х-ын жолоодон явсан мотоциклтой мөргөлдсөн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг болон ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-аас насанд хүрээгүй хохирогчийг эмчлэх, асарч, сувилахад гарсан зардалд 3.421.120 төгрөг нэхэмжилсэн /хх 46/-ийг шүүгдэгч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн баримт хэргийн 159 дүгээр талд авагдсан байна.

Зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Х-ын жолоодон явсан “Husqvarna” загварын мотоцикл эвдэрч, 3.142.800 төгрөгийн хохирол учирсан нь “Вендо” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №40688 дугаар дүгнэлтээр тогтоогдсон ба энэ хохирлыг нөхөн төлсөн баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх энэхүү хохирлыг хэрхэх талаар дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Б.Б-ийн гэм хорын хохиролд төлсөн 3.421.120 төгрөгт мотоциклын хохирол болон эмчилгээний зардал хамаарч байгаа талаар тайлбарласан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээ, сувилгаанд 3.421.120 төгрөг, мотоциклын эвдрэл 3.142.800 төгрөгийг тус тусад нь нэхэмжилж шүүхэд холбогдох баримтыг гаргажээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусын эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөхөөр, 499.3 дахь хэсэгт хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учруулсан бол гэм хорын тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй байхаар тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Б-ийн жолоодон явсан 00-00УУУ улсын дугаартай “Mitsubishi Delica” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч, иргэний хариуцагч С.Б-өөс мотоциклын эвдрэл, хохирлын үнэлгээ болох 3.142.800 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-д олгож, энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-ийн давж заалдах гомдлыг хүлээн авав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр төлүүлэхээр тус тус заасан.

Насанд хүрээгүй хохирогч нь ослын дараа Гэмтэл согог судлалын Үндэсний төвд гарын шуу ясны зөрөөтэй хугарал, шөрмөс тасарсан зэрэг оноштойгоор 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр мэс засалд орсон баримт хэрэгт авагдсан байх ба мэс засал, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагад Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.225.000 төгрөгийн зардал гарсныг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 04/4339 дугаартай албан бичиг /хх 127/-т тодорхойлж хэрэгт хавсаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасны дагуу Тээврийн Прокурорын газрын ахлах прокурор Ч.Энхтуяаг иргэний нэхэмжлэгчээр тогтоон холбогдох зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна /хх 125/.

Дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас гарсан уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолд энэ талаар шийдвэрлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 1.225.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч С.Б-өөс 3.142.800 /гурван сая нэг зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-д, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 1.225.000 /нэг сая хоёр зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

            шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ