Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 02103

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02103

 

 

П.Тын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/02191 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Тын хариуцагч Ж.Ад холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 60 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 сарын 23-ны өдөр Анхтуяа, Ану нартай уулзаж 63 саяас ярилцаад 60 саяар зарсан. Дүнжингаравын нотариат ороод 60 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулаад гэрээний үнийг гэрээний 2.1.-д заасан данс руу шилжүүлсэн. Анхтуяа улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа түлхүүрээ өгнө гэсэн боловч өгөөгүй. Хэсэг хугацааны дараа Анхтуяа чиний 60 сая төгрөгийг өгье, гэхдээ энэ хөрөнгийг зараад өгье гэсэн. Ингээд гэрээ байгуулснаас 2 сарын дараа 2017 оны 12 сарын 25-ны өдөр Төрболд Баяраад итгэмжлэлээр худалдах бэлэглэх арилжих эрх өгсөн, 60 сая төгрөгөө буцааж авахаар тохирсон. Улсын бүртгэлээс асуухад өмчлөгч өөрчлөгдөөгүй байсан тул гэрчилгээгээ хаясан гээд 2018 оны 12 сарын 21-д Төрболдын нэр дээр гэрчилгээ авсан байсан. Үүний дараа Ж.Ад холбогдуулан Баянзүрх дүүргийн шүүхэд байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргахад Ану “миний өмчлөлөөс Төрболд руу шилжсэн нь үнэн, энэ хөрөнгөд миний нэг ч хөрөнгө байхгүй тул чөлөөлөх үндэсгүй” гэсэн. Шүүх Ж.Агийн эзэмшил байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд гэрээнээс татгалзаж, Ж.Агаас 60 сая төгрөгөө авахаар нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Ж.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.А миний бие тус шүүхэд гаргасан П.Тын нэхэмжлэлтэй 60 000 000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт үндэслэлгүй хариуцагчаар татагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу тус нэхэмжлэл нь Ж.А миний биед ямар нэгэн байдлаар хамааралгүй болох талаар тус шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр надад хамааралгүй, мөнгө шилжүүлж авсан хаан банкны лавлагаа, тус хэрэгт холбоотой н.Анхтуяагийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хэрэгт ач холбогдолтой баримт гаргаж өгсөн. Дээрх нотлох баримтад үндэслэж хариуцагчаа солих бүрэн боломж П.Т гэх үл таних залууд байгаа. Нэхэмжлэгч нь намайг яагаад үндэслэлгүй шүүхэд удаа дараа өгч намайг хохироогоод байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлд дурьдаад байгаа үл хөдлөх хөрөнгө хаана байдаг талаар би мэдэхгүй. Нэхэмжлэл гаргасан П.Т гэх залууг би өмнө харж байгаагүй. н.Анхтуяа надаас мөнгө зээлж зээлийн барьцаанд миний нэр дээр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж зээл авсан. Зээлээ буцааж төлж тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ надаас буцааж нэхэмжлэгч П.Тын нэр руу шилжүүлж авсан. Өнөөдрийн байдлаар н.Анхтуяа надад ямар нэгэн өр төлбөргүй болно. Иймд надад холбогдолтой тус иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар П.Тын Ж.Агаас гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: П.Т, Ж.А нар нь 2017 оны 10 сарын 23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан 60 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулахдаа татвар бага төлөх үүднээс гэрээний үнийн дүнг 25 000 000 төгрөгөөр хийсэн ч гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан Хаан банкны 5099004141 тоот дансанд орон сууцны үнэ 60 000 000 төгрөгийг 2017 оны 10 сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Худалдагч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул түүнийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ч Ж.А шүүхэд тухайн орон сууцанд амьдардаггүй, талаар тайлбар гаргаснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон. Ж.А нь Анхтуяа гэж хүнээс мөнгөө авахын тулд түүнтэй үгсэж П.Тыг мэхлэх замаар тухайн орон сууцыг худалдсан нь илрээд нэхэмжлэгч хохирод явж байна. Худалдагчийн зүгээс гэрээний зүйлийг худалдан авагчид хүлээлгэн өгөхгүй байсан учир Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ад гэрээнээс татгалзах талаар, түүний утсаар удаа дараа мэдэгдсэн учир худалдагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Худалдан авсан хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж ашиглаж чадахгүй байгаа учир гэрээнээс татгалзаж мөнгөө авахаас өөр аргагүй байна. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч Ж.Ад холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 60 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

П.Т,  Ж.А нар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 46а байр, зоорийн хэсэгт байрлах 214 м.квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг 25 000 000 төгрөгөөр худалдсан болох нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх1, 4-р тал/

            Дээрх гэрээний 2.1-д үл хөдлөх хөрөнгийг 25 000 000 төгрөг гэж тодорхойлсон боловч талуудын тайлбар болон мөнгө шилжүүлсэн баримтаас үзэхэд 60 000 000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцсон агуулгатай байна.

            Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх боломжтой бөгөөд гэрээний 2.2-т 5099004141 тоот дансанд худалдах худалдан авах гэрээний үнийг төлөхөөр заасан байх бөгөөд 60 000 000 төгрөгийг уг дансанд шилжүүлсэн байх тул хариуцагчийн өмнө үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

            Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу олж авсан хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн боловч эзэмшилдээ авах боломжгүй нөхцөл байдал үүссэн, үл хөдлөх эд хөрөнгө нь бусад этгээдийн өмчлөх эрхтэй холбоотойгоор маргаантай байгаа асуудлыг талуудын хэн аль нь тайлбарласан./хх6/ Дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 1254 дугаар бүхий шийдвэр, гэрч С.Баяраагийн мэдүүлэг, зохигчдын хэн алины тайлбараар нотлогдсон. /хх17-18, 63-65/

            Иймд Ж.А нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн доголдолгүйгээр П.Тод шилжүүлэх гэрээний үүргээ зөрчсөн тул хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

            Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй ба Ж.А нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт худалдан авагч П.Тын төлсөн төлбөрийг буцаан өгөх учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч П.Т үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, үүний дагуу шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг хариуцагч буюу худалдагч этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ. Ж.Агийн хувьд гэрээний тал учраас гэрээний үүргийн гүйцэтгэлийг буцааж өгөх үүрэгтэй.

            Энэхүү шийдвэр нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бусад этгээд ашиг олсон буюу Ж.Анхтуяатай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах Ж.Агийн эрхийг хөндөхгүй болно.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хариуцагчаас 60 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/02191 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Агаас 60 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Тод олгосугай.” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэсний “үлдээж, 457 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 457 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                  

                     ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                       Б.НАРМАНДАХ