Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 126/ШШ2016/0038

 

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 126/ШШ2016/0038

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Н.П************* /РД:РД************* / нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох;

"Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай Д************* захын үүдэнд 0.005 га газар олгохоор төлөвлөсөн хэсгийг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/257 дугаар захирамжийн хавсралтаар Д************* захын үүдэнд 50 м.кв газар эзэмшүүлсэн заалтыг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/294 дугаар захирамжийн хавсралтаар Д************* захын үүдэнд 50 м.кв газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн заалтыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б************* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу, хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, гуравдагч этгээд В*************  ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.З*************-ийн итгэмжлэгдсэн О************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Н.П*************ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Д************* захын үүд хэсэг нь нийтийн эзэмшлийн талбай бөгөөд манай зах болон бусад зах, иргэдийн иргэдэд үйлчилдэг гол хэсэг нь бөгөөд иргэд унаа тэргээ тавих, дамжин өнгөрөх, өөр бусад зах руу орох, машин тэрэг орж гарах зэрэг маш их хөдөлгөөнийг хийдэг газар юм. Мөрөн суманд өдөр ирэх тутам, хүн ам суурьших нь ихэссэн, ихээр нэмэгдэж байгаа одоогийн нөхцөлд нийтийн эзэмшлийн энэ газарт дахин дээрхи хөдөлгөөнийг хязгаарлан газар олгож байгаа нь иргэдийн болон иргэдэд үйлчилдэг бидний үйл ажиллагаа доголдоход хүрч байна. ... Газрын алба нь газрын төлөвлөлтийг ялангуяа нийтийн үйлчилгээний газарт хийхдээ нийт иргэдийн болон тэнд ажилдаг иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал, хүсэлтийг харгалзахаас гадна өгөхөөр төлөвлөж байгаа газрын олон талын үнэлгээг нарийвчлан тогтоолгож байж оруулах ёстой бөгөөд мөн нэг хүний хүсэлтээр бүхэл бүтэн аймгийн газрын төлөвлөлт гэж харагдахаар зохион байгуулж нийтийн буюу бусдын эрх, эрх чөлөө ашиг сонирхолыг хөсөрдүүлсэн. 2015 оны 10 сарын 20-дын үеэр В*************  ХХК нь ямарч газар эзэмших зөвшөөрөлгүйгээр уг газарт барилгын суурь цутгау бидний болон иргэдийн үйлчилгээ авахад нь чирэгдэл учруулж ирсэн бөгөөд өнөөдөр эрх бүхий байгууллагын шийдвэрийг хууль бусаар гаргуулж бидний эрх ашгийг хохироон чирэгдэл учруулж байгаа тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2015 оны 12 сарын 03-ний өдрийн 05 тоот тогтоолын Мөрөн сумын 5 дугаар баг, Д************* захын үүдэнд худалдаа үйлчилгээний зориулалтаар олгохоор төлөвлөсөн 0.0005 га газар гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан нэг хүнд зориулсан төлөвлөгөөний дагуу уг газрын дуудлага худалдаа зохион байгуулсан гэх ба энэ дуудлага худалдаа мөн газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжыг зөрчиж явагдсан. Дээрх нийтийн эзэмшлийн газрыг бусдад эзэмшүүлэхээр төлөвлөлтөд оруулж батлуулсан талаар болон дуудлага худалдаа явагдсан эсэх, хэн авсан нь мэдэгдэхгүй, мэдээ ч үгүй байхад Улаанбаатар хот, Чингэлтэй, 5-р хороо 6-р хороолол, 49-2 байр, 29 тоотод оршин суух Ганбаатарын Зориг гэх хүнд буюу улмаар түүний В*************  ХХК-д шилжиж барилга барихаар хүмүүс ирсэн нь гайхашралыг төрүүлсэн. Манай зах өөрийн эзэмшлийн талбайд байрлуулж тал хэсэг нь багтахгүй дээрх нийтийн эзэмшлийн талбайд орсон контейнерийг уг нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахгүй байх шийдвэрийг Мөрөн сумын Хот тохижилтын газраас гаргаж түүний дагуу бид авсан. Газрын дуудлага худалдаа явуулах шийдвэр хэрхэн хаанаас гарч хэн хэн оролцосон мэдэгдэхгүй мэдэх боломжгүй байсан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 27-ний өдөр аймгийн ГХБХБ-ын газарт очиж дээрх ажиллагаа явагджээ гэдгийг мэдсэн. Дуудлага худалдаа нь зөвхөн Г.Зориг гэх хүнд зориулагдсан тул аймгийн ГХБХБ-ын газар нийтэд мэдэгдэхгүй байхыг хичээж Улаанбаатар хотод хэвлэгддэг, хүн бүр төдийлөн мэдэхгүй Монголын мэдээ гэдэг сонинд тавьж олон нийтийг төөрөгдүүлжээ. Ингэснээр тэд хэвлэл мэдээллээр цацсан гэх дүр эсгэж Мөрөн сумын иргэд, цаашлаад энэ аймгийн иргэд дуудлага худалдаанд оролцох эрхийг болон иргэд мэдээлэл олж авах эрхийг хааж, улмаар хууль бус үйлдлийг хууль ёсны мэт харагдуулах дүр зургийг бий болгосон. Иймд хууль бус үйлдлийг халхавчилж гарсан Хөвсгөл аймгийн засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/257 тоот Д************* захын үүдэнд 50 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж, Мөн аймгийн Засаг даргын 2016 оны 6 сарын 7-ны өдрийн А/29 тоот Д************* захын үүдэнд 50 м.кв газар шилжүүлж эзэмшүүлэх тухай захирамжыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*************  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 4 Уул захын үүдэнд 50 метр квадрат газрыг В*************  ХХК-д олгосон бөгөөд анхнаасаа тохиролцсон байдлаар уг ажиллагаа явагдсан байдаг. Уг газрыг олгох ажлыг Хөвсгөл аймгийн Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангах, дуудлага худалдааны товыг зарласан захирамж гаргасан. Захирамжийн дагуу Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь дуудлага худалдааны бэлтгэл ажлыг хангахдаа хуульд заасан журмыг зөрчиж, иргэдэд дуудлага худалдааг мэдэгдэхгүйгээр явуулсан. Тухайлбал цөөхөн хүн захиалж уншдаг Монголын Үнэн сонинд зарыг тавьж, ийнхүү зар тавихдаа 7038929 гэж утасны дугаарыг буруу бичсэн байдаг. Ийнхүү дуудлага худалдаа явуулж 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А\257 тоот тушаал гаргаж В*************  ХХК-д 50 метр квадрат газар олгосон. Гэвч В*************  ХХК-д олгосон газар нь нийтийн эзэмшлийн талбай юм. Урьд нь нэхэмжлэгч Н.П************* контейнер тавихад нийтийн эзэмшлийн газар луу орсон байна. Тус газрыг олгодоггүй юм гээд контейнерыг хураалгаж байсан. Тус газрыг В*************  ХХК-д олгох талаар захын иргэдийн дунд асуулга явуулах байтал хэнд ч мэдэгдэлгүй, нууц, далд аргаар газар олгосон. 4 Уул зах руу орох орц, гарц хаагдаж байгаа шүү дээ. Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэхдээ эзэмшүүлсэн газрыг зүй зохистой ашиглуулах, үржил шимийг дээшлүүлэх, байгаль орчинг хамгаалах арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах ёстой байтал Хөвсгөл аймгийн Засаг даргын эрх хэмжээг эдэлж В*************  ХХК-д газар эзэмшүүлсэн тогтоол гаргасан. Энэ нь хууль бус юм. Иймд Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай тогтоолын хавсралтын 4 Уул захын үүдэнд 0.005 га газрыг олгосон тогтоолыг хүчингүй болгох, мөн хууль бус дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А\257 тоот захирамж, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А\294 тоот 4 Уул захын урд 50 метр квадрат газрыг шилжүүлж эзэмшүүлэх захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж заасан байдаг. Энэ үүднээс Н.П************* нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр Онцгой байдлын газраас галын дүгнэлт гаргуулж авсан. Газар олгосон асуудал нь иргэний Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг 16 дугаар зүйлийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчиж байгаа юм. Онцгой байдлын хэлтсээс гаргасан дүгнэлтээс үзэхэд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх магадлалтай байгаа юм. Газрын тухайн хуулийн 25 дугаар зүйлд Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд, тэдгээрт тавигдах шаардлагыг дурдсан байдаг ба тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна гэж тус заасан байдаг. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батална. 20 дугаар зүйлийн 20.1.4 бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргана гэсэн хуулийн заалтыг зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн юм. Хуулийн заалтыг дур мэдэн буруу тайлбарлаж хэрэглэснээр иргэн Н.П*************ийн эрх ашиг зөрчигдөж байна. Анхдагч эрх зүйн акт нь Захиргааны ерөнхий хуульд тавигдсэн шаардлагыг зөрчсөн гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаЛ.Төмөрбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар Мөрөн сумын 5 дугаар баг, Д************* захын үүдэнд худалдаа үйлчилгээний зориулалтаар олгохоор төлөвлөсөн 0.0005 га газрын асуудлыг шийдвэрлэсэн нь Монгол улсын Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах... мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь заалтын дагуу аймаг, сумын Засаг дарга нь аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх ... гэсэн хуулийн заалтийн дагуу аймгийн ИТХ-аар батлуулсан нь холбогдох хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна. ... Дээрх асуудлыг аймгийн ИТХ-д хуулийн дагуу оруулж хуралдаанд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс ирсэн 35, санал хураалтад оролцсон 35 төлөөлөгчийн 100%-ийн саналаар тогтоолын төслийг баталсан. ... Иймд аймгийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоол нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Г************* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... В*************  ХХК нь аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/182 тоот захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тов зарлах захирамжийн үндэслэлээр 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгууллагдсан газрын дуудлага худалдаанд оролцож ялагч болсноор Мөрөн сумын 5-р багийн Д************* захын үүдэнд Худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 50 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/257 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болно. Уг газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын дагуу Мөрөн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан ба холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулсан болно. Иймд иргэн Ц.П*************-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр илэрхийлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаандгаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай тогтоолын хавсралтын 4 Уул захын үүдэнд 0.005 га газрыг олгосон тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна. Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн баталсан засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зарим асуудал шийдвэрлэгдсэн. Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг заасан байдаг ба тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батална. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж зааснаар газрын асуудлыг хэлэлцсэн. Мөн Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байгууллагын зөвлөмжийг харгалзан үздэг юм. Хөвсгөл аймгийн Аудитын газрын зөвлөмж, мөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдийн судалгаа зэргийг харгалзан үзэж, газрыг төлөвлөсөн. Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эрх хэмжээнийхээ хүрээнд ажилласан юм. Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хууль бус шийдвэр гаргаж, иргэдийн эрх ашгийг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д зааснаар газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг ярьж байна. Тус газарт олгогдсон газрын асуудал жилийн ажлын төлөвлөгөөнд багтдаг юм. Бид үйл ажиллагаандаа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг баримталдаг. Тухайлбал 2015 онд Хөвсгөл аймгийн Аудитын байгууллага нь Мөрөн сумын газар олголт, ашиглалтын байдалд аудитын шалгалт хийсэн байдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотой Хөвсгөл аймгийн Засаг даргын шийдвэрээр олгодог инженерийн шугам сүлжээтэй газруудад газар зохион байгуулалтай холбоотойгоор зөвлөмж өгсөн. Тус зөвлөмжийн дагуу Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус газрын талаарх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хэрхэн хэлэлцсэнийг хурлын тэмдэглэлээс үзэж болно. Тус ауидитын байгууллагын зөвлөмжийг хэргийн материалд өгсөн. Мөн дуудлага худалдааны талаар ярьж байна. Хэрвээ дуудлага худалдааг хууль бусаар явуулсан гэж үзэж байгаа бол асуудлыг Захиргааны хэргийн шүүхээр шийдэрлүүлж болох байх гэж бодож байна гэв.

Гуравдагч этгээд В*************  ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Зориг шүүхэд гаргасан тайлбартаа: ... В*************  ХХК нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016.03.28-ны өдрийн А-182 тоот шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан газрын дуудлага худалдаанд оролцож, мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д************* захын үүдэнд орших 50.м.кв талбайтай газрыг хууль ёсоор эзэмших болсон юм. Энэхүү газрыг эзэмших эрх нь Хөвсгөл аймгийн Засаг дарга буюу төрийн захиргааны эрх бүхий байгууллага албан тушаалтнаас холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг баримтлан гаргасан хууль ёсны захирамж шийдвэрүүдээр олгогдож, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээгээр баталгаажсан болно. ... Монгол улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд агуулгаар нь багцлан авч үзвэл, газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх зэрэг болон бусад эрх эдэлж, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзол биелүүлэх, газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх, газрын төлөв байдал, чанарыг алдагдуулахгүй байх, бусдын эзэмших эрх, ашиг сонирхолыг зөрчихгүй байх үүрэг хүлээхээр тус тус томъёологдсон байна. Хуулийн дээрх заалтыг үндэслэн нөхцөл байдлыг судлан үзэхэд, бодит байдал дээрээ манай компани нь газар эзэмшигчийн талаар заасан шаардлагуудыг зөрчөөгүй, газрыг зориулалтынх нь дагуу эзэмшиж байгаа нь газар эзэмших эрх олгосон шийдвэр, хамтран ажиллах гэрээ, газрын алба болон бусад эрх бүхий төрийн захиргааны байгууллага албан тушаалтнуудын өгсөн барилга байгууламж барих зөвшөөрөл, тодорхойлолт, техникийн нөхцөл зэрэг болон бусад баримтуудаар хөдөлгөөнгүй нотлогдож байгаа гэж үзэх боломжтой. ... Иймд Н.Пүрэвдоржоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Гуравдагч этгээд В*************  ХХК-ийн итгэмжлэгсдэн төлөөлөгч Б.О*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хавсралт болон Хөвсгөл аймгийн Засаг даргын А\257 тоот захирамж, А\294 тоот захирамжууд нь иргэн Н.П*************ийн хууль ёсны ашиг сонирхолыг хэрхэн, яаж хөндсөн эсэх нь тодорхойгүй, мөн дуудлага худалдааг хууль бусаар явуулсан гэж тайлбарлаж байгаа ч тухайн дуудлага худалдааг товлон зарлах Засаг даргын захирамж гарсан байдаг. Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын А\257 тоот захирамж, А\29 тоот захирамжууд нь хууль ёсны үндэслэл бүхий захирамжууд юм. Нэхэмжлэгч Н.П************* нь урьд нь тухайн газар контейнер тавьж ажиллуулж байсан. Хэрвээ дуудлага худалдаа зарласан бол би оролцох байсан. Мөн хүмүүсийн уншдаггүй сонинд мэдээлэл тавьсан төдийгүй, захын орц, гарцыг хааж байна гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ч орц, гарц хаагдахгүй гэдэг нь дүгнэлтээр батлагддаг. Иймд Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай тогтоолын хавсралтын 4 Уул захын үүдэнд 0.005 га газрыг олгосон тогтоолыг хүчингүй болгох, мөн хууль бус дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А\257 тоот захирамж, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А\294 тоот 4 Уул захын урд 50 метр квадрат газрыг шилжүүлж эзэмшүүлэх захирамжууд нь иргэн Н.П*************ийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаандгаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байршилтай, Д************* захын Худалдаа үйлчилгээний газрын эзэн, Н.П************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай Д************* захын үүдэнд 0.005 га газар олгохоор төлөвлөсөн хэсгийг,

2.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/257 дугаар захирамжийн хавсралтаар Д************* захын үүдэнд 50м.кв газар эзэмшүүлсэн заалтыг,

3.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/29 дугаар захирамжийн хавсралтаар Д************* захын үүдэнд 50 м.кв газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн заалтыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/29 дугаар захирамжгэж техникийн алдаа гаргаж, захирамжийн дугаарыг нэхэмжлэлд буруу бичсэн байх тул Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/294дугаар захирамж гэж залруулах талаар тайлбар гаргасан учраас уг маргаан бүхий захиргааны актын дугаарыг буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/294 дугаар захирамжийн хавсралтаар Д************* захын үүдэнд 50 м.кв газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн заалтыг хүчингүй болгуулах гэж маргаан бүхий захиргааны актын дугаарыг Захиргааны хэрэг үүсгэсэн захирамжинд залруулсан бөгөөд энэ талаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсанболно.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн боловч энэхүү нэмэгдүүлсэн гэх шаардлага нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага байх бөгөөд ... тус захын эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж болзошгүй уул эрхээ хамгаалуулахаар... гэж нэмж бичиж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн гэж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*************  тайлбарлах боловч, нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хэвээр, харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байна гэжшүүхээс үзсэн болно. /хх- 184-185 хуудас/

1.Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 05 дугаар тогтоолоор Мөрөн сумын инженерийн шугам сүлжээтэй бүсийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хавсралтаар Худалдаа бүх төрлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, орон сууцны зориулалтаар 0,551 га газрыг олгох газрын байршлыг тогтоон, шийдвэрлэж, хавсралтын 4 дэх заалтаар 5 дугаар баг, Дөрвөн уул захын үүдэнд байршилтай 0.005 га газрыг Худалдаа үйлчилгээний зориулалтаар бусдад эзэмшүүлэхээр тусгажээ.

2. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны А/182 дугаар захирамжийн дагуу /хх-59 хуудас/2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулж, улмаар ялагч иргэн Г.Зоригтод Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/257 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хавсралтын 2 дахь заалтаар Мөрөн сум, 5 дугаар баг, Д************* захын үүдэнд 50 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр /хх-10 хуудас, түүний ар талд/

иргэн Г.Зоригтод нэгж талбарын 6712009660 дугаар бүхий дээрхи газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар Газар эзэмших эрхийн 000639136 дугаар гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, улсын бүртгэлийн 1496 дугаар бүртгэжээ. /хх-62-63 хуудас/

3. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай А/294 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтийн 2 дах заалтаар иргэн Г.Зоригтын Мөрөн сум, 5 дугаар баг, Д************* захын үүдэнд 50 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг В*************  ХХК-д шилжүүлснээр гуравдагч этгээд В*************  ХХК нь Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байршилтай, нэгж талбарын 6712009660 дугаар бүхий газрыг Дөрвөн уул захын үүд орчимд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн 000639136 дугааргэрчилгээ авчээ.

4. Н.Пүрэвдоржид Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А-225 дугаар захирамжийг үндэслэн нэгж талбарын 210700227 дугаар бүхий 5635 м.кв газрыг 35 жилийн хугацаатай, Мөрөн сумын 5 дугаар баг, Дөрвөн уул зах-д Худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0335454 дугаар эрхийн гэрчилгээг 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр олгожээ. /хх-188 хуудас/

Нэхэмжлэгчээс: Дөрвөн уул захын үүд хэсэгт иргэд машинаа тавьдаг нийтийн эзэмшлийн газарт зөвхөн нэг хүнд зориулсан төлөвлөөг аймгийн иргэдийн хурлаар батлуулсан, дуудлага худалдааг хууль зөрчиж явуулсан, газар эзэмшүүлэхээр хууль бус захирамжууд гарч, иргэд, нийтийн эрх ашгийг хохироож, зах руу орох зам, үүд хаалгыг хаасан, ...галын аюулгүй байдлын улмаас тус захын эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж болзошгүй ... хэмээн,

Хариуцагч нараас: ... холбогдох хуулийн заалтын дагуу, хуульд нийцсэн шийдвэрүүдийг гаргасан хэмээн тус тус маргажээ.

Нэг. Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай Д************* захын үүдэнд 0.005 га газар олгохоор төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд В*************  ХХК-ны эзэмшиж буй дээрх 50 м2 газар нь Мөрөн сумын инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Мөрөн сумын Газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөгөөр худалдаа үйлчилгээний зориулалтаар бусдад эзэмшүүлэхээр төлөвлөсөн нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасан ...сум дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батална гэж заасан заалттай нийцэж байна.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...Дөрвөн уул захын үүдэнд нийтийн эзэмшлийн газарт зөвхөн нэг хүнд зориулсан төлөвлөөг аймгийн иргэдийн хурлаар батлуулсан... гэж тайлбарлах боловч дээрх тогтоолын холбогдох хавсралтаас үзэхэд хэн нэгэн хүний нэр заагдаагүй, мөн түүнчлэн иргэн Н.П*************ийн эзэмшлийн газрын байршилд бусдад газар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдаагүй байх тул энэхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн Н.П*************ийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй, энэхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгчийнбуюу Дөрвөн уул захын эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж болзошгүй үндэслэлтогтоогдохгүй байна.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар Мөрөн сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлахдаа Н.П*************ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байдал тогтооогдохгүй байх тул хариуцагчийг буруутгаж, тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Хоёр: Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/257 дугаар захирамжийн хавсралтаар Д************* захын үүдэнд 50 м.кв газар эзэмшүүлсэн заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд:

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны А/182 дугаар захирамжийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулсан нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "...газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ..." гэж заасантай нийцэж байна.

Газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцож ялагч болсон иргэн Г.Зоригтод Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/257 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хавсралтын 2 дахь заалтаар Мөрөн сум, 5 дугаар баг, Д************* захын үүдэнд 50 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр нэгж талбарын 6712009660 дугаар бүхий дээрхи газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар Газар эзэмших эрхийн 000639136 дугаар гэрчилгээг түүнд олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, улсын бүртгэлийн 1496 дугаар бүртгэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-тАймгийн Засаг дарга нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т "газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно" гэж заасан заалтуудыг хариуцагч зөрчөөгүй байна.

Гурав.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/29 дугаар захирамжийн хавсралтаар Д************* захын үүдэнд 50 м.кв газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн заалтыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай А/294 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтийн 2 дах заалтаар иргэн Г.Зоригтын Мөрөн сум, 5 дугаар баг, Д************* захын үүдэнд 50 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг түүний В*************  ХХК-д шилжүүлснээр гуравдагч этгээд В*************  ХХК нь Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байршилтай, нэгж талбарын 6712009660 дугаар бүхий газрыг Дөрвөн уул захын үүд орчимд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн 000639136 дугаар гэрчилгээ авчээ.

Нэхэмжлэгчээс: аймгийн Засаг даргын хууль бус захирамжууд гарч, иргэд, нийтийн эрх ашгийг хохироож, зах руу орох зам, үүд хаалгыг хаа, захын эрх ашгийг зөрчсөн хэмээн тайлбарлах боловч, тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Пүрэвдоржоос манай захын гарц орцыг хааж байна шүү дээ гэх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б************* аас Н.П*************ийн эзэмшлийн газрын орц гарцыг бүрэн хаасан юм /хх-11-112 хуудас/ гэж тайлбар гаргасныг үндэслэн, шүүх хуралдааныг хойшлуулан, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр явуулсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон үзлэг хий явцад баталгаажуулан авсан зургуудаар /хх -121, 1222 хуудас/ Дөрвөн уул захын үүд буюу орох, гарах гарцыг хаагаагүй, Н.П*************ийн эзэмшлийн газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй болох нь тогтоогдож байх тул дээрхи тайлбарууд үндэслэлгүй бөгөөд Н.П*************ийн захын үйл ажиллагаа явуулахаар газар эзэмших эрх, хууль ёсныашгийг сонирхлыг нь хөндөөгүй байна.

Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай А/294 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтийн 2 дах заалт нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасан эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана... гэсэн заалттай нийцэж байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч Н.П*************ийн болон бусад захын иргэдийн болон иргэдэд үйлчлэх субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөөгүй байна. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын дээрхи захирамжуудын үйлчлэл нь нэхэмжлэгчийн эрхийг хориглоогүй, түүнд саад учруулах үр дагаваргүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...галын аюулгүй байдал, шуурхай албаны автомашины орох, гарахыг хаасан, тооцоо судалгаагүй төлөвлөсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байна...гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэл нь бусдад газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхэд хамааралгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудал болох барилГын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар маргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх учиртай.

Мөн нэхэмжлэгчээс ... дуудлага худалдааг хууль бусаар явуулсан, би оролцох байсан хэмээн тайлбарлах боловч газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа явуулах журмааршийдвэрлэх бөгөөд харин энэ журмыг зөрчсөн талаар гомдол гаргах эрх бүхий иргэн нь холбогдох хууль, журманд заасан хугацааны дотор холбогдох албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй юм.

Иймээс нэхэмжлэгчийг дуудлага худалдаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь дуудлага худалдаа зарлагдсан хойно түүнд оролцохоор зохих ёсоор хандсаар байтал оролцох эрхийг нь эдлүүлээгүй үед л дуудлага худалдаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж дүгнэх боломжтой.

Шүүх, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 12 дугаар дүгнэлт, хариуцагчаас ирүүлсэн газар эзэмших дуудлага худалаа явуулсан тухай баримтуудыг нь энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэн нотлох баримтаас хасч, үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн106.1,106.3,106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай Д************* захын үүдэнд 0.005 га газар олгохоор төлөвлөсөн хэсгийг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/257 дугаар захирамжийн хавсралтаар Д************* захын үүдэнд 50 м.кв газар эзэмшүүлсэн заалтыг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/294 дугаар захирамжийн хавсралтаар Д************* захын үүдэнд 50 м.кв газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн заалтыг тус тус хүчингүй болгуулахшаардлага бүхий иргэн Н.П*************ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН