Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/371

 

Г.Г, Г.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдуламыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Г.Г, Г.Х нарын хамтарч гаргасан давж заалдах гомдолд үндэслэн тэдгээрт холбогдох 2210 00000 0837 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б овгийн Г-ын Г, 1990 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү менежментийн мэргэжилтэй, ...-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ...-ийн гудамжны ... дүгээр байны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
  2. Б овгийн Г-ын Х, 1984 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Г.Г, Г.Х нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2022 оны 6 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын дотор үйл ажиллагаа явуулдаг “CU” дэлгүүрт дуудлага, мэдээллийн дагуу ирсэн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлагч Б.Х, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.М нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Г.М-ын албаны хувцсыг урах, гар утсыг нь гэмтээх, албаны хэрэгцээнд ашиглагдаж байсан “Hyundai Starex” загварын 00-00УУУ улсын дугаартай автомашины цонхны хойд талын түгжээг эвдэх хэлбэрээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газар: Г.Г, Г.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Г-ын Х, Б овогт Г-ын Г нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бүлэглэж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Г.Х нарыг тус бүрийг 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тэдгээрт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.М, Б.Х нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ээс 100.000 төгрөг гаргуулан Цагдаагийн Ерөнхий газрын Авто баазад олгож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г, Г.Х нар хамтарч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч бидний зүгээс хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй бөгөөд оногдуулсан ялыг хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь, бидний зүгээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргийн талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв, тодорхой мэдүүлж ирсэн ба үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруу дээр маргаагүй. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-д учирсан хохирол болох 299.000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй болно. Шүүгдэгч бид төрсөн эгч, дүүс бөгөөд гэмт хэрэгт холбогдсондоо харамсахаас гадна Г.Х би 6-8 насны буюу бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эх, эрхэлсэн тодорхой ажилгүй, Г.Г би 2-5 насны буюу бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж шүүхэд эрх олгожээ. Энэ хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд үүрэг олгосон бус гэдгийг шүүгдэгч нарын зүгээс ойлгож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор, 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч бидний хувьд дээрх хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим бий. Иймээс шүүгдэгч бидний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн хэлбэр болон дээр дурдсан нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан биднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг уртасгаж өгнө үү. ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Г.Г, Г.Х нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ тэдгээрийн хамтарч гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, тэдгээрийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Г, Г.Х нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хороололд үйл ажиллагаа явуулдаг “CU” дэлгүүрт дуудлага, мэдээллийн дагуу ирсэн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлагч Б.Х, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.М нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Г.М-ын албаны хувцсыг урах, гар утсыг нь гэмтээх, албаны хэрэгцээнд ашиглагдаж байсан “Hyundai Starex” загварын 00-00УУУ улсын дугаартай автомашины цонхны хойд талын түгжээг эвдэн хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.М-ын: “...“Хурд хорооллын “CU” дэлгүүрт зодоон болоод байна” гэж бага насны эрэгтэй хүүхэд мэдээлэл өгөхөөр нь би ахлагч Б.Х-ын хамт очсон чинь 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс газар ноцолдоод байхаар нь Б.Х бид хоёр салгасан. Л.Е гэх залуу намайг “Зайл” гээд маргалдсан залуутайгаа зодолдох гээд дайраад байсан. Би Л.Е-д шаардлага тавиад дэлгүүрээс аваад гарах гэсэн чинь Г.Х миний толгой руу гараараа цохиод малгай унасан. Би Л.Е-г аваад шатнаас уруудаад ярилцаж байсан чинь Г.Г гэх эмэгтэй баруун хөлийн дотор хэсэг рүү өшиглөөд, миний өмсөж байсан албаны ноосон цамц болон цэнхэр өнгийн футболкноос татаж, чангаан урж, намайг алгадаж, өшиглөөд байсан. Миний “LG-X6” загварын гар утас газар унаад, дэлгэц нь хагарч, албан станц газар унасан. Станц зүгээр байсан. Харин гар утасны дэлгэц хагарсан байсан. ...Албаны 00-00УУУ улсын дугаартай “Hyundai Starex” загварын авто машинд суулгаад жолооч, дэд ахлагч Г-ын хамт машин бариад хөдөлгөөнд оролцоод явж байсан чинь Г.Х жолоочийн хойд талын салхины шилийг цохиж, цонх түгжээнээс гарч, шил нь гадагшаа салсан. ...” /хх 33-34/,

хохирогч Б.Х-ын: “...Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “Зуны зугаа” арга хэмжээний хамгаалалтад дэд ахлагч Г.М-ын хамт үүрэг гүйцэтгэж байх үед иргэнээс “Хурд хорооллын “CU” дэлгүүрт зодоон болоод байна” гэсэн мэдээлэл өгсний дагуу дэд ахлагч Г.М-ын хамт очиход хоёр эрэгтэй хүн шалан дээр зууралдсан байдалтай, хажууд нь хэдэн эмэгтэй хүмүүс бие биеийнхээ хувцаснаас зуурсан байдалтай байсан. Бид хоёр тэр хүмүүсийг салгаад зайг нь авахуулаад зогсоосон. Эргээд хартал дэд ахлагч Г.М-ын хувцаснаас зуурсан байдалтай хаалгаар гаргах гээд түлхэж байсан ба хажуугаас нь хоёр эмэгтэй хүн Г.М-ын толгой руу нь гараараа цохиод, малгайг нь газар унагасан. Г.М Л.Е гэх эрэгтэйн нэг гарт нь гав зүүсэн, нэг талаас нь өөрөө барьсан байдалтай байсан. Бид нар дэлгүүрээс гаргасан ба Л.Е-г дэлгүүрээс холдуулаад юу болсон талаар асуугаад зогсож байхад Л.Е-тэй хамт явсан Г.Г, Г.Х гэх хоёр эмэгтэй ирээд дэд ахлагч Г.М бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан. Би тэр хоёр эмэгтэйд “Та хоёр цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээрэй” гэж хэлтэл Л.Е бас агсраад, хэл амаар доромжлоод, хүч хэрэглэж эхэлсэн. Тэгэхээр нь би Л.Е-ийн баруун гарыг нь ард нь өчиж, зүүн гартай нь холбож гавласан. Тэгтэл Г.Х гэх эмэгтэй “Та нар манай дүүг яаж байгаа юм” гээд Г.М-ын толгой руу нь гараараа хоёроос гурав цохисон. Тэгснээ миний толгой руу бас цохиж, малгай унагасан ба Г.Х намайг дахин өшиглөөд, нүүр рүү нулимахаар нь тухайн эмэгтэйн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор гарыг нь ард нь гавласан. ...”  /хх 39-41/,

гэрч Л.Е-ийн: “...“CU” орж кофе авахаар дугаарлаад зогсож байхад хойно зогсож байсан залуу намайг эхлээд мөрлөсөн. Би “Яаж байгаа юм” гэхэд өөдөөс инээснээ баруун гараараа миний уруул руу цохисон. Тэгэхээр нь би нөгөө залууг барьж авах гэтэл хамт явж байсан хүүхэн нь урдаас холдохгүй байсан. ...Цагдаа бид хэдийг авч гарсан. Бид гарч ирээд цагдаад хандан “Бид нарыг яагаад авч явж байгаа юм, нөгөө талыг бас авч яваач” гээд маргасан. Тэгтэл намайг гавлаад машины хамгийн арын суудалд суулгасан. Би “Та нар гарч ажлаа хий л дээ” гэж хэлсэн. Удалгүй хоёр эгчийг авч суулгасан. ...” /хх 50-51/,

иргэний нэхэмжлэгч О.П-ийн: “...00-00УУУ улсын дугаартай автомашин Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст үүрэг гүйцэтгэдэг. ...”  /хх 164-165/,

шүүгдэгч Г.Х-ийн: “...Тэнд байсан хүмүүс араас цохиогүй бол бид нар кофегоо аваад гарах гэж байсан. “Нөгөө хүмүүсийг яагаад барихгүй байгаа юм” гэдэг асуудлаас болж маргаан үүссэн. ...Миний гарыг ард гавласан байсан. “Суллаад эсхүл урд талд гавлаад өгөөч” гэж хэлэхэд машин дотор ганцааранг маань үлдээгээд хэн ч ирэхгүй байсан учраас түгжээг эвдсэн. ...” /хх 214, 216/,

шүүгдэгч Г.Г-ийн: “...Цагдаагийн биед халдсан, машины түгжээ эвдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлыг төлж барагдуулахаа анхны мэдүүлгээсээ хүлээж ирсэн. ...” /хх 214/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн /хх 3-16/, хохирогч Г.М-ын биед болон эд зүйлд үзлэг хийсэн /хх 17-20/ тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г, Г.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд тэдгээрийг бүлэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн албан хаагч нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох чиг үүргийн хүрээнд гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүнийг түр саатуулах, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй байх зорилгоор тодорхой үйлдэл хийх шаардлага тавих бөгөөд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан хохирогчд нарын ажлын үнэмлэхийн хуулбараар Г.М, Б.Х нар нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн цагдаа, хэсгийн байцаагч хууль сахиулагчид бөгөөд хэрэг үйлдэгдэх үед тус хэлтсийн даргын тушаалаар Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “Зуны зугаа” шоу тоглолтын үеийн хэв журмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байжээ.

Ийнхүү хууль сахиулах, нийтийн хэв журмыг хамгаалах ажил үүргээ гүйцэтгэж байхад нь “Зодоон болж байна” гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийн дагуу хууль сахиулагч Г.М, Б.Х нар “Хурд” хороололд үйл ажиллагаа явуулдаг “CU” сүлжээ дэлгүүрт очиж, гэрч Л.Е-г бусадтай ноцолдож байхыг таслан зогсоож, түр саатуулах үед шүүгдэгч Г.Г, Г.Х нар нь цагдаагийн албан хаагч Б.Х-ын толгойг цохих, нүүр рүү нь нулимах, өшиглөх зэргээр, мөн цагдаагийн албан хаагч Г.М-ын толгой руу нь цохих, алгадах, өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдаж, хувцсыг нь урсан, гар утсыг нь гэмтээж, албаны тээврийн хэрэгслийн цонхны түгжээг эвдсэн үйл баримт тогтоогдож байна.

“Хүч хэрэглэн эсэргүүцэх” нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, цохих, зодох, боох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Шүүгдэгч Г.Г, Г.Х нарын хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг ийнхүү зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэдийгээр шүүгдэгч нар нь дүү Л.Е-тэй зодолдож байсан этгээдийг мөн адил саатуулах шаардлагатай талаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэх боловч цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, энэ нь шүүгдэгч нарын бүлэглэж, хүч хэрэглэн хууль сахиулагчийн биед халдсан, эсэргүүцсэн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан/хх 58-60/-гаар хохирогч Г.М-ын “LG Х6” загварын гар утсанд 180.000 төгрөгийн, мөн өмсөж байсан хувцас урагдаж, нийт 119.000 төгрөгийн, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст ашиглагддаг “Hyundai Starex” загварын авто машины хойд цонхны түгжээ эвдэрч 100.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар нь хохирогч нарт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг дурдаж, харин Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст ашиглагддаг “Hyundai Starex” загварын авто машины цонхны түгжээ эвдэрсэн 100.000 төгрөгийг хохирлыг хариуцвал зохих этгээд Г.Х-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг шүүхэд олгосон.

Шүүгдэгч Г.Г-ийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал, мөн гэмт хэрэг үйлдэгдэх үед дүү нь бусадтай харилцан зодолдсон, ноцолдсон байхад зөвхөн түүнийг саатуулан ялгамжтай байдал гаргасныг эсэргүүцсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлийн дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Г.Х-ийн хувьд мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хууль сахиулагчдын бусдад ялгамжтай хандсан шийдвэрийг эсэргүүцсэн зэргийг харгалзан үзсэн хэдий ч анхан шатны шүүх хуульд зааснаар түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн 100.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн доод хэмжээ болох 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх Г.Г, Г.Х нарын хамтарч гаргасан “торгох ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлүүдээр өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Г-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Х-ийг 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “...шүүгдэгч Г.Г, Г.Х нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ...” гэснийг “...шүүгдэгч Г.Х-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ