| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0058/э |
| Дугаар | 464 |
| Огноо | 2017-10-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, улсын яллагч С.Оюунжаргал, шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн “Б“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээвэрийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Билэгт овогт Балдандоржийн Пүрэвдоржид холбогдох эрүүгийн “201724000361” дугаартай, 186/2017/0508/э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1990 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл дээд 4 баг 3 тоотод оршин суух хаягтай, одоогоор Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, сурагчийн 44-539г тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Билэгт овогт Балдандоржийн Пүрэвдорж /РД: РЗ90020813/,
Холбогдсон хэргийн талаар:
Б.П нь 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төрийн банкны төв байрны зүүн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө ” гэсэн заалтыг зөрчин Toyota Prius маркийн 98-84 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Н.Пүрвээг мөргөж, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Пүрвээгийн биед дух яснаас чамархай суурь ясны их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн гарын 1, 2 дугаар хурууны шивнүүрийн хугарал, нүүр мөчдөд цус хуралт, зулгаралт, баруун чихний дэлбэнд шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй, өөрийнхөө гэм бурууг ойлгож байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, миний хувьд хохирогчид хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Б.Пүрэвдуламын: ...Тоёота Приүс-11 маркийн 98-84 УНГ улсын дугаартай автомашиныг манай дүү Б.П худалдаж авсан юм тэгээд хотын дугаар авах гээд миний нэр дээр автомашинаа авчихсан юм. Жолоочийн хариуцлагаа цуг хийлгэсэн байгаа. Энэ машиныг манай дүү өөрөө хотод унадаг, халтуур хийдэг байсан юм. Пүрэвдорж өөр газар найз охинтойгоо хамт амьдардаг болохоор тухайн осол хийсэн өдөр хаашаа ямар зорилгоор явж байсныг бол мэдэхгүй байна. Ослын дараа үдээс хойш нь надруу утсаар яриад осол хийсэн талаараа хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх-28/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Пүрвээгийн:.. 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 30 минутын үед Ард кино театрын зүүн талын явган хүний гарцаар зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлсэн. Тэр үедээ би ухаан алдсан гэмтлийн эмнэлэг дээр очоод ухаан орсон. Ямар машинд мөргүүлснээ мэдээгүй. Ослын улмаас миний биед зүүн гарын сарвуу хугарсан, баруун хөлний шилбэний савхан яс нь цуурсан, тархинд доргилт үүсч харвасан гэсэн мэдүүлэг /хх-22/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Энхмаагийн:...2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Пүрэвдоржтой Ард кино театрын зүүн замаар Цэцэг төв талруугаа хойноосоо урагшаа зүгт Тоёота Приүс-11 маркийн 98-84 УНГ улсын дугаартай автомашинтай Пүрэвдорж өөрөө машинаа жолоодоод би хажуу талд суугаад арын суудал дээр бэр эгч Нямсүрэн суучихсан явж байсан ба манай машин 1 дүгээр эгнээнд явж байтал 2-р эгнээнд явж байсан машины урдуур нэг хүн гараад ирсэн тэгээд л мөргөчихсөн маш хурдан болсон. Тэгээд Пүрэвдорж бид хоёр машинаасаа буугаад нөгөө хүн дээр очсон чинь толгойноос нь цус гарч байсан тэгээд шууд түргэн дуудсан ба цаанаас нэг замын цагдаа ирээд одоо бүрэлдэхүүн ирж байгаа гэж хэлсэн удалгүй түргэн ирээд нөгөө хүнийг аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-24/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Нямсүрэнгийн: ...2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Тоёота Приүс-11 маркийн 98-84 УНГ улсын дугаартай автомашинтай дүү Энхмаа, найз залуу нь болох Пүрэвдорж бид 3 гадуур ажил хөөцөлдөөд явж байгаад 15 цаг өнгөрч байхад гэрлүүгээ харих гээд Ард кино театрын зүүн замаар хойноосоо урагшаа зүгт явж байсан ба би хажуу талруугаа цонхоор хараад явж байтал хүүе, хаая болоод л явчихсан тэгэхэд нүдний үзүүрт нэг хүн баруун гар талд унаж байгаа харагдсан тэгээд машин зогсоод бид хэд буугаад нөгөө хүн дээр яваад очиход толгойноос нь цус гарч байсан ба нөгөө хүн өөрөө босоод боржуур дээр суусан тэгээд л Пүрэвдорж түргэнд дуудлага өгч байсан удалгүй түргэн, цагдаа ирсэн тухайн мөчид шоконд орчихсон байсан болохоор нарийн сайн санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх-26/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Нармандахын:...Пүрэвдорж миний 2 дахь хүүхэд болон миний ганц хүү. Миний хүү Хөвсгөл аймгийн Рашаант сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг 2007 онд дүүргэсэн. Энэ хугацаанд миний хүү сурлага сайтай, төлөв даруу хүү байсан. 2008-2012 онд Монгол дээд сургуулийн Банкны удирдлага, эдийн засагч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. 2013 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд Засаг даргын тамгын газрын няраваар 3 жил ажиллаж байгаад ажлаасаа гараад хотод ажил хийх гэж орж ирсэн. Зан харилцааны хувьд бусадтай эвтэй, нийтэч, хүнд тусархуу хүүхэд байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-31/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Гэрэлчимэгийн:...хохирогч Н.Пүрвээ манай компанид 2012 оноос одоог хүртэл зөвлөх инженерээр ажилладаг. Сарын цалин 1.500.000 төгрөгний цалинтай тогтмол ажилладаг нь үнэн. Энэ талаар манай компани тодорхойлолт хийж өгсөн байгаа гэсэн мэдүүлэг /хх-32/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Нарантуяагийн: ...Б.П нь миний төрсөн эгчийн ганц хүү, дүү маань дээд сургуульд сурч байхдаа манайд амьдарч сургуулиа төгссөн. Энэ хугацаанд ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй, зан харилцааны талаар төлөв даруухан, олон нийтийн газар биеэ зөв авч явах чадвартай, хүнд тусархуу хүүхэд байгаа, өөрт оногдсон ажлаа хариуцлагатай хийдэг гэсэн мэдүүлэг /хх-38/,
2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6782 дугаар актын:
1. Н.Пүрвээгийн биед дух яснаас чамархай суурь ясны их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн гарын 1, 2 дугаар хурууны шивнүүрийн хугарал, нүүр мөчдөд цус хуралт, зулгаралт, баруун чихний дэлбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэсэн дүгнэлт /хх-42/,
2.9. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 261 дугаартай дүгнэлт:
1. Toyota Prius маркийн 98-84 УНГ улсын дугаартай автомашин жолоодон явсан Балдандоржийн Пүрэвдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Н.Пүрвээ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Цагдаагийн ахлах дэслэгч, Д.Батзоригийн гэсэн дүгнэлт /хх-46/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Зам тээврийн хэрэг ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 11-16/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-17/, оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт /хх-81/, шүүгдэгчийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлыг тогтоосон бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Б.П нь 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төрийн банкны төв байрны зүүн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө ” гэсэн заалтыг зөрчин Toyota Prius маркийн 98-84 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Н.Пүрвээг мөргөж, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Пүрвээгийн биед дух яснаас чамархай суурь ясны их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн гарын 1, 2 дугаар хурууны шивнүүрийн хугарал, нүүр мөчдөд цус хуралт, зулгаралт, баруун чихний дэлбэнд шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Пүрвээгийн:.. 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 30 минутын үед Ард кино театрын зүүн талын явган хүний гарцаар зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлсэн. Тэр үедээ би ухаан алдсан гэмтлийн эмнэлэг дээр очоод ухаан орсон. Ямар машинд мөргүүлснээ мэдээгүй. Ослын улмаас миний биед зүүн гарын сарвуу хугарсан, баруун хөлний шилбэний савхан яс нь цуурсан, тархинд доргилт үүсч харвасан гэсэн мэдүүлэг /хх-22/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Энхмаагийн:...2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Пүрэвдоржтой Ард кино театрын зүүн замаар Цэцэг төв талруугаа хойноосоо урагшаа зүгт Тоёота Приүс-11 маркийн 98-84 УНГ улсын дугаартай автомашинтай Пүрэвдорж өөрөө машинаа жолоодоод би хажуу талд суугаад арын суудал дээр бэр эгч Нямсүрэн суучихсан явж байсан ба манай машин 1 дүгээр эгнээнд явж байтал 2-р эгнээнд явж байсан машины урдуур нэг хүн гараад ирсэн тэгээд л мөргөчихсөн маш хурдан болсон гэсэн мэдүүлэг /хх-24/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Нямсүрэнгийн: ...2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Тоёота Приүс-11 маркийн 98-84 УНГ улсын дугаартай автомашинтай дүү Энхмаа, найз залуу нь болох Пүрэвдорж бид 3 гадуур ажил хөөцөлдөөд явж байгаад 15 цаг өнгөрч байхад гэрлүүгээ харих гээд Ард кино театрын зүүн замаар хойноосоо урагшаа зүгт явж байсан ба би хажуу талруугаа цонхоор хараад явж байтал хүүе, хаая болоод л явчихсан тэгэхэд нүдний үзүүрт нэг хүн баруун гар талд унаж байгаа харагдсан тэгээд машин зогсоод бид хэд буугаад нөгөө хүн дээр яваад очиход толгойноос нь цус гарч байсан ба нөгөө хүн өөрөө босоод боржуур дээр суусан тэгээд л Пүрэвдорж түргэнд дуудлага өгч байсан удалгүй түргэн, цагдаа ирсэн тухайн мөчид шоконд орчихсон байсан болохоор нарийн сайн санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх-26/, Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 261 дугаартай дүгнэлт: Toyota Prius маркийн 98-84 УНГ улсын дугаартай автомашин жолоодон явсан Балдандоржийн Пүрэвдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6782 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх 11-16/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Пийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.Пүрвээ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, бид хоорондоо эвлэрэн тохиролцсон талаарх хүсэлтийг бичгээр өгсөн байх тул шүүгдэгч Б.Пийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдан ирсэн В ангилалын 796794 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Билэгт овогт Балдандоржийн Пүрэвдоржийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Б.Пийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Пид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №796794 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Пид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Пид тэнсэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ