Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2024/00831

 

 

 

 

    2024           10             23     

                       130/ШШ2024/00831

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Р ХХК /гүйцэтгэх захирал Б.Ж/

 Хариуцагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Е ХХК /захирал Х.А/

Нэхэмжлэлийн шаардлага: Шатахууны үндсэн төлбөр 15,293,180 төгрөг, алданги 7,646,590 төгрөг, нийт 22,939,770 /хорин хоёр сая есөн зуун гучин есөн мянга долоон зуун далан/ төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.

 

Хариуцагч Е ХХК-ийн захирал Х.Ад шүүх хуралдааны товыг шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдааны товыг /баримт №9/-аар мэдэгдсэн боловч хариуцагч Е ХХК-ийн захирал Х.А нь шүүх хуралдаанд өөрийг нь эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Р ХХК /гүйцэтгэх захирал Б.Ж/ нь хариуцагч Е ХХК /захирал Х.А/-д холбогдуулан Шатахууны үндсэн төлбөр 15,293,180 төгрөг, алданги 7,646,590 төгрөг, нийт 22,939,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч Е ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Р компанитай 35 тоот "Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ" байгуулж, уг гэрээний дагуу 24,793,780 төгрөгийн үнэ бүхий шатахуун худалдаж авсан. Гэрээгээр талууд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Е ХХК нь хоорондын тооцоогоор 15,293,180 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж, тооцоо нийлсэн акт үйлдэж энэхүү үлдэгдэл төлбөрийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон. Гэтэл хариуцагч тал одоо болтол уг төлбөрийг төлөхгүй байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилж байна. Талууд хооронд байгуулсан гэрээний 4.3-т зааснаар хэрэглэгч төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон байдаг. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх алдангийг тооцоход 7,666,316 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-с хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%- иар тооцоход алданги нь 7,646,590 төгрөг болж байна. Тооцоо бодсон тухай баримтыг хавсаргав. Харин хариуцагч талын өмгөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримт нь энэхүү хэрэгт ямар ч хамааралгүй нотлох баримт байсан гэж дүгнэж байгаа. Иймд хариуцагч "Е" ХХК-иас шатахууны үндсэн төлбөрт 15,293,180 төгрөг, алданги 7,646,590 төгрөг нийт 22,939,770 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 2.Хариуцагч Е ХХК /захирал Х.А/ хариу тайлбартаа: Р ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Е ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А би 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бугат сумын төвд үйл ажиллагаа явуулдаг А ХХК-ийн хувьцааг халаалтын төвийн бүх хөрөнгийн хамт худалдаж авч тус сумын гэрээт байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангах ажлыг хийж гүйцэтгэж байна. Тус халаалтын төвийн үйл ажиллагааг 2023 оны 09 дүгээр сараас эхэлсэн ба тухайн үед компанийн эрх шилжээгүй байсан учир нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам  дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээг Е ХХК-ийн нэр дээр байгуулсан. Тооцоо нийлсэн актаар 15,293,180 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Шатахууны үнийг төлж чадахгүй байгаа шалтгаан нь дулааны эрчим хүчний үнэ тарифыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөр хэлэлцэн баталсан боловч зөвлөлийн дарга миний төрсөн ах учир ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж тогтоолд гарын үсэг зурахгүй байгаа юм. Үүнээс болж Бугат сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн алба нь тогтоол баталгаажиж ирээгүй гэж 2024 оны 04 дүгээр сараас хойш санхүүжилт олгохгүй байгаагаас төлбөрийг төлж чадаагүй болно. Мөн Е ХХК-ийн захирал Х.А миний А гэх компани болон миний 200,000,000 төгрөгтэй дансыг шүүгчийн захирамжаар битүүмжилсэн байх тул өр төлбөрөө төлж чадахгүй байна. Иймд алдангийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, А.Сд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас өмгөөлөгч Х.Бтэй байгуулсан өмгөөллийн гэрээ, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШЗ2024/00867 дугаартай шүүгчийн захирамж, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШЗ2024/01414 дугаартай шүүгчийн захирамжийг гаргаж  өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “Р” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

6.1. Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч Е ХХК-аас шатахууны үндсэн төлбөр 15,293,180 төгрөг, алданги 7,646,590 төгрөг, нийт 22,939,770 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

7.Хариуцагч Е ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд:

7.1. Е ХХК нь Р ХХК-тай тооцоо нийлсэн актаар 15,293,180 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Харин алданги төлөх боломжгүй гэжээ.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Хариуцагч Е ХХК нь тооцоо нийлсэн актаар 15,293,180 төгрөгийн үлдэгдэлтэй буюу төлбөр төлөх нь үнэн. Үндсэн төлбөрийг санхүүжилт орж ирэх үед төлж өгөх ба алдангийн хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан алданги багасгаж өгнө үү гэж маргасан болно. 

8.2. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэг талаас “Р” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал ажилтай Бейбитхан овогтой Ж, нөгөө талаас Е ХХК-ийг төлөөлж Хуанганы А нар нь харилцан тохиролцож, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 35 дугаар “Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам  дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ”-г байгуулж, талууд тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

8.3. Тооцооны үлдэгдлийн баталгаагаар “Р” ХХК, Е ХХК нарын  хоорондын тооцоо тооцоо нийлэгч “Р” ХХК-ийн өмнөөс ня-бо К.Нурбек , төлөгчийн нэрийн өмнөөс захирал ажилтай Х.А нар нь тус хоёр байгууллагын хооронд 2023 оны 10-р сарын 01-ны өдрөөс 2023 оны 03-р сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд  15293180 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч К.Н, төлөгч байгууллагын нягтлан бодогч Х.А нар нь тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

8.4. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 35 дугаар “Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам  дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ”-ний 4.3-т хэрэглэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5 % -тай тэнцэх алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан заалтын дагуу  нийлүүлэгч байгууллагад төлнө гэж гэрээндээ тусгасан байх ба уг гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байна.

9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д  анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэжээ.

9.1. Дээрх хуульд заасан үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан үндэслэлээр шүүх алданги багасгах боломжгүй байна. 

9.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

10. Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож  2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 35 дугаар “Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ”-г байгуулсан байна.

10.1. Нэхэмжлэгч “Р” ХХК нь шатахууны төлбөрийн үнэ буюу үлдэгдэл 15293180 төгрөгийг хариуцагч Е ХХК нь хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний 4.3-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5 %-тай тэнцэх алдангийг нийлүүлэгч байгууллагад төлнө гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 % хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч “Р” ХХК нь Е ХХК-наас алданги 7,646,590 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

10.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алдангийн хэмжээг хариуцагч Е ХХК  нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 15293180 төгрөгийн 50 хувь болох 7,646,590  төгрөгөөр тооцсон нь дээрх хуулийн заалтад нийцэж байна гэж  үзлээ.

10.3. Нэхэмжлэгч “Р” ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

10.4. Иймд хариуцагч Е ХХК-наас шатахууны үндсэн төлбөрийн үлдэгдэл, хугацаа хэтрүүлсний алданги нийт 22,939,770  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

11. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШЗ2024/00867 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШЗ2024/01414 дугаартай “Хүсэлтийг хянан шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжууд нь А ХХК /захирал Х.А/-д холбогдох гэрээний үүргийн маргаан байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзлээ.

 

12. Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч Е ХХК-иас 272,649 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-нд олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 -д заасныг тус тус баримтлан хариуцагч Е ХХК-иас шатахууны үндсэн төлбөр 15,293,180 төгрөг, алданги 7,646,590 төгрөг, нийт 22,939,770 /хорин хоёр сая есөн зуун гучин есөн мянга долоон зуун далан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  272,649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е ХХК-иас 272,649 /хоёр зуун далан хоёр мянга зургаан зуун дөчин есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          К.БҮЛДИРГЕН