| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2206000003679 |
| Дугаар | 2023/ДШМ/390 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ДШМ/390
А.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мөнх-Амгалан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А, түүний өмгөөлөгч Б.Мандхай,
шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэрмаа,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Агийн гаргасан давж заалдах гомдлоор А.Бд холбогдох эрүүгийн 2206000003679 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О овгийн Агийн Б, 1997 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр cарын 7-ны өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;
Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын хоёр давхарт амь хохирогч О.Гтай үл ялих зүйлийн улмаас маргалдаж, толгой болон нүүрэн тус газар нь гараараа цохин, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч О овогт Агийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Агийн Бд 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Бын урьд цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шүүгдэгч А.Баас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт хохирогчоо буруу тогтоосноос хууль ёсны эхнэр миний бие болон 4 настай хүүгийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хохирч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр О.Гг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон. Гэтэл хавтас хэрэг /хх 103/-т авагдсан баримтад эхнэр А тэмдэглэгдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “хохирогч нас барсан тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж хуульчилсан байна. Гэтэл О.Гг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, О.Г нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас мөнгө авч, илт хуйвалдсан байдалтай гомдол саналгүй гэж хэлж, бусдыг төөрөгдүүлэн худал хэлж байгаад гомдолтой байна. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд амь хохирогчийн хүү, эхнэр өнчрөн хоцорч, хохирч байгаа талаар дурдсангүй. Зөвхөн тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа юу гэж асууснаар хязгаарлагдсанаар сэтгэл санааны маш хүнд нөхцөлд амьдарч байна. Дөрвөн настай хүүхэд нь өдөр бүр аавыгаа нэхэн уйлж байна. Хэргийн нөхцөл байдалд ч гомдолтой байгаа. Энэ хэргийн А.Б ганцаараа үйлдсэн гэхэд эргэлзэж /хх 126/ байна. Иймд хэргийг бүхэлд нь хянуулах хүсэлтэй байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Агийн өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Агийн давж заалдах гомдлын гол агуулга нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон. Анхан шатны шүүхэд нөхөж гомдол гаргаж байж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр намайг тогтоосон. Цаг хугацааны хувьд 4 настай хүүхдийн эрх ашиг, миний эрх ашгийг хохироож байна гэж үзэж байгаа юм. Нэгдүгээрт, ах, дүү нарын хоорондын маргаан байх шиг байгаа юм. Хоёрдугаарт, хэрэв анхнаасаа хохирогчоо зөв тогтоосон бол шүүх хуралдаанаар баримтаа гаргаж өгөх боломжтой байсан. О.Г, түүний өмгөөлөгч нар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоолгож, өөрсдөө баримт гаргаж өгч, ард нь хүү бид хоёрын эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон. Иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй үлдсэн. Нотлох баримтуудаа гаргаж, иргэний журмаар нэхэмжлэх зам үлдсэн гэсэн байр, суурьтай байгаа юм. Мөн давж заалдах гомдол гаргаж, дээрх байр сууриа залруулъя гэсэн байдалтай гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн нөхцөл байдлыг эргэлзээтэй гэж үзэж байна. Учир нь, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоож, анхан шатны шүүх хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт О.Ггийн өмгөөлөгч нь хүртэл “...чи сайн залуу байна, баярлалаа...” гэх мэтчилэн П.Аг үл ойшоосон. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хүртэл тусгагдсан байгаа. Хохирол, төлбөрийн асуудалд П.А ч ажил явдалд нь явсан, зардал зэргийг гаргасан. Гэтэл П.А болон хүүхдэд нь юу ч олгогдсонгүй. Өмгөөлөгч Баянжаргал, О.Г нар “...таныг мөрдөн байцаалтын шатанд дуудна...” гэж хэлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэг хүртэл дуудаагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “...хохирогч нас барсан тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно...” гэж хуульчилсан. Энэ заалт анхнаасаа зөрчигдсөнөөр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг хүртэл П.Агийн эрх зөрчигдөж ирсэн. Анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж байж, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгосон. П.А надад чөлөөтэй асуудлаа хэлдэг атлаа шүүхийн өмнө өөрийнхөө гомдлыг сайн хэлэхгүй байна. Амь хохирогчийн төрсөн эцэг, эх нь итгэмжлэл гаргаж өгсөн үү. Хэрэв итгэмжлэл гаргаж өгсөн бол төрсөн дүү нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох хэрэгтэй байх. Үүнд эргэлзээ байна гэж үзэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Тухайн үед амь хохирогчийн эхнэрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулна гэж хэлж байсан. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогчийн ар гэрийнхэнд баримтаар нотлогдож байгаа хохирол, төлбөрийг төлсөн. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох ар гэрийнхнээс 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжилсэн хохирол, төлбөрийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанаар хохирол, төлбөргүй гэж оролцсон. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргадаггүй. Хорих ялаа эдэлж дууссаны дараагаар тусалж, дэмжих боломжтой гэдгээ илэрхийлж байгаа. ...” гэв.
Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Ц.Цэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн нөхцөл байдал болон хуульд заасан нөхцөл журмын дагуу бүрэн шалгаж тогтоосон. Хавтас хэрэгт бүх нотлох баримтууд болох сиди, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгүүд, хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлэг зэрэг авагдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А, түүний өмгөөлөгч хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна. Хохирол, төлбөрийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Агийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хохирлын хувьд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан оршуулгын зардлыг төлсөн байгаа. Гэм хорын хохирол, төлбөрийг А.Быг өргөж авсан эцэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан бөгөөд тэтгэмжийнхээ зээлийг авч, өөрийнх нь төрсөн эх нь банкнаас зээл авч 5.000.000 төгрөгийг бүрдүүлж төлсөн байгаа. Хохирол, төлбөрийг төлөхдөө А.Б хорих ангиас надад хүн бүхнээр хэлүүлж “...хохирол, төлбөрийн асуудалд арга хэмжээ авч өгөөч...” гэж хохирол, төлбөрийн асуудалд их анхаарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Агаас гаргасан хохирлын тухайд нотлох баримтаа гаргаж төлөх арга хэмжээ авах ёстой. Анхан шатны шүүхээс учирсан хохирлоо хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн учир хэдийд ч төлөх боломжтой гэдгээ А.Б болон ар гэрийнхнээс нь илэрхийлж байгаа. А.Бын төрсөн эцэг Баатар, хамт амьдарч байсан, хүүхдийнх нь эх мөн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцож байна. Хохирол, төлбөрийн хувьд анхаарч үзээсэй гэх үүднээс эдгээр хүмүүсийг оролцуулсан. Оршуулгын үйл ажиллагааг талийгаачийн дүү О.Г талийгаач ахынхаа цогцсыг Хөвсгөл аймаг руу тээвэрлэж, үйл ажиллагааг зохион байгуулсан юм билээ. Бүх зардлаа нотлох баримтад тусгаж өгсөн байгаа. Анхан шатны шүүхийн шатанд нотлох баримтаа гаргаж өгнө үү гэж хэд хэдэн удаа шаардаж байж шүүх хуралдаан болохоос өмнө 2, 3 хоногийн өмнө гаргаж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгосон О.Гтай шүүгдэгчийн ар гэрийнхэн анхан шатны шүүх хуралдаанаар анх удаа уулзсан. Өмнө нь огт холбоо барьж байгаагүй. Анхан шатны шүүх хуралдааны үеэр 5.000.000 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрийнхэн бэлнээр төлж, гарын үсэг зуруулсан. Түүнээс хохирогчийн ар гэрийнхэнтэй шүүгдэгчийн ар гэрийнхэн огт уулзаж байгаагүй, таньж мэдэхгүй хүмүүс гэдгийг хэлэх нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шатнаас хойш ч уулзаагүй байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан, хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу А.Бд холбогдох хэрэгт хяналт тавьж ажилласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн. Яллах дүгнэлт үйлдсэний дараа хууль ёсны төлөөлөгчтэй холбоотой асуудлыг П.А болон түүний өмгөөлөгчийн зүгээс прокурорт гаргасан. Тухайн үед яллах дүгнэлт үйлдсэн байсан учраас гомдлыг анхан шатны шүүх рүү шилжүүлж шийдвэрлэсэн. Гомдлын дагуу урьдчилсан хэлэлцүүлэг болж, П.Аг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосноос 12 хоногийн дараа анхан шатны шүүх хуралдаан болсон. Тухайн үед ч тэжээгчээ алдсаны тэтгэмж, өөр нэхэмжлэх зүйл байвал баримтаа гаргаж нэхэмжлэх боломжтой талаар дурдахад П.Агаас гаргаж өгөх баримт байгаагүй. Иймд анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Агийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохиролтой холбоотой заалт үндэслэл бүхий гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8-15 жилийн хорих ялтай гэмт хэрэг байгаа. Улсын яллагчийн зүгээс 9 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид ял эдлүүлэх санал гаргасан. Анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, 5 жил 5 сарын хугацаатай хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд прокурорын хувьд эсэргүүцэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын хоёр давхарт амь хохирогч О.Гтай үл ялих зүйлийн улмаас маргалдаж, толгой болон шүүрэн тус газар нь гараараа цохин, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Б.Бийн “...17 цагийн үед тэр хоёр хүнийг “манайхаас гарчих” гэсэн чинь “ах нар нь дүүдээ хүндрэл учруулахгүй” гээд гарсан. Тэгээд ерөөсөө удаагүй, 5 минутын дараа үүдний шилэн хаалга руу харсан чинь өндөр шар ах ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь яваад очсон чинь нөгөө нас барсан хүн газар хэвтчихсэн байсан. Хүн сэгсрээд босоорой гэхэд хариу үйлдэл үзүүлээгүй. ...” /1хх 35/,
гэрч Б.Сийн “...2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ажлаа хийж байтал 16-17 цагийн хооронд бараан өнгийн куртиктэй, архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн, 30 орчим настай эрэгтэй хүн хүрч ирээд “хоол авч явах гэсэн” гээд надаас нэг удаагийн уут аваад гартаа барьсан байсан тавагтай хоолоо хийгээд хоолны газрын үүдээр гараад явах шиг болсон. Үүнээс хойш 20-30 минутын дараа хамгаалагч над дээр хүрч ирээд “нэг эрэгтэй сэрэхгүй байна” гэж хэлэхээр нь очиж үзэхэд надаас уут аваад гарсан эрэгтэй дээш харчихсан, зүүн нүдний дээрээс цус гарсан, хэлээ хазаж, уруул нь хөхөрсөн байдалтай манай хоолны газар руу ордог 2 давхрын хаалганы хажууд хэвтэж байсан. Би очоод гүрээний судас дээр нь дарж үзэхэд цохилж байхаар нь түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Эмч нар ирж үзээд тухай хүнийг өнгөрсөн байна гэж хэлсэн. ...” /1хх 39-40/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Амь хохирогч О.Гын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, духны хуйхны цус хуралт, духанд шарх, дух, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар шанааны цус хуралт, дууд уруулын зулгаралт, баруун гарын 1, 4 дүгээр хурууны зүсэгдсэн шарх, 2, 5 дугаар хурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Тархины битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, духны хуйхны цус хуралт, духны шарх, дух, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанааны цус хуралт, дээд уруулын зулгаралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Баруун гарын 1, 4 дүгээр хурууны зүсэгдсэн шарх нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр, баруун гарын 2, 5 дугаар хурууны зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучийн гэмтэл байна. Тархины битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч нь тархины битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Цогцост хийсэн гадна үзлэгээр амь хохирогч нь 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 21 цаг, 43 минутын байдлаар нас бараад 4-5 цаг болсон байжээ. ...” гэсэн /1хх 61-66/ 2883 дугаартай шинжээчийн дүгнэлт,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10-16/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 126/, “Жем Трейд” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/23 дугаартай тодорхойлолт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хохирогч О.Гыг алсан болох нь нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, үүнд А.Бын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч А.Б хохирогч О.Гтай маргалдаж, түүний эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигджээ.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч А.Б нь амь хохирогч О.Гын биед тархины битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, духны хуйхны цус хуралт, духны шарх, дух, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанааны цус хуралт, дээд уруулын зулгаралт бүхийн олон тооны гэмтэл учруулсан ба эдгээр гэмтлүүдээс тархины битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт хүнд гэмтэл нь төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд оруулж, хохирогчийн амь насанд аюултай нөхцөл байдлыг үүсгэж, нас барсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцсэн бөгөөд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Агийн “...Хэргийн нөхцөл байдалд ч гомдолтой байгаа. Энэ хэргийн А.Б ганцаараа үйлдсэн гэхэд эргэлзэж байх тул хэргийг бүхэлд нь хянуулах хүсэлтэй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба уг эрүүгийн хариуцлагын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г “Залуу хүн учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А “Надад адилхан саналтай байна. Цаашдаа бололцоогоороо туслалцаа үзүүлэхийг хүсэж байна.”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ггийн өмгөөлөгч Г.Баянжаргал “Шүүгдэгч цааш амьдралтай учраас улсын яллагчийн гаргасан саналаас доогуур ял оногдуулахад татгалзах зүйлгүй”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Агийн өмгөөлөгч Б.Мандхайн “Саналгүй байна.” гэж /2хх 20-21/ тус тус өөр өөрсдийн санал, байр суурийг илэрхийлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байна..
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо давж заалдах гомдол гаргахдаа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.
Анхан шатны шүүх А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлыг баримтаар тогтоосон хэмжээгээр төлж барагдуулсан нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын “ял хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй” талаар байр суурь, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийн шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасантай нийцсэн, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгч А.Баас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуульд нийцжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдээгүй хохиролтой холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж, гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг ийнхүү магадлалд дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Мөрдөгч, прокурор нь хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заасан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн төрсөн дүү болох О.Гг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад амь хохирогчийн эхнэр П.Аг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон баримт хэрэгт авагдсан байна.
Амь хохирогчийн эхнэр П.Аг тэргүүн ээлжид хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулж, эрхийг нь эдлүүлэх ёстой байжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Гг шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас мөнгө авч, илт хуйвалдсан, бусдыг төөрөгдүүлэн худал хэлсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.
Давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, хэрэгт авагдаагүй үйл баримтад дүгнэлт хийх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Агийн “...хууль ёсны төлөөлөгч О.Г нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас мөнгө авч, илт хуйвалдсан байдалтай гомдол саналгүй гэж хэлж, бусдыг төөрөгдүүлэн худал хэлж байгаад гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Бын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/152 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Баас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ