| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00844/И |
| Дугаар | 130/ШШ2024/00928 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 130/ШШ2024/00928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Е . Хаяг: Б аймаг, Ө сум, 10 дугаар баг, 1-р гудамж,136 тоотод оршин суух,
Хариуцагч: Б аймгийн Ц газар Хаяг: Б аймаг, Ө сум, 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг,
Нэхэмжлэлийн шаардлага: Тус газарт 2021 оны 8 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд эрчим хүчний төлбөрт төлсөн 2,271,884 төгрөгийн 50% болох 1,135,942 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Е ,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Е нь хариуцагч Б аймгийн Ц газарт холбогдуулан тус газарт 2021 оны 8 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд эрчим хүчний төлбөрт төлсөн 2,271,884 төгрөгийн 50% болох 1,135,942 төгрөгийг буцаан гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Миний бие Е нь Б аймгийн Ө сумын 10 дугаар багт амьдардаг. Шүүхэд Ц газрын нийлүүлж байгаа цахилгаан нь Цахилгаан эрчим хүчний стандартад нийцэхгүй байгаа талаар гомдол гаргасан. Өмнө шүүхэд 2021 онд өнөөдрийн маргаантай асуудалтай адилхан маргаанаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр хянан хэлэлцээд тус маргаан нэхэмжлэгч миний талд шийдвэрлэгдсэн.
1.2 Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай хүсэлтээ шүүхэд гаргаж, шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гаргаж хүргүүлсэн боловч өнөө хүртэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч тал биелүүлэхгүй байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа хандаж, хариуцагч талд мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэсэн.
1.3 Хэрвээ хангах боломжгүй гэвэл Эрчим хүчний тухай хуульд заасан 35.1-д заасан Стандартад заасан эрчим хүчээр хангаж чадахгүй бол төлбөр төлөхгүй байж болно гэж заасныг баримтлан хариуцагч талд эрчим хүчний төлбөрийг 50 хувиар төлөх саналыг гаргасан боловч хариуцагч тал хүлээж аваагүй. Үүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2021 оны 8 дугаар сараас хойших 2024 оны 8 дугаар сар хүртэлх 3 жилийн хугацааны цахилгааны үнэд төлсөн 2,271,884 төгрөгийн 50% болох 1,135,942 төгрөгийг буцаан гаргуулах тухай байна. Мөн аймгийн захиргааны байранд суудаг цахилгаан, эрчим хүч хариуцдаг Улсын мэргэжил, хяналтын байцаагчид хандахад бид цахилгааныг стандартын дагуу хангаж чадахгүй байгааг мэдэж байгаа. Сайжруулах ажил явагдаж байгаа гэсэн хариуг өгсөн. Мөн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээнд зааснаар хариуцагч тал стандартад заасан цахилгаан эрчим хүчээр хангах үүрэгтэй.
1.4 Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн, холбогдох хуулийг баримтлан хариуцагч байгууллага болох Б аймгийн Ц газраас 2021 оны 8 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд эрчим хүчний төлбөрт төлсөн 2,271,884 төгрөгийн 50% болох 1,135,942 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б аймгийн Ц газрын дарга Ж , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н хариу тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч Е нь урьд шүүхэд шатсан цахилгаан эд хөрөнгийн үнийн дүнг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ нь үнэн боловч уг маргаан нь өнөөдрийн маргаантай ямар ч байдлаар холбоогүй. Стандарт шаардлагад заасан эрчим хүчээр хангах үүргээ хариуцагч талын зүгээс биелүүлсэн бөгөөд Е нь өнөөдөр хүртэл стандарт шаардлагад нийцсэн эрчим хүчийг өнөөдөр хүртэл ашиглаж байгаа. Нэхэмжлэгчийн оршин суугаа газрын эрчим хүчийг сайжруулах ажлыг өнөөдөр хүртэл төрийн бүхий л шатанд хийж байгаа. Цаашид ч сайжруулалтын ажил хийгдэх болно.
1.2 Хоёрдугаарт нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагын нийлүүлсэн эрчим хүчийг доголдолтой гэж нэхэмжлэл гаргаж байна. Гэхдээ доголдолтой цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа тухай тайлбарлаж, энэ хугацаанд доголдолтой эрчим хүчээр хангуулахаас татгалзах бүрэн эрхтэй байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт худалдан авагч тал шаардах эрхээ алдах тухай зохицуулсан. Иргэний хуулийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах тухай зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч маань доголдолтой гэдгийг анхнаасаа мэдсэн, энэ хугацаанд доголдолтой цахилгаан эрчим хүчээр нийлүүлэлтийг зөвшөөрөөд явж байсан.
2.2 Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид доголдолтой эд хөрөнгөө нийлүүлснээ мэдэхгүй байна. Тийм асуудал байхгүй. Б аймгийн 110,000 гаруй хэрэглэгчидтэй гэрээ байгуулаад, цахилгаанаар ханган шийдвэрлэж байгаа. Гэтэл ганцхан нэхэмжлэгч Е ад шаардлага хангахгүй эрчим хүчээр хангаж байгаа асуудал байхгүй. Бусад 110,000 гаруй хэрэглэгчдийн хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчийг нэхэмжлэгч мөн адилхан хэрэглэж байна. 2019 оны асуудалтай холбоотой дүгнэлт гарч байсан бөгөөд үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч гэрээнд зааснаар 220 ваттын эрчим хүчээр хангагдах ёстой байтал тухайн хэмжээний эрчим хүчийг аваагүй гэж байгаа боловч яг хэдий хэмжээний эрчим хүчийг авч байгаа нь тодорхой бус байгаа. Энэ тухай шүүхэд гаргаж ирсэн нотлох баримт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан байцаагчийн дүгнэлт нь тухайн цаг үеийн шаардлага хангахгүй байгаа дүгнэлт буюу ирээдүй цагт хангаж байгаа эрчим хүч нь шаардлага хангахгүй байгаа гэсэн асуудал биш.
2.3 Мөн шүүхийн шийдвэрт маргаантай явж байгаа тухай, хариуцагч очиж уулзсан гэх мэт нэхэмжлэгчийн тайлбарууд үндэслэлгүй бөгөөд хэрэг дотор үүнтэй холбоотой нотлох баримтууд байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тайлбар гаргана. Нэхэмжлэгч шүүхэд хэдэн жилийн, хэдий хэмжээний цахилгааны эрчим хүч дутуу нийлүүлсний улмаас тухайн төлбөрийг нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна.
2.4 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 0 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 8-03/828 тоот албан бичиг, тус аймгийн ЦШСГазраас хэрэглэгч Е ын дансны дэлгэрэнгүй 2022-2023, 2024 оны тайлан, цахилгааны төлбөр төлсөн Х банкны шилжүүлгийн баримт, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ зэргийг нэхэмжлэгчээс,
4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, мөн даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 327 тоот албан бичгээр Н т олгосон итгэмжлэл зэргийг хариуцагчаас тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Б аймгийн Ц газраас 1,019,979 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е ад олгож, илүү нэхэмжилсэн 115,963 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч байгууллагад стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангахыг үүрэг болгосон боловч одоо хүртэл хангагдаагүй. Тус шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн боловч одоо хүртэл гүйцэтгэх ажиллагаа хаагдаагүй байгаа. Хариуцагч Б аймгийн Ц газарт миний бие Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтад зааснаар эрчим хүчний төлбөрийг хэсэгчлэн буюу 50%-иар бууруулан төлж байх тухай хүсэлтээ гаргасан боловч хүлээн зөвшөөрөөгүй ба цахилгааны төлбөрийг төлөхгүй бол тасалж төлбөрөө төлүүлдэг. Хариуцагч байгууллагаас нэгэнт стандартад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангаж чадахгүй байгаа тул миний 2021 оны 8 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрт төлсөн 2,271,884 төгрөгийн 50% болох 1,135,942 төгрөгийг буцаан гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.
7.Хариуцагч Б аймгийн Ц газрын дарга Ж , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч Е нь урьд шүүхэд шатсан цахилгаан эд хөрөнгийн үнийн дүнг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ нь үнэн боловч уг маргаан нь өнөөдрийн маргаантай ямар ч байдлаар холбоогүй. Стандарт шаардлагад заасан эрчим хүчээр хангах үүргээ хариуцагч талын зүгээс биелүүлсэн бөгөөд Е нь өнөөдөр хүртэл стандарт шаардлагад нийцсэн эрчим хүчийг өнөөдөр хүртэл ашиглаж байгаа. Б аймгийн 110,000 гаруй хэрэглэгчидтэй гэрээ байгуулаад, цахилгаанаар ханган шийдвэрлэж байгаа. Гэтэл ганцхан нэхэмжлэгч Е ад шаардлага хангахгүй эрчим хүчээр хангаж байгаа асуудал байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.
8.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
8.1 Нэхэмжлэгч Е нь тус шүүхэд хариуцагч Б аймгийн ЦШСГазарт холбогдуулан
- тус газраас цахилгааны төлбөрт төлсөн мөнгөний 50 хувь болох 765657 төгрөгийг буцаан гаргуулах,
-Цахилгаан хүчдэл хангалтгүй байгаагаас болж цахилгаан хэрэгсэлд учирсан хохирол 310000 төгрөг гаргуулах,
-Стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангахыг Б аймгийн Ц газарт даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн 0 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Е ын цахилгааны төлбөрт төлсөн мөнгөний 50 хувь болох 765657 төгрөг болон эвдэрсэн цахилгаан хэрэгслийн хохирол 310000 төгрөгийг хариуцагч Б аймгийн Ц газраас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч (хэрэглэгч) Е ыг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангахыг Б аймгийн Ц газарт дуулгаж шийдвэрлэсэн байна.
8.2 Нэхэмжлэгчээс уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 0 дүгээр магадлалаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б аймгийн ЦШСГ-аас 765,657 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е ад олгож, хэрэглэгч Е ыг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангахыг хангагч байгууллага Б аймгийн ЦШСГ-т үүрэг болгож, нэхэмжлэлийн шаардлагаас эвдэрсэн цахилгааны хэрэгслийн үнэ 310,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
8.3 Уг магадлалыг хариуцагчийн өмгөөлөгчөөс эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай тогтоолоор татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
8.4 Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хэрэглэгч Е ыг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангахыг хангагч байгууллага Б аймгийн ЦШСГ-т үүрэг болгосон байх боловч одоо хүртэл шийдвэр биелэгдээгүй байгаа болох нь хэрэгт авагдсан Б аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа бөгөөд хариуцагч байгууллагаас түүнийг үгүйсгэж чадаагүй болно.
8.5 Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа хариуцагч буюу хангагч Б аймгийн ЦШСГ болон нэхэмжлэгч буюу хэрэглэгч Е нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 01-ээс 2 жилийн хугацаатайгаар, хэрэглэгчийн 0 кодтой, тоолуурын 0 дугаартай байхаар цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ талууд байгуулсан байна.
8.6 Гэрээний дагуу хэрэглэгч Е аас 2021 оны 8 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар дуустал хугацаанд цахилгаан эрчим хүчний төлбөрт 2,271,884 төгрөг төлсөн болох нь 0 тоот хэрэглэгчийн кодын дансны дэлгэнгүй хуулгаар тогтоогдсон ба гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалтад хэрэглэгчийг стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах үүргээ хүлээсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан байна.
9.Харин хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс доголдолтой цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа тухай тайлбарлаж байгаа боловч тэрээр доголдолтой эрчим хүчээр хангуулахаас татгалзах бүрэн эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах тухай зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч маань доголдолтой гэдгийг анхнаасаа мэдсэн, энэ хугацаанд доголдолтой цахилгаан эрчим хүчээр нийлүүлэлтийг зөвшөөрөөд 2021 оны 8 дугаар сараас хойш худалдаж авсан, гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэж маргажээ.
10.Гэвч хангагч Б аймгийн ЦШСГ-аас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон хэрэглэгч Е тай байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах үүргээ биелүүлсэн эсэх тухай бичгийн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хариуцагч талаас биелүүлж нотолж чадаагүй болно.
11.Түүнчлэн хангагч байгууллага нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтаар хүлээсэн стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй байна.
12.Иймээс мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтад эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй гэж зааснаар хэрэглэгч Е аас эрчим хүчний төлбөрөө бүгдийг, эсвэл зарим хэсгийг нь төлөхгүй байх эрхтэй байхаар хуульчилсан байх тул нэхэмжлэгч Е аас 2021 оны 10 дугаар сарын 01-ээс 2024 оны 8 дугаар сар дуустал хугацаанд эрчим хүчний төлбөрт төлсөн 2,271,884 төгрөгийн 50 хувь болох 1,135,942 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна гэж шүүх дүгнэлээ.
13.Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Е тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ стандарт шаардлагад хангасан цахилгаан эрчим хүчээр хангаагүй гэсэн үндэслэлээр 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сар дуустал хугацаанд төлсөн төлбөрийн 50% шаардсан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2021 оны 8, 9 дүгээр сарын төлбөрөөс хэтрүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2019 оны 5 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарын 05-ны хооронд хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийн 50 хувийг нэхэмжилсэн бөгөөд уг хугацаанаас хойш 2021 оны 8 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх төлбөрөө 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжилж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг 2021 оны 8 болон 9 дүгээр сарын төлбөр нэхэмжлэх 2 сарын хугацаагаар хэтрүүлсэн байна.
14.Иймд нэхэмжлэгч Е ын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сар дуустал хугацаанд тус аймгийн ЦШСГ-т төлсөн төлбөрийг хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар тооцож үзэхэд эрчим хүчний төлбөрт 2,039,958 төгрөг төлсөн ба түүний 50 хувь 1,019,979 төгрөг байх тул нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 115,963 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ 1,019,979 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 29,029 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт, Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтуудыг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Ц газраас эрчим хүчний төлбөрт төлсөн 1,019,979 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Е ад олгож, илүү нэхэмжилсэн 115,963 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн ЦШСГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 29,029 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ