Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2024/00930

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х . Хаяг:Б аймаг, Ө сум 8 дугаар баг, Б гудамжны 210 тоотод оршин суух,

 

Хариуцагч: Б . Хаяг: Б аймаг, Ө сум 13 дугаар багт оршин суух,

 

Хамтран хариуцагч: Ц . Хаяг:Б аймаг, Б сум, Ө 3 дугаар багт оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Өөрийн өмчлөлийн газарт орж, гарах дамжин өнгөрөх замыг хааж, хашаа барихыг хориглох, хөршийн өмчлөлийн газраар дамжин орж, гарахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х ,түүний өмгөөлөгч З ,

Хариуцагч Б ,

Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Х нь хариуцагч Б , хамтран хариуцагч Ц нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн газарт орж, гарах дамжин өнгөрөх замыг хааж, хашаа барихыг хориглох, хөршийн өмчлөлийн газраар дамжин орж, гарахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, тайлбарласан байна. Үүнд:

1.1 Миний бие 1973 онд Их сургууль төгсөж ирээд, 1974 оноос Б аймгийн Ө сумын 8 дугаар багт хашаа бариад, дүү нартай хамт эсгийн гэрт амьдарч байсан. Манай ах Б У хотоос шилжиж ирээд, Ц тосгонд ажилд ороод, дараа нь Ө д шилжин ирж миний өмчлөлийн хашаан дотор байшин барьсан. Тухайн байшинг Дархан хот руу шилжихдээ өөр хүнд худалдсан. Тухайн байшинг худалдаж авсан хүн хариуцагч Б ын ах нь Б гэдэг хүн байсан.

1.2 Б тухайн байшинг худалдаж авахдаа миний бие энэхүү хашаа миний дээд сургууль төгсөж ирээд, тус аймгийн Захиргааны байгууллагад ажилд орсноос хойш оршин сууж байсан газар юм гэж ойлгуулж хэлсэн. 2023 оны 12 дугаар сард миний хашаанд эсгий гэр авчирч, тэнд амьдарч байсан. Тэнд сурагч жоохон хүүхдүүд байсан учраас тэр гэрийг зөвшөөрөөд буулгасан.

 

1.3 Би ажлаар явж байгаад ирэхэд хашааны дундуур нь хуваагаад, орц гарцыг хаасан. Тухайн хашаа хуучин төмөр хаалгатай. Хашааны баруун талд орц байна. Зүүн талд ямар ч орж, гарах боломжгүй. Иймд өөрийн өмчлөлийн газарт орж, гарах дамжин өнгөрөх замыг хааж, хашаа барихыг хориглох, хөршийн өмчлөлийн газраар дамжин ороход саад учруулахгүй байхыг буюу орц, гарцыг чөлөөтэй нээж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү. Иргэний хуулийн 135 дугаар зүйлд хөршийн харилцааг тодорхой зохицуулсан. Түүний дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Хариуцагч Б хариу тайлбар, татгалзал:

2.1 Энэ хэрэг маргаан урьд нь газрын маргаантай холбогдуулан захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Газрын тухай хууль 2008 онд хэрэгжиж эхлэнгүүт миний эзэмшлийн газрыг Х өмчлөлд авсан байсан. Би захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад, 2018 оны Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Х гийн өмчилсөн газраас миний эзэмшлийн 310 м.кв газрыг чөлөөлүүлсэн. Түүнээс өмнө нь тухайн хашаа байшинд амьдрах нөхцөл боломж олгоогүй, хашаанд орж, гарах хүртэл хүндрэлтэй. Хамгийн сүүлд жорлонгийн асуудлыг шийдэг гээд газар ухаад байсан чинь Х ирээд асуудал үүсгэсэн. Х удаа дараа над руу ирж дайрдаг.

2.2 Газар эзэмшлийн асуудал шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн. Одоо Х заавал манай хашаагаар дамжин гарах ёстой гэсэн шаардлага тавьж байна. Х өөрийнх нь хашаагаар цаашаа гарах боломжтой, нийтийн эзэмшлийн зам талбай болон орц, гарц чөлөөтэй байна.

2.3 Иймд би өөрийнхөө өмчлөлийн газарт байгаа үл хөдлөх хөрөнгийг 10 хэдэн жил ашиглаагүй, ашиглах боломж олгоогүй. Бид цэвэр ус татах гээд цэвэр усны шугам тавьж байхад цэвэр усны шугамын хоолойг нь татаж Х гийн гэрийг дамжиж авахаар тохиролцсон. Би тухайн хашаа, байшинг зарахаар болж бусдад үнэ тохироод өгсөн.

2.4 Тухайн хашаа байшинг худалдаж авсан хүн түүнд амьдарч эхлэхэд танай амьдарч байсан газар миний өмчлөлийн газар гээд өмчлөлийн гэрчилгээг үзүүлсний дараа миний бие мэдэж, тэгээд тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж газрын асуудлыг шийдвэрлэж авсан.

2.5 Дамжин өнгөрөх орц, гарцыг хаасан асуудал байхгүй. Нэхэмжлэгч Х нь орц гарцыг өөрийнхөө хашааны цаад талд нээх бүрэн боломжтой. 1996 онд ах, дүү хоёр нь тухайн газрыг 310 м.кв газраас хувааж авсан. Тухайн үед газрыг худалдах, борлуулах эрхгүй байсан. Үл хөдлөх эд хөрөнгийг борлуулж, газрын эзэмших эрхийг шилжүүлдэг байсан. Дараа нь Х газар болон байшинг бүхэлд нь авна гээд өмчлөлд авсан. 310 м.кв газарт өөрийн гэсэн байшинг барих хүсэлттэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Хамтран хариуцагч Ц ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ын хариу тайлбар, татгалзал:

3.1 Холбогдох шүүхийн шийдвэрийн дагуу 310.м.кв газрыг Ц өмчлөгч байна. Газрын кадастрын зургийг гаргаж өгсөн,мөн шүүхийн журмаар үзлэг хийсэн. Ц газрыг өмчлөх эрхтэй. Энэхүү өмчлөх эрхэд нь Х гийн зүгээс дамжин өнгөрөх шаардлага гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

3.2 Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ямар нөхцөл байдал тохиолдоход бусдын газраар дамжин өнгөрөх асуудал яригддаг юм бэ гэхээр Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлэх боломжтой. Гэхдээ хэргийн газарт үзлэг хийхэд хуульд заасан эдгээр үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

3.2 Нэхэмжлэгч Х гийн хойд талын гудамж, талбай нээлттэй, машин тээвэрлэлт явах боломжтой байсан. Нийтийн эзэмшил тайлбай руу 85 м.кв газар илүү гарсан нөхцөл байдалтай, өөрсдөө нийтийн эзэмшлийг газрыг давхар ашиглаж байгаа, мөн нийтийн эзэмшлийн газартай залгаа гарцтай. Тэгэхээр яагаад Ц ийн өмчлөлийн газрыг дамжин өнгөрөх гээд байгаа, ямар урьдчилсан нөхцөл байдал хангагдаж байгаа вэ. Х гийн үл хөдлөх хөрөнгө нь ганцхан байшин, бусад нь гэрчилгээгүй. Мөн жорлон байгаа газраар дамжин өнгөрөх боломжтой. Жорлон нь үл хөдлөх хөрөнгө биш юм. Мөн гараашны нөгөө талаас хаалгыг нь гаргах боломжтой нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. 380 шонгийн мод гэдэг асуудал яригдсан. Тэр нь ялгаагүй аль аль талд 5.7 метрийн зайтай 380 шонгийн мод байдаг. Тэгэхээр нийтийн эзэмшил газар дээр нэвтрэх гарц гарах боломжгүй, хүрээлэгдсэн, хязгаарлагдсан зүйл байхгүй. Тиймээс Ц ийн өмчлөлийн 310 м.кв газраар дамжиж Х нийтийн эдэлбэрийн газар руу гарах гарцыг гаргах тухай шүүхээр даалгаж шийдвэр гаргах нь Иргэний хуульд нийцэхгүй.

3.3 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгч газар өмчилж авахыг хүссэн Ө сумын 8 дугаар багийн иргэн Х гийн 2003.06.28-ны өдрөөс өмнө гэр бүл болсон ам бүлийн байдлын тодорхойлолт, №247 дугаартай 1996.06.08-ны өдрийн газар эзэмших гэрчилгээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, 2010.02.19-ний өдөр тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 0 дугаартай 667 м.кв газар эзэмших гэрчилгээ, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.01-ний өдрийн 0 дугаартай шийдвэр зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2003.01.15-ны өдрийн эрхийн гэрчилгээ олгох тухай 03 дугаартай захирамж, Монгол улсын иргэн газар эзэмшихийг хүссэн өргөдөл зэргийн хуулбар, нэхэмжлэлдээ хамт гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн 2024.10.24-ний өдөр өмгөөлөгч З тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэргийг нэхэмжлэгчээс,

5.Хариуцагчаас 2024.10.01-ний өдөр нэхэмжлэгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Ц ийн 0 дугаартай 310 м.кв газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Б ын 0 дугаартай хувийн сууцны зориулалтай 51 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Б аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн газар өмчлөх эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай А/406 дугаартай захирамж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 268 дугаартай тогтоол, 0 нэгж талбарын 310 м.кв өмчлөх газрын кадастрын зураг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч Б ын 2024.10.01-ний өдөр өмгөөлөгч Н тай байгуулсан өмгөөллийн гэрээ, хариуцагч Б , хамтран хариуцагч Ц нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.10.15-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, хамтран хариуцагч Ц ээс 2024.10.14-ний өдөр өмгөөлөгч Н т олгосон 2405 дугаартай итгэмжлэл, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024.10.28-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, маргаан бүхий газарт үзлэг хийлгэх тухай хүсэлт, google map татсан зураг, 0 дугаартай нэгж талбарын газрын кадастрын зураг зэргийг хариуцагчаас тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

6.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан, мөн хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар маргаан бүхий газарт 2024.11.13-ны өдөр очиж үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеийн схем зураг, фото зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

7.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

8.Нэхэмжлэгч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний болон хариуцагч нарын өмчлөлийн газар нь хоорондоо хөрш залгаа газар бөгөөд бид нэг хашаанд амьдарч, орж гарах гарц ганц хаалгыг дундаа хамтран ашиглаж ирсэн юм. Гэтэл хариуцагч Б хөрш залгаа газарт хилийн заагийг битүүлж хашаа татахаар хашааны суурь босгох зурвас татсан.Хашаа босгож битүүлбэл хөрш залгаа газар эзэмшигч миний гэр оронд нэвтрэх, өөрийн өмчлөлийн газарт явган болон тээврийн хэрэгслээр нэвтэрч орж, гарах гарцгүй болж миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөх тул шүүхэд хандсан гэжээ.

9.Хариуцагч Б , хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:... хамтран хариуцагч Ц өөрийн өмчлөлийн газраа хашаалах нь түүний өөрийнх нь эрх.Хариуцагчийн татсан хашаа нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай давхцал үүсээгүй, нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн газраас нийтийн эзэмшил талбай руу шууд нэвтрэх боломжтой тул миний өмчлөлийн газраар нэхэмжлэгч дамжин өнгөрөх шаардлагагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

10.1 Хариуцагч Б аас тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б аймгийн Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаартай захирамжийн Х , А , А нарт 667 м.кв газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаснаар Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай шийдвэрээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

10.2 Улмаар Б аас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 268 дугаартай тогтоолоор дээрх шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаартай захирамжийн иргэн Х , А , А нарт 667 м.кв газар өмчлүүлсэн хэсгээс 310 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохоор өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

10.3 Нэхэмжлэгч Х гоос нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор 0 нэгж талбарын гэр бүлийн хэрэгцээний 667 м.кв өмчлөлийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэж олгосон хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ мөн Ө сумын 8 дугаар багийн иргэн Х гийн 2003.06.28-ны өдрөөс өмнө гэр бүл болсон ам бүлийн байдлын тодорхойлолт, №247 дугаартай 1996 оны 6 дугаар сарын 08-ны өдөр олгосон газар эзэмших гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ.

10.4 Гэтэл Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 268 дугаартай тогтоолыг үндэслэн Б аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/406 дугаар захирамжаар Ө сумын иргэн Х , А , А нарын Ө сумын 8 дугаар багт орших 0 /хуучин/ нэгж талбарын дугаартай өмчлөлд байгаа 667 м.кв газар гэснийг 357 м.кв гэж өөрчилсний дагуу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 0 нэгж талбарын дугаартай 310 м.кв газрыг хамтран хариуцагч Ц улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

11.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтаар Ө сумын 8 дугаар багт нэхэмжлэгч Х нь 357 м.кв газрын, хамтран хариуцагч Ц нь 310 м.кв газрын тус тус өмчлөгч мөн байх ба тэд нарын газар давхцаагүй болох нь тогтоогдсон.

12.Харин хамтран хариуцагч Ц нь өөрийнхөө өмчлөлийн 310 м.кв газарт хашаа татахдаа эрх бүхий байгууллагаас үйлдсэн газрын кадастрын дагуу тэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар өмчлөлийн газарт хашаа татсан болох нь тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

13.Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын өмчлөлийн газар хил залгаа үл хөдлөх эд хөрөнгүүд байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж заасны дагуу зохигчдын өмчлөлийн газрууд харилцан нөлөөлж болох хөрш газар бөгөөд өмчлөгч нарт хуульд зааснаар нөгөө талынхаа үйлдлийг хүлцэн тэвчих үүрэгтэй байна.

14.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарласан ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т зааснаар өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь өмчлөлийн буюу эзэмшлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх буюу эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Б , хамтран хариуцагч Ц нар нь нэхэмжлэгчийн газар өмчлөх, эзэмших эрхийг хязгаарласан ямар нэг зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Маргааны зүйл нь хөрш залгаа өмчлөлийн газрын байршлаас орох, гарах хөдөлгөөн хаагдсан талаар байх тул нэхэмжлэгч Х гоос Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар бус хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хөрш залгаа хэсэгт барьсан хашаанаас орж, гарах хэсэгт хашаа татахыг хориглох болон түүний буулгахыг шаардах эрхтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй гэж заасан.

15.Нэхэмжлэгч Х гоос миний болон хариуцагч нарын өмчлөлийн газар нь хоорондоо хөрш залгаа газар бөгөөд бид нэг хашаанд амьдарч, орж гарах гарц хаалгыг дундаа хамтран ашиглаж ирсэн юм. Хашаа босгож битүүлбэл хөрш залгаа газар эзэмшигч миний гэр оронд нэвтрэх, өөрийн өмчлөлийн газарт явган болон тээврийн хэрэгслээр нэвтэрч орж, гарах гарцгүй болж миний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж маргажээ.

16.Гэтэл хамтран хариуцагч Ц ийн нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж хашаа татсан гэх маргаж буй хэсэг нь түүний хууль журмаар өмчилж авсан өмчлөлийн газар байх тул зохигчдын хооронд тэрхүү хэсгээр хөршийн эрхтэй этгээдийн нэгэн адил хүлцэн тэвчих эрх, үүрэг үүсэхгүй.

17.Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Х гоос нийтийн ашиглалтын замд хүрэх орж, гарах гарц нь хариуцагч Б , Ц нарын хашаагаар дамжих бус өөрийн өмчлөлийн газрын хойд талын зүүн хэсгээс нийтийн эзэмшил талбай руу хүрэх гарц гаргах боломжтой болох нь тус шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг, хариуцагчаас google map татаж гаргасан фото зураг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

18.Нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн газрын хойд талын зүүн хэсгээс нийтийн ашиглалтын зам талд миний гарааш, амбаар, 00 /нойл/ зэрэг хөрөнгүүдэд тухайн хөрөнгөний үнэлгээг гаргуулж, өөр газарт барих зардлыг хариуцагч хариуцан гэвэл татгалзахгүй гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр хөрөнгүүд нь Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д заасан хилийн зааг тогтоосон байгууламж бус учраас хариуцагч хариуцах үүрэг хүлээхгүй гэж шүүх дүгнэлээ.

19.Мөн нэхэмжлэгч Х гийн өмчлөлийн газар нь бусдын газраар хүрээлдэгдсэн, орж, гарах гарцгүйн улмаас хариуцагч нарын өмчлөлийн газраар дамжин өнгөрч нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

20.Иймд хариуцагч Б , хамтран хариуцагч Ц нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийнхөө өмчлөлийн 310 м.кв газрын хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй тул хариуцагч нараас нэхэмжлэгч Х гийн субьектив эрхийг хөндсөн, зөрчсөн, эсхүл түүний өмчлөлийн газрыг ашиглах эрхэд саад учруулсан гэх бодит нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

21.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х гийн өөрийн өмчлөлийн газарт байгаа хашаанд орж, гарах дамжин өнгөрөх замыг хааж, хашаа барихыг хориглох, хөршийн өмчлөлийн газраар дамжин орж, гарахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Энэхүү маргаан нь эцэслэн шийдвэрлэтэл тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүсэлтийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 130/ШЗ2024/02732 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ