Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 01960

 

“КА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02319 дугаар шийдвэртэй “КА” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ТИ” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон алданги  нийт 152.817 ам.доллар буюу 426.587.127,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “КА” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “КА” ХХК нь “ТИ” ХХК-тай 2011 оноос хамтран ажиллаж, итгэлцлээр бараа материал өгч байсан боловч хугацаанд нь төлбөрөө төлөхгүй хохироосон учир бид 2013 оноос зээлээр авсан барааны төлбөр 169.762,50 ам.долларыг нэхэмжилсэн. Хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хариу тайлбартаа 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Өр авлага барагдуулах гэрээ”-нд Ц.Чойбат гарын үсэг зурсныг хүлээн зөвшөөрч байгаа. Ц.Чинбат захирал нь уг гэрээг зөвшөөрсөн талаар Ц.Чойбатын гэрчийн мэдүүлэгтээ болон “тамга байсан учир дарсан” гэдгээ хэлсэн. Тухайн үед байлцсан Б.Баяраа, Г.Ганболор нар Кавказ ресторанд уулзаж, гэрээг байгуулсан талаар баталж байна. Ц.Чинбат, Ц.Чойбат нар ах дүүс бөгөөд Ц.Чойбат нь энэ компанийг үүсгэн байгуулсан этгээд бөгөөд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талаар Ц.Чойбат нь Ц.Чинбатад мэдэгдсэн гэдгээ хэлдэг, уг гэрээг хүчингүй гэдгийг илэрхийлээгүй тул хэлцэл хүчинтэй. Мөн Ц.Чойбат энэ компанийн нэр дээр нийгмийн даатгал нь төлөгддөг болох нь тогтоогдож байгаа тул түүнд тамга өгөөд гарын үсэг зурах эрх олгоод явуулсан, түүнийг гэрээ байгуулах эрхтэй этгээд гэж үзэж байна. Дараа нь Ц.Чойбаттай Г.Гантулга уулзахад тэрээр “санаа зоволтгүй, доллараар төлнө, манай компанид очоод таалагдах юм байвал ав” гэсэн байдаг. “ТИ” ХХК-аас зарим төлбөрийг ам.доллараар төлсөн байгаа.Шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтуудыг шинжлэн судалсантай холбогдуулан хариуцагч “ТИ” ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 07/248 дугаартай албан бичгийг үндэслэн 105 878 ам.долларын төлбөрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 4.000 ам.долларыг хасаад үлдэх 101.878 ам.доллар дээр алдангийг 50 хувиар тооцон 50.939 ам.доллар, нийт 152.817 ам.доллар буюу 426.587.127,33 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжпэлийн шаардлагаа 16.945,5 ам.доллар буюу 47.303.193,67 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч “ТИ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогнэмэх шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ТИ” ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигч нь Ц.Чинбат бөгөөд “Өр барагдуулах тухай гэрээ"-тэй холбоотой Ц.Чойбатад өгсөн итгэмжпэл байхгүй. 2016 онд компанийн тамга дарж, ийм гэрээ байгуулсан талаар сая л шүүхэд хариуцагчаар дуудагдах үедээ мэдсэн бөгөөд Ц.Чойбатад амаар болон бичгээр ийм хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрч байсан баримт байхгүй бөгөөд одоо ч энэ хэлцлийг зөвшөөрөх боломжгүй. Ц.Чойбат ч гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Б.Баяраа захирлыг гуйгаад байхаар нь тамга дарсан” гэдэг талаар хэлдэг. Ц.Чойбат “ТИ” ХХК-д хамааралгүй бөгөөд компанийн эрх бүхий албан тушаалтан биш, мөн шинжээчийн дүгнэлтээр ч Ц.Чинбат уг гэрээнд гарын үсэг зураагүй нь нотлогдоно. Иймд уг гэрээг “ТИ” ХХК-тай байгуулаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн анз нэхэмжилж байгаа нь мөн үндэслэлгүй. Анзын талаар хийсэн бичгийн гэрээ ч байхгүй. “ТИ" ХХК нь “КА" ХХК-д төлөх төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг ч бичгээр болон амаар хийсэн гэрээ, хэлцэл байхгүй. Бид авсан сэлбэгийнхээ төлбөрийг төгрөгөөр төлж байсан бөгөөд гэрээт ажлын санхүүжилт саатах тохиолдолд хоорондоо ярилцаж төлбөрийг хойшлуулах байдлаар хамтран ажиллаж ирсэн. Мөн “КА” ХХК нь алданги, торгууль шаардах байдлаар гэрээ байгуулах нь байтугай хоорондоо ярилцаж ч байгаагүй, бидэнд хандан алданги, торгууль шаардаж албан бичиг ч ирүүлж байгаагүй. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 262 дугаар зүйл заалт энэ асуудалд хамаарахгүй. Иргэн Б.Баяраатай тохирч, 2011 онд 751.000.000 төгрөгийн бараа аваад 653.000.000 төгрөгийн төлбөр тооцоо хийсэн. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан гээд яриад байдаг ч 16-ны өдөр Б.Баяраа захиралтай намайг уулзахад тэрээр “157.772.950 төгрөгийн үлдэгдэл байна, яаж төлөх вэ, Канадын тал үйл ажиллагаа зогссон тул төлбөрөө яаралтай төлөөч” гэж ярилцсан байдаг. Би 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Баяраад “157.772.980 төгрөгөө төлж барагдуулая, манайхаас авах юм байвал ав” гээд гэрээний санал өгсөн ч яригдаагүй л үлдсэн. Үүнийг Б.Баяраа захирал мэдэж л байгаа. Уг гэрээ байгуулсан талаар тухайн үед надад юу ч яриагүй. Дараа нь Ц.Чинбат захирлын гарын үсэггэй тоот өгсөн, би бид доллараар төлөхгүй гэсэн хариу өгсөн. Тухайн үед буюу 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 07/248 тоот өр барагдуулах тухай албан бичгийг “КА” ХХК-ийн захирал Б.Баяраа хүссэн бөгөөд тэрээр “Канадад байгаа түншүүддээ авлагаа нотлох яаралтай шаардлага байна. Танайх өр төлбөрөө ам.долларт шилжүүлээд бичиг хийж өгөөч" гэж хүссэний дагуу хийгдсэн бичиг. Дараа нь Б.Баяраа захирал яаралтай 4.000 ам.доллар хэрэгтэй байна, аминд орооч гэхээр нь туслах зорилгоор төлбөрийг шилжүүлэх данс нь ам.долларын данс байсан тухайн өдрийн ханшаар тооцож монгол төгрөгөөр өөрийн биеэр банкинд очиж шилжүүлсэн бөгөөд баримтаар нотлогдоно. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт зааснаар бид үүргээ төгрөгөөр гүйцэтгэнэ. Мөн санхүүгийн баримтаар 2010 онд 13.365.000 төгрөг, 2011 онд 656.123.700 төгрөг, 2012 онд 316.591.000 төгрөг, 2013 оны эцэст 151.475.980 төгрөгийн төлбөртэй болсон, 2014 онд 11.297.000 төгрөгийн худалдан авалт хийж, 5.000.000 төгрөг төлсөн, ингээд 2013 оны эцсийн үлдэгдэлтэй нийлээд 157.772.980 төгрөгийн төлбөр үлдсэн. 2015, 2016 онд худалдан авалт хийгдээгүй, 2016 онд 9.928.000 төгрөгийн өр төлсөн учир үлдэгдэл нь 147.844.980 төгрөг болж буурсан. Иймд бид “КА” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, “ТИ” ХХК- ийн төлбөр төлсөн баримт болон компанийн НӨАТ-ын тайланд тусгасан бодит өр болох 147.844.900 төгрөгийн өглөгтэй үлдсэн. Б.Баяраа захирлын зүгээс Канадаас хүн ирэхээр л төлбөр мөнгөний асуудал ярих юм. Энэ хугацаанд төлбөр тооцоо нийлэх цаг хугацаа байсан ч огт нийлээгүй. Иймд санхүүгийн тайлангаар тогтоогдсон 147.844.900 төгрөгийг төлөхийг бид зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ТИ” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 101.878 ам.доллар буюу 284.391.418,22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “КА” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 50.939 ам.доллар буюу 142.195.709,11 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заалтыг баримтлан нэхэмжлэгч “КА” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.743.851,96 төгрөгөөс 2.527.401,60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 216.450,35 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “ТИ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1.579.907,09 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ТИ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогнэмэх давж завж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ТИ” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 101.878 ам.доллар буюу 284.391.418,22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “КА” ХХК-д олгохоор” шийдвэрлэсэн байна. Хариуцагч “ТИ” ХХК-ийн 2013-2019 оны санхүүгийн тайланд “КА” ХХК-д 147.844.900 төгрөгийн өглөгтэй байдаг. “КА” ХХК-тай хийсэн гэрээ байхгүй, санхүүгийн бүх баримт бичиг /зарлагын падаан, орлогын ордер, нэхэмжлэл/ төгрөгийн тооцоогоор хийгдэж байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ам.доллароор тооцож, алданги бодож, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ханшаар бодож шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Манай компани санхүүгийн баримтын дагуу 147.844.900 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, зөрүү 136.546.438,22 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “КА” ХХК нь хариуцагч “ТИ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 113.175 ам.доллар, алданги 56.587,50 ам.доллар,  нийт 169.762,50 ам.доллар буюу 442.373.913 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,  426.587.127,33 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч 147.844.900 төгрөг төлөхөөс бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2011-2014 онуудад уул уурхайн өрмийн машины сэлбэг, хэрэгслийг худалдах, худалдан авах хэлцэл амаар хийгдэж байсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар  хариуцагч нь худалдсан сэлбэгийн төлбөрийн үлдэгдэл 101.878 ам.долларыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, өр барагдуулах тухай албан бичгүүд, төлбөр тооцооны баримтуудаар тогтоогдсон байна. / хх-ийн 9, 27 /

 

Анхан шатны шүүх талуудын хооронд бичгээр гэрээ хийгдээгүй боловч бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь  үндэслэлтэй байна.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэнээс хойш  хариуцагч “ТИ” ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 07/248 дугаартай “...2013 худалдан авсан барааны үнэ 105.878 ам.долларын өр төлбөртэй байгаа тул 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дээрх төлбөрийг барагдуулах хугацаа олгохыг хүссэн” “Өр барагдуулах тухай” албан бичиг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 4.000 ам.доллар буюу 9.928.000 төгрөгийг “ТИ” ХХК-аас барааны төлбөр” гэх агуулгаар төлж байсан орлогын ордер зэрэг баримтаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нотлогдсон байна.  / хх-ийн 27, 187/

Харин 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан өр авлага барагдуулах гэрээ хэрэгт авагдсан боловч уг гэрээнд “ “ТИ” ХХК-ийг төлөөлж,  захирал Ц.Чинбат гарын үсэг зураагүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан болох нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Энэхүү төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн бичгийн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд талууд алдангийн талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийж, тохиолцсон гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт тус тус зааснаар анз шаардах эрхгүй байна. /хх-ийн 212, 2хх-ийн 15-18, 42-45/

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогдохоор заасан тул шүүх 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 07/248 дугаартай өр барагдуулах албан бичгийг үндэслэн 105.878 ам.доллараас төлсөн 4.000 ам.долларыг хасч бараа, бүтээгдэхүүний үнэ 101.878 ам. доллар буюу 284 391 418 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч нь “худалдах, худалдан авах гэрээнд төлбөрийг доллараар төлөхөөр тохиролцоогүй” гэж тайлбарлаж буй татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар няцааж чадаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02319 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 840.683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                  Н.БАТЗОРИГ