Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/17

 

Г.*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар  

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

          Прокурор                                                                                             Б.*******

          Шүүгдэгч                                                                                              Г.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                                   Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлоор Г.*******д холбогдох 2223001720189 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* баг *******ын ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* ******* овогт ын *******, /регистрийн дугаар: /

Шүүгдэгч Г.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 14 шуудай 357.5 килограмм нойтон арцыг 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр үл таних хүнээс худалдан авч Завхан аймгийн ******* сумын Жинст баг *******ын хэсгийн ******* тоотод байрлах өөрийн гэртээ хадгалж, байгаль экологид 35.213.750 төгрөгийн хохирол гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал хуурамч хонин арцыг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д хорих ял оногдуулахгүйгээр  01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Шүүгдэгч Г.*******д тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгчийн дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулдаг журамтай болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14 ширхэг уут хуурамч хонин арцыг худалдан борлуулж үнийг улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Г.*******аас 29,884,900 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлын агуулга:  “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн худалдан авсан арцны төрөл зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаагүйгээс зах зээлд өөр байдлаар нэршиж худалдаалагдаж байгаа нь үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна. Иймд анхан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээч нь ургамлын биологийн чиглэлээр мэргэжил эзэмшээгүй гэдгээ шүүх хуралдаанд дээр хэлсэн. Тухайн мэргэжлээр суралцаж байгаа, үндсэн мэргэжил нь эдийн засагч мэргэжлээр 2008 онд төгссөн, 5 жилийн өмнө буюу 2018 оноос байгаль орчны газрын ургамал зүйл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа, тийм учраас миний мэргэжил ур чадвар хүрнэ гэдэг асуудал яригдсан.  ...Яагаад гэвэл тухайн хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2-д шинжээчээр томилогдох бол тусгай мэдлэг, мэргэжил чадварыг нотолсон баримт бичгийг хавсаргана гэсэн зохицуулалттай. Гэтэл тийм зүйл хэргийн материалд байхгүй, ургамлын чиглэлээр бакалаврын зэрэгтэй гэсэн шаардлагыг хангахгүй байгаа. Бакалаврын зэрэгтэй бол тухайн мэдлэгийг эзэмшсэн, мэргэжилтэй ур чадвартай хүн гэж тодорхойлох боломжтой. Үүнтэй холбоотой баримтуудыг хавтаст хэрэгт авагдана гэсэн зохицуулалттай. Гэтэл шинжээчийг ургамлын чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй. Яагаад шинжээчийг солиод өгөөч гэдэг асуудлыг ярьж байгаа вэ гэхээр хонин арц гэж зах зээл дээр үнэ ханш нь өөр, мөн хуурамч хонин арц нь өөр үнэ ханштай, ямаан арц нь мөн адил өөр үнэ ханштай байхад шинжээчийн дүгнэлтээр энэ үнэ ханш нь эсрэгээрээ гарсан. Ховор ургамал нь нэн ховор ургамлаасаа өндөр үнэтэй байх нөхцөл байдал үүссэн байна. Ямаан арцыг нь жинхэнэ хонин арц буюу нэн ховор ургамал гэж үзээд энэ нь бодит байдал дээрээ үнэ ханшийн асар их зөрүүтэй худалдаалагдаж байгаа. Ховор гэх хонин арц нь ямаан арцны төрөл рүү орчихоод байгаа учраас энэ нөхцөлийг зайлшгүй тодруулах шаардлагатай, мэргэжлийн хүнийг нь гаргаад өгөөч ээ, биологийн үндэсний хүрээлэнгээс юм уу, ботаникийн хүрээлэнгээс шинжээчийг томилоод өгөөч, мэргэжлийн шинжээчээс асуулт асуумаар байна. Ховор ургамал буюу хонин арц, ямаан арц, хуурамч хонин арц гэсэн 3 тодорхойлолт байгаа. Энэ 3-н тодорхойлолт нь шинжлэх ухааны тодорхойлолтоор юу гэж тодорхойлдог юм бэ, зүгээр нэр яваад байна. Энэ нь юугаараа өөр юм бэ, ангилал нь юу юм бэ гэдгийг энэ шинжээч маань огт хариулж чадахгүй байгаа. Завхан аймагтай холбоотой энэ хэрэгт ихэнх нь ямаан арц худалдан авсан байдаг. Шүүхээр орохдоо хонин арц гэдэг. Нэг килограмм нь 2000-4000 төгрөгөөр худалдагддаг арц нь шүүхээр орохоороо 70.000 төгрөг болчихоод байгаа. Ийм асар их зөрүүтэй нөхцөл байдал үүсээд байгаа учраас үүнийг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. ...Хамгийн аймшигтай нь юу вэ гэхээр 2018 он хүртэл яам нь ямаан арцны зөвшөөрөл олгосон. Ямаан арцны зөвшөөрөл олгосон газраас нь хүн арц түүхээр тэр нь нэн ховор буюу хонин арц болчихоод байгаа. Ямар ч судалгаа шинжилгээ байхгүй, ургамлын зүйл ангиа тодорхойлж чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас мэргэжлийн шинжээчийг нь оруулж байж нэг мөр шийдэх шаардлагатай байна гэдэг үүднээс гомдол гаргасан. ...Тийм учраас давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд тодорхой хэмжээгээр хэргийн оролцогч нарын эрхийг бүрэн дүүрэн хангаж явсан. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаад байгаа асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх асуудлын талаар маргаж байна. Завхан аймагт байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх асуудал сүүлийн жилүүдэд ихээр гарч байгаа. Энэ асуудал дээр Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э. гэдэг хүнийг шинжээчээр томилдог. Э. нь энэ мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан, мөн арцны төрөл зүйл, арц нь ямар онцлогтой, ямар байдаг талаар судалгаа шинжилгээний ажил хийсэн, мөн энэ чиглэлээр хэвлэл мэдээллийн болон сонин сэтгүүлд нийтлэл бичиж өгсөн мэргэжлийн хүн байдаг. Мөн үүнтэй холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс өөр хэргүүд дээр яригдаж байсан. Үүний дагуу тухайн байгууллагаас тодорхойлолт авч байсан, мөн хамтран ажилладаг эрдэмтэн докторуудаас тодорхойлолтуудыг авсан. Тийм учраас шинжээчийг тусгай мэдлэг мэргэшил эзэмшсэн байна гэж үзсэн. Энэ ч агуулгаараа тухайн хүнийг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулдаг. ...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс яагаад шүүхийн шинжилгээний хүрээлэн, ботаникийг шинжилгээний хүрээлэнд ханддаггүй юм бэ гэж байна. Бид зарим хэргүүд дээр энэ асуудлыг хангаад явж байсан, гэтэл Э. шинжээчийн гаргасан дүгнэлтүүд тогтмол үндэслэлтэй гэж гардаг. Яагаад Улаанбаатар хот руу явуулдаггүй юм бэ гэхээр хэрэгт холбогдсон яллагдагч маань өнөөдрийн байдлаар тухайн дээжийг шинжилгээнд хүргүүлэхэд дээж тутамд 150.000-200.000 төгрөгийн зардал гардаг, үүнийгээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Энэ эрхээ эдлэх боломжоор нь хангадаг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд энэ асуудлаар ямар нэгэн гомдол санал хүсэлт гаргаагүй. Өнгөрсөн онд байгалийн ургамлыг хуурамчаар бэлтгэх буюу хонин арц бэлтгэсэн, худалдан авсан, хадгалсан тээвэрлэсэн 12 хэрэг шийдэгдсэн. Энэ бүх хэргүүд дээр шинжээч Э.ыг оролцуулаад явсан. ...Өнөөдөр зах зээл дээр хямдхан үнэ ханштай байхад эрүүгийн хэрэг дээр хохирлыг нь тогтоохоор эрс зөрүүтэй байдал нь эргэлзээ төрүүлж байна гэдэг асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ярьж байна. Зах зээл нь эрэлт нийлүүлэлтийнхээ хуулиар үнэ нь тогтоогдож явдаг асуудал байна. Өнөөдөр эрэлт байхгүй бол үнэгүй болох асуудал байна. Гэхдээ энэ ургамал буюу арц нь байгаль дээрээ ургаад байж байхдаа байгаль экологид ямар их ач холбогдолтой вэ, өнөөдөр хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг буюу байгальд яаж нөлөөлж байгаа нь тодорхой харагдаж байгаа байх. Энэ ч агуулгаараа байгаль орчин аялал жуулчлалын сайдын ховор ургамлын жагсаалтад орсон 1995 оны 153-р тогтоол, мөн шинжээч дүгнэлтээ гаргахдаа арцны үнэлгээ килограмм тутамд ямар үнэтэй байх вэ, хуурамч хонин арц ямар үнэтэй, хонин арц ямар үнэтэй байх, хуурай арц ямар үнэтэй, нойтон чийгтэй арц нь ямар үнэтэй байх юм бэ гэдэг талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтээ гаргасан...гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүх Г.*******д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь  хянаж үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг *******ын хэсэг ******* тоот буюу гэрийн гаднаас үл таних хүнээс 14 шуудай нойтон арц худалдан авч байшингийнхаа баруун талын гражид хадгалсан байна.

Энэ үйл баримт нь хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч Г.*******ын ...2022 оны 07 дугаар сарын 15-ны шөнийн 22 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын ******* багийн *******ын хэсэг ******* тоот буюу хашаан дотроо явж байхад манай хашааны үүдэн дээр машин ирж зогсохоор нь хашааны хаалгаар шагайж хартал цагаан өнгийн Микро автомашин шиг загварын автомашин байсан. Тухайн үед машины марк, улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Тэгтэл машины жолооч нь намайг уулзья гээд дуудахаар нь очиж уулзтал арц байна авах юм уу, гэхэд арцыг үзэхэд ногоон өнгөтөй арц байхаар нь хэдэд өгөх юм бэ гэж асуутал 1 кг-ийг нь 1500 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Би арцыг 1500 төгрөгөөс дээш үнээс зарагддаг гэхээр нь хэдэн төгрөгний ашиг олж магадгүй гэж бодсон. Тэгээд тухайн хүн хэлэхдээ надад 300 гаруй кг арц байгаа, чи яахав 280 кг аар бодож ав гэхээр нь би 400.000 гаруй төгрөг өгөөд тухайн арцнуудыг байшингийхаа баруун талын гражид хийж хадгалсан. Би өмнө нь арц худалдаж авч байгаагүй. Би арц худалдаж авах нь хууль бус гэдгийг мэддэггүй байсан...” гэсэн мэдүүлэг,

14 шуудай арцыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Иргэний нэхэмжлэгч Б.ын”... Миний зүгээс байгаль экологид учруулсан хохирол болох  Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.ын гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 08*ны өдрийн 11 дугаартай “...14 шуудай буюу 357.5 кг арц нь овог,Агрууны, төрөл Арц, зүйл хуурамч хонин арц ,

2.14 шуудай 357.5 кг арц нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор “ховор ургамал”-ын жагсаалтанд орсон.

3.Тухайн хураагдсан 14 шуудай, 357,5 кг арц арцны экологи эдийн засгийн үнэлгээ 2020 оны 09 дүгээр сарын байдлаар 98.500 төгрөг, экологи эдийн засгийн үнэлэгээ 35.213.750 төгрөг гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тогтоогдсон байна.

2. Нотлох баримтын талаар,

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, уг нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн Шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шинжээч томилсон байна.

Тухайн хэрэгт хуульд зааснаар томилогдсон шинжээч нь дээд боловсролтой, эдийн засагч, биологич мэргэжилтэй, Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэнээр 10  жил ажилласан, дадлага ажлын туршлагатай, доктор Х.тэй хамтран Ургамал, амьтан хамгаалах чигэлэлээр туршилт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хийж, нийтийн хүртээл болгож байсан хэрэгт авагдсан баримтаар тогоогдож байна.

Иймээс түүнийг гаргасан дүгнэлтийг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.  Шинжээчийн дүгнэлтийг няцаасан, үгүйсгэсэн, баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлын талаар,

Анхан шатын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал хуурамч арцыг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бургуугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, ялын зарчимд нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн худалдан авсан арцны төрөл зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаагүйгээс зах зээлд өөр байдлаар нэршиж худалдаалагдаж байгаа нь үндэслэл бүхий болж эргэлзээ төрүүлж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

Ж.БАТТОГТОХ