Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 02123

 

 

 

 

 

 

 

 

Ш.Дгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2020/01787 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Дгийн хариуцагч Б.Дид холбогдуулан гаргасан 160.000 евро, 83 сая төгрөгийг хууран мэхэлж шилжүүлж авсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 562 452 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг, хариуцагч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь 2009 оны 01 дүгээр сарын 29, 2012 оны 03 дугаар сарын 20, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд надад Найман шаргын хажууд барилга барих бизнесийг хамтарч хийе, хөрөнгө оруулаач гэхэд нь би түүнд итгэж, хэлцэл хийсэн. Дээрх хэлцлийн дагуу би Б.Дийн дансанд 160 000 евро буюу 83 000 000 төгрөгийг 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн данснаас 160000 евро, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 63 000'000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэвч Б.Д нь надаас эхлээд авсан мөнгөө надад хэлсэн зорилгынхоо дагуу ашиглаагүй буюу барилга бариагүй тул би түүнээс мөнгөө авахыг шаардахад тэрээр "би танай охин С.Хосбаярмаатай сууж байгаа, бид удахгуй нэг гэр бүл болно, барилгын бизнес хугацаа шаарддаг, амар биш ажил, харин та нэмж хөрөнгө оруулаач, нэг л эхэлчихвэл асуудалгүй, түрээсийн орлогоороо л хөрөнгө оруулалтаа нөхөөд өөрийн гэсэн үл хөдлөхтэй болох унац ихтэй бизнес гэх мэтээр намайг ятгахад нь би мөн л итгэн, төөрөгдөж, түүнд дээр дурдсан байдлаар 83 000 000 төгрөгийг нэмж өгсөн. Б.Д дээрх замаар надаас мөнгө авсан боловч барилгын зураг хийлгэж байна, батлуулах гэж байна, мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл хүлээж байна" гэх мэтээр надаар хөрөнгө оруулуулсан гэх барилгын ажлаа эхлүүлэхгүй байсаар байсан ба энэ хугацаанд миний охин С.Хосбаярмаатай гэр бүл болох зорилгогүйгээр, Унгар улсад удаан хугацаагаар оршин суух эрхтэй болохын тулд хүчин төгөлдөр бусаар гэрлэлт бүртгүүлж улмаар 2015 оны 5 дугаар сард мөн шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулсан ба энэ нь түүнийг хууран мэхлэх, намайг төөрөгдүүлэх үйлдлийнх нь нэг хэсэг байсан. Б.Д дээр дурдсанчлан, дээрх бүх хугацаанд барилга барих ажлаа өнөө маргаашгүй эхлэх гэж байгаа мэт итгэлийг төрүүлж байсан ба 2016 оноос барилгын ажилтай холбоотой зөвшөөрлийг авч чадахгүй болсон тул барилга барихааргүй болсон гэх ба төрийн холбогдох байгууллагаас лавлахад Балдрашийн Дамдиндорж гэх хүн барилга барихтай холбоотой асуудлаар төрийн зохих байгууллага, Барилгын хөгжлийн төв, Барилгын яам Газрын алба гэх мэт байгууллагад хандаж байгаагүй гэсэн. Би Б.Доос мөнгөө шаардахад тэрээр өгнө гэдэг байснаа 2016 оны намраас хойш надаас зугтаж, миний мөнгийг өгөхгүй алга болсон тул Цагдаагийн байгууллагад хандахад хэргийг шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хаасан болно. Б.Д нь дээр дурдсанчлан надаас мөнгө авах хэлцэл хийх зорилгоор намайг хууран мэхэлж, би ноцтой төөрөгдөн мэхлэгдэж, дээр дурдсан хугацаанд түүнд нийт 160.000 евро, 83 000 000 төгрөг өгсөн юм. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар миний Б.Дид мэхлэгдэн түүнд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн данснаас 160 000 евро, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 63 000 000 төгрөг өгсөн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргаснаасаа татгалзаж байна. Харин Б.Д нь хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр надаас дээр дурдсан хугацаанд 160.000 евро /479.452.800 төгрөг/, 83 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Б.Доос 562 452 800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д миний бие нэхэмжлэгч Ш.Дгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн данснаас 160.000 евро, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 63.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн, энэ мөнгө нь миний өөрийн бизнесийн орлого бөгөөд Унгар улсад хамтарч бизнес хийж байсан С.Хосбаярмаа нь ээжийнхээ дансаар дамжуулж шилжүүлсэн гүйлгээ юм. Би 1996 онд Унгар улсад очиж зах дээр наймаа хийдэг байсан бөгөөд 1997 онд нэхэмжлэгч Ш.Дгийн охин С.Хосбаярмаатай танилцсан. Бид 2 өөрсдийн мөнгөө нийлүүлж зах дээр наймаа хийж ихээхэн ашигтай ажилладаг байсан. Би Монголд байгаа ээжийнхээ болон эгч нарын нэр дээр мөн өөрийн нэр дээр данс нээлгэж мөнгөө нааш нь явуулж хадгалуулдаг байсан. Унгар улсаас би түрүүлж ирэхдээ Хосбаярмаад над руу шилжүүлээрэй гэж орхисон мөнгийг тэрээр ээжийнхээ дансаар дамжуулж шилжүүлсэн байх. Би тухайн үед хэний дансаар дамжиж шилжиж, хэн нь над руу шилжүүлж байсныг анзаараагүй. Хосбаярмаа бид хоёр 1997 оноос гэр бүл болж хамт амьдарч гэрлэлтээ бүртгүүлсэн байсан ба, 2015 онд гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл олон жилийн дараа уг гүйлгээний баримтуудаа ашиглаад надаас мөнгө нэхэж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ш.Дтэй миний бие тэр үед барилгын ажил хийх талаар ямар нэгэн хэлцэл, гэрээ хийж байгаагүй, тухайн үед энэ хүн тэтгэврийн өндөр настай хүн байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.      

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Доос 374 963 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 187 489 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Дид холбогдох хууран мэхэлж 160.000 евро, 83 сая төгрөгийг шилжүүлж авсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ш.Д татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Д улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Б.Доос 2 032 766 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

             Хариуцагч Б.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Б.Дид 160.000 евро, 83.000.000 төгрөг шилжүүлсэн эдгээр мөнгийг шилжүүлэхдээ Б.Д нь найман шарга захын хажууд барилга барих ажлыг хамтарч хийе, хөрөнгө оруулаач хэмээн хууран мэхлэгдсэн гэдэг нь ор үндэсгүй юм. Нэхэмжлэгч Ш.Д нь Б.Дийг барилга барих ажлыг хамтарч хийе, хөрөнгө оруулаач хэмээн нэг ч удаа уулзаж үзээгүй, ярьж үзээгүй хүнд мөнгө шилжүүлсэн гэдэг худлаа бөгөөд хавтаст хэрэгт түүнийг нотлосон, батласан ямар ч баримт байхгүй, бичгээр байгуулсан гэрээ байхгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ш.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хүсэлт гаргахдаа тэтгэврээс өөр орлого байхгүй гэсэн байсан бөгөөд тухайн 2009 он болон 2012 онд мөн тэтгэвэрт байсан бөгөөд өөрт нь ийм их хэмжээний мөнгө байхгүй энэ шилжүүлсэн мөнгө нь Хосбаярмаа, Дамдиндорж нарын мөнгө байсан гэдгийг хариуцагч талаас гаргаж өгсөн банкны хуулгуудаас нотлогдоно. Мөн нэхэмжлэгч Ш.Д нэг ч удаа уулзаагүй хүнд бичиг баримт, гэрээ үйлдэхгүйгээр ийм их хэмжээний мөнгө өгөхгүй болно. Шүүхээс нэхэмжлэгчийг өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгслээр тайлбарласан бөгөөд уг тайлбараа мөнгө шилжүүлсэн банкны гүйлгээний 3 ширхэг баримтаар нотолсон гэж үзсэн. Гэвч нэхэмжлэгчээс хариуцагч Дамдиндоржийн дансруу мөнгө шилжүүлсэн дансны хуулга нь нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотлосон баримт болсон гэж үзэх нь учир дутагдалтай юм. Анхан шатны шүүх нь тухайн Ш.Дгээс Б.Дийн данс руу мөнгө шилжүүлсэн банкны гүйлгээний 3 ширхэг баримтыг зөвхөн нэг талыг буюу нэхэмжлэгч талын байр суурьнаас үнэлсэн байх бөгөөд тал бүрээс нь харьцуулан үзэх үүргээ биелүүлээгүй байна. Мөн тус мөнгөн гүйлгээний баримт нь нэхэмжлэгч нь Б.Дид хууран мэхлэгдэж мөнгө шилжүүлсэн гэдгийг хангалттай нотлох баримт болж чадахгүй тул нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлага хангагдахгүй байна. Учир нь Б.Д нь 1993 онд очоод өөрийн хувийн бизнесээ хийгээд өөртөө 80 000 доллартай болсон байсан бөгөөд 1997 оноос Унгар улсад хамтран амьдарч байсан С.Хосбаярмаагаас хамтран ажиллаж олсон бизнесийн орлогыг тухайн мөнгө шилжүүлсэн гэх 2009 он болон 2012 онуудад авах ёстой байсан. Үүний дагу С.Хосбаярмаа нь өөрийн ээж Ш.Дгийн дансаар дамжуулж Б.Дид хамтын орлогоос түүнд ногдох хэсгээс шилжүүлсэн юм. Тухайн үед Б.Д нь өөрийн дансанд шилжин орж ирсэн 160.000 евро, 83 сая төгрөгнүүд ямар данснаас орж ирж байгааг нягтлан үзээгүй буюу С.Хосбаярмааг л шилжүүлсэн хэмээн бодсон юм. Анхан шатны шүүхээс хариуцагчийг өөрийн татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах нотлох баримт байхгүй гэж үзсэн. Хавтаст хэргийн 95 дугаар хуудсанд байгаа Прокурорын тогтоолд нэхэмжилсэн энэ мөнгө Дарьсүрэн гэдэг хүний мөнгө биш Хосбаярмаагийн зөвшөөрлөөр Дамдиндорж руу шилжүүлсэн талаар мэдүүлэг байдаг. Ингэхээр энэ мөнгө Хосбаярмаа Дамдиндорж нарын мөнгө бөгөөд Хосбаярмаа ээждээ зөвшөөрөл өгч Дамдиндоржийн мөнгийг шилжүүлсэн дээрх нотлох баримтаар нотлогдож байна. Тус иргэний хэргийг шийдвэрлэхэд шүүгч Алтанцэцэг илтэд хувийн сонирхолтой хандаж байсан.Шүүх хуралд Ш.Д өөрөө биечлэн ирж зохигчдын суудал дээр      суусан байсан бөгөөд шүүгч та орох юмуу гээд асууж орохгүй гэхэд та наад суудлаасаа босоод тэр талд суу гэж байсан.Манай өмгөөлөгч биечлэн оролцуулж асуулт асууя гэхэд оролцуулаагүй болно. Гэтэл миний өмгөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ямар утсаар хэдэн ноймерын утсаар хэзээ ярьсан бэ гэж асуухад мэдэхгүй, мөн маш олон асуулт асуухад хариулаагүй болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мессэжээр хурал хойшлуулах хүсэлт явуулахад түүнийг хэвлэн гаргаж шүүх хурлыг хойшлуулж байгаа илтэд нэг талыг барьсан гэж үзэж байна. Хэрвээ шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаанаа бичгээр бичиж нотлох баримтаа хавсаргаж шүүх хурлыг хойшлуулах ёстой. Нэхэмжлэгч Ш.Дг тэмдэгтийн хураамжийг чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм.Учир нь шүүхэд ганцхан тэтгэвэрт байдаг нотлох баримтаас гадна дансны хуулга болон амжиргааны хэддүгээр түвшинд байдаг талаар нотлох баримтгүй байтал тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Мөн шүүхийн шатанд Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газраас эд хөрөнгийн маргаангүй гэсэн баримтыг гаргуулах хүсэлт гаргахад энэ хэрэгт хамааралгүй гээд хүсэлтийг хүлээж аваагүй болно. Анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь дээрх мөнгө Ш.Дгийн мөнгө биш бөгөөд шилжүүлгийн баримтын утга хоосон, гүйлгээний утган дээр ямар зориулалтаар мөнгө шилжүүлж байгааг тодорхой бичээгүй, хөрөнгө оруулалтын хийсэн бол бичих байсан байна. Мөн Прокурорын тогтоол, гэрч Б.Баянжаргалын мэдүүлгээр нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ                                                                                       

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Б.Дид холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 562 452 800 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Б.Д нь хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр 160 000 евро /479 452 800/ төгрөг, 83 000 000 төгрөгийг шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 562 452 800 төгрөгийг гаргуулна...” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “...160 000 евро, 83 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Дгийн охин С.Хосбаярмаатай Унгар улсад хамт ажиллаж амьдарч байх үедээ олсон бизнесийн орлогын мөнгө..., нэхэмжлэгч нь тухайн үед өндөр настай тэтгэврийн хөгшин байсан...” гэж тус тус тайлбарласан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад шүүх тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн агуулга, тайлбараас үзэхэд талуудын хооронд гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хохирол учирсан эсэх, эсхүл хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн алин болохыг тодруулах шаардлагатай байжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ нотлохоор нэхэмжлэгч Ш.Дгийн Голомт банкин дахь еврогийн дансны 2008 оны 1 сарын 01-ний өдрөөс 2009 оны 2 дугаар сар хүртэл, 2012 оны еврогийн болон төгрөгийн харилцах болон хадгаламжийн дансны орлого, зарлагын гүйлгээний хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан ба шүүх 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 05707 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч уг нотлох баримтыг дутуу ирүүлсэн байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн банкны харилцах дансны хуулга нь цаг хугацааны хувьд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болох юм.

Түүнчлэн, хэргийн үйл баримтаар нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр болон, мөнгө шилжүүлсэн үндэслэл, талуудын хооронд ямар тохиролцоо хийгдсэн болох нь бүрэн тогтоогдоогүй буюу энэ талаар талууд хангалттай мэтгэлцээгүй байжээ.

Хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрх зөрчигдсөн дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй ба анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх талуудын хоорондын маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2020/01787 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 032 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

                                                                                     Б.НАРМАНДАХ