| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/00525/э |
| Дугаар | 488 |
| Огноо | 2017-11-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Энх-оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр, улсын яллагч Д.Энх-Оргил, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Дорж нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буна овогт Баатархүүгийн Энхжаргалд холбогдох эрүүгийн “1711000000119” дугаартай, 186/2017/0525/э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, Говил чулуут гудамжны 2 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, одоогоор Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, хайрхан 8-47 тоотод оршин суудаг гэх, Буна овогт Баатархүүгийн Энхжаргал /РД: ХВ72022513/
Холбогдсон хэргийн талаар:
Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Дэнжийн 9 дүгээр гудамжны 111 тоотод оршин суух У.Даваасүрэнгийн гэрт нууцаар орж гэрт нь байсан түүний эзэмшлийн “Тошиба” маркийн зөөврийн компьютерийг хулгайлан авч 270.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Даваасүрэнгийн:.. Би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ охинтойгоо байж байгаад 15 цагийн үед охиноо дагуулан Дэнжийн 17-449 тоотод оршин суух ээж Ундрахынд очсон. Ингээд 16 цагийн үед гэртээ ирсэн чинь манай хашааны хаалга болон гэрийн хаалга онгорхой байсан тэгээд би гайхаад гэртээ ороод хартал манай охин энэ аавын гутал биш байна аавын гутал яачихваа гэсэн тэгэхээр нь би эргэн тойрноо хартал ширээн дээр байсан ягаан өнгийн Toшиба маркийн нөүтбүүк алга болчихсон байсан тэгээд яасан юм бол гээд гараад хашааны гадна хоёр хүн сууж байсан байхгүй болчихсон байхаар нь цагдаа дуудсан юм гэх мэдүүлэг. /хх-17/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Чойсүрэнгийн:...Миний бие 2017 оны 09 дүгээр 12-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 16-192 тоотод гэртээ нөхөр Эрдэнэсүрэн овогтой Алтанбаатарын хамт байж байхад гаднаас миний төрсөн ах Эрхэмбаатар овогтой Чойням нь согтуу гэрт орж ирээд хүн намайг Нөүтбүүк 150.000 төгрөгөөр авах уу гэхээр нь би 100.000 төгрөгөөр авья гэж хэлээд авчихлаа энийг танай гэрт орхилоо гэж хэлээд надаас урд өмнө хадгалуулсан 100.000 төгрөгөө аваад буцаад гэрээс гарч явсан гэх мэдүүлэг /хх-19/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Даваасүрэнгийн:...Би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 9-111 тоот гэртээ байж байгаад Дэнжийн 17-449 тоот ээж Ундрахын гэрлүү охин Маргадын хамт орчихоод 17 цагийн үед ээжийнхээс гарч ирээд гэрлүүгээ ортол манай үүдэнд байсан нөхрийн сандаал байхгүй оронд нь нэг хар өнгийн сандаал тавьчихсан байсан, мөн ширээн дээр байсан Тошиба маркийн хар өнгийн Нөүтбүүк алга болсон байхаар нь эгч Долгорсүрэн рүү залгахад цагдаа дуудчихъя гээд дуудсан байсан удалгүй цагдаа нар орж ирсэн гэх мэдүүлэг /хх-20/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эын:...Би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо цагаан байр орчим Амартүвшин, Батсайхан гэх хоёр найзын хамт архи уучихаад 140 дүгээр худгийн хажууд очиж байж байгаад дахиад архи уумаар санагдаад мөнгө байхгүй байсан болохоор нь 9 дүгээр гудамжны 111 тоот хашааны үүдэнд очтол гэрийн хаалга нь онгорхой байхаар нь гэрт яваад ортол хүн байхгүй байсан. Тэгээд хойморт байрлах шаргал өнгийн ширээн дээр нэг нөүтбүүк харагдахаар нь би тэр нөүтбүүкийг нь хажууд нь байх цүнхэнд нь хийгээд аваад гарсан тэгээд буцаж 140 дүгээр худаг дээр очоод Чойном гэдэг залууд өгч энэ нөүтбүүкийг чи надад мөнгө болгоод өг гэтэл Чойном за гэж хэлээд авч явчихаад удалгүй 30.000 төгрөг авч ирж өгсөн гэх мэдүүлэг /хх 22-23/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Сайнбэлэгтийн:...Манай нөхөр Б.Э нь Улаанбаатар хотод төрж өссөн, нөхөртэйгээ анх 1993 онд танилцаж 1994 онд анх гэр бүл болж байсан юм. Тэгээд нөхөр Энхжаргалын хамт Бөмбөгөр, Хархорин зэрэг худалдааны төвүүд дээр төмс, ногоо, жимс зэргийг зарж борлуулдаг байж байсан.. Ингээд нөхөр маань 2008 оноос СиСи косметик гэх нэртэй компанид ачаа бараа зөөх зэргээр ажил хийж байгаад өнгөрсөн жилээс тус компани нь манайд одоогоор хийгээд байх ажилгүй байна гээд нөхрийг маань ажлаас түр болиулсан тэр хооронд өнөөг хүртэл хувиараа ганц нэг найзтайгаа барилгын ажил хийж байгаад 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр барилгын 2 давхраас унаж тархины хагалгаанд орсон. Одоо тэгээд зарим нэг зүйлээ мартаж санах болсон, гэхдээ сэтгэц нь бол зүгээр одоогоор ажилгүй гэртээ байгаа гэх мэдүүлэг /хх-25/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрдэнэбаярын:...Манай дүү Энхжаргал нь 1972 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн 1980 онд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуульд сураад 1988 онд 8 дугаар анги төгсөж 1988 онд барилгын 4 дүгээр техник мэргэжлийн сургуульд орж 1991 онд төгссөн. Тэгээд 1991 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн барилгын цэргийн 110 дугаар ангид алба хаагаад 1993 онд цэргээс халагдаж ирээд 1996 он хүртэл Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллаж байсан. Түүнээс хойш хувиараа эхнэр Сайнбэлэгтийн хамт зах дээр зогсож жимс, ногоо зардаг байж байгаад 2008-2016 он хүртэл гоо сайхны Си Си дэлгүүрт туслах ажилтнаар ажиллаж байгаад өнгөрсөн зун хувиараа барилга дээр ажиллаж байгаад барилга дээрээс унаад тархины хагалгаанд орсон юм, гэхдээ ухаан санаа нь зүгээр байгаа гэх мэдүүлэг /хх-26/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 6-14/, эд зүйлийн үнэлгээ хийсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт / хх-28/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Дэнжийн 9 дүгээр гудамжны 111 тоотод оршин суух У.Даваасүрэнгийн гэрт нууцаар орж гэрт нь байсан түүний эзэмшлийн “Тошиба” маркийн зөөврийн компьютерийг хулгайлан авч 270.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч У.Даваасүрэнгийн: “...би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ....16 цагийн үед гэртээ ирсэн чинь манай хашааны хаалга болон гэрийн хаалга онгорхой байсан тэгээд би гайхаад гэртээ ороод хартал манай охин энэ аавын гутал биш байна аавын гутал яачихваа гэсэн тэгэхээр нь би эргэн тойрноо хартал ширээн дээр байсан ягаан өнгийн Toшиба маркийн нөүтбүүк алга болчихсон ....байхаар нь цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх-17/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Чойсүрэнгийн: “...миний бие 2017 оны 09 дүгээр 12-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 16-192 тоотод гэртээ нөхөр Эрдэнэсүрэн овогтой Алтанбаатарын хамт байж байхад гаднаас миний төрсөн ах Эрхэмбаатар овогтой Чойням нь согтуу гэрт орж ирээд хүн намайг Нөүтбүүк 150.000 төгрөгөөр авах уу гэхээр нь би 100.000 төгрөгөөр авья гэж хэлээд авчихлаа энийг танай гэрт орхилоо гэж хэлээд надаас урд өмнө хадгалуулсан 100.000 төгрөгөө аваад буцаад гэрээс гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-19/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Эын:”...би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо цагаан байр орчим Амартүвшин, Батсайхан гэх хоёр найзын хамт архи уучихаад 140 дүгээр худгийн хажууд очиж байж байгаад дахиад архи уумаар санагдаад мөнгө байхгүй байсан болохоор нь 9 дүгээр гудамжны 111 тоот хашааны үүдэнд очтол гэрийн хаалга нь онгорхой байхаар нь гэрт яваад ортол хүн байхгүй байсан. Тэгээд хойморт байрлах шаргал өнгийн ширээн дээр нэг нөүтбүүк харагдахаар нь би тэр нөүтбүүкийг нь хажууд нь байх цүнхэнд нь хийгээд аваад гарсан тэгээд буцаж 140 дүгээр худаг дээр очоод Чойном гэдэг залууд өгч энэ нөүтбүүкийг чи надад мөнгө болгоод өг гэтэл Чойном за гэж хэлээд авч явчихаад удалгүй 30.000 төгрөг авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 22-23/, болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Эыг хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.Э нь бусдад учруулсан хохирлыг биет байдлаар нь бүрэн хүлээлгэн өгсөн, энэ талаар хохирогч У.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлтээ бичиж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Буна овогт Баатархүүгийн Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Эыг 2 /хоёр/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан 2 /хоёр/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ