Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 120/2023/0028/З |
Дугаар | 120/ШШ2024/0015 |
Огноо | 2024-08-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 120/ШШ2024/0015
2024 оны 08 сарын 09-ний өдөр Дугаар 120/ШШ2024/0015 ******* аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Отгонцэцэг даргалж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.*******,
Хариуцагч: ******* аймгийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Л.******* нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.*******, хариуцагч ******* аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, гуравдагч этгээд Л.*******, түүний өмгөөлөгч Д.Майдри, иргэдийн төлөөлөгч Н.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь ******* аймгийн Засаг даргад холбогдуулан ******* аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. ******* аймгийн ******* сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 1/15 дугаар тогтоолоор хуралдаанд оролцогчдын санал хураалтын 70.2 хувийн саналаар Л.*******ийг багийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжсэнийг баталж, уг саналыг дээд шатны Засаг даргад, мөн хуралдааны 1/16 дугаар тогтоолоор хуралд оролцогчдын 65.95 хувийн санал авсан Т.*******ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлж дээд шатны Засаг даргад тус тус уламжилж шийдвэрлэсэн.
2.2. Дээрх тогтоолуудыг ******* сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Г.******* 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан байх бөгөөд мөн сумын Засаг дарга 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Л.*******ийг Хайрхан багийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Т.*******ыг мөн өдрөөс эхлэн Хайрхан багийн Засаг даргаар томилжээ.
2.3. Гуравдагч этгээд Л.******* нь ******* сумын Засаг даргын 2023 оны Б/10 дугаар захирамжийг эс зөвшөөрч, мөн оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ******* аймгийн Засаг дарга (Цаашид аймгийн Засаг дарга гэх)-д гомдол гаргаснаар аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.
3. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
4. ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 120/ШШ2023/0036 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
5. Уг шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0120 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
6. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 001/ШХ2024/0195 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.
7. Тус шүүх 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хэргийг дахин шийдвэрлэхээр хүлээн авсан.
8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Миний бие ******* сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/16 дугаар тогтоолоор хуралдаанд оролцогчдын 65.95 хувийн саналаар тус багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлагдан, уг тогтоолыг үндэслэн ******* сумын Засаг дарга 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар намайг Хайрхан багийн Засаг даргаар томилж, Л.*******ийг мөн оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалт нь багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилохоор зохицуулсан.
Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны шийдвэрийг биелүүлж гаргасан ******* сумын Засаг даргын захирамжийг дээд шатны Засаг дарга буюу ******* аймгийн Засаг дарга хүчингүй болгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасан Багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд халдсан, хөндлөнгөөс нөлөөлсөн үйлдэл гэж харж байна.
Тус аймгийн Засаг даргын захирамжтай холбоотойгоор хуучин Засаг дарга ажлаа үргэлжлүүлэн хийх эсэх, хүчин төгөлдөр томилогдсон шийдвэр бүхий миний бие үүрэгт ажлаа гүйцэтгэх эсэхэд хоёрдмол байдал бий болж, миний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Л.******* нь мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.6-д заасан үндэслэлээр хуралдаанд оролцогчдын 70.2 хувийн саналаар огцруулах тогтоолтой одоог хүртэл маргаагүй атлаа, хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлж гаргасан Сумын засаг даргын шийдвэртэй маргаж, төрийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй явуулах зарчим, хамтын шийдвэр гаргах хуралдааны ардчилсан зарчмыг алдагдуулж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.
Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаагаар бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааны хүрээнд холбогдох баримт бичиг, маргаан бүхий акт гаргах болсон нөхцөлийг судлан үзэхэд ******* сумын Засаг даргын гаргасан маргаан бүхий акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасан "Засаг даргыг огцруулах санал гаргасан тухайн Хурлын шийдвэрт Засаг дарга хориг тавих эрхгүй" гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэсэн нь гомдол гаргагчийг чөлөөлөхтэй холбоотой хуулийн үндэслэлд үл хамаарах нөхцөл байдал тогтоогдсон.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөх, 64.2-т заасан үндэслэлээр огцруулах гэсэн хуульд заасан үндэслэлийн аль аль нь бий болоогүй байхад тухайн харилцааг зохицуулаагүй хуулийн зохицуулалтыг хэрэглэж багийн Засаг даргаар ажиллаж байгаа төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн аймгийн Засаг даргаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэсэн үүргийн хүрээнд нөхцөл байдлыг судлан үзэхэд гомдол гаргагчийн огцруулах, чөлөөлөх зөрчил гаргасныг баримтаар нотолсон баримт материалыг ******* сумын Засаг даргаас ирүүлээгүй юм.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэснийг зөрчиж шийдвэрлэсэн нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд тогтоогдсон тул ******* сумын Засаг даргын гаргасан маргаан бүхий захиргааны актыг Монгол Улсын засar захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т заасан эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжаар хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан "хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" гэсэн төрийн албан хаагчийн баталгааг хангаж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
10. Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* аймгийн Засаг даргын А/1667 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасан хууль тогтоомжид нийцээгүй доод шатны Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрхийн хүрээнд гаргасан шийдвэр юм.
******* сумын Засаг даргын 2023 оны Б/10 дугаар захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй талаар ******* аймгийн Засаг даргад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан өргөдөлдөө дэлгэрэнгүй дурдсан, багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 1/15 тоот тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.6 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд тус хуулийн багийн иргэдийн Нийтийн Хурлын саналаар Засаг даргыг огцруулах үндэслэлүүд болох 65.1.1, 65.1.2 дахь заалтуудыг үндэслээгүй байна. Хуулийн ямар зүйлд заасан үндэслэлээр багийн Засаг даргаас огцруулах нь зүйтэй гэж үзсэн нь тодорхойгүй байх тул тус тогтоол нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болсон байна.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.3-д зааснаар сумын Засаг дарга нь багийн иргэдийн Нийтийн Хурлын саналаар багийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан бол энэ тухай нэн даруй иргэдийн Нийтийн Хуралд мэдэгдэх бөгөөд иргэдийн Нийтийн Хурал 15 хоногийн дотор хуралдаж Засаг даргад нэр дэвшүүлэх учиртай.
Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1/15 дугаар тогтоолоор намайг үүрэгт ажлаас чөлөөлүүлэх саналыг сумын Засаг даргад хүргүүлж, дараагийн 1/16 дугаар тогтоолоор Т.*******ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжилж шийдвэрлэсэн, сумын Засаг дарга дээрх илэрхий алдааг мэдсээр байж Т.*******ыг Засаг даргаар томилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан асуудал болох "багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны шийдвэрийг сумын Засаг дарга биелүүлж гаргасан шийдвэр" гэх нь үндэслэлгүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргыг огцруулах саналыг хүлээж авахгүй байх эрхтэй.
******* сумын Засаг даргын 2023 оны Б/10 дугаар захирамж хүчингүй болсон тул Т.*******ыг багийн Засаг даргаар томилсон Б/11 дүгээр захирамж нь эрх зүйн үйлчлэлгүй болсон учир нэхэмжлэгчийн "Т.******* ажлаа үргэлжлүүлэн хийх эсэх, Т.******* ажлаа гүйцэтгэх эсэхэд хоёрдмол байдал бий болж, Т.*******ын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа" гэх тайлбар үндэслэлгүй.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт зааснаар дээд шатны Засаг дарга иргэдийн Нийтийн Хурлын саналын дагуу багийн Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргах ёстой боловч 8 сар гаруйн дараа шийдвэрлэсэн нь тус заалтыг зөрчсөн байна.
Миний бие энэ хугацаанд сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хүлээн аваагүй гэж бодож явсан. Гэтэл хэрэгт авагдсан материалаас үзэхэд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс сумын Заcar даргад хандан Т.*******ыг багийн Засаг даргаар томилохыг шаардсан байх бөгөөд намын гишүүн бус гэх, ялгаварлан гадуурхалт, дарамт шахалтаас үүдэн намайг ажлаас чөлөөлсөн нь тус баримтаас харагдана. Иймд нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
11. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...хариуцагчийн талын гаргасан хүсэлт нь тодорхой баримтгүй гэж үзэж байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Т.******* нь ******* аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
3. ******* аймгийн Засаг дарга нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжаар Багийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах талаар хуульд заасан үндэслэлийг хэрэглээгүй, нотлоогүй, шийдвэр гаргахын өмнөх хуульд заасан ажиллагааг гүйцэтгээгүй шийдвэр гаргаж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, 98 дугаар зүйлийн 98.1.2-д заасныг тус тус үндэслэн ******* сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Л.*******ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож гомдлыг шийдвэрлэжээ[1].
4. ******* аймгийн ******* сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Багийн Засаг даргыг үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэж байгаа эсэх талаар иргэдээс санал сонсох, итгэл хүлээлгэх эсэх талаар санал хураах-аар тогтож[2], тус хуралдаанаас дээрх асуудлыг хэлэлцээд ...хуралдаанд оролцогчдын санал хураалтын 70,2 хувийн саналаар Л.*******ийг багийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжсэнийг баталсан... 1/15 дугаар тогтоол, ...хуралд оролцогчдын 65,95 хувийн санал авсан Т.*******ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжилахаар 1/16 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэн, уг тогтоолуудыг ******* сумын Засаг даргад 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүргүүлжээ.
5. Үүнээс хойш 9 сарын дараа дээрх тогтоолуудыг үндэслэн ******* сумын Засаг дарга (Цаашид сумын Засаг дарга гэх) 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Л.*******ийг Хайрхан багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Т.*******ыг мөн өдрөөс эхлэн Хайрхан багийн Засаг даргаар томилсон шийдвэр гаргасан.[3]
6. Л.******* нь ******* аймгийн Засаг даргад өөрийг нь үүрэгт ажлаас чөлөөлсөн сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, эргүүлэн томилох шийдвэр гаргахыг даалгуулах агуулга бүхий гомдлыг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргажээ.
7. Нэхэмжлэгчээс ...багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлж гаргасан сумын Засаг даргын захирамжийг аймгийн Засаг дарга хүчингүй болгосон нь багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд халдсан, хөндлөнгөөс нөлөөлсөн, энэ захирамжтай холбоотойгоор хуучин засаг дарга ажлаа үргэлжлүүлэн хийх эсэх, хүчин төгөлдөр томилогдсон шийдвэртэй миний бие багийн Засаг даргын үүрэгт ажлаа гүйцэтгэх эсэхэд хоёрдмол байдал бий болж миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн... гэх,
8. Хариуцагч талаас сумын Засаг даргын захирамж нь багийн Засаг даргыг чөлөөлөх эсхүл огцруулах аль үндэслэлээр гарсан нь тодорхойгүй, шалгаж тогтоогоогүй байсан тул хууль зөрчсөн гэж үзэж хуульд заасан хүрээнд доод шатны Засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгосон гэх,
9. Гуравдагч этгээдээс багийн Засаг даргыг огцруулж, шинээр томилж байгаа бол хуульд заасны дагуу 14 хоногийн дотор шийдвэрлэх байтал 9 сарын дараа гаргасан ******* сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамж нь хууль зөрчөөгүй гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.
10. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд ... мөрдөнө гэж заасан, Төрийн улс төрийн албан тушаалд хамаарах бүх шатны Засаг даргын эрх зүйн байдлыг тодруулбал, Засаг даргыг чөлөөлөх, огцруулах тухай санал болон шийдвэр гаргах асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд дараахь байдлаар нарийвчлан зохицуулжээ.
11. Дээрх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1. Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө, 64.2-т Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна, 64.4-т Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй гэж тус тус заасан.
12. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0120 дугаар магадлалд ...саналыг хүлээн авснаас хойш 9 сарын дараа түүнийг чөлөөлөх болсон шалтгааныг...сумын Засаг даргаас тодруулах гэж заасны дагуу дээрх үндэслэлийг тодруулахаар шүүхээс ******* сумын Засаг даргад 2 удаа албан бичиг хүргүүлэхэд ...Дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг даргаас тухайн асуудал дээр нэг талыг барьсан улс төржсөн шийдвэр гаргахгүй хүлээцтэй хандаж нягтлан үзэж хамтран ажиллах санал, чиглэл өгсөн тул шийдвэрээ тодорхой хугацаанд хойшлуулж ойлголцож ажиллахыг хичээсэн гэсэн хариуг[4] ирүүлжээ.
13. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ******* сумын Засаг дарга нь Багийн иргэдийн болон Цагаан хад суурьшлын бүсийн 35 иргэний гарын үсэг бүхий шаардлага, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн шаардлага, Т.*******ын гаргасан хүсэлтээр, Л.*******ийг багийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжсэнийг баталсан Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/15 дугаар тогтоол гарсанаас хойш 9 сарын дараа Л.*******ийг багийн Засаг даргаас чөлөөлж, Т.*******ыг багийн Засаг даргаар томилсон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.
14. Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. гэж заасан бөгөөд энэ хугацаанд сумын Засаг дарга огцруулах шийдвэр гаргаагүй тул саналыг хүлээн аваагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг 14 хоногийн дотор дээд шатны Засаг дарга шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
15. Түүнчлэн ******* сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Л.*******ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/10 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 Засаг даргыг огцруулах санал гаргасан тухайн Хурлын шийдвэрт Засаг дарга хориг тавих эрхгүй, 66 дугаар зүйлийн 66.1 Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэсэн заалтыг үндэслэж, Засаг даргыг чөлөөлсөн нь илт хууль бус байна.
16. Учир нь ...баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргыг 1-рт эрүүл мэндийн байдал, 2-рт хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга албан тушаалаас нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөх хуулийн зохицуулалтыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг дээр дурдсан.
17. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана зааснаар иргэн Л.******* аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан, ******* аймгийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжийг гаргажээ.
18. Нэхэмжлэгчээс ...багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлж гаргасан сумын Засаг даргын захирамжийг аймгийн Засаг дарга хүчингүй болгосон нь багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд халдсан гэж маргаж байна.
19. Шүүх ******* аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжийг хянахдаа ******* сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Л.*******ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/10 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянасан хэсэгт дүгнэлт өгч шийдвэрлэсэн.
20. Өөрөөр хэлбэл багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд аймгийн Засаг дарга дүгнэлт өгөөгүй, дүгнэлт өгөх эрх хуулиар олгогдоогүй юм.
21. Иймд ******* сумын Засаг дарга нь захирамжийг хуулийн хугацаа өнгөрснөөс хойш гаргасан, чөлөөлөх үндэслэл байхгүй байхад захирамж гарган чөлөөлсөн, огцруулах болон чөлөөлөх үндэслэлийн аль үндэслэлээр гаргасан нь тодорхойгүй зэргээс үзвэл Л.*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад гаргасан илт хууль бус захирамжийг аймгийн Засаг дарга хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
22. Харин ийнхүү ******* сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Л.*******ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгохдоо Т.*******ыг Хайрхан багийн Засаг даргаар томилсон 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хамтад нь хянаагүй нь буруу байна.
23. Нэгэнт Л.*******ийг Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль бус гэж үзэн хүчингүй болгосон нь зөв байх тул Т.*******ыг Хайрхан багийн Засаг даргаар томилсон 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/11 дүгээр захирамж нь эрх зүйн үйлчлэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
24. Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж заасны дагуу сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн б/10 дугаар захирамжийг хүчингүй болгосон ******* аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаартай захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно гэж заасантай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
25. Иймээс дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Т.*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
26. Түүнчлэн шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтын шаардлага хангасан бичмэл баримтууд, хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар, мэдүүлэг бусад баримтыг харьцуулан үнэлж шийдвэр гаргасан тул шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн хариуцагчийн талын гаргасан хүсэлт нь тодорхой баримтгүй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Т.*******ын ******* аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ