| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00264/И |
| Дугаар | 133/ШШ2024/00517 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 133/ШШ2024/00517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: **********-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: *********-д холбогдох
хамтран ажиллах гэрээний үүрэг 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *********, хариуцагч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээний үүрэг 16,500,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн ********* нь 2022 оны 10 дугаар сард над руу ярьж Бургастайн боомтоор утаагүй түлшний түүхий эд орж ирж байгаа. 1 тээвэр 10 сая төгрөг, Тээврийн асуудлыг нь хариуцаж байгаа хоёулаа хамтрая. Чи Улаанбаатар хот яваад нэг том машин аваад ир гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч Улаанбаатар хотод очиж ********-с 19,000,000 төгрөгөөр ****** улсын дугаартай том машины чиргүүл /тээврийн хэрэгсэл/ авсан. Ингээд ********* Налайхаас очоод нэг толгой зээлээр авахаар ярьсан. Очиж аваад оношилгоо, түлш, тос масло, холбогдох багаж хэрэгслийг аваад хотоос ачаа ачаад жолооч хөлсөөр аваад ир гэсэн учир холбогдох зардлыг бүгдийг өөрөөсөө гаргасан. Энд 5,049,000 төгрөг болсон. Тухайн үед тооцоо *********-д явуулсан. Ингээд Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг, Алтай сум, Бургастайн боомтод очоод 25 тн утаагүй түлшний түүхий эд ачаад Улаанбаатар хот орсон. Ингээд ******** Улаанбаатар хот, Налайхад тээврийн хэрэгслээ авч үлдээд Өмнөговь аймаг руу 50 тн цемент ачиж Өмнөговь аймаг орох замдаа тухайн тээврийн хэрэгслийн даац, норм, стандартыг хэтрүүлэн ачиж ****** улсын дугаартай чиргүүлийн раамыг бяцалж, хөндлөн таривсуудыг бүгдийг нь тасалж чиргүүлийн раамыг бүхэлд нь муруйлгасан. Ингээд Улаанбаатар хотод нэг айлын хашаанд тавиад чиргүүл чинь эвдэрсэн. Хуучин эвдрэлтэй байсан байна лээ шүү гэж утсаар яриад түүнээс хойш таг болсон. Ингээд надад бодитойгоор Улаанбаатараас Өмнөговь аймаг тээврийн хэрэгслийн тээврийн зардал, Бургастайгаас Улаанбаатар хот Налайх орсон тээврийн тус бүр нь 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийн зардал хөлс өгөх ёстойгоос өгөөгүй. Мөн чиргүүлээ 2,500,000 төгрөгөөр гагнуур хийлгэсэн. Энэ надад учирсан бодит хохирол. Мөн 19,000,000 төгрөгөөр авсан чиргүүлийг хүмүүс эвдэрсэн муруйлгасан хөнлөн тарвис нь хугархай чиргүүл байна гэж голсон тул арга буюу зах зээлийн бодит ханш 15,000,000 төгрөгөөр Улаанбаатар хотын иргэн *******-д зарсан. Ингээд авсан чиргүүл, зарсан чиргүүлийн үнийн зөрүү 4,000,000 төгрөг, ********* надад бодитоор учирсан. Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж 240,600 төгрөг болж байна. Иймээс иргэн *********аас 16,740,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Миний хувьд *********-д холбогдуулан 16,740,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Тэмдэгтийн хураамжаа оруулчихсан байгаа учраас тэмдэгтийн хураамжаа оруулахгүйгээр бодит дүн 16,500,000 төгрөг байгаа. 2022 оны 11 дүгээр сард надад баруун хилээр утаагүй түлшний түүхий эд оруулж ирье гэж санал тавиад “чи яваад чиргүүл аваад ир. Хотод бас нэг толгой байгаа. Тэрийг үзэж хараад аваад ир. Нэг удаагийн тээвэр нь 10 сая төгрөг болно. Машиныхаа зардлыг 4, 5 тээвэр хийж дараад цаашдаа тогтвортой байх юм бол ашигтай юм байна” гэх санал тавихад нь би зөвшөөрөөд явсан. Улаанбаатар хотоос би 19 сая төгрөгөөр чиргүүл авсан. Налайхаас *********-н зээлээр авахаар ярьсан толгойг бас очиж авсан. Тэгээд толгой, чиргүүл хоёроо нийлүүлээд үзлэгт ороогүй байсан учраас Улаанбаатар хот орж үзлэгт оруулаад Налайхаас наашаа явсан тээврийн зардал, Алтайд ирэхэд тээврийн зардал, шатахуун, буцаад Говь-Алтайгаас Алтай сум, Алтай сумаас Улаанбаатар гэсэн тээвэр хийхэд тодорхой хэмжээний зардлууд гарсан. Энэ зардлуудаа тус тусад нь задаргаа байдлаар өмнөх хурал дээр тодорхой хэлээд дансны хуулгатайгаа тулгачихсан учраас товч байдлаар хэлье. Улаанбаатараас цааш бид хоёр салсан. “Би ажилтай учраас та хариуцаад яв” гээд машин тэргээ хүлээлцэж өгсөн. ********* Өмнөговь аймаг руу нэг удаагийн тээвэр хийсэн гэж ярьдаг. Тэгэхдээ 50 тонны ачаа ачаад миний тээврийн хэрэгсэл буюу чиргүүлийн рамыг нь эвдээд Улаанбаатар хотод тавьсан байсан. Ийм учраас машинаа аваад 2,500,000 төгрөгөөр засуулсан. Мөн нэгэнт эвдэрсэн муу чиргүүл учраас үнийг нь татаад хямдралтай борлуулаад надад бодитоор 16,500,000 төгрөгийн хохирол учирсан гэв.
3. Хариуцагчийн татгалзал: ********* миний бие нь *********-тэй нийлж хамтарсан ачаа тээврийн бизнес эрхлэхээр болж 2022 оны 11-р сард би Даюун маркийн чирэгч толгой, ********* чиргүүл авсан. Бидний хувьд худалдаж авсан тээврийн хэрэгслээрээ 3 удаа л тээвэр гүйцэтгэсэн. Тухайлбал, 1. Улаанбаатараас Говь-Алтайд ачаа ачиж гурил тэжээл ачиж ирсэн, 2. Бургастайн боомтоос Улаанбаатар руу шахмал түлшний материал, -Улаанбаатараас Өмнөговь аймаг руу цемент тус тус ачсан юм. ********* нь машинд дугуйн троцов, түлхүүр, лоом, лапатка, 8-22 хүртэлх түлхүүр, 8-22 троцов. 1. Улаанбаатараас Говь-Алтай руу гурил ачихад ********* нь түлш яах вэ гэж ярихад нь ачаа ачуулсан компани нь гэрээт колонкоос 998,200 төгрөгөнд түлш хийж өгсөн. Тэгээд нааш явах замд нь 2022 оны 11 сарын 11-ний өдөр *********-д түлшний үнэ 800,000 төгрөгийг шилжүүлсэн. Тээврийн хөлсийг ******* бүрэн авсан. 2. Говь-Алтайгаас Бургастайн боомт руу хоосон явсан. Ээв дээрээс 398,000 төгрөгөнд түлшийг ачаа ачуулах газар мөн төлсөн. Миний зүгээс 11 сарын 14-ний өдөр сэлбэгийн үнэ 37,000 төгрөг шилжүүлсэн. 15-нд түлш 500,000 төгрөгт түлш авсан. Бургастайн боомт дээр 650,000 төгрөгт мөн түлш хийсэн. Тээврийн хөлсийг одоо болтол аваагүй байгаа. 3. Улаанбаатараас Өмнөговь руу ачаа ачихад бензиний мөнгийг бүрэн би хариуцаж хийсэн бөгөөд хөлс нь 4,000,000 төгрөгийн хөлстэй ачсан. Дээрх тээврийн үйл ажиллагаанд миний бие жолоочийн бүхий л хоол унд бусад зардлуудыг хариуцаж байсан. Гэтэл надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баян-Эрдэнийн зүгээс Улаанбаатараас өөрөө гурил ачиж ирсний дараа чиргүүлэндээ гагнуур хийлгэж байсан болохоос би чиргүүлийг нь эвдэлсэн зүйл байхгүй, өөрөө хуучин чиргүүл авсан байсан. Иймээс чиргүүлээ үнэ буулгаж зарах болон эвдрэл гэмтлийн үнийг надаас нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлээс багажнуудыг нь буцаан өгөх хүсэлтэй бөгөөд бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ********* бид хоёр харилцан тохиролцоод би чирэгч толгой ********* чиргүүл аваад тээвэр эхлүүлсэн. Эхлүүлэх явцад Улаанбаатараас чиргүүл толгойг Говь-Алтай аймагт авч ирэхэд ачаа ачиж ирсэн. Намайг 10 саяар тээвэр хийсэн гээд байгаа. Би бол дор хаяж 5 сая төгрөгөөр тээвэр хийсэн гэж үзэж байгаа. Энэ мөнгөө өөрөө нэг ч төгрөгийн шатахуун гаргалгүйгээр авсан. Эхлээд тээврийн хэрэгслийн түлш, оношилгоо, тос масло, багаж гээд 5 сая төгрөг гаргасан гэж байгаа. Үүнийг бол хүлээн зөвшөөрөх боломжгүй. Авсан багажууд нь дундаа ярьж байгаад тээврийн хэрэгсэлд авсан багажууд байгаа. Би өмнө нь дурдаж байсан. Хэдхэн багаж бий. Энэ бол 5 сая хүрэхгүй. Багаж нь хэвээрээ байж байгаа тул буцааж өгч болно. Тэгээд сүүлдээ уг 5 саяа өөрөө худлаа хэлсэн учир нотлох баримт ч байхгүй, энд тэндхийн баримт эвлүүлээд өгсөн нь мэдэгдэж байгаа. Өөрөө болохоор эхний удаагийн тээвэр хийснээ сая хэдэн зуун мянга гэж илт худлаа яриад байгаа. Бүхэл бүтэн шаланз машинаар гурил, тэжээл ачиж ирчихээд сая гаруй төгрөг авна гэж байхгүй. Би бол ачаа ачсан болгоныхоо тээврийн хөлсийг яг зах зээлийн ханшаар нь үнэн зөвөөр тооцоод өгсөн. Тээвэр хийх явцад жолооч бид гурвын хоол унд, машин асаахын тулд халуун тогоо ажиллуулдаг. Үүний түлш, мөн кабинаа халаахын тулд кабин халаагч гээд түлш авах, жижиг сажиг эвдрэл гэмтэл, дугуй засвар гээд бүх зардлыг би гаргаж байсан. Энэ хугацааны гурван тээврийн гурвуулангийнх нь түлшийг би хийсэн байдаг. Бид хоёр хоёулаа Е ангиллын жолооч биш. Өмнө нь ийм тээвэр хийж байсан туршлага байхгүй учраас алдагдалтай байсан. Тийм болохоор гурван удаагийн тээвэр хийгээд зогсоосон. Бургастайгаас хот руу түлшний материал оруулах компани маань урьдчилгаа түлш хийсэн. Үүнийг өмнөх хурал дээр дурдчихсан. Үлдэгдэл хэдхэн төгрөгийн тооцоогоо өгөлгүй намайг хулхидсан. Ингээд дараагийн тээвэр болох Өмнөговь аймаг руу нэг удаа тээвэр хийсэн. Улаанбаатараас Өмнөговь ороход гурван удаагийн замын хяналтын пост жинлэж гаргадаг. Ийм хатуу постуудаар гардаг. Энэ дээр нэг ч удаа торгууль төлбөр, даац хэтрүүлсэн асуудал байхгүй. Энэ бол илт худлаа хэлж байгаа. Чиргүүл анхнаасаа эвдэрхий байсныг гэрчүүд баталдаг. Анх эхний рейс хийгээд гурилаа буулгасны дараа манай аймгийн даацын гагнуур хамгийн сайн хийдэг ******* дээр очиж тухайн чиргүүлийг иж бүрэн гагнуулж байсан. 6-8 цаг орчмын засвар хийгдсэн. Тэгэхээр эхний рейс дээрээ ирээд л засвар хийгдэж байсан чиргүүл. Тэгэхээр өөрөө анхнаасаа муу чиргүүл авсан. Би рамыг нь харуулаад хэлж л байсан. Тэгчихээд өөрөө сайн чиргүүл байсан, эвдсэн гэж илтэд хүнийг гүтгэж мөнгө нэхэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тэгээд энэ тээврүүдийг хийгээд гардаг зардлууд тухайн зах зээлийн ханш болгоныг би үнэн бодитойгоор өмнөх шүүх хурал болон хариу тайлбартаа дэлгэрэнгүй бичиж өгсөн. Энэ бизнесийг хийхэд миний тухайд ямар ч ашиг гараагүй. Маш их алдагдалтай байсан. Тэгээд энэ бизнесээ зогсоож ********* чиргүүлээ авч, би толгойгоо авсан. Би толгойгоо хямдралтайгаар цааш нь зарж илүү их алдагдал хүлээсэн. Энэ тээврүүдээс ашиг байхгүй. Би энэ хүний чиргүүлийг эвдээгүй. Авсан гээд байгаа тэр 5 сая төгрөгийн багаж хэрэгсэл болон бусад тийм их зардал гарах боломж нөхцөл ч байхгүй. Тийм учраас энэ болгоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрч байгаа зүйл нь гэвэл би багажуудыг нь буцааж өгнө. Бусдыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Илтэд худлаа ярьж, их мөнгө нэхэмжилж байна гэсэн үүднээс би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм гэв.
4. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-********** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 141 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,
-*********-н тээврийн хэрэгслийн лавлагаа,
-**********-н ******* банкны депозит дансны хуулга /2023.05.01-2023.05.31/,
-**********-н ******* банкны банкны депозит дансны хуулга /2022.11.04/,
-**********-н ******* банкны депозит дансны хуулга /2022.11.01-2022.12.30/,
-*********-н чиргүүл худалдан авсан тухай нотариатаар гэрчлүүлсэн баталгаа,
-чиргүүлийн гэрэл зургууд,
-Facebook messenger-ээр харилцаж байсан зурвасуудын хуулбар,
-Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020.
5. Хариуцагчаас иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт:
-*********-н ******* банкны харилцах дансны хуулга /2022.10.01-2022.12.31/
-******** банкны 2022.12.07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд,
-******** банкны 2022.11.15, 2022.11.16, 2022.11.23, 2022.11.24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд,
-Тэмдэглэлийн дэвтэрийн тооцоо бичсэн хуудас,
-Ачаа пүүлсэн падаан,
-Түлш авсан баримт,
-Facebook messenger-ээр харилцаж байсан зурвасуудын хуулбар.
6. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-********* аймгийн Статистикийн хэлтсийн 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 41 дугаар албан бичиг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2.1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч *********-д холбогдуулан 16,740,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үнийг:
-Тээврийн хөлс 5,000,000 төгрөг /УБ-Өмнөговь аймаг, Бургастай-Улаанбаатар тус бүр 2,500,000 төгрөг/
-багаж хэрэгсэл, үзлэг оношилгоо болон жолоочид төлсөн хөлс 5,000,000 төгрөг,
-чиргүүлд гагнуур хийлгэсэн 2,500,000 төгрөг,
-Чиргүүлийн үнэ буулгаж зарсан зөрүү 4,000,000 төгрөг
-Улсын тэмдэгтийн хураамж 240,600 төгрөг гэж тодорхойлсон.
2.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ********* нь улсын тэмдэгтийн хураамж 240,600 төгрөгийг хасч, хамтран ажиллах ажиллагааны явцад учирсан хохирол болон тээврийн хөлс нийт 16,500,000 төгрөгийг *********-с гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба шүүх хуралдаанд тэмдэгтийн хураамж нь хуулиар шийдвэрлэгдэх тул нэхэмжлэлийн үнийн дүнд орохгүй юм байна гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч ********* нь ...Бидний хувьд худалдаж авсан тээврийн хэрэгслээрээ 3 удаа л тээвэр гүйцэтгэсэн. Дээрх тээврийн үйл ажиллагаанд миний бие жолоочийн бүхий л хоол унд бусад зардлуудыг хариуцаж байсан. Гэтэл надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. *********-н зүгээс Улаанбаатараас өөрөө гурил ачиж ирсний дараа чиргүүлэндээ гагнуур хийлгэж байсан болохоос би чиргүүлийг нь эвдэлсэн зүйл байхгүй, өөрөө хуучин чиргүүл авсан байсан. Иймээс чиргүүлээ үнэ буулгаж зарах болон эвдрэл гэмтлийн үнийг надаас нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлээс багажнуудыг нь буцаан өгөх хүсэлтэй бөгөөд бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж татгалздаг.
4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:
2022 оны 10 дугаар сард нэхэмжлэгч *********, хариуцагч ********* нь хот хоорондын ачаа тээврийн ажиллагааг хамтран гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ********* нь чирэгч толгой, ********* нь чиргүүл авч хамтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Талууд ачаа тээврийн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш нийт 3 удаа тээвэр хийсэн гэж тайлбарлаж, маргаагүй. Үүнд:
Харин ийнхүү ачаа тээвэрлэх явцад олсон ашиг болон гарсан зардал буюу машины түлш, эвдрэл гэмтэл, Е ангилалтай жолоочид төлсөн хөлсийг хэрхэн хуваарилах нь маргааны зүйл болжээ.
5.Талуудын гаргасан харилцан зөрүүгүй тайлбараас үзэхэд 2022 оны ойролцоогоор 10 дугаар сараас ********* нь хүнд даацын ачааны машин /”толгой буюу их бие”/ хариуцан авах, ********* нь чиргүүлийг авч хот хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахаар тохирон тус тус “толгой”, чиргүүлийг худалдан авч улмаар Улаанбаатараас Говь-Алтай, Говь-Алтай Бургастайн боомт, Бургастайгаас Улаанбаатар, Улаанбаатараас Өмнөговь гэсэн чиглэлүүдэд тодорхой хэмжээний ачаа тээвэрлэсэн болох үйл баримт тогтоогдож байна.
6.Шүүх талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ. Учир нь хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олон болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т хамтран ажиллах гэрээний хэлбэр нь амаар байгуулж болохоор заасан байна.
Иргэний хуулийн 479.1-д гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахаагүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэсэн ба гэрээнд хугацааг заагаагүй байх тул гэрээнээс гарсан, дуусгавар болгосон нь хууль болон гэрээг зөрчөөгүй байна.
7. Талуудын хувьд ********* нь чирэгч толгой, ********* нь чиргүүлийг өөрийн зардлаар худалдан авч үйл ажиллагаагаа эхлүүлэх, нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь тухайн ангиллын машиныг жолоодох эрхгүй тул Е ангилалтай жолоочийг хөлслөн ажиллуулах шаардлагатай болсон талаар тайлбарлаж маргаагүй.
Мөн өмнө нь энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаагүй тул машиныг үзлэг оношилгоонд оруулах, шаардагдах засвар үйлчилгээг хийлгэхэд тодорхой хэмжээний зардлууд гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч харин эдгээр зардал нь хэчнээн төгрөг болсон, үүнийг хэн хэрхэн хариуцаж төлсөн талаар талууд харилцан зөрүүтэй тайлбарлаж маргаж байна.
Тээврийн хөлсний хувьд хариуцагч ********* нь:
-Улаанбаатараас Говь-Алтайд гурил тэжээл ачиж ирсэн гэх тээвэрлэлтийн хөлсийг ********* авсан, 800,000 төгрөгийн түлшний мөнгийг *********д шилжүүлсэн гэж,
-Бургастайн боомтоос Улаанбаатар руу шахмал түлшний материал ачихад 6,318,000 төгрөгийн тээврийн хөлс тохирсон, үүнээс 3,272,400 төгрөгийн шатахуун урьдчилан авч 3,045,000 төгрөгийн тээврийн хөлсийн үлдэгдлийг авч чадаагүй гэж,
-Улаанбаатараас Өмнөговь аймаг руу цемент ачихад 4,100,000 төгрөгийн тээврийн хөлс тохирч, 3,612,000 төгрөгөөр шатахуун авч, жолоочийн хөлсөд 500,000 төгрөг, хоёр дугуй засвар авахгүй хагарч, 1 шинэ дугуй 700,000 төгрөгөөр авсан, нийт зардал 4,812,000 төгрөг болсон гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч ********* нь:
-Улаанбаатараас Өмнөговь аймаг руу тээвэр хийсэн тээврийн хөлс 2,500,000 төгрөг,
-Бургастайгаас Улаанбаатар хот Налайх орсон тээврийн хөлс 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийн тээврийн хөлсийг өгөх ёстойгоос өгөөгүй гэж тайлбарладаг.
8.1 Автомашинд гаргасан зардал гэх нэхэмжлэlийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх ба гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол талууд тэнцүү хэмжээгээр хариуцна гэж заасан. Талуудын хувьд өөр өөрийн хариуцан бий болгох хөрөнгийг биет хөрөнгөөр тохиролцсон /автомашин, чиргүүл/ байх тул хэмжээг тодорхойлсон байна. Гэхдээ хариуцагч автомашиныг 35 сая төгрөгөөр, нэхэмжлэгч чиргүүлийг 19 сая төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарладаг ч бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул үр шим, ашиг, алдагдал, зардлыг хувь тэнцүүлэх боломжгүй гэж үзэж талуудын хөрөнгийн хэмжээг тэнцүү хэмжээгээр тооцох нь зүйтэй байна. Энэ нөхцөлд тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд гарсан бүх зардал дундын зардал байна. Тодруулбал автомашинаар ачаа тээврийн үйл ажиллагаа явуулах зорилгоор хамтарсан тул уг зорилгыг хэрэгжүүлэхэд автомашины бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөнд оролцох болон ачаа тээвэрлэхэд шаардлагатай хууль, дүрэм, журмаар тогтоосон стандарт шаардлагыг хангасан байх шаардлагатай ба уг шаардлагыг хангахгүйгээр үйл ажиллагаа явуулах, гэрээ хэрэгжих боломжгүй тул энэхүү шаардлагыг хангахад гаргасан зардал дундын зардал гэж тооцогдоно.
8.2 Нэхэмжлэгч багаж үзлэг бусад хэрэгцээнд гаргасан зардал 5 сая нэхэмжилсэн шаардлагын хувьд энэ нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож нотлох үүргээ биелүүлсэн байна. Хариуцагч энэ талаар “өөрөө бас машинтай тул ямар зорилгоор эдгээр зүйлсийг авсныг мэдэхгүй, цөөн тооны багаж надад байгаа буцааж өгч болно” гэж тайлбарлаж байгаа ч татгалзлаа хариу няцааж нотлоогүй байх тул 5 сая төгрөгийн зардлыг тэнцүү хуваарилж 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8.3 Хамтын ажиллагаанаас олсон ашгаас оногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 477дугаар зүйлийн 477.3-т гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэж, 477.4-т дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн нийлүүлснээс бий болгосон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна гэж заасан байх тул хамтран ажиллахаар нийлүүлсэн хөрөнгө, тэдгээрийн үр шим нь дундын хөрөнгө байхаар байна.
Хамтран ажиллах гэрээний зорилгоо хэрэгжүүлэх байдлаар тодорхой хэмжээний ачаа тээвэрлэлт хийсэн байх ба энэ ажлын ашгаас оногдох хэсэг 10 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нотолгооны хуваарь ёсоор нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч Бургастай-Улаанбаатар чиглэлд хийсэн тээврийн хөлс 5 сая, Улаанбаатар-Өмнөговь чиглэлд хийсэн тээврийн хөлс 5 сая, нийт 10 сая төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба тонн километрийн тохирсон тээврийн хөлс нь баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагч нь Бургастай-Улаанбаатарын тээвэрт тээвэрлүүлэгчээс машины түлш хийсэн, тээврийн хөлс 3,045,000 төгрөгийг тээвэрлүүлэгчээс аваагүй байгаа гэж тайлбарлаж байгаа ч мөн энэ татгалзлаа баримтаар нотлоогүй байх тул хуваавал зохих ашиг гэж үзэж тал хувь 1,522,500 төгрөгийг хамтрагчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Өмнөговь аймагт хийсэн тээврийн хувьд нэхэмжлэгч 50 тонн ачаа тээвэрлэсэн гэж тайлбарладаг ч хэдэн тонн ачааг тонн километрийг хэдээр тээврэлэсэн гэдгээ идэвхтэй мэтгэлцэж нотолж чадаагүй. Хариуцагч 1 тонн километрийг 150-200 төгрөгөөр тохиролцсон 2 сая төгрөгийн түлш зарцуулсан гэж тайлбарласнаар тооцоход 4,060,000 төгрөг болж байх ба хариуцагч өөрөө 4,100,000 төгрөг гэж тайлбарлаж байх тул энэ хэмжээгээр тооцон түлшний зардал 2 сая төгрөгийг хасч хуваахад 1,050,000 төгрөг нэхэжлэгчид олгох нь зүйтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах ба энэ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талууд өөрийн шаардлага татгалзалаа нотлох баримтыг шүүхэд цуглуулж, бүрдүүлж гаргах үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********-с Говь-Алтай аймаг дахь Бургастайн боомтоос Улаанбаатар хот хүртэл ачаа ачсан тээврийн хөлс 1,522,500 төгрөг, Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу ачаа ачсөн тээврийн хөлс 1,050,000 төгрөг, автомашины үзлэг оношлогоо, багаж, бусад зардалд гаргасан 2,500,000 төгрөг, нийт 5,072,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***********-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,427,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
10. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 240,600 төгрөг төлсөн байх ба үүнийг нэхэмжлэлийн нийт үнийн дүндээ оруулан тооцож нэхэмжилжээ. Улсын тэмдэгтийн хураамж нь хуульд зааснаар хуваарилагддаг, нэхэмжлэлийн шаардлага, үнийн дүнд хамаардаггүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,600 төгрөгөөс 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж багтсан үнийн дүнгээс тооцон илүү төлсөн 150 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *********-с нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 5,072,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 96,110 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *********-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********-с Говь-Алтай аймаг дахь Бургастайн боомтоос Улаанбаатар хот хүртэл ачаа ачсан тээврийн хөлс 1,522,500 төгрөг, Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу ачаа ачсөн тээврийн хөлс 1,050,000 төгрөг, автомашины үзлэг оношлогоо, багаж, бусад зардалд гаргасан 2,500,000 төгрөг, нийт 5,072,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,427,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,600 төгрөгөөс 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 150 төгрөг, хариуцагч *********-с нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 5,072,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 96,110 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *********-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН