Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2024/00522

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: **********-н нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: ******** аймгийн ********* сумын арван жилийн дунд сургуульд 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд лаборантаар, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд номын санчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь 1990 оны 02 сарын 14-ний өдрөөс 1990 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл ********* сумын дунд сургуульд лаборантаар, 1990 оны 08 сарын 15-ны өдрөөс 1995 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл номын санчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1995 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул 1990 оны 02 сарын 14-ний өдрөөс 1995 оны 08 сарыг дуустал ажилласан байдлыг тооцох боломжгүй байна. Энэ хугацаанд ажилласан байдлыг нотлох, ажилд орсон болон ээлжийн амралт олгож байсан тушаалууд зэргийг үндэслэн ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-******* аймгийн ********* сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаар “Ажилчин авч ажиллуулах тухай” тушаал,

-тус сургуулийн захирлын 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд авч ажиллуулах тухай” тушаал,

-тус сургуулийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар “Ээлжийн амралтыг олгох тухай” тушаал, хавсралт,

-тус сургуулийн захирлын 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 8 дугаар “Цалин нэмэх тухай” тушаал,

-тус сургуулийн захирлын 1995 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, хавсралт,

-*********-н ********** дугаар хөдөлмөрийн дэвтэр,

-*********-н ********* дугаар нийгмийн даатгалын дэвтэр.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ********** нь ******** аймгийн ********* сумын арван жилийн дунд сургуульд 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд лаборантаар, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд номын санчаар ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. ********** нь дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь:

-********* аймгийн ********* сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаар “Ажилчин авч ажиллуулах тухай” тушаалд “Тус сургуулийн физикийн лаборантаар *********-г 2-р сарын 14-нөөс эхлэн авч ажиллуулсугай” гэж,

-тус сургуулийн захирлын 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд авч ажиллуулах тухай” тушаалд “...*********-г лаборантаас тус тус чөлөөлж, *********-г номын санчаар 1990 оны 08-р сарын 15-наас эхлэн ажиллуулсугай” гэж,

-тус сургуулийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар “Ээлжийн амралтыг олгох тухай” тушаалд “...3. Ажилчдын амралтыг 6 дугаар сарын 01-нээс олгосугай. 9. Амралт олгох хүмүүсийн нэрсийг хавсралтаар баталсугай” гээд хавсралтад “******** номын санч, 3, 21” гэж,

-тус сургуулийн захирлын 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 8 дугаар “Цалин нэмэх тухай” тушаалд “...2. Номын санч ********* нь 7 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд үндсэн цалинг нь 1994-03-1-нээс эхлэн төгрөгөөр цалинжуулсугай” гэж,

-тус сургуулийн захирлын 1995 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд “1994-95 оны хичээлийн жилийн ээлжийн амралтыг 1995-06-15-ны өдрөөс эхлэн олгосугай” гээд хавсралтад “...********,  ажилласан жил 7, албан тушаал номын санч бичээч, амрах хоног 24...” гэж,

-*********-н ******** дугаар нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 сарыг цалингийн бичилт хийгдсэн зэргээр тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч *********-н ******** аймгийн ********* сумын арван жилийн дунд сургуульд 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд лаборантаар, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд номын санчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.  

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********-г ******* аймгийн ********* сумын арван жилийн дунд сургуульд 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд лаборантаар, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд номын санчаар ажиллаж байсныг тогтоосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ҮЙТҮМЭН