Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 499

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Б.Батжаргал, шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн  “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Занги овогт Тавхайн Алтан-Одод холбогдох эрүүгийн “1702000940028” дугаартай, 186/2017/00528/э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн  авч шүүн хэлэлцэв.              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1981 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой цахилгаачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 20 дугаар гудамжны 322 тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигон Занги овогт Тавхайн Алтан-Од /РД:ЧЕ81060811/,

Холбогдсон хэргийн талаар:

Т.А нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19  дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яргайтын богино гэх газар байрлах өөрийн гэртээ болон биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагаас 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх бодис, метамфетамины агууламжтай  “мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..шүүх хуралдаанд  мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн  шалгах ажиллгааны  шатанд  мэдүүлгээ  үнэн зөвөөр  өгсөн гэв.

          Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Алтансувдын:...Алтан-Од манай хамгийн бага дүү, бид нар эхээс тавуулаа. Дүү маань ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд суралцаж байгаад 6 дугаар ангиас нь гаргачихсан,  гэвч дүү минь монгол хэлээр уншиж, бичиж чадна.Тэгээд 16 нас хүрээд манай том эгч Унгар улсад амьдардаг бөгөөд эгчрүүгээ явсан. Унгар улсад 5-6 жил амьдарч байгаад Монголд ирсэн. Миний дүү тодорхой ажил төрөл эрхэлдэггүй бөгөөд өөрийнхөө машинаар таксинд яваад, хүмүүсийн бараа бүтээгдэхүүнийг зарж мөнгө олж амьдардаг.      Алтан-Од эхнэр, хүүхэдтэй байсан боловч салчихсан, одоо хамт амьдардаггүй. Дүүгийн маань эхнэр Япон улсад амьдардаг. Бид нар 2017 оны зун Яргайтын богино гэх газар лагертаа гарсан бөгөөд сүүлийн үед сэрүүхэн байгаа учир байрандаа ороод ирсэн. Алтан-Од тэнд ганцаараа байдаг гэх мэдүүлэг /хх-46/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Мөнхтулгын :..Би метамфетамин болон тетрангидроканнабинол гэж юу болохыг сайн мэдэхгүй байна. Гэвч би өмнөх сэжигтний мэдүүлэгтээ ярьсанчилан 2017 оны 09 дүгээр сарын эхээр ганцаараа хамаатнуудынхаа гэрт очихоор Сэлэнгэ аймаг руу явсан. Тэгээд замдаа түр зогстол зам дагуу хар тамхины ургамалтай ижил ургамал ургасан байхыг олж хараад гадарласан энэ ургамлын талаар интернет орчинд их мэдээлэл тавигддаг. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 14-нд шилжих шөнө би Монгол Улсын эдийн засгийн их сургуулийн урд талд байдаг нэг байранд байх үед нэг зүс таних залуу  намайг гарах уу гэж хэлсэн. Тэгээд би дагаад гадаа гартал уг залуу пенцилиний шилэн дотор мөнгө ороогоод хийчихсэн уг шилэн дотроо нэг цайвар өнгийн зүйл хийчихсэн, доороос нь халаагаад сороод байсан. Тэгээд намайг сорох уу гэхээр нь би сонирхоод 3 удаа сорсон. Надад уг зүйл таалагдаагүй би ямар нэгэн онцгой мэдрэж аваагүй, хүмүүс яагаад хэрэглэдэг болохыг ойлгоогүй. Би уг залууг зүс л мэднэ, ойр дотно харилцаа байхгүй намайг бага байхад хороололд манай гэртэй ойрхон амьдарч байсан хүүхэд шиг байсан. Тэр өдрөөс хойш дахин таараагүй, Ийм учир миний шээснээс дээрх бодисууд илэрсэн байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх 48-49/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Мөнхтулга гэрчээр мэдүүлэхдээ:....би Алтан-Одтой 2  жилийн  өмнө нэг  найзаараа дамжуулан танилцаж байсан. Энгийн  танилуудын харилцаатай. Би  2017 оны 09 дүгээр сарын 18-нд  Алтан-Одтой уулзахаар лагерлуу  яваагүй, эгчийнхээ гэрлүү явж байсан. Алтан-Одыг  гэртээ хар тамхи хэрэглэж, хадгалж байсныг мэдээгүй тэр хавиар явж байгаад  таарсан юм...гэжээ

2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8977 тоот актын: 

1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс болон шавар мэт ба талстлаг мөс мэт зүйлс шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.

2. №97 гэж дугаарласан цайвар өнгийн гуурсан дотроо ус мэт  зүйлийн агууламжтай, хар өнгийн сав /бонго/-нд метанфетамин /МАМР/-ы, №96 гэж дугаарласан шилэн гаанс бүхий хөх өнгийн тагтай, тунгалаг сав /бонго/ гэж хаягласан хуванцар саванд метамфетамин /МАМР/-ы

3. Шинжилгээнд ирүүлсэн №95 гэж дугаарласан гялгар уутан дахь улбар шар өнгийн гуурс мэт зүйлд метанфетамин /МАМР/-ы үзүүр хэсэг нь хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг чихний хөвөнд метамфетамин /МАМР/-ы агууламж илрэв.

4. Шинжилгээнд ирүүлсэн №90 гэж дугаарласан талслаг ”мөс” мэт зүйлд метамфетамин\ МАМР\-ы агууламж илрэв.

5. Шинжилгээнд ирүүлсэн №91 гэж дугаарласан шавар мэт зүйлд дельта-9 тетрангидроканнабинолын агууламж илрэв.

6. Шинжилгээнд ирүүлсэн №84,85 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий  хуучин, хоосон уутнуудад метамфетамин /МАМР/-ы агууламж илрэв.

7. Шинжилгээнд ирүүлсэн №80,82 гэж дугаарласан хуучин хэрэглэж байсан шилэн гаанс 3 ширхэг тус бүрд метамфетамин /МАМР/-ы агууламж илрэв.

8. Шинжилгээнд ирүүлсэн №92 гэж дугаарласан талстлаг “мөс” мэт зүйлийг метамфетамин /МАМР/-ы агууламж илрэв.

9. Шинжилгээнд ирүүлсэн №93 гэж дугаарласан талстлаг “мөс мэт зүйлд метамфетамин /МАМР/-ы агууламж илрэв.

10. №95 дугаартай уутанд ирүүлсэн тунгалаг цайвар өнгийн гуурс мэт зүйлд болон 8 ширхэг гуурсны үзүүр мэт тасархайнууд тус бүрд мансууруулах болон сэтгэцэд  нөлөөт бодис илрээгүй.

2. Шинжилгээгээр илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол метамфетамин /МАМР/-ы нь НҮБ-н 1971 оны” Сэтгэцэнд нөлөөт” бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг. Химийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхмандах гэсэн дүгнэлт  /хх 53-55/,

2.6.  Шүүх сэтгэц  эмгэг судлалын 900 тоот дүгнэлтэд: 

1. Т.А нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх эмнэлгийн ямар нэгэн бичиг баримт үгүй байна.

2. Одоо Т.А нь “Олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хэтрүүлэн хэрэглээ” хэмээх нь сэтгэцийн эмгэгтэй байна.

3. Одоо Т.А нь “Олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хэтрүүлэн хэрэглээ” хэмээх нь сэтгэцийн эмгэгтэй байна.

4. Т.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Т.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Т.А нь одоогоор мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралгүй байна. Т.А нь одоо “Олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хэтрүүлэн хэрэглээ” хэмээх нь сэтгэцийн эмгэгтэй байна.

7. Т.А нь одоогоор мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралгүй байна. Т.А нь одоо “Олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хэтрүүлэн хэрэглээ” хэмээх нь сэтгэцийн эмгэгтэй байна. Хэрвээ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэж оношлогдсон тохиолдолд Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

8. Т.Аод сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. Т.А нь иргэний журмаар эмчлүүлж болно.

9. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын донтолттой нэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Т.А нь одоо “Олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хэтрүүлэн хэрэглээ” хэмээх нь сэтгэцийн эмгэгтэй байна. Т.А нь одоогоор мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралгүй байна. Комиссын дарга С.Одонгэрэл /тэргүүлэх зэрэгтэй эмч/, Гишүүд Б.Энхчимэг /тэргүүлэх зэрэгтэй эмч/, С.Байгальмаа /сэтгэцийн эмч/ гэх дүгнэлт /хх 75-78/   

2.7. 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр Т.А сэжигтнээр мэдүүлэхдээ:...Би 2017 оны зун 6 дугаар сараас хойш Яргайтын Богино гэх газар байх лагерын байшиндаа амьдарч байгаа. Зуны улиралд манай гэр бүлийнхэн байсан боловч сүүлийн 1 сар гаруй ганцаараа байгаа. Үзлэгийн явцад манай гэр болон миний биеэс хураан авсан бодисуудыг би өөрөө хэрэглэх зорилгоор бусдаас олж авсан зүйлс байгаа юм. Би бор өнгийн “шавар” гэх бодисыг зүс таних дүүгээсээ циркийн гадаа таараад авсан юм. Мөнгөөр худалдаж аваагүй зүгээр гуйгаад л авчихсан. Зүс таних дүүгийн нэрийг Төөдгөө гэж санаж байна. Бүтэн нэрийг мэдэхгүй утасны дугаарыг нь мэдэхгүй. Харин “мөс” гэх нэршилтэй бодисыг төмөрзамд байх арктай шар байрны урд байдаг “Орчлон”-н байр гэх байрны хамгийн урд талын орцны 3 дугаар давхарын цонхны тавцангийн хажуу талаас шүдэнзний хайрцаганд хийсэн байсныг авсан. “Мөс” гэх нэршилтэй бодисыг эгч гэх хүнтэй “ви-чатаар” холбогдож авсан. “Эгч” гэх ви-чатын хаягтай, мөс зардаг хүнийг мансууруулах бодис хэрэглэдэг танилуудаараа дамжуулан мэдсэн бөгөөд уг хүнтэй нүүр тулж уулзаагүй. “Эгч” гэх хүнтэй харилцсан чатаа ви-чатаар устгачихсан бөгөөд тэрээр надруу бичихдээ "3 гр мөс байгаа шүү, тэгэхдээ арай илүү грамм байгаа, чамаас авсан цүнхнийхээ мөнгийг өгөөгүй удаасан учир арай илүү граммтай байгаа шүү” гэж бичсэн байсан. Уг “эгч” гэх хүнд би нэг танилаараа дамжуулан 3 ширхэг цүнх зарсан юм. Тэгээд уг цүнхний мөнгөнийхөө оронд надад “мөс” өгсөн. Би уг “эгч” гэх хүнд Одноо гэх хүүхнээр дамжуулж одоогоос 3 сарын өмнө цүнх зарсан. Одноо одоо Монголд байдаггүй, Хятадад сурдаг гэсэн, холбоо барих утасны дугаарыг мэдэхгүй гэх мэдүүлэг                 /хх 80-82/,

2.8. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Т.А яллагдагчаар мэдүүлэхдээ:...Би хамгийн анх 1997 онд Европод байхдаа саваагүй зангаасаа болж марихуан гэж ургамал хэрэглэж үзсэн. Үүнээс хойш огт хэрэглэхгүй байж байгаад 2013 онд Монголд “мөс” гэх нэршилтэй  бодис хэрэглэж үзсэн, гэвч би тогтмол хэрэглэдэггүй байсан, үе үе танил хүмүүстэйгээ уулзах үед санамсаргүй хэрэглэчих тохиолдол гардаг байсан. Ингээд 2015 онд “мөс” хэрэглэсэн хэрэглүүр хадгалсан үйлдлээр баригдаж цагдаагийн газар шалгагдаж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу миний үйлдэл хэрэгсэхгүй болж байсан. Ингэж цагдаагийн газар шалгагдаж байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон олон хүнтэй танилцаж эхэлсэн. Энэ нь цаашид хар тамхи үе, үе хэрэглэхэд хүртэл нөлөөлсөн гэж боддог, миний хар тамхи асууж сураглах хүний тоо нэмэгдсэн гэсэн үг юм. Ингээд би байнга, тогтмол биш боловч үе, үе тохиолдолын чанартай “мөс” “шавар” гэх мэт бодис хэрэглэж эхэлсэн. Манай эхнэр Япон улсад амьдардаг. Би эхнэртэйгээ салчихсан, таарамжгүй харилцаатай байгаа, гэтэл 2017 оны 06 дугаар сард би эхнэрээ өөр хүнтэй болж байгааг мэдэж, эхнэртэйгээ утсаар холбогдож маргалдсан. Удалгүй манай эхнэрийг жирэмсэн явж байхыг манай гэрийнхэн харсан байсан. Би эхнэрээсээ салаад удаагүй байсан учир энэ бүх асуудал надад их хүнд цохилт болсон. Ингээд 2017 оны 07 дугаар сараас би “мөс” “шавар” гэх мэт бодисыг хайж явж, худалдаж авч их хэрэглэх болсон. Би “мөс” “шавар” хэрэглээд тайвширна гэж бодож байсан боловч тэгээгүй, харин ч илүү бодлогширч, болсон явдлыг дахин эхнээс нь тунгаан бодож эхэлсэн гэжээ... /хх 105-106/,

 2.9. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...үзлэгийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Яргайтын богино” гэх газарт орших 1 өрөө бүхий зуны байшинд явуулав. ...үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад зурагт тавьсан хүрэн өнгийн шкаф дээр тавьсан бор өнгийн өдрийн гэрлийн хажууд “Zovo” гэсэн бичигтэй дотроо шингэн зүйлийн агууламжтай цагаан өнгийн гуурс бүхий хар өнгийн хуванцар сав /бонго/ байх ба уг савны амсар хэсэгт шилэн гаанс байх бөгөөд гаансны тогоо хэсэгт цагаан өнгийн талстлаг 3 хэсэг бодис байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авлаа....үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад Philips маркийн өсгөгчний зүүн талын буланд хар хүрэн өнгийн шавар мэт зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав. Өсгөгчний хажууд цагаан өнгийн төмөр тагтай аяга байх ба дотор талд нь гуурсны тасархай болон гялгар уут зэрэг эд зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав...” гэсэн тэмдэглэл,

2.10. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд“... үзлэгээр таны биед сэтгэцэд нөлөөлөх бодис байгаа эсэхийг асуухад зүүн өмдний халаасанд гялгар уутанд хийсэн 3 орчим бодис байгаа гэсний дагуу бэлтгэлийн өмдний зүүн талын халаасны цахилгааныг онгойлгон үзэхэд 4.5х8 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий гялгар ууттай мөс мэт зүйл байсныг хар өнгийн Digital Scale нэртэй гар жин дээр жинлэж үзэхэд 3.7 грамм жинтэй байх ба хоёр дахь 3х3см хэмжээтэй үзүүр хэсгийг нь хайлуулж наасан гялгар ууттай мөс мэт зүйлийг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов...” гэсэн  тэмдэглэл,

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис мөн эсэхийг тогтоохоор тандах багаж ашигласан “...Т.Аын биед үзлэг хийж хураан авсан гялгар уутны хамт 3.7 грамм, мөн гялгар уутны хамт 0.8 грамм бодис мэт зүйлүүдийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис шалгах Trunarc багаж ашиглан шалгахад mathemphetamine гэх бодис гэж бүртгэгдсэнийг тэмдэглэлд тусгаж гэрэл зургаар бэхжүүллээ...” гэх тэмдэглэл,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 4-10/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 11-17/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 18-21/,  хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, фото зургууд /хх 22-25/, ТRUNARC буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис мөн эсэхийг тандах багаж ашигласан тэмдэглэл /хх-28/, CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, фото зургууд             /хх 40-42/, Т.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-112/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-113/, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-114/, Иргэний үнэмлэхний хуулбар /хх-115/, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-118/  зэрэг болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын  шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.

Шүүгдэгч Т.А нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19  дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яргайтын богино гэх газар байрлах өөрийн гэртээ болон биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагаас 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх бодис, метамфетамины агууламжтай  “мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, шээснээс мансууруулах бодис илрүүлэх зорилгоор тест ашигласан тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 8977 дугаартай дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 900 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримт болон  хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд  Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Аыг  Чингэлтэй дүүргийн 19  дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яргайтын богино гэх газар байрлах өөрийн гэртээ болон биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагаас 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх бодис, метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

              Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн  цагдан хоригдсон 2 хоногийг түүний ял  эдэлсэн хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №90 дугаартай метамфетамины агууламжтай уутны хамт 0.29 грамм “мөс” гэх нэршилтэй бодис, №91 гэсэн дугаартай тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 0.15 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй бодис, №92 гэсэн дугаартай метамфетамины агууламжтай уутны хамт 3.5 грамм “мөс” гэх нэршилтэй бодис, №93 гэсэн дугаартай метамфетамины агууламжтай уутны хамт 0.67 грамм “мөс” гэх нэршилтэй бодис, №1, №2 гэсэн дугаартай 2 ширхэг асаагуур, №3 гэсэн дугаартай гар жин, №80, №81, №82 гэсэн дугаартай 3 ширхэг  шилэн гаанс, №84, №85 гэсэн дугаартай зип лок түгжээ бүхий уут, №95 гэсэн дугаартай шаргал цайвар өнгийн 2 ширхэг гуурс, 2 ширхэг чихний хөвөн бүхий уут, №96, №97 гэсэн дугаартай 2 ширхэг бонгыг  зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, “1702000940028” гэж хаягалсан цагаан өнгийн 2 ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон Занги овогт Тавхайн Алтан-Одыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Аыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Аод оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Аын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  №90 дугаартай метамфетамины агууламжтай уутны хамт 0.29 грамм “мөс” гэх нэршилтэй бодис, №91 гэсэн дугаартай тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 0.15 грамм жинтэй шавар гэх нэршилтэй бодис, №92 гэсэн дугаартай метамфетамины агууламжтай уутны хамт 3.5 грамм “мөс” гэх нэршилтэй бодис, №93 гэсэн дугаартай метамфетамины агууламжтай уутны хамт 0.67 грамм “мөс”гэх нэршилтэй бодис, , №1, №2 гэсэн дугаартай 2 ширхэг асаагуур, №3 гэсэн дугаартай гар жин, №80,№81, №82 гэсэн дугаартай 3 ширхэг  шилэн гаанс, №84, №85 гэсэн дугаартай зип лок түгжээ бүхий уут, №95 гэсэн дугаартай шаргал цайвар өнгийн 2 ширхэг гуурс, 2 ширхэг чихний хөвөн бүхий уут, №96, №97 гэсэн дугаартай 2 ширхэг бонго  зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “1702000940028” гэж хаягалсан цагаан өнгийн 2 ширхэг  дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

8. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Аод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТЖАРГАЛ