Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/03

 

                              *******өд холбогдох

                                     эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******өд холбогдох эрүүгийн 2231000000100 дугаартай, 175/2022/0102/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөгч угсралтын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, РД:*******

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сар хорих ял,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 33 дүгээр сарын 13-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 360 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар, 8 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, Шарын 13 дугаар байрны зүүн урд талд байрлуулсан иргэн *******ийн эзэмшлийн 81-38 УНҮ улсын дугаартай, “Тоёота Хариер” маркийн авто машины жолоочийн хаалганы шилийг хагалж, авто машины бүхээгт нэвтэрч гар цүнхтэй гоо сайхны хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 70,000 төгрөгийн шууд хохирол, 165,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч т 70,000 төгрөгийн хохирол, 165,000 төгрөгийн хор уршиг учирснаас шүүгдэгч 100,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, үлдэгдэл 135,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 37,000 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулан “Ашид билгүүн” ХХК-ны Хаан банк дахь 5688071697 тоот дансанд оруулж,

Шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2022 оны 07 сарын 08-ны өдрийн №17 дугаартай эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар “шүүгдэгч *******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “Авто машиныг тусгайлан хамгаалсан байр, агуулахад хамааруулан ойлгохгүй. Улсын яллагч яллах дүгнэлтдээ хуучин хуулийн тайлбарыг ашигласан нь учир дутагдалтай юм. Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд ирүүлсэн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж зүйлчлэхээр шийдвэрлэсэн болно” гэсэн нь гэм буруугийн талаарх дүгнэлт болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт нь өөр хоорондоо зөрүүтэй шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

2.Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 30-с 31-д шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, Шарын 13 дугаар байрны зүүн урд талд байрлуулсан иргэн *******ийн эзэмшлийн 81-38 УНҮ улсын дугаартай Тоёота Хариер маркийн авто машины жолоочийн хаалганы шилийг хагалж, авто машины бүхээгт нэвтэрч гар цүнхтэй гоо сайхны хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 70,000 төгрөгийн шууд хохирол, 165,000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хохирогч ******* нь эд зүйлсээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үлдээж, гэрийнхээ гаднах зогсоолд автомашинаа түгжин орхиж явсан хойгуур шүүгдэгч ******* нь шунахай сэдэлтээр, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, уг автомашины шилийг зориуд хагалж, хаалгыг нь онгойлгон нэвтэрч, дотор нь байсан эд зүйлсийг хулгайлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ.

Учир нь тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч хохирогч ******* нь үнэ цэнэ бүхий эд зүйлсээ түр хадгалах зориулалтаар тэдгээрийг өөрийн авто машиныхаа бүхээгт үлдээж, бусдын хууль бус халдлагаас сэргийлэн автомашиныхаа хаалгыг түгжиж, цонхыг хааж битүүмжлэн орхиж явснаас харахад тэрээр өөрийн автомашиныг тухайн үед эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотроос үнэ цэнэ бүхий эд зүйлсийг хулгайлж авахын тулд уг автомашины шилийг шөнийн цагаар, нууцаар хагалах замаар хаалгыг онгойлгон нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлийг шүүхээс бусдын тээврийн хэрэгсэл буюу эд хөрөнгө түр хадгалагдаж буй тусгайлан хамгаалсан агуулах саванд хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн.

“Агуулах сав” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг, мөн “орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн”/ гэдэгт түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсон байхыг тус тус хамааруулан ойлгох ба энэхүү хууль зүйн ойлголтыг хуучин хуулийн тайлбарыг ашигласан нь учир дутагдалтай гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй, хуучин хууль гэж чухам ямар хуулийг хэлж байгаа болох, авто машиныг тусгайлан хамгаалсан агуулах саванд хамааруулж ойлгохгүй талаарх үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг буруу тайлбарлаж шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлээр *******өд холбогдох эрүүгийн 2231000000100 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос гаргасан “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, Шарын 13 дугаар байрны зүүн урд талд байрлуулсан иргэн *******ийн эзэмшлийн 81-38 УНҮ улсын дугаартай, “Тоёота Хариер” маркийн авто машины жолоочийн хаалганы шилийг хагалж, авто машины бүхээгт нэвтэрч гар цүнхтэй гоо сайхны хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 70,000 төгрөгийн шууд хохирол, 165,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогдож, Аймгийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүгдэгч *******ийн үйлдэл нь орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэн үйлдэл биш, автомашин нь агуулах сав, орон байр гэх ойлголтод хамаарахгүй гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг гэж үзэж түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэж гэм буруутайд тооцож, дээрх зүйл ангид заасны дагуу 06 сарын хорих ял шийтгэсэн ба уг тогтоолыг улсын яллагчийн зүгээс эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасан.

         Шүүгдэгч *******ийн дээрх хууль бус үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нөхцөлд энэхүү гэмт хэргийн хохирол, хор уршиг 235.000 төгрөг учирсан байх ба мөн хуулийн дээрх зүйл хэсгийн тайлбарт бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байдаг.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “...300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу түүнээс доош хэмжээг” бага хэмжээний хохирол гэж ойлгохоор заасан байдаг бөгөөд анхан шатны шүүх дээрх хуулийн ойлголтыг буруу хэрэглэж, шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас 235.000 төгрөгийн хохирол хор уршиг учирсан байгааг анхаарч үзэлгүй дээрх зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа болжээ.

           Түүнчлэн бусдын эзэмшлийн автомашин нь тусгай цоожтой, тухайн автомашиныг эзэмших эрхгүй этгээд халдаж бүрэн бус байдлыг алдагдуулан дотор нь хадгалагдаж буй эд зүйлийг авах нь түүний өмчлөл эзэмшлийн зүйлд халдаж буй үйлдэл болохыг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзлээ.

            Харин автомашин нь тухайн өмчлөгч эзэмшигчийн буруутай үйлдлийн улмаас цоожгүй, хаалга үүд нь онгорхой байсны улмаас хэн нэгэн этгээд халдаж довтлохгүйгээр сэм аргаар эд зүйлийг авсан нөхцөлд хөнгөрүүлэн үзэх нөхцөл болохыг үгүйсгэхгүй.  

             Энэ тохиолдолд бусдын өмчлөлийн эд хөрөнгөнд довтолгоон хийхгүйгээр сэм аргаар халдаж бага хэмжээний хохирол учирсан нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хулгайлах” зөрчлийн хэрэг болохыг анхаарах нь зүйтэй.

Шүүгдэгч *******өд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж гарсан анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-д заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн” зөрчлүүдтэй байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”, 39.7 дугаар зүйлийн 1.3-д “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл болж байна.

 Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас шүүгдэгч *******өд холбогдох хэргийг  дээрх үндэслэлүүдээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                 ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                       ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ