Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 02121

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/02121

 

 

М.Бгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/02505 дугаар шийдвэртэй, М.Бгийн нэхэмжлэлтэй, Ө-20СӨХ-нд холбогдуулан гаргасан ажилласан хугацааны цалин, өөрөөс гаргасан зардалд 3 663 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн  төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б би 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Ө-20СӨХ-ны Удирдах зөвлөлийн 4 дүгээр тогтоолоор тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдон 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл тогтвор суурьшилтай ажилласан. М.Б намайг СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд хэсэг оршин суугчдын хүсэлтээр Ө-20СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлаж 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хуралдсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэснийг зөрчиж, тус СӨХ-ны 364 гишүүнээс 65 гишүүн оролцож, хурал 17,8 хувийн ирцтэй байхад хурлыг хийж, түүнээс сонгогдсон гэх Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал нар нь Ө-20СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан надтай хэрүүл маргаан үүсгэж, Ө-20СӨХ-ны санхүүгийн тамгыг хулгайлан авч хүчин төгөлдөр бус хурлаас гаргасан Хяналтын зөвлөлийг сонгосон тогтоол дээр санхүүгийн тэмдгийг дарж, Ө-20СӨХ-ны харилцдаг Төрийн банкны “Өнөр” тооцооны төвд тус СӨХ-ны 103500002891 дугаарын дансыг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хаалгасан байсан. Ө-20СӨХ-ны харилцах дансыг хаалгасны улмаас 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс ажилтнуудын цалин хөлсийг тавьж чадахгүйд хүрсэн. 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ө-20СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг дахин зарлан явуулж ирц хүрэлцсэн учир хурал хүчин төгөлдөр болсон. Тус хурлаас Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинээр сонгосон. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Б би 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шинээр томилогдсон Удирдах зөвлөлийн гишүүдэд 24,912,924.14 төгрөгийн үлдэгдэлтэй данс болон бусад эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. Шинээр гүйцэтгэх захирал томилогдох хүртэл буюу 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр СӨХ-ны тамгыг хүлээлгэн өгөх хугацаанд би гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ө-20СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Наранцацрал нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Б миний 2019 оны 6 дугаар сарын сүүлийн 15 хоногийн хөлс 225,000 төгрөг, 7, 8, 9 сарын хөлс 1,350,00 төгрөг нийт 1,575,000 төгрөгийг өгөхгүй хохироож байна. Энэ талаар Сууц өмчлөгчдийн Холбооны дээд зөвлөлд гомдол гаргахад 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр А/72 дугаар албан бичгээр захирлын ажилласан хугацааны цалинг хуулийн дагуу олгож холбогдох тооцоог хийж дуусгах талаар даалгавар өгсөн боловч одоог хүртэл биелүүлэхгүй байна. Би Ө-20СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр бороо орсны улмаас Ө-20СӨХ-ны 20 дугаар байрны 3 дугаар орцны 105 тоот айлын дээврээс ус гоожсон тул дээврийн засварын ажлыг байцаагч нярав Д.Үл-Олдохоор хийлгэсэн ба тухайн үед харилцах дансыг хаасан байсан тул хувиасаа 250,000 төгрөг гаргаж, дээврийн ажлын засварын ажилд хэрэглэх наадаг хар цаас 65,000 төгрөг х 2 ширхэг =130,000 төгрөг, паример 60,000 төгрөг х 2 ширхэг =120.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ө-20СӨХ-ны 20 дугаар байрны 10 орцны хогийн бункерт орос креолин 100 гр х 2 ширхэг х 5,000 төгрөг =10.000 төгрөгөөр авч цацсан, цэвэрлэгээний материал тод угаалгын шингэн 10 ширхэг 13,000 төгрөг, саван 10 ширхэг 7,000 төгрөг завлин 1 хайрцаг 10,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын ярианы төлбөрт 8,100 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бичиг хэргийн үйлчилгээний зардалд төлсөн 14,500 төгрөг, Төрийн банктай холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хувиасаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 128,990 төгрөг нийт 441,590 төгрөгийг өөрөө гаргасан. Иймд Ө-20СӨХ-оос 2019 оны 6 дугаар сарын сүүлийн 15 хоногийн цалин 225,000 төгрөг, 7, 8, 9 саруудын цалин 450,000 төгрөг х 3 cap = 1,350,00 төгрөг, 2019 оны ээлжийн амралтыг эдлээгүй тул 2019 оны ээлжийн амралтын мөнгө 450,000 төгрөг нийт 2,025,000 төгрөг, данс хаагдсаны улмаас дээврийн засварын болон бусад зүйлд хувиасаа зарцуулсан 441,590 төгрөг нийт 2,466,590 төгрөг,  мөн Ө-20СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ажилчдынхаа 7 сарын эхний хагас болон сүүлийн хагас сарын цалинг олгохын тулд 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 900,000 төгрөг, 7 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5076009555 тоот данснаас бэлнээр гарган ажилчдын цалинг хүснэгтээр олгосон. Иймд “Өнөр 20” СӨХ-ны ажилчдын цалин хөлсөнд зарцуулагдсан 1,400,000 төгрөгийг нэмж нийт 3,866,590 төгрөгөөс орлогын татвар хассан дүн болох 3,663,500 төгрөгийг хариуцагч “Өнөр 20” СӨХ-оос гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Өнөр 20” СӨХ 2010 оноос хойш Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлгүй ажиллаж байсан нь маш их хэмжээний санхүүгийн зөрчил үүсч, оршин суугчдын эрх ашиг хохирох хэмжээнд хүрсэн байна. 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Өнөр 20” СӨХ-ны нийт гишүүдийн ээлжит бус хурал хуралдаж Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөө томилж, улмаар өмнөх "Өнөр 20” СӨХ-ны дарга М.Бг үүрэгт ажлаас нь чөлөөлж шинээр Б.Наранцацралыг "Өнөр 20” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилсон. М.Б “Өнөр 20” СӨХ-ны гүйцэтгэх захирлыг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхдээ холбогдох хууль тогтоомж зөрчиж, санхүүгийн тайлан тооцоог хуулийн хугацаанд гаргадаггүй, 00 тоот өрөөнүүд болон подвалын түрээсийг хувьдаа зарцуулсан гэж үзэхээр байна. Учир нь өмнөх гүйцэтгэх захирал асан М.Бгээс шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Б.Наранцацралд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажил хүлээлцүүлэхэд 2009 оноос хойшхи санхүүгийн тайлан, 20 байрны 1,3,4,10 дугаар орцны 00 тоот өрөөнүүдийн түрээсийн гэрээ, 2014 оноос хойшхи түрээсийн төлбөрийн санхүүгийн баримтууд байхгүй байгаа зөрчлүүд илрээд “Өнөр 20” СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Б нь 2016 оноос 2019 оны санхүүгийн тайлан гаргаагүйгээс болж Сонгинохайрхан дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс шалгалт хийж Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.1 дэх хэсэгт заагдсанаар 400,000 төгрөгийн торгууль ногдуулан 72 цагийн дотор тайлангаа ирүүлэхийг даалгасан. Улмаар улсын байцаагч, санхүүгийн бүртгэлийн мэргэжилтэн н.Алтанцэцэг нь зөрчил арилгах 72 цагийг олгосон бөгөөд энэ хугацаанд нь “Маш дэлгэмэл эрдэм” ХХК-д 850,000 төгрөг төлж 2016 оноос 2019 оны хагас жилийн тайланг гаргуулсан байгаа нь гүйцэтгэх захирал М.Бгийн буруутай үйлдэл юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.1, 12.4.3, 12.4.5, 12.4.7, 12.5 дахь хэсэгт зааснаар М.Б зөрчсөн тул цалин авах байтугай “Өнөр 20” СӨХ-нд учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч ажлаа хүлээлгэж өгөхдөө санхүүгийн баримтуудыг гарган өгөөгүй, санхүүгийн баримтыг албадан гаргуулахаар бид шүүхэд хандсан одоо хяналтын шатны шүүхэд хянагдаж байна. Нэхэмжлэгч нь холбогдох санхүүгийн баримтуудаа хариуцагч “Өнөр 20” СӨХ-нд гарган өгч тооцоо нийлсний дараа авах цалин байдаг бол гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Өнөр 20” сууц өмчлөгчдийн холбооноос 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлээс 913,500 /есөн зуун арван гурван мянга таван зуу/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 51,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Өнөр 20” сууц өмчлөгчдийн холбооноос 51,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ө-20СӨХ-ны гүйцэтгэх захирал асан М.Б нь ажлаа өгөхдөө санхүүгийн бичиг баримтуудыг өгөөгүй авч явсан ба түрээсийн болон СӨХ-ны оршин суугчдын мөнгийг хувийн дансаараа болон бэлнээр нь авч санхүүгийн бүртгэлд дурдаагүй зөрчлүүд гаргасан. Иймд СӨХ-ны нягтлан бодогчийн гаргаж өгсөн тооцооллоор сөрөг нэхэмжлэл гаргаж харилцан тооцуулах хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх СӨХ-ны гүйцэтгэх захирал байгууллагад хохирол учруулсан бол цалингийн нь бүтэн олгосны дараа шүүхээр тохиролцоо нэхэж ав, хохирлыг цалингаас суутгаж харилцан тооцож болохгүй гээд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд цалингийн нь эхлээд өгнө, дараа нь тооцоогоо хий гэж шийдсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр Өнөр-20 СӨХ болон М.Б нар санхүүгийн харилцан тооцоо нийлэх боломж олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ө-20СӨХ-д холбогдуулан ажилласан хугацааны хөлс, өөрөөс гаргасан зардал, нийт 3 663 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            М.Б нь “Өнөр 20” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4 тоот тогтоолоор тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдон 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан удирдах зөвлөлийн 2009, 2016 оны тогтоолууд, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээ зэрэг бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 6-11/

            Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

            Хариуцагч “Өнөр 20” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Б.Наранцацралыг гүйцэтгэх захирлаар томилж, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өмнөх гүйцэтгэх захирал М.Бгээс ажлыг нь хүлээлцсэн болох нь хэргийн 11, 37 дугаар талд авагдсан удирдах зөвлөлийн шийдвэр, ажил хүлээлцсэн акт зэрэг баримтаар нотлогдсон.

            Ажил хүлээлцсэн актын 24-т “СӨХ-ны ажилчдын 6, 7, 8, 9 дүгээр сарын цалин болон төлбөр тооцоог Төрийн банкин дээр очиж хийхээр УЗ-н дарга н.Амгаланбаатар, ХЗ-н дарга н.Ганбат нар өөрсдөө биеэрээ байлцан баталгаа гаргаж өгч М.Бгийн хамт дээрх тооцоог хийхээр болов ...” гэж тохиролцсоноос үзвэл хариуцагч цалин хөлсний үлдэгдэл тооцоотой болохыг хүлээн зөвшөөрч байжээ.

            Талуудын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Гэрээ”-ний 2.3, 4.1-т М.Б нь Ө-20СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажил үүргийг 3 жилийн хугацаагаар гүйцэтгэж, сар бүр 450 000 төгрөгийн хөлс авахаар заасан байна./1хх10/

            Хариуцагч нь М.Бгийн ажилласан хугацааны ажлын хөлс болон ажиллуулагчаас олгох хөлсний хэмжээний тухайд маргаагүй болно. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлын хөлс шаардсан шаардлагаас 6 дугаар сарын хөлс 225 000 төгрөг, 7, 8, 9 дүгээр сарын хөлс 1 350 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасантай нийцсэн болно.

            Хэргийн 164-179 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “Өнөр 20” СӨХ-ны бүх гишүүдийн 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хурлаас сонгогдсон удирдах зөвлөл, хяналтын зөвлөл нь Төрийн банк дахь 103500002891 тоот харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох тухай албан бичиг хүргүүлснээр банк уг дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоожээ.

            Холбооны дансыг хааснаас шалтгаалан нэхэмжлэгч нь гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, ажлаа хэвийн явуулах үүднээс нэр бүхий ажилчдын цалинд хувиасаа 1 400 000 төгрөгийг өгсөн, түүнийгээ шаардсаныг буруутгахгүй, шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь нэр бүхий ажилчдад цалинг хувиасаа олгосон нь цалингийн урьдчилгаа олгосон хүснэгт, гэрч А.Нямсүрэн, Д.Чанцал нарын “... Наадмын баярын үеэр, наадмын дараа нийт 300 000 төгрөгийн цалин авсан, дарга хүнээс мөнгө зээлж өгсөн ...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон. /1хх47, 48, 225-230/

            Харин шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв оновчтой сонгож хэрэглээгүй нь алдаатай болжээ. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болдог ба нэхэмжлэгчийн шаардлагын 1 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хуулийн энэ үндэслэлээр хариуцагчаас гаргуулах нь зөв юм.

Эдгээрээс дүгнэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын 2 750 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “... Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.” гэж, мөн зүйлийн 73.2 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан.

            Хариуцагчийн төлөөлөгчийн “...шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул ..., шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр харилцан тооцоо нийлэх боломж олгож өгнө үү...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Шүүх 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШЗ2020/01693 дугаар захирамжаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлсэн байх бөгөөд уг захирамжийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргасныг тус шүүхийн 2020 оны 02 сарын 18-ны өдөр 184/ШТ2020/0054 дугаар тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Мөн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ202/04226 дугаар захирамжаар “шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа” гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасныг зөрчөөгүй, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан СӨХ-нд хохирол учирсан гэх асуудлаар тусдаа шаардлага гаргах эрхтэй байна.            

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/02505 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “359.1” гэсний дараа “, 496 дугаар зүйлийн 496.1” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

                                                                                       Б.НАРМАНДАХ