Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2024/00528

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

нэхэмжлэгч: ***********-г төлөөлж, *********-н гаргасан нэхэмжлэлтэй,

хариуцагч: *********-д холбогдох

10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ********* миний бие ээж *********-н хашаанд худаг гаргуулахаар худаг усны газар ажиллаж байсан ********-тэй харилцан тохиролцож, хэлцэл хийсэн юм. Худаг гаргахад 20 сая болно. Усны дүгнэлт гаргахад 2 сая төгрөг болно гээд нийтдээ 22 сая төгрөгөөр тохиролцсон. Гэхдээ худаг гаргах мөнгийг нь миний авга эгчийн хүү ********* хувиасаа гаргаж төлж өгөхөөр болсон. Харин ******** гуай урьдчилгаа мөнгө 10 сая хэрэгтэй материалаа авна, машиндаа сэлбэг запас авна гэх мэтээр шахсаар байгаад 10 сая төг авч, мөн усны дүгнэлт гаргуулна гээд 2 сая төгрөг тус тус авсан байгаа. Нийтдээ худаг гаргах нэрийдлээр энэ хүнд 2024 оны 5 сарын 20-нд 10 сая төгрөг өгсөн боловч худаг гаргаж чадаагүй тул өгсөн мөнгөө буцааж нэхэмжилж байна. Маш олон удаа утсаар шаардсан боловч сүүлдээ утсаа авахгүй байсаар хоног алдаж байна. Жич: Худаг гаргадаг компаниуд 13 сая төгрөг дотор бүх үйлчилгээ нь багтдаг. Урьдчилгаа мөнгө гэж олон саяар нь авдаггүй юм байна. Худаг усны дүгнэлт гаргадаг үнэ нь худаг гаргах үйлчилгээндээ багтдаг байтал энэ ******** гэдэг хүн хэт их үнэтэй худаг гаргадаг, машин нь шаардлага хангахгүй олон удаа зогсож, эвдэрсэн, урьдчилгаа их мөнгө үндэслэлгүй авсан, худаг гаргаж чадаагүй байж, мөнгийг нь өгөхгүй байгаад нь маш их гомдолтой байна. Цаашид шаардлага гарвал усны дүгнэлт гаргасан 2 сая төгрөгийг ч нэхэмжилж авна. Учир худаг усны компаниуд энэ үнийг худаг гаргах үйлчилгээндээ оруулдаг, тусдаа үнэ ханш байдаггүй юм байна. Иймд миний материалыг үндэслэн иргэн ********-с 10 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Цаашид 2 сая төгрөгөө нэмэлтээр нэхэмжилж авах болно гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ********* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ********* миний бие иргэн *********-с өр төлбөрөө бүрэн барагдуулах зорилгоор өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********-р дамжуулан шүүхэд гомдол гаргаж байсан билээ. Миний бие иргэн *********-той маргаанаа шийдвэрлэж, өр төлбөрөө барагдуулсан тул *********-д олгосон итгэмжлэлээ цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна. Миний бие нь иргэн *********-с таван сая төгрөг авч өр төлбөрөө бүрэн барагдуулсан тул *********-р төлөөлүүлэн гаргасан холбогдох иргэний хэргийн гомдлоо татаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. *********-н нэхэмжлэлтэй, хариуцагч *********-д холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Учир нь нэхэмжлэгч ********* нь *********-д олгосон итгэмжлэлээ цуцалж, нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн ... ********* миний бие иргэн *********-с өр төлбөрөө бүрэн барагдуулах зорилгоор өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-р дамжуулан шүүхэд гомдол гаргаж байсан билээ. Миний бие иргэн *********-д олгосон итгэмжлэлээ цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна. Миний бие нь иргэн *********-с таван сая төгрөг авч өр төлбөрөө бүрэн барагдуулсан тул *********-р төлөөлүүлэн гаргасан холбогдох иргэний хэргийн гомдлоо татаж байна… гэх хүсэлтээр нотлогдож байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаар тогтоолоор “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн "нэхэмжлэгч нэхэмжлэлээ... татан авч болно" гэдгийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан "нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан"-тай нэгэн адил ойлгоно.” гэж заажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийн тал хувь 87,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 87,475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *********-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *********-н нэхэмжлэлтэй, хариуцагч *********-д холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийн тал хувь 87,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 87,475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *********-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                    

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН