Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

                                      М.*******т холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан

Шүүгдэгч М.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, С.Төмөрбаатар, П.Гантөмөр

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/195 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор М.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2022/0033/Э индекстэй 3 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын*****-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ***** боловсролтой, г*****мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ******и хамт нийслэлийн Баянзүрх дүүргийн****дугаар хороо, ******* байрны ***** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:*********/;

Шүүгдэгч М.******* 2020 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Хуст нарийн” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид 4,024,044 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: М.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан М.*******т оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.5, 2.6, 3 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газарт 771 төгрөг, газрын хэвлийд 917,075 төгрөг, усан орчинд учруулсан хохиролд 3,124,198 төгрөг, нийт 4,042,044 /дөрвөн сая хорин дөрвөн мянга дөчин дөрвөн/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч М.******* нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ******* УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, ******* УНС улсын дугаартай, “Вейвэн-ND3253” өөрөө буулгагч автомашин, 0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашин, ******* УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” 380ЛС маркийн экскаваторын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг тус тус хүчингүй болгож,

-0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашиныг өмчлөгч, эзэмшигч овогтой т /РД:/ буцаан олгож,

а/******* УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, ******* УНС улсын дугаартай, “Вейвэн-ND3253” маркийн өөрөө буулгагч автомашиныг тус тус хууль ёсны өмчлөгч, эзэмшигч ******* овогтой *******ад /РД:*******/ буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр 2 автомашин тус бүр 50,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн (50,000,000x2=100,000,000) 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг;

б/******* УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” 380ЛС маркийн экскаваторыг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч овогтой д /РД:/ ус тус буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн 180,000,000 /нэг зуун наян сая/ төгрөгийг;

г/бичиг баримтгүй, улсын дугааргүй, “Кат-320” маркийн экскаваторыг ******* овогтой *******ад /РД:*******/ буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг нийт 480,000,000 /дөрвөн зуун наян сая/ төгрөгийг шүүгдэгч М.*******оос гаргуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко Инженеринг” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтийн ажлын хөлс 5,000,000 /таван сая/ төгрөгийг тус компаний Хаан банкны 5021292312 тоот дансанд оруулж, үлдэгдэл 475,000,000 /дөрвөн зуун далан таван сая/ төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулж,

Шүүгдэгч М.*******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...1.Шүүгдэгч М.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг “Хуст нарийн” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж.байгаль экологид 4,042,044 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, өөрийн үйлдсэн хэргээ буруу төсөөлсөн, эрх зүйн мэдлэг дулимаг байдлаас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 8-13-насны 2 хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгуулийн ял оногдуулж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна.

2.Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан “Арвижих Эстимейт” ХХК-ны 2021.05.27-ны өдрийн 1/072 дугаартай “Тогтоолын хариу” гэх нэршилтэй шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн нотлох баримт гэж дүгнэн, улмаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.5-р зүйлийн 3 дахь хэсэг, 7.5-р зүйлийн 4-дэх хэсгүүдэд зааснаар “хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн 480,000,000 төгрөгийг шүүгдэгч М.*******оос гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “...Эко Инженеринг” ХХК-ны 2020.10.20-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтийн ажлын хөлс 5,000,000 төгрөгийг тус компаний Хаан банкны 5021292312 тоот дансанд оруулж, үлдэгдэл 475,000,000 төгрөгийг Улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь: Шинжээчийн 1/072 дугаартай дүгнэлт гэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-оос 1.6-д заасан хуулийн шаардлага хангаагүй тул анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Төмөрбаатар миний зүгээс шинжээчийн дүгнэлт гэх “тогтоолын хариуг” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 7-д: “...Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэсэн заалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11-р зүйлийн 2-д: “...Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагааг цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нь нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж дараах шийдвэр гаргана, 2.2-д: “бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх” гэсэн заалтуудын хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсэж тайлбар хийж байсан боловч хүлээж аваагүй. Иймд дээрхи бичгийн баримтыг нотлох баримтаас хасч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...М. нь 2020 оны 08-09 дүгээр сарын 20-ны өдрийн хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Хуст нарийн” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид 4.024.044 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 195 тоот шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Миний үйлчлүүлэгч төрийн байгууллагаас зарласан нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд оролцохоор бусдаас өндөр үнэтэй техник түрээсэлж, үйл ажиллагаа явуулж байгаад өөрийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, бусдад итгэсэн итгэл зэрэг олон бусад шалтгаанаас болж газрын хэвлийд халдаж дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.

М. нь нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах зорилгоор 475.00.000 төгрөгийн өндөр үнэтэй техник хэрэгслийг ашиглаж байсан ба эдгээр техникүүд нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эсэх, нөгөө талаар М. нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байтал эдгээрийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах зорилгоор урьдаас бэлтгэж, завдсан гэх хуулийн шаардлагыг хангаж байгаа эсэх дээр эрх зүйн дүгнэлт хийж өгнө үү.

Мөн М.т оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг юм. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлтээс харвал хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж харж байна. Ер нь эрүүгийн хариуцлагад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэдэг нь тухайн холбогдогчид холбогдох эрүүгийн хариуцлагын асуудал, ялын төрөл хэмжээ нөлөөлөх ёстой гэж би өмгөөлөгчийн хувьд үздэг. Нэгэнт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол тухайн зүйл хэсэгт заасан хамгийн хөнгөн ялын төрөл, хамгийн байж болох бага нэгж байх ёстой гэж үзэж байна. Тиймээс хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас миний үйлчлүүлэгчид торгуулийн ял оноох боломжтой байсан. Анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоол байсан. Тэрхүү торгуулийн ял нь миний үйлчлүүлэгчид тохирох юм. Ял, эрүүгийн хариуцлага гэдэг нь буруутгагдаж байгаа этгээддээ тохирсон байхыг шаарддаг. Шийтгэх тогтоол, яллах дүгнэлтээс хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж харж байна. Энэ нь ч өөрөө зүйлчлэлийн хувьд 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдсэнээрээ хүндрүүлэх бүрэлдэхүүн алга гэдэг нь нийтэд илэрхий байна. Хэрэв 24.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг болоод явсан бол хүндрүүлэх нөхцөл байдал байна гэсэн ойлголт юм.

...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байсан үйл баримт, өнөөдрийн хавтаст хэрэгт байгаа үйл баримтаас өөрчлөгдөөгүй байна. Тэгэхээр бид 10 сарын өмнө шүүгдэгчид хариуцлагыг өөрөөр ярьж болж байсан мөртлөө хожуу хариуцлагыг өөр түвшинд ярьж болохгүй.

...Гэм буруугаа ухамсарлаж байгаа асуудал нь хэдийгээр хөнгөрүүлэх боловч хамгийн нэгдүгээрт хүний эрхийг хүндэтгэх ёстой. Давж заалдах гомдол гаргаснаараа хүний эрх зүйн байдал дорддог байж болохгүй. Анх 5.400.000 төгрөгөөр торгуулаад, 200.000.000 төгрөгийн хөрөнгөө хураалгаж байсан шийдвэрийн араас давж заалдах гомдол гаргасны төлөө 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял болж өөрчлөгдөж, ялын төрөл өөрчилж байгаа нь тохиромжгүй байна. Хөрөнгө хурааж байгаа, араас нь үүсэж байгаа шийдвэрүүд 1.4 дахин нэмэгдэх байдлаар орж ирж байгааг өмгөөлөгчийн хувьд ойлгохгүй байна. ... Хууль хатуу байх ч гэлээ энэрэнгүй, шударга байх үндсэн зарчмыг харгалзаж, торгуулийн ял болгож өөрчилж, улсын орлого болгохдоо зогсоолд байгаа эсэх, талбайд байгаа эсэх гэдгээр нь ялгамжтай байдлаар хандаж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...М.******* миний бие 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 195 тоот шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн.

Би төрийн байгууллагаас зарласан нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд оролцохоор бусдаас өндөр үнэтэй техник түрээсэлж, үйл ажиллагаа явуулж байгаад өөрийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, бусдад итгэсэн итгэл зэрэг олон бусад шалтгаанаас болж газрын хэвлийд халдаж дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Миний үйлдсэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд төрийн албан хаагчдын тодорхой үйлдэл нөлөөлснийг би анхан шатны шүүхэд ойлгуулах гэж бодит нөхцөл байдлыг тайлбарласан маань үнэн.

Би эмэгтэй хүн, бага насны хүүхдүүдтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг маань харгалзан үзэж биеэр эдлэх хорих ялыг өөрчилж, хөнгөрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна.

Цагдан хоригдоод чамгүй удаж байна, миний бие эрүүл мэндийн байдал маань сайнгүй, бөөр маань өвдөж, турж эцэж сэтгэл санаа маань үнэхээр туйлдаж ядарч байна.

Би холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч харамсаж буйгаа гараар бичиж өмгөөлөгчөөрөө дамжуулан сийрүүлэн бичүүлснийг маань ойлгон хүлээж авахыг хүсье. Гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтын хүрээнд М.******* нь хамгаалалтын бүсэд газрын хэвлийд халдаж 4.042.044 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон шүүхээс гэм буруутай гэж үзсэн тул хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Торгуулийн шийтгэл үр нөлөөгүй байна гэж үзээд ялыг сольж хорих ялаар сольсон. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан зүйлийг зөв хэрэглэсэн. Анхнаасаа бодит байдлыг зөрүүтэйгээр ойлгоод нөхөн сэргээх гэж газар ухсан асуудал биш, Нөхөн сэргээлтийн гэрээ ямар зориулалтаар байгуулсан бэ гэхээр постуудыг нэвтрэх зориулалттай хийсэн гэрээ байсан. Анхан шатны шүүхээс оноосон ял тохирч байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор М.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч М.******* 2020 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Хуст нарийн” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид 4,024,044 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Л.гийн өгсөн “...Тус хэрэгт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийлгэх санал хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 09-17 тал/, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 06/6654 тоот албан бичиг, Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 8/4535 дугаартай албан бичиг /1 хх-ийн 22 тал/, Нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 03 тоот гэрээ болон холбогдох баримт бичгүүд /хх-ийн 23-28/, Эко-Инженеринг ХХК-ий шинжээчийн “...Хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 4.024.044 төгрөг болж байна. Тухайн газарт нөхөн сэргээлтийн ажлын зардал 1.031.224 төгрөг байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 78-104 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байх ба шүүгдэгч М.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, улсын яллагчийн зүгээс хорих ялын санал оруулсан боловч түүний хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн 7000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял  оногдуулан өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ******* УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, ******* УНС улсын дугаартай, “Вейвэн-ND3253” өөрөө буулгагч автомашин, 0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашин, ******* УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” 380ЛС маркийн экскаваторын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг тус тус хүчингүй болгож,

-0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашиныг өмчлөгч, эзэмшигч овогтой т /РД:/ буцаан олгож,

а/******* УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, ******* УНС улсын дугаартай, “Вейвэн-ND3253” маркийн өөрөө буулгагч автомашиныг тус тус хууль ёсны өмчлөгч, эзэмшигч ******* овогтой *******ад /РД:*******/ буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр 2 автомашин тус бүр 50,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн (50,000,000x2=100,000,000) 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг;

б/******* УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” 380ЛС маркийн экскаваторыг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч овогтой д /РД:/ ус тус буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн 180,000,000 /нэг зуун наян сая/ төгрөгийг;

г/бичиг баримтгүй, улсын дугааргүй, “Кат-320” маркийн экскаваторыг ******* овогтой *******ад /РД:*******/ буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг нийт 480,000,000 /дөрвөн зуун наян сая/ төгрөгийг шүүгдэгч М.*******оос гаргуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко Инженеринг” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтийн ажлын хөлс 5,000,000 /таван сая/ төгрөгийг тус компаний Хаан банкны 5021292312 тоот дансанд оруулж, үлдэгдэл 475,000,000 /дөрвөн зуун далан таван сая/ төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж үзээд дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч М.*******, гэрч иргэний нэхэмжлэгч М.*******, Л., Ж. нарын мэдүүлгээр газрын хэвлийд халдсан үйлдлийг бичиг баримтгүй, улсын дугааргүй, “Кат-320” маркийн экскаватороор гүйцэтгэсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон бусад техник хэрэгслийг ашигласан эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан ******* УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, ******* УНС улсын дугаартай, “Вейвэн-ND3253” өөрөө буулгагч автомашин, 0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашин, ******* УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” 380ЛС маркийн экскаваторын үнэлгээгээр тогтоогдсон 280.000.000 төгрөгийг шүүгдэгч М.*******оос гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бичиг баримтгүй, улсын дугааргүй, “Кат-320” маркийн экскаватор нь иргэний нэхэмжлэгч ******* овогтой *******ынх гэх боловч баримтаар нотлогдохгүй байгаа байдлыг харгалзан хурааж улсын орлогод оруулан түүний үнэлгээгээр тогтоогдсон 200.000.000 төгрөгийг шүүгдэгч М.*******оос гаргуулан М.*******ад, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 5.000.000 төгрөгийг гаргуулан шинжилгээний компанид тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгчдийн гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/195 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  2, 3, 5 дахь заалтуудад өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/195 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  

2 дахь заалтыг:

“2.Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5, 6.10 дугаар зүйлийн 1, 2-д заасныг баримтлан ялтан М.*******ын энэ гэмт хэргийн улмаас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 60 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцоход 900.000 төгрөг болж байгааг оногдуулсан торгох ял буюу 7.000.000 төгрөгөөс хасч торгох ялын хэмжээг 6.100.000 төгрөгөөр тогтоож, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол 15 нэгж буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж,

5 дахь заалтыг:

“5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ******* УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, ******* УНС улсын дугаартай, “Вейвэн-ND3253” өөрөө буулгагч автомашин, 0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашин, ******* УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” 380ЛС маркийн экскаваторын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг тус тус хүчингүй болгож,

-0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашиныг өмчлөгч, эзэмшигч овогтой т /РД:/ буцаан олгож,

а/******* УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, ******* УНС улсын дугаартай, “Вейвэн-ND3253” маркийн өөрөө буулгагч автомашиныг тус тус хууль ёсны өмчлөгч, эзэмшигч ******* овогтой *******ад /РД:*******/ буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр 2 автомашин тус бүр 50,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн (50,000,000x2=100,000,000) 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг,

б/******* УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” 380ЛС маркийн экскаваторыг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч овогтой д /РД:/ ус тус буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн 180,000,000 /нэг зуун наян сая/ төгрөгийг, нийт 280.000.000 төгрөгийн үнэлгээг хэрэгсэхгүй болгож,

г/бичиг баримтгүй, улсын дугааргүй, “Кат-320” маркийн экскаваторыг ******* овогтой *******ад /РД:*******/ буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн эксаваторыг гаргуулан улсын орлогод оруулж, түүний үнэ 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко Инженеринг” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтийн ажлын хөлс 5,000,000 /таван сая/ төгрөг нийт 205.000.000 төгрөгийг шүүгдэгч М.*******оос гаргуулан, тус компаний Хаан банкны 5021292312 тоот дансанд 5.000.000 төгрөгийг оруулж, үлдэгдэл 200.000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг *******ийн *******ад олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчдийн гомдлыг хүлээн авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ