Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 01961

 

 

 

 

 

 

 

 

 

“ЭК ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01715 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ЭК ББСБ” ХХК-ийн хариуцагч Э.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 840 846 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭК ББСБ” ХХК нь Э.Б-д 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗГ0200180034 тоот “Зээлийн гэрээ”-ээр 13 000 000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно.  Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ЗГ0200180034 тоот Барьцааны гэрээгээр Ү-2202026611 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид, г-12 гудамж, 147-6 тоот хаягт орших 62 м.кв талбай бүхий хувийн сууц 2 ширхэг, мөн тус хаягт орших Г-2202015998 дугаартай, 657 м кв талбай бүхий гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалсан болно. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ0200180034 тоот “Зээлийн гэрээ”-ний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин 242 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.  Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 13 000 000 төгрөг, үндсэн хүүнд 7 627 966,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 212 879,33 төгрөг, нийт 20 840 846 төгрөгийн өр төлбөртэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу Э.Б-эс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 840 846 төгрөгийг гаргуулах, “ЭК ББСБ” ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй ЗГ0200180034 тоот барьцааны гэрээгээр Ү-2202026611 дугаартай Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид г-12 гудамж, 147-б тоот хаягт орших 62 м.кв талбай бүхий хувийн сууц 2 ширхэг, мөн тус хаягт байрлах Г-2202015998 дугаартай 657 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Б- нь “ЭК ББСБ” ХХК-иас 13 000 000 төгрөгийн зээлийг 2,9 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай авсан нь үнэн. Санхүүгийн хүндрэлийн улмаас хугацаандаа төлж чадаагүй өнөөдрийг хүрсэн.  Одоогоор миний санхүүгийн бодит боломж 6 дугаар сарын хугацаатай хувааж төлөхөөр байх тул 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд төлж эхлэх бөгөөд 6 сар хүртэл хугацаанд төлж дуусгана  “ЭК ББСБ” ХХК тус шүүхэд нэхэмжлэл гарган зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор  Э.Б- намайг хариуцагчаар татан 20 840 846 төгрөг нэхэмжилсэн.  Нэхэмжлэгч талтай зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ зээлийн гэрээнд 13 000 000 төгрөг зээлсэн мэт харагдаж байгаа боловч зээлдүүлэгч тал миний Хаан банкны 5007397887 тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12 350 000 төгрөг шилжүүлсэн.  Иймд үндсэн зээл олгосон мөнгөнөөс зээлийн хүүг бодох ёстой. Зээлсэн буюу надад шилжүүлсэн бодит үнийн дүнгээс хүүг бодвол нэг жилийн үндсэн хүү нь нийт 4 655 950 төгрөг, /12 350 000 төгрөгийн сарын 2,9 хувийн хүү нь 4 655 950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү хуульд заасны дагуу тооцоолбол 520 511 төгрөг/  Иймд зээлдэгч нийт үндсэн зээл 12 350 000 төгрөг, үндсэн хүү 4 655 950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 520 511 төгрөг буюу нийт 17 526 461 төгрөг төлөх ёстой байтал нэхэмжлэгч тал тооцоолол буруу хийж үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын төлөөлөгч буюу хуулийн ажилтан нь миний хуулийн мэдлэггүйг минь далимдуулан энэ мөнгийг бүгдийг өгөх ёстой тул эвлэрлийн гэрээ хийвэл амар байдаг юм  Чамд 10 сарын хугацаа өгч байна гэж ойлгуулан эвлэрлийн гэрээ хийсэн  Гэтэл зээл төлөлтийг 2020 оны 7 capд багтаан 13 000 000 төгрөг төлөхөөр гэрээнд оруулсан байна.  Миний хувьд 2020 оны 7 сард багтааж төлөх ямар ч боломжгүй бөгөөд төлөлтийн хугацааг надад буруу ойлгуулж эвлэрлийн гэрээнд тусгасан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Э.Б-эс 16 840 846 төгрөгийг гаргуулж “ЭК ББСБ”  ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Б- нь 16 840 846 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202026611 дугаартай Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид г-12 гудамж, 147-б тоот хаягт орших 62 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах Г-2202015998 дугаартай 657 м.кв талбай бүхий гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхтэй газрыг албадан худалдаж, нэхэмжлэгч “ЭК ББСБ” ХХК-ийн шаардлагыг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЭК ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 354,23 /262 154,23+70 200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-эс улсын тэмдэгтийн хураамжид 332 354,23 төгрөгийг гаргуулж “ЭК ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.  

 

Хариуцагч Э.Б- давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна  Энэхүү маргаан үүсэх болсон үндэслэл нь миний бие нэхэмжлэгч талтай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээнд 13 000 000 төгрөг зээлсэн мэт харагдаж байгаа боловч зээлдүүлэгч тал миний Хаан банкны 5007397887 тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12 350 000 төгрөг шилжүүлсэн.  Иймд үндсэн зээл олгосон мөнгөнөөс зээлийн хүүг бодох ёстой байсан. Зээлсэн буюу надад шилжүүлсэн бодит үнийн дүнгээс хүүг бодвол нэг жилийн үндсэн хүү нь нийт 4 655 950 төгрөг, /12 350 000 төгрөгийн сарын 2,9 хувийн хүү нь 4 655 950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү хуульд заасны дагуу тооцоолбол 212 879 33 төгрөг/ Иймд зээлдэгч миний зүгээс нийт үндсэн зээл 12 350 000 төгрөг, үндсэн хүү 4 655 950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 212 879,33 төгрөг буюу нийт 17 218 829,33 төгрөг төлөх ёстой байтал нэхэмжлэгч тал тооцоолол буруу хийж үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн гэж үзэж байна  Мөн шүүх буруу дүгнэлт хийж нотлох баримтыг буруу үнэлэн дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Түүнчлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын тайлбарыг голчлон анхаарч, харин хариуцагч талын тайлбарыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан  Үүнийг тодруулбал шүүх талуудын хооронд анхнаасаа ямар харилцаа үүссэн, хариуцагч миний гаргаж өгсөн тооцоолол, нотлох баримт болох зээлийн гэрээний үнийн дүн, Хаан банкны дансны хуулгыг огт анхаарахыг хүсээгүй байна. Хариуцагч буюу зээлдэгч талыг хохироож байхад шүүх энэхүү байдлыг нотлоогүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй.  Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.  

 

Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “ЭК ББСБ” ХХК нь зээлдэгч Э.Б-д 13 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.  /хх-ийн 10/

 

Зохигчид мөн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗГ0200180034 дугаартай барьцааны гэрээг байгуулж, дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Э.Бат-Эрдэнийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид г-12 гудамж, 147-б тоот хаягт байршилтай 62 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан  /хх-ийн 11 ар тал, 12, 15, 36, 37/

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, уг зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156 1, 156 2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн. Зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Э.Б- хүлээн авсан эсэх талаар маргаагүй.  /хх 15/

 

Хариуцагч Э.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 000 000 төгрөгийг төлсөн талаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн тайлбар гаргаснаар уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ  /хх-ийн 52/

 

Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын     08-ны өдөр дууссанаас хойш хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн хэмжээг 5 хувиар төлөхөөр тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэсэн зохицуулалтанд нийцээгүй байхад хэтэрсэн хугацааны хүү тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.  

 

Түүнчлэн зээлдүүлэгч нь 13 000 000 төгрөгийн зээлийг олгохоор тохиролцсон атлаа зээлийн шимтгэл гэж 650 000 төгрөгийг хасч, 12 350 000 төгрөгийг бодитойгоор олгосон байхад зээлийн тооцооллыг хуульд нийцүүлэлгүй нэхэмжлэлийг бүхэлд хангасан нь буруу байна.  

 

Дээрх байдлаар хариуцагч үндсэн зээл 12 350 000 төгрөг, 12 сарын гэрээний хугацааны хүү 4 297 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 565 190 төгрөг, нийт 17 212 990 төгрөг төлөхөөс 4 000 000 төгрөгийг төлсөн тул 13 212 990 төгрөг төлөхөөр байна.

 

Гэвч  хариуцагч Э.Б- шүүх хуралдаанд “  17 526 461 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой  Үүнээс төлсөн 4 000 000 төгрөгийг хасч, 13 218 829 төгрөгийг төлөх”-ийг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан /хх-ий 52/ тул хариуцагчаас 13 218 829 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЭК ББСБ” ХХК-д олгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01715 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагч Э.Б-эс 16 840 846 төгрөг гаргуулж “ЭК ББСБ” ХХК-д олгосугай” гэснийг “хариуцагч Э.Б-эс 13 218 829 төгрөг гаргуулж “ЭК ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 622 017 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “улсын тэмдэгтийн хураамжинд 332 354,23 төгрөг гаргуулж” гэснийг “улсын тэмдэгтийн хураамжинд 224 045 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 242 154 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                     Д ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                 Н БАТЗОРИГ