Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0874

 

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0874

 Улаанбаатар хот

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.М нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, А.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0724 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.М-ийн нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний жанжин штабын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0724 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар  

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Халах, цэргийн цол хураах тухай” Б/864 дугаар тушаалын Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Мийг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын артиллерийн батарейны бууны захирагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

                  2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 11 сар 3 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 8,989,345.83 /найман сая есөн зуун наян есөн мянга гурван зуун дөчин таван төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Б.М-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын даргад даалгаж тус тус шийдвэрлэжээ.

                  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах гомдолдоо: “... Иргэн Б.М-ийн “Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/864 дүгээр тушаалын Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын артиллерийн батарейны бууны захирагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэл, захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар хуулийн 15.4.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03- ны өдрийн “Халах, цэргийн цол хураах тухай” Б/864 дүгээр тушаалын Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Мийг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын артиллерийн батарейны бууны захирагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай хэмээн шийдвэрлэсэн.

                  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргад холбогдуулан гаргасан иргэн Б.М-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3 дахь хэсэгт “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн. Үүнд:

                  1/. Нотлох баримтыг буруу үнэлсэн тухай:

Шүүхийн шийдвэрийн "... Хариуцагч нь нэхэмжлэгч Б.М-ийг ажлын 18 (16) өдрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэж маргаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний 016 дугаар ангиас ирүүлсэн Танкийн батальоны офицер, ахпагч нарын 2016 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны ажилласан өдрийн тодорхойлолтоос үзэхэд Б.Мийг 2016 оны 01 дүгээр сард 1 өдөр, 06 дугаар сард 3 өдөр, 07 дугаар сард 3 өдөр, 09 дүгээр сард 9 өдөр нийт 2016 онд ажлын 16 өдрийг тасалсан гэж, харин Зэвсэгт хүчний 016 дугаар ангиас ирүүлсэн Танкийн батальоны офицер, ахлагч нарын 2016 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны цагийн бүртгэлээс үзэхэд Б.Мийг 2016 оны 01 дүгээр сард 5 өдөр, 02 дугаар сард 5 өдөр, 03 дугаар сард 4 өдөр, 05 дугаар сард 8 өдөр, 06 дугаар сард 5 өдөр, 07 дугаар сард 6 өдөр, 08 дугаар сард 8 өдөр, 09 дүгээр сард 11 өдөр, 10 дугаар сард 2 нийт 2016 онд ажлын 54 өдрийг тасалсан гэж тус тус илтэд зөрүүтэй бүртгэгджээ. Түүнчлэн Б.М нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хүүхдээ асрах чөлөөтэй байсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн магадлагаа, эмчийн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.” гэж Б.Мийн ажлын цагийн бүртгэл, ажилласан өдрийн тодорхойлолтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж үнэлж, дүгнэсэн.

                  Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2 удаагийн шүүх хуралдаанд хийсэн тайлбартаа "... Б.М-ийн ажил тасалсан ажлын 16 өдөр нь Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын цалингийн цэс буюу цалин бодсон хоногоор нь тооцогдох бөгөөд энэ цагийн бүртгэлийг баримтлах ёстой гэж, харин Танкийн батальоны цагийн бүртгэл бол өдөр тутмын цагийн бүртгэл бөгөөд тухайн танкийн батальон нь алба хаагчдынхаа цалинг тооцуулахдаа зарим нэг /ар гэр, ахуй амьдрал, өөрийнх нь амлалт/ шалтгааны улмаас тасалсан өдрүүдээс нь хасч буюу багасгаж тооцуулж байсан. Цалин бодох ажилласан өдрийн тодорхойлолтыг тухайн цэргийн алба хаагчийн шууд харьяалах салбарын өгсөн ажилласан өдрийн бүртгэлийг үндэслэнэ. Б.М нь 2016 онд нийт ажлын 54 өдрийг тасалсаныг Танкийн батальоны удирдлагууд Б.М-ийн амьдрал ахуй, ар гэрийн нөхцөл байдал /эхнэр нь ажилгүй, 3 бага насны хүүхдүүдтэй/ зэргийг харгалзан үзэж сар бүрийн ажилласан өдрийн тодорхойлолтыг гаргаж, цалинг нь тооцуулахдаа 2-3 өдрийн таслалтыг хасч тооцуулж байсан. Энэ нөхцөл байдлыг судлан үзэлгүйгээр буюу гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд авч үзэлгүйгээр шийдвэр гаргасан.”

                  Нөгөөтээгүүр Б.М-ийн ажил тасалсан өдрүүдийн зөрүүтэй байдал болон хүүхдээ асрах чөлөөтэй байсан зэрэг үндэслэлээр ажлын 16 өдрииг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэдэг нь нотлогдохгүй байна гэж шийдвэрлэсэн нь өөрөө нотлох баримтыг бүх талаас нь шинжлэн судалж үнэлэх үүргээ шүүх зөрчсөн.

                  Танкийн батальоны 2016 оны цагийн бүртгэлийг Б.М-ийг ажил таслаагүй гэдгийг нотлохын тулд ашигласан бөгөөд эмнэлгийн магадлагаа, эмчийн үзлэгийн тэмдэглэл гэсэн 10 хоногийн хугацаатай баримтыг үндэслэж ажил таслаагүй гэж шийдвэрлэсэн нь мөн л нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн.

                  Б.М-ийн хүүхдээ асарч эхэлсэн гэх 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нь “Бямба гараг” байсан. Энэхүү эмнэлгийн магадлагаа бопон эмчийн үзлэгийн тэмдэглэлийг нягтлан шалгаагүй. Эмнэлгийн магадлагаа бол хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох хангалттай нотлох баримт биш Б М-ийг хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж тогтоосон нь өөрөө хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд хүүхэд асрах чөлөө олгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байдаг.

                  Хүүхэд асрах чөлөөг гагцхүү амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно" гэх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж, Б.М-ийг хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж тогтоосон хуульд заасан нэр томьёо, эрх зүйн зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

                  Түүнчлэн Б.М-ийг 2016 оны 09 дүгээр сарын 10-наас 20-ны өдрүүдэд чөлөөтэй байсан эсэхийг дан ганц Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн магадлагаа, үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон. Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын Танкийн батальоны 2016 оны 09 дүгээр сарын цагийн бүртгэлийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнээгүй нь мөн хэт нэг талыг баримталсан шийдвэрийг гаргажээ.

                  Танкийн батальоны 2016 оны 09 дүгээр сарын цагийн бүртгэлийн хуудсанд Б.М нь 2016 оны 09 дүгээр сарын 09, 12, 13-ны өдрүүдэд ажил тасалсан, харин 09 дүгээр сарын 14, 16, 17, 18, 20-ны өдрүүдэд ажилласан бүртгэлийг огт судалж, үнэлээгүйгээр шийдвэр гаргасан.

                  Нэхэмжлэгч Б.М нь Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагчид хандсан өргөдлийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан байдаг. Гэтэл тэрээр цэргийн жинхэнэ албанас бэлтгэлээр халагдсан үедээ эмнэлгийн магадлагаа, үзлэгийн тэмдэглэл зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцуулах баримт бичиг, материалыг гаргаж өгөөгүй атал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар гаргаж байгаа нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн магадпагаа, үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримт гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй юм.

                  Үүнийг нэхэмжлэгч Б.М-ийн өөрийнх нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлээс тодорхой харж болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "... Бага хүү төрж эцгийн 10 хоногийн амралт эдэлсэн. Эхнэр төрөөд удаагүй бага хүүгийн биеийн байдал муугаас дахин 10 хоногийн чөлөө хүсэхэд надад зөвшөөрөөгүй.”, "... би энэ үед ээлжийн амралттай, бага хүү маань бие нь муу эмнэлэгт хэвтэж байсан” гэх нэхэмжлэлд дурдсан зүйлүүдийг шүүх нягталж шалгаагүй.

                  Нэгдүгээрт, Б.М-т чөлөө өгөхгүй гэж хэлэхээр нь ажлаа таслаад явсан. Түүнчлэн хүүгийнх нь л бие муу эмнэлэгт хэвтсэн. Хэн асарч байсан талаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй байсан нь Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс эмчийн магадлагааг нөхөж авч, нотлох баримтыг. хуурамчаар бүрдүүлсэн байх гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, тайлбарыг шүүх огт хүлээж аваагүй, сонсоогүй.

                  .Мөн Б.М-ийн шүүх хуралдаан нь 3 удаа нэхэмжлэгч талын хүсэлт болон нэхэмжпэгч, түүний өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх шалтгааны улмаас хойшилж байсан. Энэ бүхэнд хариуцагчийн зүгээс тавьсан хүсэлт, саналыг огт хүлээж аваагүй нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэх эрх зүйн үндэслэлтэй.

                  Танкийн батальоны цагийн бүртгэлийг нотлох баримтаар тооцохгүй байгаа нь төрийн байгууллагын болоод Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагааг мушгин гуйвуулах, үгүйсгэх хандлагатай байна.

                  2/. Хуулийг буруу хэрэглэсэн тухай:

                  Захиргааний хэргийн анхан шатны шүүх нь дараах хууль тогтоомжуудыг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Үүнд:

                  Төрийн албаны тухай хууль,

                  Цэргийн албаны тухай хууль,

                  Хөдөлмөрийн тухай хууль,

                  Зэвсэгт хүчний тухай хууль,

                  Цэргийн сахилгын дүрэм, Цэргийн дотоод албаны дүрэм,

                  Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын ёс зүйн дүрэм,

                  Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам зэрэг хууль тогтоомжуудыг буруу хэрэглэсэн шийдвэр гаргажээ.

                  Тухайлбал, шийдвэрийн “...Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, эаалтыг баримтлаагүйгээс актын агуулга ойлгомжгүй, тодорхой бус болжээ" гэж тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

                  Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны Б/864 дүгээр тушаалын агуулга, зорилго нь тодорхой, ямар асуудлыг зохицуулж байгаа ойлгомжтой болно. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 18 өдрийг тасалж, цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчин, ахлагчийн алба хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй болсон Б.Мийг цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халсан.

                  Б.М-ийг цэргийн албанаас халсан асуудлын үндсэн шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 18 өдрийг тасалсан үйлдэл. Энэхүү үйлдлийн улмаас Б.М нь цэргийн дүрэм, сахилгыг зөрчиж, улмаар ахлагчийн алба хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй болсон Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалдаг, ахлах даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй хүнийг цэргийн жинхэнэ албанд ажиллуулах үндэслэлгүй. Цэргийн алба бол төрийн албаны тусгай онцлог бүхий алба. Тэр ч утгаараа цэргийн тангараг өргөсөн цэргийн алба хаагч ахлах даргын өгсөн үүрэг даалгаврыг хэлбэртэлгүй гүйцэтгэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ зөрсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Цэргийн алба бол бусад төрийн албанаас эрс тэс ялгаатай бөгөөд эрх зүйн байдал нь гагцхүү Цэргийн алба хаагчийн байдлын тухай, Цэргийн албаны тухай хуулиар илүү нарийвчилж, зохицуулна. Яагаад бусад төрийн тусгай албанаас ялгаатай вэ гэхээр цэргийн албанд орж ажиллах гэж байгаа иргэн нь эх орноо амь биеэ үл хайрлан хамгаалах утга бүхий тангараг өргөдөг бол бусад төрийн тусгай алба нь хуулийн л хариуцлага гэсэн утга бүхий тангараг өргөдөг гэдгийг онцлон анхаарахыг хүсье.

                  "... хариуцагч нь нэхэмжлэгч Б.М-ийг дээрх ажил, албан тушаалаас халахдаа Цэргийн албаны 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг гол үндэслэлээ болгожээ. Өөрөөр хэлбэл Б.М-ийг 2016 оны 01 дүгээр сараас ажлын 18 өдрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, цэргийн нийтлэг дүрэм.,цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн гэж үзэж, түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс ажил, албан тушаалаас нь халсан нь хууль бус болжээ" гэж шийдвэрлэсэн дараах нөхцөл байдлыг эсэргүүцэж байна.

                  Үүнд:

                  Анхан шатны шүүхээс Б.М-ийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль илүү нарийвчлан зохицуулна гэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн нь харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтад Төрийн албаны тухай хууль, тус харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох бусад хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн. Б.Мийн эрх зүйн байдлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь бол дээр дурдсанчлан Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль юм. Төрийн албаны тухай хууль ерөнхийлөн зохицуулсан хууль болно.

                  Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад “цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн" гэх хуулийн заалтыг үндэслэн Б.Мийг цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халсан. Төрийн жинхэнэ албанаас халаагүй болно. Энэ хүн төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажиллах эрх нь нээлттэй байгаа. Цэргийн албанд тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй болж, цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр цэргийн албанаас халсан.

                  Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн төрийн албанаас Б.М-ийг халах эрх зүйн үндэслэлгүй. Түүнийг харин цэргийн дүрмээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр халсан. Гэтэл шүүх цэргийн дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрэм хоёрын ялгааг ойлгохгүйгээр Б.Мийн үйлдлийг ёс зүйн хэм хэмжээг зөрсөн гэж халсан мэтээр шийдвэрлэсэн. Тушаал нь бүтцийн хувьд тэмдэглэх хэсэг, үндэслэх хэсэг, захирамжлах хэсэг гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалын үндэслэх хэсэг нь бол Б.Мийг ажпын 18 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчин, ахлагчийн алба хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй гэсэн үндэслэл байгаа. Гэтэл шүүхээс тушаалд тэмдэглэсэн хуулийн заалтыг хэт гуйвуулж, Б.Мийг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үндэслэлээр халсан мэтээр ойлгосон нь хууль хэрэглээний сөрөг үр дагавартай салшгүй холбоотой юм. Шатны шатны шүүх болон шүүгч нар өөр өөрсдийн ойлголтоор хуулийг хэрэглэж байна. Б.Мийн хувьд ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлага байхгүй.

                  Б.М-ийг ээлжийн амралттай байхад нь халаагүй юм. Учир нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халсан. Энэ нь бол Б.М-ийг халсан өдөр биш юм. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажпаас халагдсан өдөр гэж үзнэ.” гэж заасны дагуу Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар Б.М-ийг цэргийн албанаас бэлтгэлээр халсанд тооцох учиртай. Гэтэл шүүх нэхэмжлэгч талын Хөдөлмөрийн тухай хуулийн ээлжийн амралттай байх хугацааг ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн тайлбарыг хүлээн авч хариуцагчийн гаргасан үндэслэл бүхий тайлбар, хүсэлтийг хүлээн авалгүйгээр ‘шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн шийдвэр юм' 'Хэргийн оролцогч нарын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслэл болгон тайлбарласан.

                  Б.Мт ээлжийн амралт олгох тушаал нь 2016 оны 09 дүгээр сард эдлэхээр гарсан хэдий ч Б.М тушаалд заасан хугацаанаас хойно амарсан. Шууд утгаараа Б.М-ийг ээлжийн амралттай байх хугацаанд цэргийн албанаас халаагүй гэдгийг анхаарах нь зүйтэй.

                  Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, гардуулах ажиллагааг хийгээгүй гэж шүүхээс шийдвэрлэсэн. Б.М нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдсэн байдаг бөгөөд 14-ний өдөр өргөдөл гаргасан байдаг. Хэрэв Б.М нь эмнэлэгт хүүхдээ асран сувилж байсан л юм бол тэр эмчийн магадлагааг хамт өгч, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалыг өөрчлөх санал хүсэлтийг тавих ёстой байсан. Б.М нь 11 дүгээр сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалыг мэдсэн байдаг.

                  Албан тушаалын шалгуур үзүүлэлтийн хувьд Б.М нь ур чадвар, ёс зүйн шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа юм. Энэ шалгуур үзүүлэлт нь зөвхөн албан тушаалд томилоход бус албан тушаалаас чөлөөлөх, халахад мөн адил баримтална. Шүүхийн шийдвэрт өөр өөр нэр томьёогоор тодорхойлсон байна. Тухайлбал, Б.Мийг төрийн албанаас халсан, эсхүл цэргийн албанаас халсан, цэргийн албанаас чөлөөлсөн зэргээр тодорхойлсон нь эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Б.Мийг цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халсан.

                  Б.М шиг хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, ажил тасалдаг, худлаа ярьж чөлөө авдаг, ажлын үр дүн бүтээмж муу, өгсөн үүргийг биелүүлдэггүй этгээд Зэвсэгт хүчинд олширвол Зэвсэгт хүчний үүрэг, бэлэн байдал алдагдана. Зэвсэгт хүчин бол асаргааны байгууллага биш Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах үүрэгтэй цэргийн байгууллага.

                  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3, 121.2-т заасны дагуу Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128ШШ2017/0724 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

            Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Халах, цэргийн цол хураах тухай” Б/864 дүгээр тушаалын хоёр дахь заалтаар “ ... 2016 оны 01 дүгээр сараас ажлын 18 өдрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан цэргийн дүрэм, сахилгыг зөрчиж, ахлагчийн алба хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.М-ийг  Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар баталсан “Цэргийн цол олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5, Батлан хамгаалахын сайдын 2008 оны 75 дугаар тушаалаар баталсан “Ахлагчийн алба хаах журам”-ын 10 дугаар зүйлийн 10.5, 10.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн цэргийн жинхэнэ албанаас халж, цэргийн цолыг хурааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс тус тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил, албан  тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ. 

            Анхан шатны шүүх “... цэргийн албан хаагч нь төрийн тусгай албан хаагчийн хувьд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хууль болон Цэргийн албаны болон Зэвсэгт хүчний тухай хуулиар зохицуулагдах ёстой ... цэргийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг Зэвсэгт хүчний дэргэдэх Ёс зүйн хороо шалгаж, дүнг хуралдаанаараа хэлэлцэж дүгнэлт гарган, ... дүгнэлтийг үндэслэн ... хариуцлага хүлээлгэхээр байна ... Б.М-ийг цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна ... 18 өдрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэж маргаж байх боловч энэхүү нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна ... хариуцагч нөхцөл байдлыг нягтлан шалгаагүйн зэрэгцээ ...ёс зүйн зөрчлийг шалган тогтоож дүгнэлт гаргах үүрэгтэй ... Ёс зүйн хороогоор  хэлэлцүүлэлгүйгээр нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь халсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26.1, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг зөрчжээ...” гэх зэрэг дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

             Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэж тус тус заасан байна.

            Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, “хуульд үндэслэх, шийдвэр үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх” зэрэг тусгай зарчимд нийцсэн байхаас гадна “аливаа шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосон байх, захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох, шийдвэрт хууль зүйн болон бодит үндэслэлийг, мөн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах журмыг заах” зэрэг захиргааны акт гаргах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг журамлан заасан Захиргааны ерөнхий хуульд нийцсэн байх учиртай. 

            Түүнчлэн энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.М-ийн эрхэлж байсан Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн бригадын артиллерийн батарейны бууны захирагчийн албан тушаал болох цэргийн албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамрагдаж байх тул түүнд сахилга, хариуцлага ногдуулах болон түүнийг ажлаас халах тохиолдолд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, мөн цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулсан Цэргийн албаны тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Зэвсэгт хүчний офицер ахлагчийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээ мөрдөгдөхөөр байна.

            Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т “агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” гэж, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 15.4.7-д “хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын цол олгох, бууруулах, хураан авах, сахилга, ёс зүйн хариуцлага хүлээлгэх” гэж,  Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлд ажилтныг албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах гэх мэт асуудлуудыг зохицуулсан байх бөгөөд тус журмын 4.5-д “ажилтныг албан тушаалаас нь бууруулах, чөлөөлөх, халахдаа энгийн ажилтныг Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү журам, хөдөлмөрийн гэрээ, төрийн тусгай албан хаагчийг Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, хүчин төгөлдөр эрх зүйн актад заасан үндэслэл, журмыг тус тус баримтлан шийдвэрлэнэ. Ажлаас чөлөөлсөн, халсан тушаалд үндэслэл, шалтгааныг тодорхой бичнэ” гэж тус тус заасан байна.

            Дээрх хууль журмын зохицуулалтуудаас үзвэл Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нь өөрийн харьяа офицер, ахлагч нарыг цэргийн албанаас халах эрх хэмжээг  хэрэгжүүлэхээр байх боловч энэхүү эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ тухайн алба хаагчийн цэргийн дүрэм, сахилгыг хэрхэн ямар байдлаар зөрчсөнийг, мөн алба хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй болсон талаарх нөхцөл байдлыг буюу төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах нөхцөл үндэслэлийг шийдвэр гаргахаасаа өмнө эргэлзээгүйгээр шалгаж тогтоосон, түүнчлэн зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн байдлыг нь харгалзан шийтгэл ногдуулсан  тохиолдолд тухайн шийдвэрийг бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан шийдвэр гэж үзнэ.

            Харин шүүх маргаан бүхий шийдвэрийг гаргах болсон шалтгаант нөхцөл бодитоор бүрдсэн байсан эсэх, тус шийдвэр үндэслэлтэй эсэх, мөн тус шийдвэр оновчтой, зорилгодоо нийцсэн эсэхтэй холбогдуулан хуулиар тогтоосон журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй болохоос бус эрх бүхий албан тушаалтнаас гарсан маргаан бүхий шийдвэрийн шалтгаан үндэслэлийг нөхөн шалгаж, баталгаажуулах үүрэггүй.

            Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан “...хариуцагч нь нэхэмжлэгч Б.М-ийг ажлын 18 /16/ өдрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэж маргаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй ... 54 өдрийг тасалсан гэж тус тус илтэд зөрүүтэй бүртгэгджээ ... хүүхдээ асрах чөлөөтэй байсан болох нь ... зэрэг нотлох баримтуудаар тогтооогдож байна ...” гэж дүгнэснийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хэт нэг талыг барьж үнэлж дүгнэсэн ... нөхцөл байдлыг судлан үзэлгүйгээр буюу гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд авч үзээгүй ... эмнэлгийн магадлагаа, эмчийн үзлэгийн тэмдэглэлийг шалгаагүй ... “ гэх нотлох баримтыг буруу үнэлсэн гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 

            Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий шийдвэрийн үндэслэл болох “2016 оны 01 дүгээр сараас ажлын 18 өдрийг тасалсан” гэх нэхэмжлэгч Б.М-ийг ажлаас халах болсон шалтгаан үндэслэлтэй холбогдуулан Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн ажлын цагийн бүртгэлтэй холбоотой нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал нь Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагааг бүхэлд нь мушгин гуйвуулсан, үгүйсгэсэн хандлагыг агуулаагүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүйг тэмдэглэв.

            Хэдийгээр цэргийн алба хаагч нь Монгол Улсын халдашгүй дархан байдлыг амь бие хайрлахгүй батлан хамгаалах тангараг өргөдөг албан хаагч мөн боловч  нэхэмжлэгчийн хувьд түүний эрх зүйн байдал нь Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д “... төрийн тусгай албан хаагчийг Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, хүчин төгөлдөр эрх зүйн актад заасан үндэслэл, журмыг тус тус баримтлан шийдвэрлэнэ. Ажлаас чөлөөлсөн, халсан тушаалд үндэслэл, шалтгааныг тодорхой бичнэ”, Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна: “ 8.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, ... байгууллагын офицер, ахлагч,...” гэж заасан байх тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана:”, 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасны дагуу Төрийн албаны тухай хуулиар тогтоосон нэмэгдэл баталгаагаар хангагдаж, хамгаалагдахаар байна.

            Түүнчлэн Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15.4.7-д “хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын цол олгох, бууруулах, хураан авах, сахилга, ёс зүйн хариуцлага хүлээлгэх” гэж Зэвсэгт хүчний жанжин штабын даргад олгогдсон ерөнхий эрх хэмжээг зааж хуульчилжээ.

            Хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нь төрийн тусгай албан хаагчийг ажлаас халах, эсхүл сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ дээр дурдагдсан хууль, журмуудын хүрээнд шийдвэр гаргасан байхыг хуулиар шаардсан байхаас гадна Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны үйл ажиллагаанд мөрдөгдөх зарчим, журам зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад үйлчлэхгүй байхаар хуулиар тусгайлан эрх олгож журам тогтоогоогүй байх тул анхан шатны шүүхийн “хариуцагчаас маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицууулалтыг баримтлаагүй, нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг алдагдуулсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж дүгнэсгийг буруутгах үндэслэлгүй байна.

            Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх дараах хууль тогтоомжуудыг буруу хэрэглэж шийдвэр гаргасан ... Б.Мийг цэргийн албанаас халсан асуудлын үндсэн шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 18 өдрийг тасалсан үйлдэл. Энэхүү үйлдлийн улмаас Б.М нь цэргийн дүрэм, сахилгыг зөрчиж, улмаар ахлагчийн алба хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй болсон. Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалдаг, ахлах даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй хүнийг цэргийн албанд ажиллуулах үндэслэлгүй ... цэргийн алба бол бусад төрийн албанаас эрс ялгаатай, эрх зүйн байдал нь Цэргийн албаны тухай хуулиар илүү нарийвчилж зохицуулна ... цэргийн албанд орж ажиллах иргэн ...тангараг өргөдөг бол төрийн тусгай алба хуулийн л хариуцлага гэсэн утга бүхий тангараг өргөдөг ... ийг онцлон анхаарах ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 379 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 16 дугаар зүйлд цэргийн алба хаагчийн хүлээх хариуцлагуудыг сахилгын, захиргааны, иргэний, материалын, эрүүгийн гэж заасан байх бөгөөд “цэргийн албаны ёс зүй, цэргийн сахилга зөрчвөл “Цэргийн сахилгын дүрэм”-д заасны дагуу сахилгын  хариуцлага хүлээлгэхээр, 18 дугаар зүйлд “цэргийн алба хаагчид хариуцлага хүлээлгэж, сахилгын шийтгэл оногдуулахдаа түүний нэр төр, эрх ашгийг хамгаалах хэрэгтэй” гэж заажээ.  

            Хэрэгт авагдсан “Цэргийн сахилгын дүрэм”-ээс үзвэл цэргийн сахилгын агуулга, түүнийг сахин биелүүлэх талаар цэргийн алба хаагчийн хүлээх үүрэг, сайшаал ба шийтгэлийн төрөл, тэдгээрийг хэрэглэх захирагч /дарга/ нарын эрхийг тодорхойлж, амжилт гаргагчдад сайшаал хүртээх, сахилгын зөрчил гаргагчдад шийтгэл оногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан ба Гуравдугаар бүлэгт цэргийн алба хаагчид оногдуулах шийтгэл, түүнийг хэрэглэх журам, цэргийн алба хаагчид оногдуулах сахилгын шийтгэлийн хэлбэр зэргийг тусгасны дотор 42 дугаар зүйлд офицер, ахлагч, гэрээт алба хаагчид оногдуулах сахилгын шийтгэлийг а/ сануулах, б/ албан тушаалын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл бууруулах, в/ албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах, г/ албан тушаал бууруулж, томилогдсон албан тушаалын зэрэглэлийн цолыг эдлүүлэх гэх зэргээр алба хаагчид оногдуулах сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг зааж өгснөөс үзвэл маргаан бүхий актад дурдсан “сахилга хариуцлагаар цэргийн жинхэнэ албанаас халах” гэж заагаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

             Хариуцагч нь маргаж буй тушаалд зөвхөн шийдвэр гаргаж буй албан тушаалтанд бүрэн эрх олгосон хуулийн зохицуулалтыг баримталсан байх боловч тус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд буюу хаяглагдсан этгээдийн эрх зүйн байдалд хамаарах хууль зүйн үндэслэлийг зааж тусгаагүй нь маргаан бүхий Б/864 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болохыг давхар нотолж байхаас гадна хавтаст хэрэгт авагдсан тус цэргийн ангийн алба хаагчдын цагийн бүртгэл, хариуцагчийн “ цалингийн цэс буюу цалин бодсон хоногоор тооцох ёстой” гэх тайлбар зэрэг зөрүүтэй нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэгчийг ажлаас халах болсон шалтгаан үндэслэлийг эргэлзээгүйгээр тогтоосон, бодит байдалд нийцсэн, зөрчлийн шинж байдалд тохирсон шийдвэр гаргасан гэж хариуцагчийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй, түүнчлэн маргаан бүхий шийдвэрт тусгаагүй атлаа “өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй” гэх хариуцагчийн нэхэмжлэгчийг буруутгасан тайлбарыг хүлээн авч, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон зарчим, журамд нийцээгүй Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны маргаан бүхий Б/864 дүгээр тушаалын  Б.М-т холбогдох хэсгийг зөвтгөх үндэслэлгүй байх тул тус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосныг зөв гэж үзлээ.

            Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажил эрхлээгүй хугацааг зөв тооцож, цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасанд тус тус нийцсэн байна.

            Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0724 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ