Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 345

 

Н.Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 8 дугаар магадлалтай, Н.Од холбогдох 1826003310297 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Н.О нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Оийг эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оэс 1.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Т.Ут олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Н.Од холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 8 дугаар магадлалын “Н.Од холбогдох хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийгдсэн тэмдэглэлд /хх-9/ тусгагдсан хугацаа Хас банкны гадаах буюу Т.У, Н.О нарын машинд суугаад Т.У буцан гарч ирсэн /МШУГ гэсэн бичигтэй СD-д бичигдсэн хугацаатай зөрөөтэй, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 248 дугаар шинжээчийн дүгнэлтийн /хх-69-72/ хавсралтад авагдсан гэрэл зургууд дээр мөнгө тоологч машин дээр мөнгө тоолсон тоонууд нь тодорхойгүй байгаа тул дурдсан шинжилгээ зөв эсэх нь эргэлзээтэй, Т.У банкнаас авах мөнгөө андуурч хэлэх болсон шалтгаан нөхцлийг тодруулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн хангаагүй, өөрөөр хэлбэл Н.Оюун-Эрдэнийн гэм буруутай гэх үйлдлийг эргэлзээгүйгээр тогтоосон гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэн доорх хууль зүйн үндэслэлүүдээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

1.Хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан хяналтын камерын үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн камерын бичлэг нь эд мөрийн баримтаар Төв Хас банкнаас ирүүлсэн СD хэлбэрээр хавтаст хэргийн материалд авагдсан байсныг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлаж бичлэгийг шүүх хуралдаан дээр үзсэн билээ. Энэхүү бичлэг нь хохирогч Т.У Хас банкны салбарт очсон, теллерээс мөнгө авсан, Хас банкны гүйлгээ хийдэг заалнаас гарсан, заалнаас гараад үүдний бага зайтай коридороор яваад гадна хаалгаар гарсан бичлэг байсан.

Харин МШУГ гэсэн бичигтэй СD нь Өвөрхангай аймгийн Мэдээлэл Шуурхай Удирдлагын Газрын мэдээллийн сангаас хуулбарлан авсан хохирогч Т.Уын гүйлгээ хийсэн тухайн Хас банкны урд байрлах 3 замын уулзварын камерын бичлэг байсан бөгөөд Т.У, Н.О нар нь Хас банкнаас гадна хаалгаар нь гарч ирээд машинд суух үеийн бичлэг байсан. Энэхүү хоёр бичлэг нь хоёр өөр эх сурвалжаас авсан бичлэг бөгөөд тухайн бичлэг хураадаг төхөөрөмжүүдийн цаг нь хоорондоо 3 минут гаруй хугацааны зөрөөтэй байсан. Энэ нь анх бичлэг хураах төхөөрөмжийн цагийг тохируулахдаа зөрөөтэй тохируулснаас үүдэлтэй байдаг. Нэг нь Хас банкны өөрийнх нь заал доторх хяналтын камерын бичлэг, гадна бичлэг нь замын уулзварын хяналтын камерын бичлэг байсан.

Хас банк доторхи хяналтын камерын бичлэг нь хохирогч Т.У банк орж теллерээс мөнгө авсан эсэх, яллагдагч Н.О нь хохирогч Т.Уыг Хас банкны теллерээс хэдэн төгрөг авч байгааг харах боломжтой байсан эсэх, хохирогч Т.У нь Хас банкны теллерээс мөнгө аваад банкнаас гарахдаа уг мөнгөнөөс өөрөө авсан эсэх, бусдад өгсөн эсэх зэргийг тодруулах нотолгооны ач холбогдолтой. Харин замын уулзварын камерт бичигдсэн бичлэг нь хохирогч Т.У нь зүүн гартаа барьж явсан мөнгөнөөсөө өөрөө авсан эсэх, бусдад өгсөн эсэх, машиндаа хэдэн секундэд суусан, машиндаа хэдэн секунд болоод гарч ирсэн эсэхийг тодруулах нотолгооны ач холбогдолтой билээ. Иймд хоёр өөр эх сурвалжаас авсан бичлэгийн цагийн зөрүү нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Учир нь Хас банкнаас гаргаж өгсөн бичлэгт Хас банкнаас гадна хаалгаар гарах хүртэлх дүрс бичигдсэн. Замын уулзварын бичлэгт Хас банкны гадна хаалгаар нь Т.У, Н.О нар гарч ирээд машинд суусан, машинаас Т.У буцаж гарч ирээд эргэж машиндаа суугаад явсан дүрс бичигдсэн. Энэ л хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой билээ.

2.Хохирогч Т.У нь Хас банкны теллерээс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг өнгөрч байхад 4.900.000 төгрөг авсан гэдэг нь хавтаст хэргийн материалд авагдсан Хас банкны зарлагын маягт /хх-21/, хохирогч Т.Уын мэдүүлэг, камерын бичлэг, гэрч Д.Баяржавхлангийн мэдүүлэг /хх-39-40/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон. Энэ нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны нотлох баримтууд билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар хууль сануулж шинжээч томилон, шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргадаг. Мөн хавтаст хэргийн 66-72 талд авагдсан шинжээчийн 248 тоот дүгнэлтээс шинжилгээнд ирүүлсэн шинжилгээний объект нь дүрс бичлэг болох нь, уг дүрс бичлэгээс Хас банкны теллер харилцагчид хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр, хэдэн цагт, хэдэн төгрөг тоолж өгч байгааг тогтоох боломжтой гэж үзээд дүгнэлт гаргасан болох нь тогтоогдож байна. Иймд давж заалдах шатны шүүхийн хийсэн “хавсралтад авагдсан гэрэл зургууд дээрхи мөнгө тоологч машин дээр мөнгө тоолсон тоонууд нь тодорхойгүй байгаа тул дурдсан шинжилгээ зөв эсэх эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.Хохирогч Т.У нь банкнаас авах мөнгөө андуурч хэлэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Т.Уын мэдүүлэг, гэрч М.Эрдэнэчимэг нарын мэдүүлгээр тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг мөрдөгч болон прокурор нь эрүүгийн хэрэг шалгах явцад бүрэн тогтоосон гэж үзэж байна.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах үндэслэлийн аль нэг байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө... гээд 1.1. “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2. “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан байдаг. Гэтэл Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 8 дугаартай магадлалд дээрхи 3 үндэслэлийн аль нь ч дурдагдаагүй байна.

5.Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Од холбогдох эрүүгийн хэргийг хянаж үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий хууль ёсны дүгнэлт хийж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн.

6.Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хохирогч Т.Уын мэдүүлэг, гэрч Д.Баяржавхлангийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, банкны зарлагын маягт зэрэг нотлох баримтуудаар хохирогч Т.У нь Хас банкнаас 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 4.900.000 төгрөг авсан гэдэг нь нотлогдсон.

Хас банкны хяналтын камерын бичлэг, замын уулзварын хяналтын камерын бичлэг зэргээр хохирогч Т.У нь банкнаас авсан 4.900.000 төгрөгөө боодолтой хэвээр нь авч Н.Отэй хамт машиндаа 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 15:09:55 секундэд суугаад 15:10:08 секундэд машинаасаа Т.Уламбаяр бууж ирдэг. Хохирогч Т.У нь машинд байх 13 секундын хугацаанд Н.Од мөнгөө өгөөд машинаа асаагаад ухрах гэтэл хойно машин байхаар нь машинаас буусан гэдэг. Машин асааж ухрах үйлдэл хийхэд ойролцоогоор 5 секунд зарцуулна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, гэтэл үлдсэн 8 секундэд хохирогч Т.У нь 1 боодол 20.000 төгрөгийн дэвсгэрээс 50 ширхэгийг тоолж авах ямар ч бололцоогүй бөгөөд хохирогч Т.У нь машиндаа суумагц боодолтой мөнгөө Н.Од өгсөн гэдэг нь Т.Уын “...шууд авч гараад Н.О бид хоёр машиндаа суугаад мөнгөө авах уу гэсэн чинь авъя гээд машинаа асаахаас өмнө эргэж хараагүй мөрөө давуулж өгсөн. Машинаа асаагаад хөдлөх гэтэл ард машин тавьсан байсан. Буугаад арын машинд хэлсэн чинь жолооч удахгүй ирнэ гээд 5 минут болсон байх...”, хохирогч Т.Уын “2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хас банкны теллерээс мөнгөө аваад гартаа бариад Хас банкнаас Н.Оюун-Эрдэнийн хамт гарсан. Гараад шууд Хас банкны гадна зогсоол дээр байсан өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Кровн маркийн автомашин дотор ороод автомашинаа асаахаас өмнө теллерээс авсан мөнгөө тэр чигээр нь Н.Од өгсөн. Н.О мөнгийг аваад шууд цүнхэндээ хийчихсэн, ...би тоолж өгөөгүй, тухайн үед теллерээс авсан мөнгөө шууд Н.Од өгсөн. Н.О ч тоолж аваагүй. Би бодохдоо Н.Оийг теллер мөнгө тоолж өгөхөд миний хажууд зогсож байсан, намайг хэдэн төгрөг авч байгааг мэдэж байгаа учраас миний өгсөн мөнгийг тоололгүй авсан гэж бодож байна” /хх-19-20,30/”, яллагдагч Н.Оийн анх гэрчээр өгсөн “...орж суугаад өгсөн...өвөр дээрээ байсан мөнгийг өгсөн” /хх-28, 31-32/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Т.У нь Хас банкнаас авсан 4.900.000 төгрөгөө бүгдийг нь Н.Од өгсөн гэдэг нь нотлогдсон гэж дүгнэж байна.

Иймд Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 8 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн хэлсэн саналдаа: “Н.О энэ гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Оийг бусдын 1.000.000 төгрөгийг түүний өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан үйлдэлд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан гомдлыг үндэслэн Н.Од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Оийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.        

Шүүгдэгч Н.О нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны гадна хохирогч Т.Уын андуурч илүү өгсөн 1.000.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Оийг эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Од 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон гэж дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Оийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн хангаагүй, өөрөөр хэлбэл Н.Оийн гэм буруутай гэх үйлдлийг эргэлзээгүйгээр тогтоосон гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 8 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ                                                       Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН