Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 02

 

Ж.Х, Ж.Т, С.Л, Ш.Ч нарын нэхэмжлэлтэй,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Орон сууц хувьчлах товчоо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         П.Соёл-Эрдэнэ

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн Г.А-т Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байр, 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг эзэмшүүлсэн 2004254 дугаар орон сууц эзэмших эрхийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоолын иргэн Г.Ат холбогдох хэсэг, Г.Ат олгосон 0117647 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн Ү-2204090516 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0520 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2018/0556 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Ш.Ч, түүний өмгөөлөгч Ч.Ж, Ж.Т, С.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Д.Ш,

Гуравдагч этгээд: итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар,

Хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0520 дугаар шийдвэрээр: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.4. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2, 148.1.3, Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Чнарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 11 дүгээр тогтоолын иргэн Г.Ат холбогдох хэсэг, Г.Ат олгосон 117647 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Г.Аийн нэр дээр бүртгэсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байр, 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг эзэмшүүлсэн Ү-2204090516 дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2004 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 9.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ат Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг эзэмшүүлсэн 2004254 дугаар “Орон сууц эзэмших эрхийн бичиг”-ийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2018/0556 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0520 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Г.Ат Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байр, 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг эзэмшүүлсэн 2004254 дугаар “Орон сууц эзэмших эрхийн бичиг”-ийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол

3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “Орон сууц байшингийн...сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө...зэрэг эд хөрөнгө” орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарахаар заасан боловч Засгийн газрын 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор “Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх” талаар зохицуулсан. Маргаж буй өрөөнд хүн амьдарч, сууцны зориулалтаар ашигласан бөгөөд сууц өмчлөгч Г.А нь 1998 оноос хойш эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцаж байсан, уг өрөөнд тус байрны дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарах техник, тоног төхөөрөмж байрлаагүй, сууцны зориулалтаар эзэмшүүлсний улмаас 22 дугаар байрны ашиглалтын хэвийн байдал алдагдахгүй, сууц өмчлөгчдийн тав тухтай амьдрах эрх зөрчигдөхөөргүй байгааг шүүх анхаарч үзээгүй.

4. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т тус тус заасны дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нь нийслэлийн удирдлагын хувьд оршин суугчдынхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэж...хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах...” чиг үүргийнхээ хүрээнд дээрх орон сууцгүй иргэдэд орон сууц эзэмших эрх олгосныг илт хууль бус захиргааны акт гэж дүгнэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д илт хууль бус захиргааны актын шинжийг заасан байдаг. Хуулийн энэхүү заалтад дурдсан шинжийг 2004254 тоот орон сууц эзэмших эрхийн бичиг агуулаагүй буюу утга агуулгын алдаагүй, захиргааны актыг баталсан эрх бүхий албан тушаалтан тодорхой, Улаанбаатар хотын Ерөнхий менежер өөрийн чиг үүргийн дагуу тухайн захиргааны актыг гаргасан, гүйцэтгэх этгээд тодорхой, хууль бус үйлдэл, эс үйлдэл хийхийг шаардаагүй, бодит байдалд биелүүлэх боломжтой, хэн нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй.

5. Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад 2004254 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг захиргааны акт биш, орон сууц эзэмшүүлэх шийдвэр гараагүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаагаа удаа дараа тайлбарласан. Хэрэв захиргааны акт биш, захиргааны шийдвэр гараагүй гэж үзэж байгаа бол захиргааны акт илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

6. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу Г.А өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээд юм. Үүнийг шүүх анхаарч үзээгүй.

7. Нэхэмжлэгч тал Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2018/0556 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0520 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2018/0556 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэг талыг барьж нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул гомдол гаргаж байна.

9. Нэхэмжлэгч Ж.Х, Ж.Т, С.Л нар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, нийтийн эрх ашгийг төлөөлөх бүрэн эрхгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэгчийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаарх баримтгүй байхад захиргааны хэрэг үүсгэсэн мөн маргаан бүхий орон сууц нь Г.А, Л.Д нарын өмч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдох бөгөөд өмчлөгч Л.Дд мэдэгдэлгүйгээр, түүнийг оролцуулалгүйгээр шүүх хуралдаанаар уг хэргийг хэлэлцсэн тул хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

10. Давж заалдах шатны шүүх илт хууль бусад тооцуулахаар маргасан акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад гарсан акт байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болохоор зохицуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт мэтээр дүгнэсэн. Маргаан бүхий акт нь Г.Аийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасан эерэг нөлөөлөл бүхий актад тооцогдох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн хөөн хэлэлцэх хугацаа тогтоон хуульчилсан байхад хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 24ний өдрийн Ш-04 дүгээр дүгнэлтийн “...0 тоот өрөөний анхны зориулалт нь тэргэнцэртэй хүн гарах, цахилгааны самбарын өрөө болон барилгыг нэвт гарах гарцаар төлөвлөсөн”...маргаан бүхий орон сууц нь сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө тэдгээртэй адилтгах байгууламж хамаарна гэж шинжээчийн дүгнэлтийн зөвхөн нэг хэсгийн авч шийдвэрлэсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хариултад гарцын өргөн 3.5 метрээс багагүй, өндөр нь 4.25 метрээс доошгүй байвал зохино гэж төлөвлөсөн боловч тус орон сууц нь барилгын зураг төлөвлөгөөний дагуу баригдаагүй болох нь бодит байдал болон хавтаст хэрэгт авагдсан барилгын схем зураг, фото зурган нотлох баримтаар нотлогдож байхад нотлох баримтыг буруу үнэлсэн. Уг шинжээчийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн гамшгаас хамгаалах улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр дүгнэлт худал, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн танил талаараа гаргуулсан дүгнэлт болох нь тогтоогдсон байхад нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн гэж нотлох баримтуудыг зөвхөн нэг талд ашигтайгаар үнэлж байгаа нь шүүх хараат бус, шударга шийдвэр гаргаагүй.

12. Шүүх 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж 2004 оны актыг хүчингүй болгожээ. Гэтэл уг хуулийн заалт нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдаанууд хамаардаг. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргыг акт гаргах эрхгүй гэж дүгнэсэн тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж хэргийн үйл баримтыг тал бүрээс нь эргэлзээгүйгээр тодруулж чадаагүйгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

14. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа “Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаас 2004 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр маргаан бүхий акт болох “Г.Ат Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг эзэмшүүлсэн 2004254 дугаартай Орон сууц эзэмших эрхийн бичгийг олгохдоо Улсын Их Хурлын 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолоор сууцны бус  зориулалттай өрөөг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хориглосон заалтыг зөрчсөн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7. “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэнд хамаарах илт хууль бус захиргааны акт байна, иймд уг актыг үндэслэн гарсан дараа дараагийн маргаан бүхий актууд хууль бус” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээжээ. 

15. Гэтэл энэхүү шүүхийн эрх зүйн үндэслэл болсон Улсын Их Хурлын 2003 оны 27 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан”, мөн энэхүү заалтыг үндэслэсэн Засгийн газрын 2004 оны 140 дүгээр Тогтоолоор “Үйлчилгээний өрөөг шилжүүлэх тухай” Тогтоолоор “Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан” байна.

16. Хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбарын зөрүүтэй байдлаас үзвэл маргаан бүхий орон сууцны байшингийн “0” өрөө нь техникийн юм уу, үйлчилгээний юу, эсвэл хүн амьдрах зориулалттай гэдэг нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байна. Маргаан бүхий өрөө нь тухайн барилгыг барихад батлагдсан зураг төслийн дагуу “тэргэнцэртэй хүн гарах, цахилгааны самбарын өрөө болон барилгыг нэвт гарах гарцаар төлөвлөсөн” /1 дэх хавтаст хэргийн 239-240 дэх тал/ гэх боловч бодит байдал дээр тухайн өрөөнд цахилгааны самбар байхгүй, анхнаасаа хаалгатай өрөө байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

17. Иймээс шүүх дараах ажиллагааг хийх шаардлагатай. Нэгд, маргаан бүхий “0” өрөө нь анхнаасаа ямар зориулалттай /техникийн, эсхүл үйлчилгээний/ төлөвлөгдсөн, тухайн зориулалтаараа баригдсан эсэх, түүнийг нь өөрчилсөн эсэх, хэзээнээс хүн амьдрах зориулалтаар ашиглагдаж эхэлсэн, гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаачлан тухайн өрөөнд анхнаасаа ариун цэврийн өрөө байсан эсэх, хэрэв байгаагүй бол хэзээнээс ийнхүү засварлаж ахуйн зориулалтаар ашиглаж эхэлсэн зэргийг тогтоосны үндсэн дээр дээр дурдсан Улсын Их Хурлын 2003 оны 27 дугаар тогтоолын 2 дахь заалт, Засгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоолд хамаарах эсэх талаар тодорхой дүгнэх шаардлагатай байна.

18. Хоёрт, нэхэмжлэгч нараас бусад этгээдэд буюу гуравдагч этгээдийн хувьд эерэг үйлчлэлтэй захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа энэхүү тохиолдолд /маргаан бүхий өрөө нь гуравдагч этгээдийн эзэмшил, өмчлөлд шилжсэн хойно/ тэдний шаардах эрхийн үндэслэл нь тодорхой байх учиртай. Иймд нэхэмжлэгч нар нь ямар хууль, тогтоомжийн ямар зүйл, заалтыг үндэслэн гуравдагч этгээдийн эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг дуусгавар болгохыг шаардаж байгаа, тэрхүү шаардах эрхийн хууль зүйн үндэслэлд нь шүүх дүгнэлт өгөх ёстой.

19. Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь тухайн орон сууцны оршин суугчдын хувьд “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн” гэж маргаж байна уу, хэрэв тийм бол маргаан бүхий “0” өрөө байрлах орцонд амьдардаггүй нэхэмжлэгч Ж.Х, Ж.Т нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн яаж зөрчигдсөн талаар дүгнэлт өгөх, эсхүл Сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн хувьд дундын өмчлөлийн эд хөрөнгөө шаардаж байна уу, хэрэв тийм бол нэр бүхий 4 иргэд тус холбоог төлөөлөн маргах эрхтэй эсэх, мөн тус байрны “Мандах-2” Сууц өмчлөгчдийн холбоо нь хэзээ байгуулагдсан, холбооны тухайн үеийн эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр гуравдагч этгээдэд “0” өрөөг эзэмших эрх олгохыг зөвшөөрсөн эсэх, Сууц өмчлөгчдийн холбоо нь маргаан бүхий өрөө нь бусдын эзэмшил, өмчлөлд шилжсэн хойно ийнхүү шаардах эрхтэй эсэхийг тодруулж холбогдох дүгнэлтийг өгөх шаардлагатай.

20. Гуравт, маргаан бүхий “0” өрөө нь гуравдагч этгээд Г.Аээс гадна иргэн Л.Дгийн өмчлөлд бүртгэлтэй байна /1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал/, иймээс нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон маргаан бүхий актын улмаас Л.Дгийн өмчлөх эрх нь хөндөгдөж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулах нь зүйтэй. Иймд энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдол /Тодорхойлох хэсгийн 9/ үндэслэлтэй байна.

21. Мөн нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан зөрчил байгаа талаарх гуравдагч этгээдийн хяналтын гомдол үндэслэлтэй байх тул уг зөрчлийг арилгах нь зүйтэй.

22. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0520 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2018/0556 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                    Г.БАНЗРАГЧ