| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00715/И |
| Дугаар | 130/ШШ2024/00871 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2024/00871
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дүгээр багт оршин суух, утас *********, И овогт Х.Т;
Хариуцагч: Б аймгийн Ө сумын *** дүгээр багт оршин суудаг, утас ***********, И овогт Е.Н;
Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний дагуу машины үнээс үлдсэн 15,000,000 төгрөг, алданги 6,750,000 төгрөг нийт 21,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
(Хариуцагч Е.Нд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх үзэх шалтгаагүйгээр шүүхэд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Е.Нд холбогдуулан Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний дагуу машины үнээс үлдсэн 15,000,000 төгрөг, алданги 6,750,000 төгрөг нийт 21,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Е.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1.1.Миний бие өөрийн өмчлөлийн Toyoto Land Cruiser-80 маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Е.Нд 19,000,000 төгрөгөөр үнэлж худалдаж, урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг бэлэн авч үлдсэн 15,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл худалдан авагч Е.Н бүрэн төлж өгөхөөр нотариатаар гэрчлүүлэн гэрээ байгуулсан.
1.2.Миний бие машиныг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр худалдан авсан Е.Нд хүлээлгэн өгсөн. Гэтэл гэрээнд заасан хугацаа өнгөрсөн хэдий ч Е.Н гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 15,000,000 төгрөгөө төлж өгөхгүй намайг хохироож байна.
1.3.Худалдах худалдан авах гэрээний 3.6-д заасан хэсэгт үүргээ биелүүлээгүй тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Е.Н нь надад 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 15,000,000 төгрөгийг төлж өгөх ёстой атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл үүргээ биелүүлээгүй 90 хоногийн алданги 6,750,000 төгрөг байна. (Тооцоолбол 15,000,000 төгрөг х 0,5% алданги х 90 хоног = 6,750,000 төгрөг алданги байна)
Иймд Е.Наас машины үлдэгдэл үнэ 15,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 6,750,000 төгрөг, нийтдээ 21,750,000 төгрөг гаргуулан надад олгож намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Е.Нд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гардуулсан ба 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл хариу тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.
3.Нэхэмжлэгчээс Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0068 бүртгэлийн дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримт гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримт байхгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгч Х.Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие өөрийн өмчлөлийн Toyoto Land Cruiser-80 маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Е.Нд 19,000,000 төгрөгөөр үнэлж худалдаж, урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг бэлэн авч үлдсэн 15,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл худалдан авагч Е.Н бүрэн төлж өгөхөөр гэрээ байгуулсан боловч Е.Н 15,000,000 төгрөгөө төлж өгөхгүй намайг хохироож байна. Худалдах худалдан авах гэрээний 3.6-д заасан хэсэгт үүргээ биелүүлээгүй тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Иймд Е.Наас машины үлдэгдэл үнэ 15,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 6,750,000 төгрөг, нийтдээ 21,750,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байна.
7.Хариуцагч Е.Нд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гардуулсан ба 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл хариу тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0068 бүртгэлийн дугаартай Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ээр нэхэмжлэгч (худалдагч) Х.Т нь ****** улсын дугаартай, Toyoto Land Cruiser-80 маркийн машиныг 19,000,000 төгрөгөөр худалдахаар хариуцагч (худалдан авагч) Е.Н худалдан авахаар, мөн хариуцагч (худалдан авагч) Е.Н нь урьдчилгаанд дөрвөн сая төгрөг бэлэн өгч, үлдсэн арван таван сая төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж өгөхөөр, нэхэмжлэгч (худалдагч) тээврийн хэрэгслийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр худалдан авагч талд хүлээлгэн өгөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тус тус тохиролцсон байна.
8.2.Нэхэмжлэгч (худалдагч) Х.Т нь ****** улсын дугаартай, Toyoto Land Cruiser-80 маркийн машиныг гэрээнд заасан хугацаандаа хариуцагч (худалдан авагч) Е.Нд хүлээлгэн өгсөн, хариуцагч (худалдан авагч) Е.Н нь гэрээнд заасан хугацаандаа машины үнээс үлдсэн мөнгө 15,000,000 төгрөгийг төлөөгүйгээс маргаан гарсан байна.
8.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагч (худалдан авагч) Е.Нд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гардуулсан ба 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл хариу тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч хариу тайлбараа хуулиар тогтоосон хугацаанд гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцээгүй гэж дүгнэх нь зүйтэй байна.
8.4.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
8.5.Энэхүү 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0068 бүртгэлийн дугаартай Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, 3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэрээний зүйлийн үнэ, 3.2-т заасан төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, 3.3.-д тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх хугацаа болон нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар нэхэмжлэгч (худалдагч) Х.Т, хариуцагч (худалдан авагч) Е.Н нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээ-гээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой, цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээнэ гэж заасан.
2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0068 бүртгэлийн дугаартай Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3-д заасны дагуу нэхэмжлэгч (худалдагч) Х.Т 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн, мөн гэрээний 3.2-т заасан хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл машины үнээс үлдсэн 15,000,000 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч (худалдан авагч) Е.Н биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч (худалдагч) Х.Т 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0068 бүртгэлийн дугаартай Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.2-т заасны дагуу машины үнээс төлөгдөөгүй үлдсэн мөнгө 15,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
8.6.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан байна.
Талуудын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0068 бүртгэлийн дугаартай Тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.6-д заасны дагуу гэрээнд заасан машины үнээс үлдсэн мөнгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хариуцагч (худалдан авагч) Е.Наас хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл машины үнээс үлдсэн 15,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 90 хоногийн хугацаанд алданги 6,750,000 төгрөг нэхэмжилсэн нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас бага байна.
9.Дээр нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Е.Наас машины үнээс үлдсэн 15,000,000 (арван таван сая) төгрөг, алданги 6,750,000 (зургаан сая долоон зуун тавин мянган) төгрөг нийтдээ 21,750,000 (хорин нэгэн сая долоон зуун тавин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Тад олгох нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,700 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Е.Наас 266,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Е.Наас машины үнээс үлдсэн 15,000,000 (арван таван сая) төгрөг, алданги 6,750,000 (зургаан сая долоон зуун тавин мянган) төгрөг нийтдээ 21,750,000 (хорин нэгэн сая долоон зуун тавин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Тад олгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,700 (хоёр зуун жаран зургаан мянга долоон зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Е.Наас 266,700 (хоёр зуун жаран зургаан мянга долоон зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Тад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК