Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/05

 

                               *******, ******* нарт холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай     

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Д.Буянжаргал  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Улаанаа /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батжаргал /цахим/

Шүүгдэгч *******, *******

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Г.Учрал

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Содболд, Ж.Батмөнх

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2133000020028 дугаартай, 150/2022/0046/Э индекстэй, 4 хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол овогт Ганболдын Ганзориг, Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг Сант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сант сум Хушаат 2-р баг 6-5 тоотод оршин суух, урьд нь 1 удаа ял шийтгэгдэж байсан, /РД:МЛ8101171/,

 

Жинчин овогт Батжаргалын Буянхүү, Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг Сант суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Сант сум хөдөө оршин суух, /РД:МЛ67021313/,

 

Шүүгдэгч ******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийг тус тус зөрчиж худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулалгүйгээр 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №01 дугаартай, “Авто машин худалдан авах” тухай 34.100.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг “Фотокрафт” ХХК-ийн захирал  тай байгуулж, авто машины төлбөрөөс 1,200,000 төгрөгийг авч төсөвт 1.200.000 төгрөгийн хохирол учруулж өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт;

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийг тус тус зөрчиж, Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 41 тоот “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө батлах тухай” тогтоолыг хэлэлцэх үедээ ямар нэгэн эдийн засаг тооцоо судалгаагүйгээр Ковшийг 26.200.000 төгрөгөөр худалдан авах төсөв батлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А/06 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж гаргасан боловч худалдан авах ажиллагааг зохих ёсоор зохион байгуулалгүйгээр Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******той хамтран 2018 оны 5 дугаар сард шууд худалдан авалт хийх зорилгоор Улаанбаатар хотод түүний хамаарал бүхий этгээд, найз А.Батмөнхийн төрсөн ах А.Алтанхишигийн “Бэрс хараа” ХХК-иас зах зээлийн үнэлгээгээр 18.625.000 төгрөгийн үнэтэй Xiamen Х2657 маркийн ковшийг зах зээлийн үнээс хэт өндрөөр буюу 26.200.000 төгрөгөөр худалдаж авч Орон нутгийн хөгжлийн сангаас 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Бэрс хараа” ХХК-ийн Төрийн банк дахь 240009652209 тоот дансанд 26,200,000 төгрөгийг шилжүүлж “Бэрс хараа” ХХК-д давуу байдал бий болгож, төсөвт 7,575,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

 Шүүгдэгч ******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Авлигын эсрэг хууль, Төрийн болон орон нутгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг тус тус зөрчиж, Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 41 тоот “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө батлах тухай” тогтоолыг хэлэлцэх үедээ ямар нэгэн эдийн засаг тооцоо судалгаагүйгээр Ковшийг 26.200.000 төгрөгөөр худалдан авах төсөв батлуулж, Засаг дарга *******гийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А/06 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжийн дагуу худалдан авах ажиллагааг зохих ёсоор зохион байгуулалгүйгээр Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг дарга *******тэй хамтран 2018 оны 5 дугаар сард шууд худалдан авалт хийх зорилгоор Улаанбаатар хотод өөрийн хамаарал бүхий этгээд, найз А.Батмөнхийн төрсөн ах А.Алтанхишигийн “Бэрс хараа” ХХК-иас зах зээлийн үнэлгээгээр 18.625.000           төгрөгийн үнэтэй Xiamen Х2657 маркийн ковшийг зах зээлийн үнээс өндрөөр буюу 26.200.000 төгрөгөөр худалдаж авч Орон нутгийн хөгжлийн сангаас 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Бэрс хараа” ХХК-ийн Төрийн банк 240009652209 тоот дансанд 26,200,000 төгрөгийг шилжүүлж “Бэрс хараа” XXК-д давуу байдал бий болгож, төсөвт 7,575,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч Жинчин овогт Батжаргалын Буянхүү, шүүгдэгч Монгол овог Ганболдын Ганзориг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******ийн баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шүүгдэгч *******ийн биелэн эдлэх ялыг 1 жил 5 сар 29 хоногийн хугацаагаар тогтоон,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймгийн Сант сумаар тогтоож, 2 жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Сант сумаас гадагш явахыг, шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 5 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймгийн Сант сумаар тогтоож, 1 жил 5 сар 29 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Сант сумаас гадагш явахыг тус тус хориглож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч *******оос 3,787,500 төгрөгийг, шүүгдэгч *******гээс 3.787,500 төгрөг, 1,200,000 төгрөг, нийт 4,987,500 төгрөгийг тус тус гаргуулан Сэлэнгэ аймаг Сант сумын Засаг даргын Тамгын газар олгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 165,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******гээс 82,500 төгрөг, шүүгдэгч *******оос 82,500 төгрөгийг тус тус гаргуулан Авилгатай тэмцэх газрын Төрийн сан банкны 130900033001 тоот дансанд оруулж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Батмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх миний бие эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү заалдах гомдлыг гаргаж байна.

 

Нэг. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

1. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг гэрч нарын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл бүх гэрч нар *******ийг *******д гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амлаж байхыг харсан, үзсэн талаар огт мэдүүлээгүй. Мөн зарим гэрчүүд болох Ч.*******, , , нар нь "хүмүүс ярьдаг, сонсож байсан, бодож байна” гэх таамаглалын шинжтэй зүйлсийг мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэрч нар нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн мэдэж, ухамсарлаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн дагуу дээрх гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул нотлох баримт болж чадахгүй байхаар байна. Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д зааснаар дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.

2. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт дурдагдсан Тоёото ланд круйзер 100 маркийн автомашин болон “Xiamen Х2657’" маркийн ковш 2-ыг худалдан авсан үйлдлүүд тус тусад нь авч үзэлгүйгээр хамтад нь дүгнэсэн. Учир нь шүүгдэгч ******* нь зөвхөн “Xiamen Х2657” маркийн ковш худалдан авах ажиллагаанд буруутгагдсан байтал шүүгдэгч *******гийн хийж байгаа бүх ажиллагаанд хамааралтай мэтээр дүгнэсэн нь шүүх хэргийг нарийвчлах бус ерөнхий байдлаар дүгнэснийг харуулж байна. Энэ нь эрүүгийн хариуцлага оногдуулахад хүртэл тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-д зааснаар дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

1.Анхан шатны шүүх “шүүгдэгч ******* нь бусдаас техник худалдан авч өгч чадна гэж урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн тул гэмт хэргийн хамжигч гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасан. Энэ нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө гүйцэтгэгчид урьдаас баталгаа, тангараг өгч гэмт хэргийг үйлдүүлсэн байхыг ойлгодог.

Гэтэл шүүгдэгч ******* нь гүйцэтгэгч *******д амлалт өгсөн зүйл огт байдаггүй, энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй байтал хамжигч хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл шүүх *******ийг хамжигч бус гүйцэтгэгч мэтээр дүгнэсэн.

2.Анхан шатны шүүх “шүүгдэгч ******* нь бусдад давуу байдал бий болгосон буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.5, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4.4-т заасан зохицуулалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдээс техник хэрэгсэл авахдаа ямар нэгэн өрсөлдөөнгүйгээр, зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч, хохирол учруулсан” гэж дүгнэсэн. Хэрэв ийнхүү дүгнэж байгаа бол Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлд заасны дагуу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, эсхүл Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд заасны дагуу Өрсөлдөөний тухай хууль зөрчих зэргээр хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

3. Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлгийг чухал нотлох баримтаар тооцсон байна. Учир нь шүүгдэгч ******* заавар, зөвлөгөө өгөх ёстой албан хаагчдынхаа зааврыг дагаж байсан нь миний алдаа боллоо гэдэг үгийг ач холбогдол бүхий мэдүүлэг мэт мушгин гуйвуулсан нь шүүх хуралдаан дээр болон шийтгэх тогтоолоос харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******гийн мэдүүлэгт дурдагдсан агуулгыг дангаар нь яллах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар

1.Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч миний бие “Xiamen Х2657” маркийн 97-01 УБ улсын дугаартай шар өнгийн ачигч /ковш/ механизмд шинжилгээ хийсэн шинжээч “Капитал зууч” ХХК-ийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан. Учир нь шинжээч ямар хууль зүйн үндэслэл, арга зүй, аргачлалд тулгуурлаж дүгнэлт гаргасан нь маш эргэлзээтэй байсан. Тиймээс дээрх нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай байсан. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээж аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4-д заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн мэтгэлцэн оролцсон үндэслэл, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл огт байхгүй байна. Тухайлбал, гэрч нарын харилцан зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг, хуурамч бичгийн нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт, иргэний хариуцагчийг буруу тогтоосон асуудал, урьдчилан амлалт өгсөн талаар хэрхэн нотолсон зэрэг санал, дүгнэлтэд шүүх огт хариулт өгөөгүй. Энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-д заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд улсын яллагч шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай гийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн “хамжигч” гэдгийг шүүхэд нотолж чадаагүй. Гэтэл шүүх улсын яллагчийн яллах дүгнэлтийг хуулбарласан мэт шийтгэх тогтоол гаргасан нь хэт нэг талыг барьсан, эсхүл ямар гэн нөлөөлөл байна уу гэсэн хардлагыг төрүүлэхээр байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх лай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 /шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй/, 1.2 /Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн/, 1.3 /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн/-д заасантай нийцээгүй байх тул энэ лийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим гийг хүчингүй болгож, шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Г.Учрал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болох нь дараах үйл баримтаар тогтоогдоно. Үүнд:

Нэг: Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Гэмт хэрэг гэж үзэж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж заасныг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй бөгөөд үүнийг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

1.1Тодруулбал ...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/06 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо *******д ажлаа зохих журмын дагуу хийж байгаа гэдэг байдлаар танилцуулж, тендер 2 удаа зарлаж, “...урилга байршуулаад тендерт оролцогч санал ирүүлээгүй тул шууд худалдан авалт хийх...” зөвлөмжийг үнэлгээний хорооны дарга өгсөн байдаг бөгөөд үүний дагуу, мөн сумын тэгш ой тулсан байсан учир тус наадмаас өмнө машинтай болох хэрэгцээ, шаардлагын дагуу автомашин авахаар Улаанбаатар хот руу явж батлагдсан төсвийн хэмжээнд Тоёото Ланд Крузер 100 автомашиныг худалдан авсан энэ үйлдлийг шүүх хууль *******г хууль зөрчсөн гэж үзэж шийдсэн нь бодит байдалтай огт нийцэхгүй байна.

Тус сумын тэгш ойн хязаалан насны морьдын бай шагналыг *******гийн аав Батжаргал гэдэг хүний үр хүүхдүүд дааж, хариуцахаар болсон бөгөөд /аймгаас нь санхүүжилт нь орж ирээгүй, сумын мөнгө худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа шилжих ёстой гэдэг шаардлага тавигдаж, өөрийн дүү Б.гаас сумын автомашиныг худалдан авсан/ айл тус бүрээс 1.200.000 төгрөг цуглуулахаар болсон боловч дүү Б. эхлээд зээлсэн мөнгөө өг түүний дараа морьны байны мөнгийг өгөх боломжтой гэдэг шаардлага тавьсан. Ингээд санхүүжилт шийдэгдсэний дараа уг мөнгийг *******д өгсөн энэ үйл баримтыг огт шалгаж тогтоолгүй, ажиллагаа хийгээгүй байхад шүүхээс шууд автомашины мөнгөнөөс 1.200.000 төгрөгийг хувьдаа авч, төсөвт хохирол учруулсан гэж дүгнэсэн хууль бус юм.

1.2 Ковш худалдан авахаар төлөвлөж мөн үнэлгээний хороог ******* Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т заасны дагуу байгуулсан.

Шүүх “...Бэрс хараа ХХК механизмаа ямар нэгэн өрсөлдөөнгүйгээр, зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан борлуулах боломжийг олгож байгааг бусдад давуу байдал бий болгосон ...” гэж дүгнэсэн *******гийн хувьд ковш зарсан Бэрс хараа ХХК, А.Алтанхишиг, А.Батмөнх нарыг огт танихгүй бөгөөд ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй байхад давуу байдал бий болгох ямар ч боломжгүй юм.

Шүүх “...өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэн уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж дүгнэсэн нь дээр үйлдэлд нийцэхгүй байгаа бөгөөд тухай гэмт хэргийн шууд санаа зорилготой байх шинжтэй огт нийцэхгүй байна.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

*******гийн хувьд буруутгагдаад байгаа дээрх 2 үйлдэл ямар нэгэн байдлаар хувийн ашиг хонжоо харсан буюу гэмт хэргийн субьектив талын шинж огт байхгүй сум орон нутгийнхаа ажлыг явуулъя гэсэн чин сэтгэлтэйгээр хандсан нь харагддаг.

Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад хэт нэг талыг барьж үндэслэлгүй эрүүгийн хариуцлага оногдуулаад байна.

Дээрх 2 үйлдлийг тогтоохдоо баримт нотолгоогүй ярьсан гэрч нарийн мэдүүлгийг үндэслэсэн, Тоёото Ланд Крузер 100 автомашин шинжээчийн дүгнэлтээр зах зээлийн ханш нь 31.000.000 саяас илүү буюу хэт үнэтэй худалдаж авсан гэх зүйл байхгүй байхад дүүгийнх нь шилжүүлгээр ялласан, ковшийг бол зөвхөн шинжээчийн дүгнэлтийн зөрүүгээр яллаж байгаа нь учир дутагдалтай байна. Шинжээчийн дүгнэлтийн энэ 2 үйлдэлд ашиглавал 2лан дээр нь ашигла ашиглахгүй бол огт ашиглахгүй байх ёстой байтал яллах талын байр суурьнаас хэт нэг талыг барьж 1 үйлдэл дээр нь буюу ковш дээр ашигласан байхад шүүх энэ байдлыг огт дүгнээгүй байна.

Дээр нь батлагдсан төсвөөс хэтрүүлсэн зүйл огт байхгүй бөгөөд төсөвтөө тааруулж худалдан авалт хийгдсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гол шинж нь байхыг шаарддаг гэж шүүх дүгнэлт хэсэгтээ дүгнэсэн атлаа *******г уг гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэг нь харагдаж байна.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:

Мөн хуулийн дагуу үнэлгээний хороо байгуулж тухай хорооны шийдвэрээр ажилласан байхад *******г буруутгаад тус хорооны гишүүдийг гэрчээр оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил бөгөөд тухай “шууд худалдах авалт хийх” шийдвэрийг гаргасан, зохих журмыг бүрэн баримталж, биелүүлээгүй ажилласан үнэлгээний хорооны гишүүд хамт шалгагдах ёстой гэж үзэж байна.

Иймд хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож *******д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Анхан шатны шүүх эргэлзээтэй нотлох баримтууд болох дараах гэрч нараас авсан мэдүүлгээр шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл:

Хэрэгт гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл байдаг. Түүнээс , *******, *******, Х.Хатанчимэг, А.Алтанхишиг нарын 5 гэрч *******ийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газарт ковш худалдан авахуулсан гэж огт мэдүүлээгүй. Харин Ч.*******, , , Л.Отгонжаргал нарын 4 гэрчийн мэдүүлэгт *******ийн талаар дурдагдсан байна. Тодруулбал, гэрч Ч.*******аас "... Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ганзориг авч ирсэн гэж хүмүүс ам дамжин ярьдаг юм байна лээ. Би яг өөрөө бол мэдэхгүй" гэж, гэрч гээс "... Бэрс хараа ХХК-ийг Сант сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар ажиллаж байсан ******* анх санал болгосон байсан. *******ийн найз нь Баруунхараагийн алтны уурхайд ажиллаж байсан ковш гэж сонсож байсан /хэнээс сонсож байснаа санахгүй байна/. Сүүлд сонсоход ИТХ-н дарга ******* намайг гуйж байж энэ ковшийг авахуулсан биз дээ гэж ярьж байсан" гэж, гэрч гээс “... Тэгээд ИТХ-н дарга *******ийн санал болгосноор уг ковшийг худалдан авах болсон. Тэгээд бид ярилцаад ******* даргын найзын компаниас ковш удалдан авахаар болсон” гэж, гэрч Л.Отгонжаргалаас Энэ үед ковш худалдаж авах талаар би *******той ярилцаагүй байхад *******, засаг дарга ******* хоёр энэ худалдан авах ажиллагааг хийсэн байх гэж бодож байна” гэж тус тус мэдүүлсэн байна. Гэхдээ дээрх 4 гэрчийн мэдүүлэг нь “хүмүүс ярьдаг, сонсож байсан, бодож байна” гэх таамаглалын шинжтэй, гэрч нар өөрсдөө нүдээр үзэж, чихээр сонсоогүй төсөөлөн бодсон байна. Өөрөөр хэлбэл гэрч нар нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн мэдэж, ухамсарлаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Сант сумын ИТХ, ЗДТГ-ын сумынхаа ойг тохиолдуулан ковш худалдан авах үйл явцыг тухайн үед ажиллаж байсан бүх хүмүүс мэдэж байсан болох нь гэрч нараас авсан мэдүүлгээс тодорхой харагддаг. Гэтэл одоо сумын ИТХ-н дарга болон Засаг дарга нараас бусад нь огт мэдээгүй, оролцоогүй мэтээр мэдүүлжээ. Энэ бүх үйл явц хууль бус бол үүнд оролцсон бүх хүмүүс буруутай байхаар байна. Тухайлбал, Тендер шалгаруулах ажлын хэсэг /, , *******, Б.Отгонтэнгэр, Х.Хатанчимэг нар/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд заасан техникийн тодорхойлолт гаргах, оролцогчийн чадварыг үнэлэх, ерөнхий нөхцөл, санхүүгийн чадавхийг судлах, тендерийн баримт бичиг бэлтгэх, тендерийн хугацаанд багтаан тендерийг явуулах зэрэг үүргээ биелүүлээгүй, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан сумын ЗДТГ-ын дарга // тендер зохих ёсоор явагдаагүй гэдгийг мэдсээр байж гэрээ байгуулж, гарын үсэг зурсан, Ковш хүлээн авсан ажлын хэсэг /*******, *******, Ч.******* нар/ худалдан авсан ковш техникийн шаардлага хангахгүй байсан бол хүлээж авахаас татгалзаж болох байсан ч хүлээн авсан зэрэг хууль бус үйлдэл хийсэн байж болохоор байна. Өөрөөр хэлбэл ковш худалдан авах процест оролцсон хүмүүсээс яагаад зөвхөн *******, ******* нарыг буруутгаад байгаа нь эргэлзээтэй байна.

Дээрх гэрч нар 26,200,000 төгрөгөөр ковш худалдан авах боломжгүй. Өндөр үнэтэй байсан талаар мэдүүлсэн байна. Гэтэл шинжээч тухайн ковшийг 2018 оны 08 дугаар сард бус 2021 оны 05 дугаар сард эвдрэл, гэмтэлтэй, ажиллагаагүй болсон үед нь дүгнэлт гаргасан байна. Тэгэхлээр яаж ч бодсон үнэлгээ бага гарах нь ойлгомжтой. 2018 оны 08 сард тус ковшийг хүлээн авах үед ажиллаж байсан бөгөөд 2019 оны 04 сард буюу 8 сар ажиллуулсан байна. Энэ хугацаанд ковшоор нэлээдгүй ажил хийсэн болох нь мөн тодорхой байна. Гол нь ковшийг мэргэжлийн жолооч зориулалтын дагуу ашигласан эсэх нь огт тодорхойгүй байна. Гэтэл худалдагч “Бэрс хараа” ХХК-ийн захирал А.Алтанхишигийн мэдүүлэгт “шанагаар нь суурийн блок өргөж байгаад эвдэлсэн” гэж дурдагдсан байна. Үүнээс үзэхэд мэргэжлийн бус хүн зориулалтын дагуу ашиглаагүй байна. Энэ талаар болон шинжээч ковш хүлээн авах үеийн тооцооллыг буруу гаргасан байна. Энэ мэт эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл ногдуулсан нь ЭХТА-ийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч *******ийн үйлдэл нь гэмт хэрэг биш юм.

Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг минь хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байх тул 39.9 дүгээр зүйлийн 1.2-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

01 сарын 23-ны захирамжаар 4 жил Засаг дарга хийсэн. Ойг угтсан жилд 7 ажлын хэсэг би өөрийн хувийн машинаар явдаг байсан. Орон нутгийн төсвөөс 31 сая төгрөгөөр ланд-105 авахаар төсөвлөсөн. Үлдсэн мөнгийг нь ковшдоо тавьсан, 26 сая төгрөгөөр ажиллаж байгаа ковш авах ямар ч боломжгүй. Би 6 сая төгрөгөөр хязаалан барьсан. Ах дүү 9 үүлээ. Дүү нараас 1.2 сая төгрөг цуглуулсан гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хамжигчаар оролцсоноо ойлгохгүй байна. Ийм зүйл болно гэж бодоогүй. Иргэдийн хурлын саналаар орон нутгийн төсвийг иргэдийг саналаар эрэмбэлэгдээд 1-т ковш худалдаж авахаар орж ирсэн. Огтоос байхгүй. 21 төлөөлөгч нарын саналаар сумын ой болох гэж байгаатай холбогдоод энэ журмын дагуу батлагдсан. Төсвийг хамгийн нэгт эрэмбэлэгдсэнд байгаа төсвөө тавьсан юм байгаа. Би ганцаараа батлаагүй, 21 төлөөлөгч баталсан. Тамгын газрын ажилчид гэрчээр мэдүүлэг өгсөн. Заавал энэ ковшийг ав гэж хэнд ч дарамт үзүүлээгүй. ...Би тэр ковшийг аваач гэж оролцоогүй. Харамсаж байна. Төрийн ажил үйлчилгээ дарамт шахалтаар ингэж байгаад харамсалтай гомдолтой байна. Шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж ялгааг олж өгнө үү гэв

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Энэ хэрэгт Мөнхдөл прокурор хяналт тавиад, шүүх хуралдаанд оролцож байсан. Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдолд тайлбар гаргасан байгаа юм билээ. Миний хувьд холбогдох материалтай танилцсан. Прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолтой танилцсан. Прокурорын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2133000020028 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

Авто машин худалдан авсан хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийг тус тус зөрчиж худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулалгүйгээр 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №01 дугаартай, “Авто машин худалдан авах” тухай 34.100.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг “Фотокрафт” ХХК-ийн захирал тай байгуулж, авто машины төлбөрөөс 1,200,000 төгрөгийг авч төсөвт 1.200.000 төгрөгийн хохирол учруулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ёндонжамц /1-р хх-ийн 66-73-р ху/, гэрч /2-р хх-ийн 117-121-р ху/, /2-р хх-ийн 122-128-р ху/, Л.Баярсайхан /2-р хх-ийн 128-132-р ху/, ******* /2-р хх-ийн 133-140-р ху/, Ч.******* /2-р хх-ийн 141-144-р ху/, /153-157-р ху/, /2-р хх-ийн 162-165-р ху/, Б. /2-р хх-ийн 169-173-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 84-89-р ху/, 2021 оны 02 дугаар сарын 28 ны өдрийн Тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 90-105-р ху/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/41 дугаартай захирамжаар Үнэлгээний хороо байгуулан ажлын хэсгийн гишүүдийг томилж, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Tender.gov.mn сайтад “Сант сумын Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд 16.000.000 төгрөгөөр Ланд 105 маркийн автомашин авна” гэсэн зар байршуулж тендер зарласан боловч аж ахуйн нэгж, байгууллагаас материал ирүүлээгүй байна.

Гэтэл шүүгдэгч ******* нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1, 30.4.3-д заасан заалтуудыг зөрчиж дахин тендер зарлалгүйгээр шууд гэрээ байгуулж “Фотокрафт” гэх компаниас 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсад орж ирсэн, Тоёота ланд крузер 100 маркийн машиныг 31.000.000 төгрөгөөр  худалдан авсан болох нь:

гэрч гийн  “...Сэлэнгэ аймгийн засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаартай захирамжаар Сант сумын засаг даргын тамгын газарт албан хэрэгцээнд автомашин худалдан авах 15.000.000 төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас төсөвлөж өгсөн. Тухайн жил манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 16.000.000 төгрөгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар төсөвлөсөн. Ингээд автомашин худалдаж авах 31.000.000 төгрөг бүрдсэн. Сант сумын засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/41 дугаартай захирамжаар Үнэлгээний хороо байгуулж ажлын хэсгийн гишүүдийг томилсон. Ажлын хэсгийн ахлагчаар сумын засаг даргын орлогч , нарийн бичгийн даргаар намайг, гишүүдээр төсвийн нягтлан бодогч Б.Отгонтэнгэр, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн З.Ууганцэцэг, иргэний төлөөллөөр ******* нарыг томилсон. Үнэлгээний хороо хуралдаж Тоёота ланд крузер 105 маркийн автомашин худалдаж авна. Үнийн судалгаа хийж үзье, механик автомашины судлаж үзье гэсэн шийдвэрт хүрсэн. Тендер зарлахад орлогч дарга аймгаас төсөвлөж өгсөн. 15.000.000       төгрөг нь ирээгүй байгаа болохоор аймгаас тендер зарлах байх бид өөрсдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төсөвлөж өгсөн 16.000.000 төгрөгөөрөө тендерээ зарла гэж хэлэхээр нь би 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр tender.gov.mn сайтад Сант сумын засаг даргын тамгын газарт албан машин 16.000.000 төгрөгөөр Ланд 105 маркийн автомашин худалдаж авна гэсэн зарыг байршуулж тендерээ зарласан. Тендер зарлаад аж ахуй нэгж байгууллагаас материал ирүүлээгүй. Тэр жил манай сумын 90 жилийн ой болж байсан болохоор дахиж тендер зарлах хугацаа байхгүй гээд засаг дарга хэлж байсан. Засаг дарга нэг машин авч ирсэн. Тэр машин нь Фотокрафт гэдэг компаниас худалдаж авахаар болсон. Засаг дарга худалдан авах ажиллагааны материалаа бүрдүүлээд энэ компаниас машин худалдаж авна гэж хэлсэн. Тэгээд тэр компаний Тоёота ланд крузер 100 маркийн 2001 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Монголд орж ирсэн ашиглагдаж байсан автомашиныг 31.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Машины төлбөрийг Сант сумын 90 жилийн ойд зориулж “Сант хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллага байгуулж хандив цуглуулсан юм. Тэр байгууллагыг хариуцан ажиллаж байсан Л.Баярсайханаас засаг дарга Улаанбаатар явахдаа 16.600.000 төгрөгийг аваад явсан байсан. Тэгээд бас өөрийн төрсөн дүү гаасаа 15.000.000 төгрөг зээлээд Фотокрафт компаниас машинаа худалдаж аваад ирсэн байсан. Үнэлгээний хороо засаг дарга машинаа авч ирсний дараа материалаа нөхөж хийсэн. Аймгийн хөрөнгө оруулалтаар өгсөн 15.000.000 төгрөгийг засаг даргын төрсөн дүү гийн дансанд шилжүүлсэн. Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар төсөвлөсөн 16.000.000 төгрөгийг Сант хөгжлийн хөтөч төрийн бус байгууллага руу шилжүүлсэн. Сүүлд сонсоход Фотокрафт компани нь засаг дарга Буянхүүгийн төрсөн дүү гийн компани гэсэн яриа байсан. Уг автомашиныг худалдан авахад үнэлгээний хороо ажиллаагүй, засаг дарга Буянхүү өөрөө машинаа олж ирсэн.   ...Миний хувьд байнга тендерийн баримт бичиг боловсруулаад тендер зарлаад явахад хүндрэлтэй байдаг учир даргатай муудалцах үед хүртэл гардаг байсан. ...тухайн үед үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл үйлдсэн эсэхийг санахгүй байна, уг нь хурлын тэмдэглэл байх ёстой, гэвч архивын баримт дотор үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл байхгүй байна. Ямар ч байсан үнэлгээний хороо нэг удаа хуралдсан учир би өөрөө тендерийн баримт бичиг боловсруулаад tender.gov.mn сайтад тендерийн урилгыг байршуулсан юм. Ингэхдээ 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр урилгыг байршуулж, тендер хүлээн авах эцсийн хугацааг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байх, худалдаж авах машин нь ланд круйзер 105 маркийн авто машиныг 16.000.000 төгрөгөөр худалдан авахаар зарласан юм. ...Иймд дахин тендер зарлаагүй, үнэлгээний хороо хуралдаж зөвлөмж, дүгнэлт гаргаагүй байж байтал нэг мэдсэн чинь Засаг дарга ******* өөрөө ганцаараа Улаанбаатар хот руу яваад ланд 100 маркийн машин худалдаж аваад ирсэн юм.  Нягтлан бодогч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дээрх машиныг Сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэсэн байсан ба ингэхдээ 34.000.000 төгрөгөөр худалдан авсан гэж бүртгэсэн байсан. Тэгэхээр нь би 31.000.000 төгрөгөөр авсан машиныг яагаад 34.000.000      төгрөгөөр бүртгэж авсан юм бэ гэж асуухад Засаг дарга ******* 34.000.000 төгрөгөөр ав гэж хэлсэн гэж тайлбарласан юм. Тэгэхээр нь би ******* даргын өрөөнд орж уулзаад 31.000.000 төгрөгийн төсөвтэй машиныг яагаад 34.000.000 төгрөгөөр бүртгэж байгаа юм бэ, зөрүү 3.000.000 төгрөгийг нь яаж байгаа юм бэ гэж асуухад ******* нь "Зөрүү 3 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргана" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би өө болохгүй, сумын Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах чинь тусгай журамтай байгаа гэж хэлээд 34.000.000 төгрөг гэж бүртгэсэн байсныг нь балаар 31.000.000 төгрөг болгож засварлаж байсан юм. Уг нь бол үнэлгээний хороо 1 удаа хуралдсан. Гэхдээ хурлын албан ёсны шийдвэр гаргаж үнэлгээний хорооны зөвлөмж гаргаагүй. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, боловсруулсан тендерийн баримт бичиг, үнэлгээний хороо байгуулсан захирамж зэрэг баримтууд архивын баримтад байхгүй байна...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 107-116-р хуудас/

Гэрч гийн: “...Энэ гэрээг бичсэн үсгийн фонд болон загвар нь манай Засаг даргын тамгын газрын бичиг хэргээс гарсан гэрээ биш байна. Улаанбаатар хотод Засаг дарга ******* Фотокрафт ХХК-ийн хүмүүстэй нийлж хийсэн загвар байна. Би уг гэрээнд Фотокрафт ХХК-ийн захирал гэж хүнийг гарын үсгээ зурсны дараа Сант суманд уг гэрээг ирсний дараа нөхөж зурсан. Ланд 100 маркийн машиныг худалдаж аваад Сант суманд авч ирсний дараа нөхөж гарын үсэг зурсан. Уг автомашиныг худалдан авах төсөв нь Сэлэнгэ аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас манай суманд автомашин худалдан авах 15,0 сая төгрөгийн эрх шилжүүлсэн. Манай сумын Орон нутгийн хөгжлийн сангаас Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас автомашин худалдан авахад 16,0 сая төгрөгийг баталж өгсөн. Ингээд нийт 31,0 сая төгрөгөөр туулах чадвар сайтай жийп автомашин худалдаж авахаар болсон юм. Үнэлгээний хороо байгуулсан боловч Засаг дарга ******* сумын 90 жилийн ойн баяраас өмнө машинаа авна гээд Сэлэнгэ аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 15,0 сая, Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 16,0 сая төгрөг орж ирээгүй байхад Сант сумын 90 жилийн ойн баярт зориулж нээсэн Сант хөгжлийн хөтөч төрийн бус байгууллагад хандиваар цугларсан мөнгөнөөс 16,0 сая төгрөг аваад Улаанбаатар хот руу ганцаараа яваад Ланд-100 маркийн автомашин худалдаж авсан байсан. Үлдэгдэл мөнгийг нь ******* дарга өөрийн төрсөн дүү гаас авсан гэж хэлж байсан. Үнэлгээний хороо худалдан авах ажиллагаа явуулсан эсэхийг мэдэхгүй байна. Засаг дарга ******* өөрөө явж машинаа худалдаж авсан гэдгийг л мэдэж байна. Засаг дарга автомашин худалдаж авахдаа надтай ярилцахгүйгээр Улаанбаатар хотод очиж өөрөө дүүгээсээ мөнгө зээлж машин авчихлаа гэж хэлсэн. Тэгээд одоо манай дүүгийн мөнгийг өг гэж надаас удаа дараа шаардсан. Тэгэхээр нь би ******* даргын өгсөн үүргийн дагуу уг албан тоотыг Санхүүгийн албанд хүргүүлсэн. ******* дарга автомашин худалдаж авахдаа дүүгээсээ мөнгө зээлсэн болон Сант хөгжлийн хөтөч төрийн бус байгууллагаас мөнгө зээлсэн гэдгээ надад хэлээгүй. Автомашинаа худалдаж авч ирснийхээ дараа энэ асуудлаа хэлсэн. Худалдан авах ажиллагааг ******* дарга өөрөө Улаанбаатар хот явж худалдаад аваад ирчихсэн байсан. Нэгэнт худалдаад аваад ирчихсэн машиныг тэмдэглэл үйлдэж хүлээн авахаас өөр арга байгаагүй. Яагаад ланд-105 биш ланд-100 авсан юм бэ гэж асуухаар Засаг дарга Б. “Ланд-105 олдохгүй үнэтэй байсан, ганц нэг байсан нь хэтэрхий муу машин байсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 117-121-р хуудас/

Гэрч ийн: “...Засаг дарга ******* нь “одоо сумын 90 жилийн ой болох гээд байна, яаралтай машин авах хэрэгтэй байна” гэж хэлээд өөрөө Улаанбаатар хот руу яваад ланд 105 машин биш ланд 100 маркийн машин худалдаж аваад ирсэн юм. ******* дарга анх машин худалдаж авахдаа “Орон нутгийн хөгжлийн сангаас баталсан 16.000.000 төгрөг, дээр нэмж Сант хөгжлийн хөтөч ТББ-аас 15.000.000 төгрөг гаргуулсан юм байна гэж ойлгож байсан юм. Ямар ч байсан ******* дарга ланд 100 маркийн машин худалдаж аваад ирсэн юм. Ингээд тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/07 тоот “Авто машин хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар намайг ажлын хэсгийн ахлагчаар, *******, жолооч ******* хоёрын ажлын хэсгийн гишүүнээр томилж бид нар машиныг хүлээж авсан байна. Үнэлгээний хорооноос зөвлөмж гаргаж Засаг даргад өгөөгүй. Ер нь тэгээд эхний удаа нэг удаа хуралдаад тэрнээс хойш худалдан авах ажиллагаатай холбоотой ямар нэгэн ажил хийгээгүй. Хурлын тэмдэглэл уг нь байх л ёстой, манай ажлын хэсгийн нөхдүүд л хурлын тэмдэглэлээ хадгалаагүй байна даа.Фотокрафт ХХК-ийн захирал Жавхлан гэх хүн манай суманд лав ирээгүй. Тэгэхээр тэр гэрээ Улаанбаатар хотод л байгуулагдсан байх. Би мэдэхгүй байна. ...Тендерийн бичиг баримтаас харахад Засаг дарга ******* нь 2018 оны 06 сарын 21-ний өдрийн 293 дугаартай “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичгийг Фотокрафт ХХК-д хүргүүлсэн юм байна. Гэхдээ энэ албан бичгийг 6 сарын биш, сүүлд нь нөхөж хийсэн магадгүй байх...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 122-128-р хуудас/

Гэрч Л.Баярсайханы: “...2018 оны 07 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Сант сумын 90 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Энэ ойн арга хэмжээнд зориулж 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сумын удирдлагууд “Сант хөгжлийн хөтөч” нэртэй Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан байсан.  Улмаар төрийн сангийн дарга бид хоёр хамт банкин дээр очиж хүсэлт гаргаад уг төрийн бус байгууллагын нэр дээр Хаан банкны 5053101670, Төрийн банкны 151000092592 тоот дугаартай 2 дансыг шинээр нээлгэсэн юм ... Тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан ******* нь миний 95975751 дугаарын утас руу залгаж надтай яриад "Би Улаанбаатар хотод сумын Засаг даргын тамгын газрын машин худалдаж авах гээд явж байна, гэтэл машин авах мөнгө дутаад байна, та 16.000.000 төгрөг шилжүүлээд өг, машин худалдан авах мөнгөний санхүүжилт аймгаас орж ирээгүй байна, аймгаас мөнгө орж ирсэн үед нь би танд буцааж өгнө" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би ******* даргын хэлсний дагуу Сант сумын Хаан банк орж Буянхүү даргын хэлсэн Фотокрафт ХХК-ийн данс руу 16.600.000 төгрөг шилжүүлж байсан юм. Фотокрафт ХХК-ний дансны дугаарыг Буянхүү дарга надад хэлж байсан. Ямар ч байсан энэ үйл явдлын дараа ******* дарга өөрөө дарга нарын унаад байдаг том жийп машин авчихсан байсан. Ингээд явж байгаад ойн баяр болж байх үед буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дээрх мөнгийг манай Сант хөгжлийн хөтөч ТББ-ын 151000092592 дугаартай Төрийн банкны дансанд буцаан шилжүүлсэн байсан ба уг мөнгийг баяр наадмын арга хэмжээнд зарцуулсан байгаа. ...Би бодохдоо *******г зөрүү 600.000 төгрөгөөр нь машиныхаа бензин тос хийсэн байх гэж л ойлгосон. ******* даргын авсан мөнгө буцаж манай дансанд орохдоо 600.000 төгрөг дутуу орж ирсэн нь үнэн. Би энэ асуудлыг *******д өөрт нь хэлсэн. Мөн д хэлээд 600.000 төгрөгийнхөө тайлан тооцоог өөрсдөө гаргаарай гэдгийг нь хэлж байсан. Би Сант хөгжлийн хөтөч ТББ-ын дансанд орж, гарсан мөнгөний гүйлгээ, дансны хуулга, санхүүгийн баримтуудыг бүгдийг д хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 129-128-132-р хуудас/

Гэрч *******ийн: “...Сумын засаг даргын тамгын газарт худалдаж авсан гэх ланд 100 маркийн авто машиныг албан ёсоор хүлээж аваагүй. Сүүлд орлогч дарга Отгонгэрэл нь “авто машин хүлээн авсан баримт бүрдүүлж аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн байсан. Ямар ч байсан жолооч ******* ах манай өрөөнд орж ирээд орлогч дарга Отгонгэрэл дуудаж байна гэхээр нь би ******* ахын хамтаар орлогч дарга Отгонгэрэлийн өрөөнд орж уулзахад “ланд 100 машиныг худалдаж авсан, машин хүлээж авсан баримт”-ыг бүрдүүлж аймаг руу явуулах хэрэгтэй байна, энийг бөглөөд өг гэж хэлээд өөрийнхөө ажлын компьютер дээрээс “Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт, Үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх баримт ажлын хэсгийн хурлын тэмдэглэл” зэргийг хэвлэж гаргаад, уг баримтуудыг надаар бөглүүлж, гарын үсэг зуруулсан юм. Баримтыг үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бөглөсөн, уг баримтыг би өөрийн гараар бичиж бөглөсөн байна. Гэхдээ дээрх баримтуудыг бичихдээ сар өдрийг нь урагшлуулж тавьсан байж магадгүй, яг хэдний өдөр уг баримтыг бичсэн гэдгийг би санахгүй байна. ...Миний хувьд дээр хэлсэнчлэн машиныг нүдээр үзэж, албан ёсоор хүлээж аваагүй. Орлогч даргын өгсөн үүргийн дагуу л машин хүлээн авсан тухай баримтыг үйлдсэн. Жолооч ******* ах өөрөө машиныг унах учраас нүдээр үзээд авсан байлгүй дээ. Уг нь тэр машиныг эхэн үедээ Засаг дарга унаад л явдаг байсан. Энэ хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэг миний өөрийн гарын үсэг мөн байна. Гэхдээ тэмдэглэлийг би өөрөө бичээгүй, Отгонгэрэл дарга өөрийнхөө компьютерээс хэвлэж гаргаад надаар гарын үсэг зуруулсан санагдаж байна. Албан ёсоор хурал болоогүй. ...Засаг даргын захирамжаас харахад надтай нэг айлын бэр болох З.Ууганцэцэг үнэлгээний хороонд орж ажилласан байна. Тухайн үед Засаг даргын тамгын газарт надтай нийлээд 2 Ууганцэцэг ажилладаг байсан. Энэ авто машинтай холбоотой төлбөрийн хүсэлтийг би гаргасан байгаа, төлбөрийн хүсэлт бичихэд санхүүгийн анхан шатны баримтууд нь над дээр ирээгүй, албан хүчээр шахуу л төлбөрийн хүсэлт бичигдэж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 133-140-р хуудас/

Гэрч Ч.*******ын: “...2018 оны 07 дугаар сарын Улсын баярын өдрөөс өмнө манай сумын Засаг даргын тамгын газарт Ланд 105 маркийн авто машин авна гээд тендер сонгон шалгаруулалт зарлаад явж байсан санагдаж байна. Гэхдээ тендер сонгон шалгаруулалтын талаар би огт мэдэхгүй байна. Ямар ч байсан Улсын баяр болох өдрөөс өмнөхөн 2018 оны 07 дугаар сарын 05-06-ны өдрийн үед ******* дарга өөрөө ганцаараа Улаанбаатар хот руу яваад мөнгөлөг өнгийн ланд круйзер 100 маркийн машин худалдаж аваад ирсэн юм. Би одоо гайхдаг ш дээ, дарга нар байгууллагад юм худалдаж авч байгаа бол ядаж нягтлангаа дагуулж явдаг баймаар юм. Гэтэл ганцаараа л яваад машин аваад ирсэн. Тэгээд ******* даргын ланд 100 машин худалдаж авч ирээд тэр машинаа сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгнө гэдэг асуудал яригдаад байсан юм. Тэр үед Засаг даргын тамгын газарт ланд 105 маркийн машин авах ёстой байтал ланд 100 машин аваад ирсэн байна, тэгэхээр энэ машиныг хүлээж авахгүй гэдэг асуудал яригдаад байсан юм. Тэгээд тэр машиныг албан ёсоор хүлээж аваагүй юм. Надад хариуцуулж өгөөгүй учир би Буянхүү даргын жолоочоор яваагүй юм. Тэгээд ******* дарга өөрөө л уг машиныг унаад улсын баяраар гэр бүлээрээ давхиж байгаад баяр дуусаад Буянхүү дарга амралтаа аваад өөрөө машинаа унаад гэр бүлээрээ Ховд аймаг руу яваад өгсөн юм. ...нэг өглөө намайг нягтлан Ууганцэцэг дуудаж уулзаад даргын авч ирсэн ланд 100 машиныг хүлээж авах гэж байна, та машинаа хүлээж ав гэсэн юм. Тэгээд л би уг машиныг хүлээж, хариуцаж аваад тэр цагаас хойш уг машиныг унаж Буянхүү даргын жолоочоор явж байсан юм. Машин хүлээж авах ажлын хэсэг байгуулсан надаар машин хүлээж авсан акт дээр гарын үсэг зуруулсан юм. Зүгээр л уг машиныг би унах ёстой учир хүлээн авч, гарын үсэг зурсан юм. ...Уг машиныг 2018 оны 07 дугаар сард худалдаж аваад 2019 оны 07, 08 дугаар сарын үед мотор нь эвдрээд зогсчихсон. Одоо хүртэл засаагүй, манай гэрийн хашаан дотор байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 141-144-р хуудас/

Гэрч гийн: “...Миний хувьд Япон улсаас оруулж ирсэн машинаа Да-Хүрээ зах дээр зогсож зардаг юм. Уг авто машины зах дээр зогсож байх үедээ буюу 2014 оны үед гэх машины ченж залуутай танилцаж байсан ба түүнээс хойш найз нөхдийн харилцаатай болсон юм. Дээрх ланд 100 маркийн машины тухайд гэвэл анх 2018 оны 06 дугаар сарын дунд үед нь Да-Хүрээ зах дээр надтай уулзаад "Найз нь нэг машин зарах гэсэн юм, тэгсэн машин худалдан авч байгаа хүмүүс нь байгууллагын данс руу мөнгөө шилжүүлнэ гэнэ, ямар нэгэн асуудал байхгүй, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга байгаа юм. Энэ хүн албандаа машин авах гэсэн чинь хувь хүнээс машин авч болохгүй гэнэ, чи компанийнхаа нэр, дансыг ашиглаад миний ланд 100 машиныг зараад өг” гэж хэлсэн юм. Тэгээд би ийг таньдаг юм чинь зүгээр л асуудалгүй юм байх гэж бодоод өөрийн үүсгэн байгуулсан Фотокрафт ХХК-ийн нэр, дансыг ашиглуулахыг зөвшөөрсөн юм. Үүний дараа буюу 2018 оны 06 дугаар сарын дунд үед Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга Буянхүү гэх 50 орчим настай, 160-165 см орчим өндөр, бага зэргийн махлаг ах хүү өөрөө Да-Хүрээ зах дээр ирж бид хоёртой уулзаад "Манай компаниас ланд 100 маркийн авто машин худалдан авч байгаа байдлаар гэрээ хийж, гэрээнд би өөрөө гарын үсэг зурсан юм. Тэгээд Буянхүү гэх хүн нэхэмжлэх бичээд өгчих гэхээр нь би өөрийн компанийн нэрээр мөнгө нэхэмжлэх хуудас бичиж өгсөн санагдаж байна. Ямар ч байсан дээрх гэрээний дагуу манай компани машин зараагүй, манай найз нь ланд 100 маркийн машинаа зарж, уг машины төлбөрт 16.600.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай Фотокрафт ХХК-ийн Хаан банкны 5011266791 тоот данс руу шилжүүлсэн байсан. Дээрх мөнгийг би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр компанийнхаа данснаас бүхэлд нь авч, татварын шимтэлд 10 хувийг нь суутгаж өөртөө авч үлдээд, түүнээс үлдсэн 14.900.000 орчим төгрөгийг нь Хаан банкаар дамжуулан ийн данс руу шилжүүлсэн байна. Буянхүү дарга өөрөө манай компанийн оффис дээр ирж надтай уулзаад машины нэхэмжлэлийн баримтаа авч байсан юм. Авто машин худалдах, худалдан авах гэрээг яг хаана байгуулсан талаар одоо санахгүй байна. ...Машиныг яг хэдэн төгрөгөөр зарсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан манай Фотокрафт ХХК-ийн данс руу 16.600.000  төгрөг л орж ирсэн. Тэр мөнгөнөөс татварын 10 хувь 1.660.000 төгрөгийг би өөртөө авч үлдээд хувьдаа зарцуулсан, үлдсэн 14.940.000 төгрөгийг нь рүү шилжүүлсэн байх...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 153-157-р хуудас/

Гэрч ийн: “...Дизель хүрээ зах дээр зогсож байтал 2018 оны 07 дугаар сарын 17 билүү 18-ны өдөр миний машиныг Буянхүү гэх хүн ирж үзээд, машин чинь таалагдаж байна, худалдаж авъя гэсэн юм. Тэгээд би уг хүнд машинаа зарах гэтэл тэр хүн өөрийгөө Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргаар ажилладаг, албандаа машин авч байгаа юм. Албаны машин худалдаж авахад хувь хүнээс худалдан авч болохгүй, хувь хүнээс машин авбал суутгал хийж таарна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би суутгал хийвэл машинаа зарахгүй, та бэлэн мөнгөө өгөөд авбал ав гэж хэлээд явуулсан юм. Гэтэл тэр хүн машиныхаа мөнгийг зохицуулна гээд эргэлдээд байснаа чамд компани байвал компаний нэрээр гэрээ хийгээд компаний чинь нэр рүү мөнгө шилжүүлж болно. Тэгэхгүй бол манай сумаас наашаа хувь хүний данс руу мөнгө шилжүүлж болохгүй байна гэж хэлсэн юм. Энэ үед манай найз Жавхлан надтай хамт байсан ба би найз д хандаж компанийнхаа нэрээр гэрээ хийгээд өгчих гэж хэлэхэд Жавхлан зөвшөөрсөн юм. ...Тэгээд би машинаа зарахын тулд өөрийн нэр дээр байсан дээрх ганд 100 маркийн авто машиныг гийн компани болох Фотокрафт ХХК-ийн нэр дээр шилжүүлээд , ******* хоёр хоорондоо авто машин худалдах гэрээ байгуулаад машиныг ******* аваад явсан юм. Би өөрийн дансны хуулганаас харахад би уг машиныг нийт 29.000.000 төгрөгөөр зарсан байна. Анх 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 5022514618 дугаартай данснаас миний 5027656239 тоот Хаан банкны данс руу 14.000.000 төгрөгийг “Буянхүү ахад зээлэв" гэсэн утгаар шилжүүлсэн байна. Мөн өдөр Сант сумын Засаг дарга Буянхүү нь өөрөө миний дээрх тоот данс руу 60,000 төгрөг шилжүүлсэн байсан. Гүйлгээний утга дээр нь Буянхүүгийн /99246573/ гэсэн дугаар бичигдсэн байна. Мөн өдөр Сант сумаас манай найз Жавхлангийн данс руу 16.600.000 төгрөг шилжүүлсэн ба үүнээс компанийн татварын 10 хувийг авч үлдээд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр миний 5027656239 тоот Хаан банкны данс руу 14.940.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Ингээд миний дансанд нийт 29.000.000 төгрөг орж ирсэн. Жавхлан нь 16.600.000 төгрөгийн 10 хувь болох 1.660.000 төгрөгийг өөртөө авч үлдсэн. Үүнийг нэмээд үзвэл ******* нийт 30.600.000 төгрөгөөр машиныг худалдаж авсан юм байна...” /2-р хх-ийн 162-165-р хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн 2018 оны 06 дугаар сарын 12 ны өдөр Tender.gov.mn сайтад “Сант сумын Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд 16.000.000 төгрөгөөр Ланд 105 маркийн автомашин авна” гэсэн зар байршуулж тендер зарласан боловч санал ирээгүй тул шүүгдэгч *******  дахин тендер зарлуулалгүйгээр шууд гэрээ байгуулан   “Фотокрафт” гэх компаниас 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсад орж ирсэн Тоёота ланд крузер 100 маркийн машиныг 31.000.000 төгрөгөөр худалдан авч төсөвт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан нь албан тушаалтан тодорхой нөхцөл үүссэн үед хэрэгжүүлэх үйлдлийг дур мэдэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг цагаатгахыг хүссэн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Xiamen Х2657 маркийн ковшийг зах зээлийн үнээс өндрөөр буюу 26.200.000 төгрөгөөр худалдаж авсан хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 41 тоот “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө батлах тухай” тогтоолыг хэлэлцэх үедээ ямар нэгэн эдийн засаг тооцоо судалгаагүйгээр Ковшийг 26.200.000 төгрөгөөр худалдан авах төсөв батлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А/06 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж гаргасан боловч худалдан авах ажиллагааг зохих ёсоор зохион байгуулалгүйгээр Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******той хамтран 2018 оны 5 дугаар сард шууд худалдан авалт хийх зорилгоор Улаанбаатар хотод түүний хамаарал бүхий этгээд, найз А.Батмөнхийн төрсөн ах А.Алтанхишигийн “Бэрс хараа” ХХК-иас зах зээлийн үнэлгээгээр 18.625.000 төгрөгийн үнэтэй Xiamen Х2657 маркийн ковшийг зах зээлийн үнээс хэт өндрөөр буюу 26.200.000 төгрөгөөр худалдаж авч Орон нутгийн хөгжлийн сангаас 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Бэрс хараа” ХХК-ийн Төрийн банк дахь 240009652209 тоот дансанд 26,200,000 төгрөгийг шилжүүлж “Бэрс хараа” ХХК-д давуу байдал бий болгож, төсөвт 7,575,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг,

 Шүүгдэгч ******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Авлигын эсрэг хууль, Төрийн болон орон нутгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг тус тус зөрчиж, Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 41 тоот “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө батлах тухай” тогтоолыг хэлэлцэх үедээ ямар нэгэн эдийн засаг тооцоо судалгаагүйгээр Ковшийг 26.200.000 төгрөгөөр худалдан авах төсөв батлуулж, Засаг дарга *******гийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А/06 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжийн дагуу худалдан авах ажиллагааг зохих ёсоор зохион байгуулалгүйгээр Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг дарга *******тэй хамтран 2018 оны 5 дугаар сард шууд худалдан авалт хийх зорилгоор Улаанбаатар хотод өөрийн хамаарал бүхий этгээд, найз А.Батмөнхийн төрсөн ах А.Алтанхишигийн “Бэрс хараа” ХХК-иас зах зээлийн үнэлгээгээр 18.625.000 төгрөгийн үнэтэй Xiamen Х2657 маркийн ковшийг зах зээлийн үнээс өндрөөр буюу 26.200.000 төгрөгөөр худалдаж авч Орон нутгийн хөгжлийн сангаас 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Бэрс хараа” ХХК-ийн Төрийн банк 240009652209 тоот дансанд 26,200,000 төгрөгийг шилжүүлж “Бэрс хараа” XXК-д давуу байдал бий болгож, төсөвт 7,575,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ёндонжамц /1-р хх-ийн 66-73-р ху/, иргэний хариуцагч А.Батмөнх /1-р хх-ийн 147-150-р ху/, /1-р хх-ийн 74-75-р ху/, Ч.******* /1-р хх-ийн 76-77,80-81-р ху/, 82-87-р ху/, /1-р хх-ийн 89-93-р ху/, / 1-р хх-ийн 94-101-р ху/, ******* /1-р хх-ийн 109-11-р ху/, ******* /1-р хх-ийн 113-117-р ху/, Х.Хатанчимэг /1-р хх-ийн 119-122-р ху/, А.Алтанхишиг /1-р хх-ийн 123-131-р ху/, Д.Мөнхнасан /1-р хх-ийн 140-143-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Тендер зарлах “Tender.gov” цахим хуудсан үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 57-61-р ху/, “Бэрс хараа” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Сант сумын ЗДТГазартай байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах,с худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-ийн 42-43-р ху/,”Бэрс хараа” ХХК-иас “ковшны үнэ” гэсэн утгатайгаар Сант сумын ЗДТГ-аас 26.200.000 төгрөг нэхэмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 07 ны өдрийн 301 дугаартай нэхэмжлэлийн хуулбар /1-р хх-ийн 45-р ху/201 оны 02 дугаар сарын 28 ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 60-64-р ху/, 2021 оны 02 дугаар сарын 28 ны тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 172-208-р ху/ ”Капитал зууч” ХХК-ийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 153-167-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

 ******* нь албан тушаалын хувьд тухайн худалдан авах үйл ажиллагаанд  бие даан шийдвэр гаргах эрхгүй боловч Засаг дарга *******гийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А/06 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжийн дагуу худалдан авах ажиллагааг зохих ёсоор зохион байгуулалгүйгээр Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг дарга *******тэй хамтран 2018 оны 5 дугаар сард шууд худалдан авалт хийх зорилгоор Улаанбаатар хотод өөрийн хамаарал бүхий этгээд, найз А.Батмөнхийн төрсөн ах А.Алтанхишигийн “Бэрс хараа” ХХК-иас зах зээлийн үнэлгээгээр 18.625.000 төгрөгийн үнэтэй Xiamen Х2657 маркийн ковшийг зах зээлийн үнээс өндрөөр буюу 26.200.000 төгрөгөөр худалдаж авч Орон нутгийн хөгжлийн сангаас 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Бэрс хараа” ХХК-ийн Төрийн банк 240009652209 тоот дансанд 26,200,000 төгрөгийг шилжүүлж “Бэрс хараа” XXК-д давуу байдал бий болгож, төсөвт 7,575,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хамтран үйлдсэн болох нь  

 Гэрч “...Би Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг даргаар 2020 оны 11 дүгээр сараас эхлэн томилогдон ажиллаж байгаа юмаа. Манай сум орон нутгийн өмнөх удирдлагууд 2018 онд сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 30 ковш маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан байдаг. Уг 30 ковш нь бол суманд нэн шаардагдах тээврийн хэрэгсэл мөн боловч уг худалдан авалт хийсэн техник нь ирсэн цагаасаа хойш нэг ч ажил хийгээгүй эвдэрчихсэн техник авсан байсан. Анх худалдан авалт хийж байхад тормоз, хянах ажилладаггүй, мөн тос гоождог тээврийн хэрэгсэл байсан гэж хүлээн авсан комисс нь тусгаж бичсэн байсан. Тээврийн хэрэгсэл хүлээж авсан гишүүдийн нэг болох манай сумын засаг даргын тамгын газрын жолооч ******* хэлэхдээ техникийн үзүүлэлт нь бүрэн бус байна худалдаж авахгүй байх талаар хэлэхэд худалдаад авчихсан гэж хэлсэн. Уг 30 ковш маркийн тээврийн хэрэгсэл худалдан авалт хийснээс хойш нэг ч ажил хийгээгүй эвдэрсэн шалтгаанаар зогссон. Мөн 2002 онд Монгол Улсад орж ирсэн хуучин онтой тээврийн хэрэгсэл байх тул цагдаагийн байгууллагаар шалгуулж тодруулахаар өргөдөл гаргасан юм аа. Хүлээн авах комиссд манай сумын ЗДТГ жолооч *******, нягтлан Туул, Ууганцэцэг гэх хүмүүс байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75-р хуудас/

Гэрч Ч.*******ын: “...Би өөрөө хүлээж авах комиссын гишүүн байсан юм аа.Уг тээврийн хэрэгслийг манай сум 20 гаран сая төгрөгөөр худалдаж авч байсан ямар газраас худалдаж авч байсан талаар сайн хэлж мэдэхгүй байна. Тээврийн хэрэгсэл хүлээж авах комисст орлогч дарга , нягтлан Ууганцэцэг, нягтлан Туул гэх хүмүүс болон би байсан. Намайг анх тээврийн хэрэгслийг шалгахад тормоз ажиллагаагүй, тос алддаг, шил арчигч байхгүй, хүч муутай техникийн үзүүлэлт хангахгүй тээврийн хэрэгсэл байсан.  ...2018 оны 08 сард манай суманд том машин дээр ковшийг ачиж авч ирээд буулгасан байсан. ...Надад нягтлан З.Ууганцэцэг хүлээлц гэж байна гэж хэлэхээр нь надад хариуцуулж өгөхөөр акт үйлдэхээр нь би дээрх эвдрэл гэмтлүүдийг нь нэг бүрчлэн хэлж бичүүлж байсан юм. ...Уг ковшийг манай суманд авч ирснээс хойш 2018 оны 09 сард хогийн цэгийн хог түрж булсан, 2019 оны 3-4 сард айлын малын бууц ачиж байгаад эвдэрсэн. Өөр ажил хийгээгүй эвдэрсэн. Мөнгө төгрөгийг нь хаанаас өгснийг нь мэдэхгүй байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ганзориг авч ирсэн гэж хүмүүс ам дамжин ярьдаг юм байна лээ. ...Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ковш авах шийдвэр гарсан. 30 ковш авна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77, 80-81-р хуудас/

Гэрч гийн: “...Би “Бэрс хараа” ХХК-ийн хүмүүстэй уулзаж гэрээ байгуулсан асуудал байхгүй. Намайг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ээлжийн амралттай байхад Засаг даргын орлогч надаар энэ гэрээнд гарын үсэг зуруулж авсан. Намайг энэ гэрээнд гарын үсэг зурах үед “Бэрс хараа” ХХК-ийн талаас гэрээнд гарын үсэг зурсан байсан эсэхийг санахгүй байна. Ковш худалдаж авах гэж байгаа гэж хэлээд гарын үсэг зуруулсан. ... “Бэрс хараа” ХХК-ийг Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан ******* анх санал болгосон байсан. *******ийн найз нь Баруунхараагийн алтны уурхайд ажиллаж байсан ковш гэж сонсож байсан. Сүүлд сонсоход ИТХ-ын дарга ******* намайг гуйж байж энэ ковшийг авхуулсан биз дээ гэж ярьж байсан. Үнэлгээний хороо тухайн үед 2 удаа тендер зарлаад аж ахуй нэгж байгууллага материал ирүүлээгүй юм байна лээ. ...Тэгээд 30 ковш худалдаж авах гэхээр тухайн үед хямд ковш олдоогүй гэж ярьдаг. ...Намайг ээлжийн амралтаа аваад ажилдаа ороход ковш худалдаж аваад суманд ковш ирчихсэн байсан учраас би хүлээж авах ажлын хэсгийг нөхөж томилж хүлээн авах дүгнэлт гаргуулсан. ...Ер нь худалдан авах эсэхийг Засаг дарга шийддэг. ...Тэгээд 2019 оны хавар айлын үхрийн баас ачиж байгаад эвдэрсэн. Тэр цагаас хойш эвдэрхий хэвээрээ байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83, 85-87-р хуудас/

Гэрч гийн “2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 тоот тогтоолоор орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг баталсан. Уг төсөл арга хэмжээний дунд ковш худалдан авах ажлыг 127 иргэн саналаа өгч дэмжигдэж ковшийг 26,2 сая төгрөгөөр худалдан авах төсөв батлагдсан. Сант сумын засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/06 дугаар “ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар Ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч , нарийн бичгээр миний бие, гишүүдээр төсвийн нягтлан бодогч Б.Отгонтэнгэр, Ерөнхий боловсролын сургуулийн нярав Х.Хатанчимэг, иргэний төлөөллөөр ******* нар томилогдсон. Ажлын хэсгийн анхны хурал хэзээ болсныг санахгүй байна. Тендерийн баримт бичиг дунд хурлын тэмдэглэл байхгүй байна. Анхны хурлаар даргын өрөөнд Б.Отгонтэнгэр, Х.Хатанчимэг бид дөрөв уулзаж сууж байгаад интернэтээс ковшнуудыг зургийг үзэж, үнийн судалгаа хийхэд 50 ковш худалдаж авах гэхээр бидний төсөв хүрэхгүй байсан тэгэхээр нь 30 ковш худалдаж авахаар техникийн тодорхойлолтоо хийхээр болоод хурал тарсан. /Дээрх хурлын тэмдэглэлийг үйлдээгүй албан бусаар уулзсан уулзалт байсан юм./ Дараа нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр tender,gov.mn  сайтад 26,2 сая төгрөгөөр ковш худалдан авах зарыг байршуулж 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тендер нээхэд Мингкиншан ХХК-иас тендерийн материал ирүүлсэн. Мингкиншан ХХК-ийн материалтай танилцахад бидний авах гэж байсан ковш жижиг хэмжээтэй ковш байсан тул 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр tender,gov.mn  сайтад 26,2 сая төгрөгөөр ковш худалдан авах зарыг байршуулж 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тендер нээхэд аж ахуй нэгжүүдээс материал ирүүлээгүй. Тэгээд ажлын хэсэг хуралдаагүй. Тэгтэл Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* манай найзын компанид ковш байгаа шинэ ковш худалдаж авах мөнгө нь хүрэхгүй юм чинь хуучин ковш авах юм бол манай найзын ковшийг худалдаж аваач. 26,2 сая төгрөгөөр өгөхгүй гэвэл би дээрэмдээд ч хамаагүй 26,2 сая төгрөгөөр нь авч өгье гэж засаг дарга *******, орлогч дарга Л Отгонгэрэл бид 3-т хэлж байсан. Тэгээд бид ярилцаад ******* даргын найзын компаниас ковш худалдаж авахаар болсон. Тухайн үед худалдан авах ажиллагааны материалыг хөтлөлгүй зүгээр ярилцаад шийдвэр гаргаад ковш худалдаж авсан. Жил бүр Сэлэнгэ аймгаас ирж шалгадаг Үнэлгээний хорооны ажлын хэсгийн ажлыг шалгадаг шалгалтын хүмүүс ирэхээс өмнө уг ковш худалдан авах ажиллагааны тендерийн баримт бичгийг нөхөж бүрдүүлж хавтсанд хийсэн. ...Орон нутгийн хөгжлийн сангийн дансанд ковш худалдаж авах зардал 23,9 сая төгрөг байсан юм. Тэгээд Бэрс хараа ХХК-д шилжүүлэхгүй мөнгө гүйцээж байгаад шилжүүлэх гэж байсан чинь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* над руу залгаад хүний юм авчихаад мөнгийг нь шилжүүлээч гэж намайг загнасан. Тэгэхээр нь би Ковш худалдаж авах зардалд байсан 23,9 сая төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 2,3 сая төгрөгийг “Мал эмнэлгийн санхүүжилт” төрийн сангийн дансанд ирчихсэн байсан болохоор нөхөөд тухайн өдөрт нь 26,2 сая төгрөгөө гүйцээж шилжүүлсэн юм. Техникийн тодорхойлолтыг амаар ярилцаад 30 ковш авна гэж яриад авахаар болсон. Техникийн тодорхойлолт боловсруулаагүй. Үнэлгээний хороо нийт 2 удаа хуралдсан. Эхний хурал нь 2018 оны 04 сард даргын өрөөнд ковшний үнэ, ямар ямар төрөлтэй байдаг талаар судалгаа хийгээд 50 ковш биш 30 ковш худалдан авахаар ярилцаад өнгөрсөн. /хурлын тэмдэглэл байхгүй/, 2 дахь удаагийн хурал нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр даргын өрөөнд тендерт материал ирүүлсэн “Мингкиншан” ХХК-ийн материал шаардлага хангахгүй, дахин тендер зарлахаар болсон. Дахин үнэлгээний хороо хуралдаагүй. Үнэлгээний хороо шууд гэрээ байгуулах зөвлөмж гаргаагүй. Захиалагчид хүргүүлээгүй. Бид шууд гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлээгүй. Шууд уулзаад тендер зарлаад аж ахуй нэгжүүдээс материал ирүүлсэнгүй шууд гэрээ байгуулъя гэж засаг даргад танилцуулж ярилцаад шийдвэрт хүрсэн. ...Би энэ үнийн санал авах албан бичгийг мэдэхгүй юм байна. Үнэлгээний хорооны дарга мэднэ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******ийн санал болгосноор уг ковшийг худалдан авах болсон. Тэгээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******ийн санал болгосон ковшийг авахаар боллоо гэж ярилцаад худалдаж авсан. Тухайн үеийн зах зээлийн ханшаараа 18.625.000 төгрөг байсныг мэдээгүй авсан. Тухайн жилийн Сэлэнгэ аймгаас баталж өгсөн Орон нутгийн хөгжлийн сангийн 69,4 сая төгрөг байсан юм. Үүнээс төлөвлөгөөт ажлуудад хуваарилж үлдсэн 26,2 сая төгрөгийг ковш авахаар баталж өгсөн. Түүнээс ямар судалгаа хийлгүйгээр баталж өгсөн 26,2 сая төгрөгөөрөө ковш авах болсон. ...******* дарга нөлөөлсөн асуудал байхгүй. ИТХ-ын дарга ******* дарга нөлөөлсөн гэж үзэж байна. Өөрөө санаачлагаараа асуугаагүй байхад манай найзын компанид хуучин ковш байгаа 26,2 саяд нь багтаагаад аваад өгье гэж хэлсэн. Өөрөө Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа ковш худалдан авах ажлыг дэмжиж баталсан. 2018 оны 08 сард худалдаж аваад ажил хийгээгүй, айлын шороо зөөж, жорлонгийн нүх ухсан ч гэлүү ямар ч байсан удалгүй эвдэрсэн гэж сонссон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-93-р хуудас/

          Гэрч ийн: “...Мингкиншан” ХХК нь Хятадын хөрөнгө оруулалттай Хятадаас техник тоног төхөөрөмж оруулж ирдэг компани байсан. “Бэрс хараа” ХХК нь ямар үйл ажиллагаа явуулдаг компани гэдгийг нь мэдэхгүй байна. Сант сумын Засаг даргын тамгын газраас ковш худалдаж авна гэж тендер зарлахад “Мингкиншан” ХХК материалаа ирүүлж жижиг унагалдай ковш санал болгож байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* “Бэрс хараа” гэж компанид ковш байна гэж санал оруулж ирж байсан. 2018 оны төсөвт Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас суманд ковш худалдаж авах 26,2 сая төгрөгийн төсөв баталсан. Уг ажлын хүрээнд засаг дарга ******* худалдан авах ажиллагааны Үнэлгээний хороо байгуулж, миний бие даргаар нь ажилласан. Үнэлгээний хорооны гишүүдийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө хурал хийж 30 ковш худалдан авахаар тендер зарлахаар шийдвэрлэж 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тендерийн урилга tender.gov.mn сайтад байршуулж, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тендер нээхэд “Мингкиншан” ХХК-иас материалаа ирүүлсэн. Ингээд Үнэлгээний хороо хуралдахад “Мингкиншан” ХХК-ийн санал болгосон ковш нь хэтэрхий жижиг юм байна, сумын хэрэгцээ хангаж дийлэхгүй байх, дахиад тендер зарлахаар болж шийдвэр гарсан. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тендерийн урилга tender.gov.mn сайтад байршуулж 2018 оны 05 ;угаар сарын 23-ны өдөр тендер нээхэд аж ахуй нэгж байгууллагаас материал ирүүлээгүй. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дараа засаг дарга *******гийн өрөөнд тамгын дарга бид гурав уулзаж би тендер зарлахад аж ахуй нэгж оролцсонгүй яах бэ гэж ******* даргаас асуухад “ямар ч байсан нэг техник худалдаж авахгүй бол энэ мөнгийг чинь санхүүгээс буцаагаад татчихна шүү” гэж хэлсэн. Тэгээд засаг дарга ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга “Ганзоригийг дуудаад Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталж өгсөн 26,2 сая төгрөгөөр ковш худалдан авах тендер зарлахад аж ахуй нэгж материал ирүүлсэнгүй гэж хэлээд дарга нар аж ахуй нэгжүүдийг судлая сураглая гэж хэлээд засаг даргын өрөөнөөс гарсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* “Бэрс хараа” гэж компанид 30 ковш байна гэж хэлэхээр нь би ямар ковш юм бэ гэж асуухад “гайгүй юм байна лээ, тэрийг авбал гайгүй юм байна. Та нар ковшоо олсон юм уу” гэж надаас асуухаар нь би сумын ой болох гээд завгүй ковш хайж чадаагүй байна гэдгээ хэлсэн. Тэгээд ковшний талаар хэсэг яригдаагүй сумын ой 7 сард болж өнгөрөөд 8 сард нэг мэдэхэд ковш суманд ирчихсэн хүлээж ав гэж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* намайг дуудсан. Тэгэхээр нь очиж хүлээж аваад жолооч *******д өгөөд явуулсан. Энэ үед ковш худалдаж авах талаар би *******той ярилцаагүй байхад *******, засаг дарга ******* хоёр энэ худалдан авах ажиллагааг хийсэн байх гэж бодож байна. Намайг мэдээгүй байхад “Бэрс хараа” ХХК-иас уг ковшийг авахаар болоод суманд авч ирэх хүртэл процессыг би огт мэдэхгүй. “Бэрс хараа” ХХК-иас ковш худалдан авах шийдвэрийг би гаргаагүй. Засаг дарга ******* гаргасан байх. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 291, 292 дугаартай "Үнийн санал хүргүүлэх тухай" албан бичгийг “Бэрс хараа” ХХК руу ковш худалдан авсан мөнгө шилжүүлэх үеэр 2018 оны 08 сард тендерийн баримт бичгийг бүрдүүлж нөхөж хийсэн юм. Уг албан бичгүүдийг “Бэрс хараа”, “Мингкиншан” ХХК-иуд руу албан бичгийг явуулаагүй. Дараа нь шалгалт ирээд асуудал болчих бий гээд тендерийн баримт бичиг бүрдүүлж нөхөж хийсэн юм. Тухайн компаниас ковш худалдан авах саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* гаргасан. Миний санаж байгаагаар ******* дарга 26,2 сая төгрөгөнд чинь “Бэрс хараа” ХХК-д ковш байна, та нар ковшоо олсон юм уу гэж асууж байсныг л санаж байна. Энэ хурал уг нь болсон юм. Хурлын тэмдэглэлээ компьютер дээр гаргахдаа ингэж буруу алдаатай хэвлэж гаргасан байна. Гэхдээ хурлын гишүүдийн гарын үсэг биш байна, зүгээр нэрийг нь биччихсэн байна. Энэ тэмдэглэл дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Техникийн тодорхойлолт боловсруулаагүй, 30 ковш л гэж тендер зарласан. Үнэлгээний хороо нийт 2 удаа хуралдсан. Эхний тендерийн зарлахын өмнө 2018 оны 4 сард нэг удаа хуралдаж тендер зарлах шийдвэр гаргасан. 2 дахь удаагийн хурлыг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эхний тендер зарлагдаж “Мингкиншан” ХХК-ийн материалтай танилцаж хуралдаад дахин тендер зарлах шийдвэр гаргасан. Дахин үнэлгээний хороо хуралдаагүй. 4 сард хуралдсан хурлын тэмдэглэл тендерийн баримт бичигт байхгүй байна. 5 сарын хурлын тэмдэглэл алдаатай хэвлэгдэж гишүүдийн гарын үсэг зурагдаагүй хуурамч гарын үсэг зурсан байна. Үнэлгээний хороо шууд гэрээ байгуулах зөвлөмж гаргаагүй. Захиалагчид зөвлөмж хүргүүлээгүй, амаар танилцуулсан. Бид шууд гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид бичгээр хүргүүлээгүй. ...Одоогийн худалдаад авчихсан байгаа ковшийг худалдан авах ажлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******, Засаг дарга ******* нар хийсэн. ...Засаг даргын тамгын газраас 50,0 сая төгрөгөөр ковш худалдан авах санал гаргасан боловч Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төсөв нь хасагдаж 26,2 сая төгрөг болж батлагдсан. 2018 оны 08 сард Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* том машин дээр ачиж авч ирсэн. Хаанаас авч ирснийг нь ч мэдээгүй. Энэ ковшийг 2018 оны 08 сард худалдаж авснаас хойш 2019 оны хавар эвдэрсэн. Өнөөдрийг хүртэл эвдэрхий чигээрээ айлын хашаанд зогсож байгаа. ...Тендерийн баримт бичигт нөхөж бүрдүүлж хийгээд байгаа шалтгаан нь төлбөр шилжүүлэхэд санхүүгийн баримт материалыг нөхөж хийхээс арга байгаагүй...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 97-101 -р хуудас/

          Гэрч *******ын: “...Би Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж буй худалдан авах ажиллагааны “Үнэлгээний хороо”-ны гишүүнээр оролцох эрхтэй байсан. Би 2017 оны 11 сард Сэлэнгэ аймагт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалтанд хамрагдаж 3 жилийн хугацаатай сертификат авч байсан. 2020 оны 11 сард миний сертификатны хугацаа дууссан. ...Намайг иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч байхад сумын иргэдээс гаргасан саналаар сумын хог түрж хаях ковш худалдаж авах төсөв батлагдаж байсан. ...Хурлаар интернэтээс ковш худалдаж авах гээд зургийг нь үзээд үнэ ханшийг нь судлаад байсан. Би тэр хуралд ямар нэгэн санал хэлээгүй сууж байгаад гарсан. Хурлын тэмдэглэл гэж гарын үсэг зуруулаагүй. Намайг дахиж дуудаагүй. Уг худалдан авах ажиллагаа хэрхэн явагдсан талаар мэдэхгүй байна. Техникийн тодорхойлолт боловсруулах гэж байна гэж намайг дуудаагүй. ...Би 1 удаа л анхных нь хуралд оролцсоноо санаж байна. ...Намайг байхгүй байхад хэдэн удаа хурал хийснийг мэдэхгүй байна. ...Энэ ковш нь ******* гэж айлын хашаанд 2 жил гаран эвдэрчихсэн байгаа. Тэр ковшийг хэзээ суманд авч ирсэн гэдгийг мэдэхгүй байна. .2019 оноос хойш уг ковшийг ажил хийж байгааг хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109 -111-р хуудас/

          Гэрч *******ийн: “...Намайг Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн нягтлан бодогчоор ажиллаж байх үед буюу 2018 оны 09 сард ажил дээрээ сууж байтал тамгын газрын дарга гадаа манай сумаас худалдаж авсан ковш тамгын газрын гадаа ирчихсэн байна гараад хүлээж ав гэсэн үүрэг өгсөн. Тэгээд би Засаг даргын тамгын гадаа гарахад төсвийн мэргэжилтэн *******, жолооч *******, дотоод ажилтан ******* нарын хамт уг ковшийг үзэхэд жолооч ******* бензин тос их иддэг, хуучирчихсан, асахдаа л бараг 100 литр түлш иддэг юм байна. Шил арчигч байхгүй, тос нь гоожсон юм байна, хуучин л юм байна даа гэж хэлж байсан. ******* тэр ковшийг харчихаад энэ ёстой хэцүүхэн юм байна, яаж ирсэн тэр чигээр нь тэмдэглэлдээ тусгаад оруулья гэж хэлж байсан. Эвдэрсэн юмнуудыг нь үнэнээр нь бичээд оруулсан нь дээр биздээ гээд ******* тэмдэглэлээ бичээд надад ирж үзүүлэхээр нь би байгаа юмыг нь байгаагаар нь бичсэн бол гарын үсгээ зурья гээд зурсан. Би “Бэрс хараа”, “Мингкиншан” ХХК-иудыг ямар үйл ажиллагаа явуулдаг компаниуд гэдгийг мэдэхгүй. Харин “Бэрс хараа” ХХК-ийн дансанд ковш худалдан авсан 26,2 сая төгрөгийг шилжүүлсэн. Сант сумын Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжсэн юм. 2018 оны төсөвт суугдаж орж ирсэн. Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 11 сард сумын 2018 оны төсвийн хурлаар батлагдсан байх. Би тухайн үед яагаад 2 хувааж шилжүүлснээ санахгүй байна. Гэхдээ Орон нутгийн хөгжлийн сангийн данснаас мөнгө шилжүүлэх эсэхийг Санхүү албаны дарга хэзээ, хэдэн төгрөг, хаашаа шилжүүлэхийг үүрэг болгодог. Тэгэхээр Санхүү албаны дарга мэдэж байгаа байх. Би даргыг шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн. Энэ ковш одоо Сант суманд байдаг гэсэн. Би 2018 оны 09 сард Засаг даргын тамгын газрын гадаа анх бүртгэж авахдаа харсан дахиж хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-117-р хуудас/

          Гэрч А.Алтанхишигийн: “...Бэрс Хараа” ХХК нь 2008 онд анх үүсгэн байгуулагдсан ба Баянгол дүүргийн 20 хороонд автомашины сэлбэг запас худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Манай компани тус сумын ЗДТГ-т дээрх гэрээний дагуу ковш маркийн тээврийн хэрэгслийг нийлүүлсэн. Батмөнх гэж миний төрсөн дүү тухайн асуудлыг хариуцаж ажилласан. Дээрх ковш машиныг нийлүүлэхдээ тендер сонгон шалгаруулалтанд оролцсон эсэхийг нь би сайн санахгүй байна. ...Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газарт 26 саяаар нийлүүлж байсан санагдаж байна. 1,5 куб ачааны шанагатай 30 ковш байсан бөгөөд тухайн үеийн зах зээлийн ханшаар нь нийлүүлсэн. ...Уг ковшийг миний төрсөн дүү А.Батмөнх 26,2 сая төгрөгөөр худалдан борлуулсан байсан.” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 123-131-р хуудас/

Гэрч А.Батмөнхийн: “...Бэрс хараа” ХХК нь манай ах Алтанхишигийн нэр дээр байдаг ...Сант сумын Засаг дарга Буянхүү гэх хүнийг бол огт танихгүй. Уулзаж ч байгаагүй. Харин *******ийг танина. Манай Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөхчүүдийг би сайн мэднэ. ... 2018 оны 05 дугаар сарын эхэн үед манай гэр болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо Улсын 3 дугаар эмнэг зүүн урд талын буланд байдаг хүнс, ногооны ТҮЦ-ний тэнд Ганзориг бид хоёр тааралдсан юм. Тухайн үед би гэрээсээ гараад тэр ТҮЦ-ээс хүнсний ногоо худалдаж аваад явж байсан, тэр үед Ганзориг нь нэг портер маркийн машинтай төмс аччихсан явж байсан.  Тэгээд төмсний наймаа яриад зогсоход “Ганзориг 12 тонн төмс байгаа, бүгдийг зармаар байна” гэх  нь би “хүн амьтнаас асууя, төмс авах хүн байгаа бол холбож өгнө” гэж хэлээд явсан юм. Тэгээд ...Барс захын тэнд эрэгтэй, эмэгтэй 2 хүн 1 кг төмсийг нь 600.000 төгрөгөөр авна гэж байсан юм. Ганзориг бол төмсөө 670 төгрөгөөр зарна гэж байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад байсан учир Ганзоригийн төмсийг 70 төгрөгөөр хямдруулж зараад мөнгийг нь хэрэглэж байгаад өгөхөөр төлөвлөсөн юм. Ингээд би 2018 оны 05 дугаар сарын эхэн үед Ганзориг надтай уулзаад явснаас хойш 1-2 хоногийн дараа Ганзориг руу эргэж яриад “Төмсийг чинь зарж борлуулж болох юм байна, хамгийн гол нь төмсөө одоо аваад мөнгийг нь дараа өгнө” гэж хэлсэн юм. Ингээд Ганзориг нь надад төмс худалдан борлуулахыг зөвшөөрсөн  ...ямар ч байсан Ганзориг нь 2018 оны 05 дугаар сарын эхээр 4 удаагийн ачилтаар 12 тонн төмсийг надад авч ирж өгсөн, би Ганзоригоос хүлээж авсан төмсөө барс захын наймаачдад зарсан, ямар ч байсан барс захын наймаачид нь цагаан том оврын япон машинаар ирээд миний гаражинд байсан 12 тонн төмсийг 1 удаагийн ачилтаар ачиж аваад явсан юм. Барс захын наймаачид нь надад бэлэн 8.000.000 төгрөг өгсөн, бишээ 70 төгрөгөө хасаад 7 сая хэдэн зуун төгрөг л өгсөн, 12 тонн төмсийг 1 кг төмсийг 600 төгрөгөөр бодохоор чинь 7,160,000 төгрөг л юм байна. Ингээд би төмс зарсан мөнгөө аваад өөрийнхөө хэрэгцээнд янз бүрийн том, машин сэлбэг хэрэгсэл худалдан аваад дуусгасан. Дараа нь хэнээс билээдээ байз би нэг хүнээс 20,000,000 төгрөгийн зээл аваад энэ мөнгөнөөсөө 8.000.000 төгрөгийг Ганзоригт төмсний мөнгө болгон өгч байсан юм.

...Би ерөөсөө огт тендерт оролцоогүй, ямар учраас яаж худалдан авч байгааг ч мэдээгүй. Тухайн үед манай “Бэрс хараа” ХХК-ийн нэр дээрх 30 ковш байсан юм. Тэгээд би болвол тэр ковшийг 30 сая  төгрөгөөр зарах санаатай, эсхүл сарын 10 сая төгрөгөөр түрээслэх санаатай фэйсбуүк дээр зар мэдээлэл тавьсан юм. Ингээд зар тавиад байж байтал энэ нэг салгалсан юм Ганзориг л над дээр ирсэн ш дээ. 2018 оны 07 сарын сүүлээр 07 сарын 20-д гараад Ганзориг нь ганцаараа над руу утсаар ярьж байгаад 5 шард байх гараж дээр ирж надтай уулзсан юм. Тэгээд та ковш зарах гэж байгаа юм байна, энэ ковшоо надад зарчих, манай сумаас 26.200.000 төгрөгөөр ковш худалдаж авах гэж байгаа юм. Сум орон нутгийн ой болохоос өмнө хог шорооноосоо салмаар байна гэж хэлж байсан юм. Тендер зарлаад хүмүүс орохгүй байна, мөнгө нь ийм хэмжээтэй байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Ганзоригт хандаж “Миний ковш бол хуучин ковш, баталгаатай биш учир та нар өөрсдөө гадуур яваад ковш хайгаад үз” гэж хэлээд явуулсан юм. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа дахиад л Ганзориг өөрөө над руу утсаар ярьж байгаад “Та наад ковшоо өгчих, орон нутгийн хог шороо салгамаар байна, намын сонгууль ч гэсэн дөхөж байна” гээд шалаад байсан юм. Тэгэхээр нь би Ганзоригийн саналыг хүлээн авч, ковшоо зарах болсон юм. Ямар ч байсан Ганзориг нь ковшоо авах үед Улаанбаатар хот руу над руу гэрээний загвар явуулаад байсан ба манай компанийн захирлаар манай ах Алтанхишиг байдаг учир Алтанхишиг ахаар гарын үсэг зуруулаад л явуулсан. Сант сумынхан өөрсдөө тээврийн зардлын мөнгө байхгүй гээд л гар бариад, бугуй барина гэдэг л юм болсон ш дээ, ковшоо ачиж авч чадахгүй байхаар нь манай ах бид хоёр “Бэрс хараа” ХХК-ийн нэр дээр байдаг “Трайлер” нэртэй машинаар ковшийг ачаад Сант суманд хүргэж өгсөн юм. Ямар ч байсан дээрх ковшийн мөнгө болох 26.200.000 төгрөг манай “Бэрс хараа” ХХК-ийн данс руу орсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-143-р хуудас/ бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Батмөнх, Б.Содболд нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д ...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...” гэж заажээ.

Хэдийгээр ******* нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд тендерийн үйл ажиллагаанд оролцож бие даан шийдвэр гаргах эрхгүй боловч өөрийн хамаарал бүхий этгээдийн техникийн шаардлага хангахгүй ковшийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авах саналыг сумын удирдлагуудад тавьж улмаар Үнэлгээний хорооны шийдвэргүйгээр хууль бусаар шууд худалдан авахад илэрхий дэмжлэг үзүүлсэн болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх энэ талаар   хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна..

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолсон, мэдүүлэг авахдаа оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан, хязгаарласан гэх байдал тогтоогдоогүй тул  Сант сумын Үнэлгээний хорооны гишүүдийг зөвхөн гэрчээр байцаасан нь хууль зөрчөөгүй, тэднийг тендер зарлах болон худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх  боломжгүй тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдож байх тул анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал болон шүүгдэгч *******гийн эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж, шүүгдэгч *******г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн  хугацаагаар хасаж, 6000 нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  5.400 нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2,3,4,6 дугаар заалтуудыг өөрчлөн найруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээн шүүгдэгч *******, ******* болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Учрал, Ж.Батмөнх, Б.Содболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

2 дугаар заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дугаар заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар *******ийн баривчлагдсан 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр  тооцож, шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялын хэмжээг  5.385.00 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай” гэж,

4 дүгээр заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******т оногдуулсан 5.385.000 төгрөгөөр торгох ялыг тус тус 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэж,

 6 дугаар заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчлөн найруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, ******* болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Учрал, Ж.Батмөнх, Б.Содболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                                 ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ