Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2023/0423/З |
Дугаар | 128/ШШ2024/0675 |
Огноо | 2024-09-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2024/0675
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн дүгнэлттэй, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны улсын байцаагч Ц.Т*******ын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын, хууль цаазын ахлах зөвлөх Н.А*******ийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч асан Ц.Т*******ын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулах тухай хүсэлтийн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Т*******д холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дүгнэлт гаргасан.
Хариуцагч Ц.Т*******аас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “... дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0491 дүгээр захирамжаар хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Б.Г*******гээс шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргаж, тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШТ2024/0077 дугаар тогтоолоор “... 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12/ШШ2023/0491 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг тус шүүхэд ердийн журмаар шийдвэрлүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дүгнэлтээ “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч Ц.Т******* 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын өөрчилсөн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан.
Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт “Прокурорын өгсөн нэхэмжлэлийн өөрчлөлтийг зөвшөөрч байна” гэж тайлбарласан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан “Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны улсын байцаагч Ц.Т*******ын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ