Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 502

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Ганбатын Мөнхбаярт холбогдох эрүүгийн “1711006500136” дугаартай, 186/2017/0538/э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 85 дугаар байр 29 тоотод оршин суух хаягтай , Монгол овогт Ганбатын  Мөнхбаяр /РД:ЙС 95042315/,

            Холбогдсон хэргийн талаар:

Г.М нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усан сангийн 1-11 тоотод оршин суух иргэн М.Мөнх-Эрдэнийн гэрийн хаалгыг эвдэн орж, 32 инчийн панасоник брэндийн зурагт, эрэгтэй хүний хавар намрын гутал хулгайлан бусдад 221.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах  ажиллагааны  үед болсон  бүх зүйлийг  үнэн  зөвөөр мэдүүлсэн тул надад  нэмж  мэдүүлэх зүйл  байхгүй, надад  хөнгөн  ял шийтгэл оногдуулж  өгнө  үү  гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мөнх-Эрдэнийн:..Манай эхнэр Отгоо 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усан сангийн 1-11 тоот гэрээсээ 16 цагийн үед гараад манай ажил дээр ирээд бид хоёр хамт байж байгаад 20 цагийн үед гэртээ ирсэн манай гэрийн цоож болон хажуу талд байдаг амбаарын цоож эвдэрсэн байдалтай байсан учир гэртээ орж эд зүйлээ шалгасан нүдэнд ил харагдах 32 инчийн “Понасоник” зурагт байхгүй болсон байсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагын ажилчид үзлэг хийж дууссаны дараа эд зүйлээ шалгаж үзэхэд миний бор өнгийн, хагас түрүүтэй “Тимберланд” загварын гутал алга болсон байсан бөгөөд хөх өнгийн тавчик нэмэгдсэн байсан. Манай амбаарын цоож эвдэрсэн байсан гэхдээ тухайн амбаарт манай байгууллагын эд хогшил байсан болохоор ямар эд зүйл алдагдсан талаар би мэдэхгүй байна гэхдээ алдагдсан зүйл байхгүй байх манай ажилчид ирж үзсэн гэх мэдүүлэг / хх-16 /,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Наранцэцэгийн:...Миний хүү Г.М нь 1995 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Эцэг эхээс дөрвүүлээ дээрээ нэг эгч, доороо хоёр дүүтэй, айлын дундах хүүхэд. Багадаа 75 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаад сургуульд орсон.  2002 онд арван жилийн 5 дугаар дунд сургуульд элсэн ороод 2013 онд төгссөн. Сургууль төгсөөд Монголын үндэсний их сургуульд ороод эхний улирал хичээлдээ сууж байгаад өөрийн сонирхлоор дотоодын цэргийн 05 дугаар ангид нэг жилийн хугацаанд алба хаагаад 2015 онд халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Хилийн цэрэгт гэрээт хилчингээр 2 жилийн хугацаанд Дорнод аймагт алба хааж байгаад 2016 оны 04 дүгээр сард ирсэн. Цэргээс ирээд 1 сар болоод Хан-Уул дүүргийн Шувуун фабрикт байрладаг цэргийн ангид гэрээгээр ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сард ирсэн. Үүнээс хойш хувийн харуул хамгаалалтын байгууллагад ажилд ороод байж байсан гэх мэдүүлэг  /хх-20/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны  үед Г.М нь гэрчээр мэдүүлэхдээ:...хаяа  орцоор  хоноглоод явсан, энэ үедээ  мөнгө байхгүй байсан  учир Баянбүрдийн ард байдаг ахынхаа хашаанд  очсон, очиход  ах байхгүй  байсан учир хашаанд  байсан  байшингийн цонхоор  харсан  зурагт  эд зүйлс  байхаар  нь  хашаан дотроос  нь 50-60 см  урттай  армартурын төмөр олоод түүгээр  мөнгөлөг саарал  өнгийн зүүдэг  цоожийг нь хөшиж  хаалгыг  нь  нээгээд  орсон, гэр дотор  зарж  борлуулчихаар зүйл  хайгаад олдохгүй болохоор зурагтыг  нь орны  бүтээлгээр ороогоод  авсан, мөн үүдний гутлын  тавиур  дээр  байсан бор  өнгийн хагас  түрийтэй гутлыг  нь сольж  өмсөөд гарч явсан....гэх мэдүүлэг /хх-37/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото  зургууд /хх 8-11/, Эд зүйлийн үнэлгээ хийсэн  хөрөнгийн  үнэлгээний  тайлан /хх-25/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото  зургууд /хх 31-33/, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны  засаг даргын тодорхойлолт /хх-44/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх-51/ зэрэг хэрэгт авагдсан  бусад нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.                                

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Г.М нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усан сангийн 1-11 тоотод оршин суух иргэн М.Мөнх-Эрдэнийн гэрийн хаалгыг эвдэн орж, 32 инчийн панасоник брэндийн зурагт, эрэгтэй хүний хавар намрын гутал хулгайлан бусдад 221.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Мөнх-Эрдэнийн... манай эхнэр Отгоо 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усан сангийн 1-11 тоот гэрээсээ 16 цагийн үед гараад манай ажил дээр ирээд бид хоёр хамт байж байгаад 20 цагийн үед гэртээ ирсэн манай гэрийн цоож болон хажуу талд байдаг амбаарын цоож эвдэрсэн байдалтай байсан учир гэртээ орж эд зүйлээ шалгасан нүдэнд ил харагдах 32 инчийн “Понасоник” зурагт байхгүй болсон байсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагын ажилчид үзлэг хийж дууссаны дараа эд зүйлээ шалгаж үзэхэд миний бор өнгийн, хагас түрүүтэй “Тимберланд” загварын гутал алга болсон байсан бөгөөд хөх өнгийн тавчик нэмэгдсэн байсан....гэсэн мэдүүлэг / хх-16 /, мөрдөн шалгах ажиллагааны  үед Г.Мын гэрчээр...хаяа  орцоор  хоноглоод явсан, энэ үедээ  мөнгө байхгүй байсан  учир Баянбүрдийн ард байдаг ахынхаа хашаанд  очсон, очиход  ах байхгүй  байсан учир хашаанд  байсан  байшингийн цонхоор  харсан  зурагт  эд зүйлс  байхаар  нь  хашаан дотроос  нь 50-60 см  урттай  армартурын төмөр олоод түүгээр  мөнгөлөг саарал  өнгийн зүүдэг  цоожийг нь хөшиж  хаалгыг  нь  нээгээд  орсон, гэр дотор  зарж  борлуулчихаар зүйл  хайгаад олдохгүй болохоор зурагтыг  нь орны  бүтээлгээр ороогоод  авсан, мөн үүдний гутлын  тавиур  дээр  байсан бор  өнгийн хагас  түрийтэй гутлыг  нь сольж  өмсөөд гарч явсан....гэсэн мэдүүлэг /хх-37/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Мыг  хүний байнга амьдрах орон байранд  нэвтэрч  бусдын эд хөрөнгийг нууцаар,  хууль бусаар хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.  

Хохирогч М.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ний  өдөр шүүхэд “...Би Г.Маас  хулгайд алдсан зурагттайгаа адил зурагт авч  хохирлоо барагдуулж авсан, гутлын  үнийг нэхэмжлэхгүй  болно, иймд  Г.Маас нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэсэн хүсэлтийг  ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад  учруулсан хохирлыг нөхөн төлсөн,  гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн  цагдан хоригдсон 2 хоногийг түүний ял  эдэлсэн хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Ганбатын Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан  хүний байнга амьдрах орон байранд  нэвтэрч  бусдын эд хөрөнгийг нууцаар,  хууль бусаар хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  Г.Мыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Г.Мт оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай    

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Г.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

                                   

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ