Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/08

 

                                         Б.Оюунтунгалагт холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгч Б.Оюунтунгалаг /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.Оюунтунгалагт  холбогдох эрүүгийн 2231003410233 дугаартай, 175/2022/0189/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Завилаа овогт Баттулгын Оюунтунгалаг, Монгол улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Хэнтий аймгийн Чингис суманд төрсөн, *** настай, ***эгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл *******хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, **** дугаар хороо, *****байр, ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/,

Шүүгдэгч Б.Оюунтунгалаг нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны орой 23-24 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 50-20 УЕВ “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 13-26 СЭН улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 50-20 УЕВ тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан 11 сартай зорчигч О.Цэгц-Үжингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.Оюунтунгалагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Завилаа овогт Баттулгын Оюунтунгалагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Оюунтунгалагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Оюунтунгалагт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунтунгалаг нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Орхонд учруулсан хохиролд 4,653,000 /дөрвөн сая зургаан зуун тавин гурван мянга/-н төгрөг нөхөн төлснийг дурьдан,

...Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцэлдээ:

...Шийтгэх тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар шүүгдэгч Б.Оюунтунгалагт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн ба уг албадлагын арга хэмжээг хэдий хугацаагаар хэрэглэхийг тодорхой зааж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.   

2.Шүүгдэгчид оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5,6 дахь хэсэгт зааснаар санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл хүлээлгэх хариуцлагын талаар шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгчид тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх талаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5,6 дахь хэсэгт зааснаар санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл хүлээлгэх хариуцлагын талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгасан заалт оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ  дэмжиж оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлээр Б.Оюунтунгалагт холбогдох эрүүгийн 2231003410233 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Оюунтунгалаг нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны орой 23-24 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасны улмаас хүний биед  хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Оюунтунгалагийг “согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн,  тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Оюунтунгалагт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн ба уг албадлагын арга хэмжээг хэдий хугацаагаар хэрэглэхийг тодорхой заагаагүй, хорих ялыг тэнсэх хугацаанд тавих хяналт, хяналтыг зөрчсөн тохиолдолд гарах үр дагаварын талаар тодорхой дурьдаагүй нь “ шүүхийн шийдвэр нь тодорхой,ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсө байх тул хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн  прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Учир нь: Шүүгдэгч нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан  захирааны хэм хэмжээний актыг зөрчин осол гаргасны улмаас  хохирогчид хүнд гэмтэл учирсан  болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хүндрүүлэх нөхцлийг нь орхигдуулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулснаар гэм буруутайд тооцсон, өөрөөр хэлбэл шүүгдэгчийг гэм буруутайд тооцож буй үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнчлэн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа тохиолдолд хэрэглэх хугацаа түүнд хяналт тавих, албадлагын арга хэмжээ зөрчсөн тохиолдолд гарах үр дагаварыг шүүгдэгчид тайлбарлаагүй буюу Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтыг хэрэглээгүй байна.

Мөн шүүхээс шүүгдэгчид эрх хасах нэмэгдэл ял хэрэглэж байгаа тохиолдолд нэмэгдэл ялын хугацааг хэрхэн тооцох тухай Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлд заасан зохицуулалтын талаар тогтоолдоо заалгүй орхигдуулжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох 1, 2, 3 заалтад  зохих өөрчлөлт оруулж прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолын

                    1 дэх заалтыг:

          “1.Шүүгдэгч Завилаа овогт Баттулгын Оюунтунгалагийг согтуурсан үедээ  тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

          2 дахь заалтыг:

          “2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Оюунтунгалагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

          3 дахь заалтыг:

          “3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Оюунтунгалагт оногдуулсан 02 /хоёр/ жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, мөн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Оюунтунгалагт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН