Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0645

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХХК /ГХО/ /РД:5*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б*******, Ц.Б нар,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б*******, Ц.Б нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-21 дугаартай нөхөн ногдуулалтын актыг зарим хэсгийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, хариуцагч Ц.Б, Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б*******, Ц.Б нараас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-21 дугаартай нөхөн ногдуулалтын актаар Б******* ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 870,689,327.17 төгрөгийн нөхөн татвар, 423,52,331.33 төгрөгийн торгууль, 118,751,029.07 төгрөгийн алданги, нийт 1,412,960,687.57 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

1.2. Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор “... татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 1,412,960,687.56 төгрөгийн төлбөрөөс “М” ХХК-ийн 192,921,000.0 төгрөгийн борлуулалтад ногдох 35,076,567.27 төгрөгийн нөхөн татвар, энэхүү нөхөн татварт ногдох торгууль 14,030,626.91 төгрөг, алданги 3,505,552.13 төгрөг, нийт 52,612,746.31 төгрөгийн төлбөрийг бууруулж, 8,812,936,315.85 төгрөгийн зөрчилд ногдох 835,612,759.91 төгрөгийн нөхөн татвар, 409,489,704.40 төгрөгийн торгууль, 115,245,476.94 төгрөгийн алданги, нийт 1,360,347.941.25 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөлт оруулсугай” гэж шийдвэрлэсэн.

1.3. Татварын маргаан таслах зөвлөлөөс дээрх тогтоолыг Б******* ХХК /ГХО/-д 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 61 тоот албан бичгээр хүргүүлсэн.

1.4. Б******* ХХК /ГХО/-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б*******, Ц.Б нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б*******, Ц.Б нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-21 дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байна.

1.5. Тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2024/2866 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан.

1.6. Б******* ХХК /ГХО/-иас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б*******, Ц.Б нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-21 дугаар татварын нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-21 дугаар нөхөн ногдуулалтын актаар манай компанид 870,689,327.17 төгрөгийн нөхөн татвар, 423,520,331.33 төгрөгийн торгууль, 118,751,029.07 төгрөгийн алданги, нийт 1,412,960,687.57 төгрөгийн төлбөр ногдуулсан. Уг актын зарим хэсгийг үндэслэлгүй гэж Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг хүлээн авч хэлэлцээд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тогтоолоор 52,612,746.31 төгрөгийн төлбөрийг бууруулж шийдвэрлэсэн. Тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Үүнийг эс зөвшөөрч 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийг буцаах тухай 128/Ш32024/2866 тоот захирамж гарч нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ. Уг захирамжаар 30 хоногийн дотор маргаж асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэсний дагуу дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Үүнд: Актын нэгдүгээрт туслах үйл ажиллагааны борлуулалтын орлогыг бүртгээгүй тул 1,843,915,163.64 төгрөгийн зөрчилд 276,576,211.06 төгрөгийн нөхөн татвар торгууль алданги ногдуулсан бөгөөд үүний задаргааг тодруулахад 890,709,000 төгрөгийн урьдчилж орсон борлуулалт хэмээн хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж татвар ногдуулсан байсан. Үүнийг шалгаж үзэхэд манай компанийн санхүүгийн тайланд бүртгэгдсэн, урьдчилж орсон орлогын дансанд бүртгэгдсэн 890,709,000 төгрөгийг борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч төлбөрийн баримтыг системд бүртгэсэн байсныг бүрэн гүйцэт шалгаж тогтоогүй бүхэлд нь нөхөн татвар торгууль алданги тооцсон нь үндэслэлгүй байна.

Актын гуравдугаарт үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого хэмээн 235,309,000.00 төгрөгт тооцсон 7,058,987 төгрөгийн нөхөн татвар торгууль алданги нь ямар хөрөнгө хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан талаарх санхүүгийн анхан шатны баримт дансны орлого зарлагын гүйлгээнд тулгуурлан гаргаагүй, үүнд үндэслэн тооцоолол хийгээгүй гэж үзэж байна байтал хамрагдуулаагүй байна гэж үзэж байна.

Актын дөрөвдүгээрт нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайланд 2021 онд 2,079,224,163.64 төгрөгийн НӨАТ-н борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 311,671,149.20 төгрөгийн нөхөн татвар, торгууль алданги тооцсон нь илэрхий алдаатай тооцоолол хийсэн гэж үзэж байна. Учир нь татварын улсын байцаагч нар тооцоолол хийхдээ Та ХХК-с барааны үнэд байр авч, 953,203,163.64 төгрөгөөр борлуулсан гэж мөн 2020 онд МУ-н гаалийн байгууллагад мэдүүлэн оруулж ирсэн 5 автомашиныг зарж борлуулсны орлогоос НӨАТ төлөөгүй гэж үзэж төлбөр ногдуулсан. Татварын улсын байцаагч нар болон Маргаан таслах зөвлөлөөс үүнийг тогтоогдохдоо Б*******” ХХК /ГХО/ нь Та ХХК-д 8 төрлийн диаметр бүхий 1,339.61 тонн барилгын арматур төмрийг ... нийлүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр №CR2******* тоот худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Улмаар Та ХХК-ийн барьсан орон сууцны зориулалттай байрнаас 6 байр, 5 авто зогсоолыг бартерт 1,313,659,000.00 төгрөгийн үнэлгээтэй авахаар тохиролцсон нь компани хооронд хийсэн тооцоо нийлсэн актаар нотлогдож байна гэжээ. Б******* болон Та ХХК-ийн хооронд байгуулсан дээрх худалдах худалдан авах гэрээний төлбөрт бартераар байр орон сууц болон бусад зүйлс авах талаар тохиролцоогүй бөгөөд энэхүү дурдсан 6 байр 5 авто зогсоолыг манай компани өөрийн өмчлөлд аваагүй, бүртгэлд оруулаагүй, худалдан борлуулаагүй байхад худалдан борлуулж орлого олсон гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн дээрх 5 автомашин нь өнөөдөр ч манай компанийн нэр дээр бүртгэлтэй өдөр тутам үйл ажиллагаандаа ашиглаж байхад худалдан борлуулсан гэж үзэж төлбөр тогтоосон. Ийм байхад энэхүү орлого олоогүй зүйлд НӨАТ тооцох, түүнд торгууль алданги бодох нь хууль зөрчсөн үйлдэл болжээ гэж үзэхээр байна. Харин үүнийг хасаж үлдэгдэл тайлагнасан орлогод ногдох торгууль алдангийг дээрх Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль 2020 оны хуулиудад хамрагдуулан чөлөөлөх байсан гэж үзэж байна.

Иймд эдгээр хуулийн үндэслэлгүйгээр тогтоосон санхүүгийн анхан шатны баримтыг бүрэн гүйцэт харж үзэж нягтлаагүй, үнэлж дүгнээгүй татварын улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №НА-21 дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нөхөн татвар, алданги торгууль ногдуулсан зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Алдаатай тооцоолол хийсэн гэдэг нь түрүүн хэлсэн баримтууддаа тулгуурлаагүй байна гэж хариуцагч талаас хэлж байна. Хөрөнгө борлуулсны орлого гэж үзсэн тухайн хөрөнгө нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэлтэй байгаад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүртгэлээс гарсан байна гэдэг нь толгой компани, охин компанийн нэр дээр байсан хөрөнгөө толгой компани руу шилжүүлсэн. Тухайн үед нягтлан хийж байсан хүн нь ажлаасаа гарсан өндөр настай хүн байсан. Энэ хүнийг гаргаж өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Эдгээр баримтыг байцаагч нар шалгалт хийх явцдаа тодруулаад асуух боломжтой байсан. Гэхдээ баримтуудад үндэслэхгүйгээр шууд торгууль, акт тавигдаад тооцооллыг хөрөнгө борлуулсан гэж үзэж байгаа нь өөрөө алдаатай гэж үзэж байна.

Тухайн үед арматур төмөр борлуулсны төлбөрт байр авахаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл уг байрыг хүлээж аваагүй. Татварын улсын байцаагч нарын ярилцлагын тэмдэглэлд н.Лтэй хийсэн ярилцлага дээр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар өр авлага байхгүй гэсэн үгэнд үндэслээд 5 ширхэг авто машин, 6 ширхэг байрыг авсан гэж ойлгоод тооцоо байхгүй гэж үзээд акт тавьсан гэж харж байна. Гэтэл татварын улсын байцаагч нар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших тайланг шалгаж байгаа болохоор 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу тайлан гарах хугацаандаа өр, авлага байхгүй гэдгийг үндэслэх ёстой. Гэтэл өмнөх оны шалгалтад хамрагдахгүй байх үеийн өр, авлага байхгүй гэдэгт үндэслээд бартераар авсан үл хөдлөх хөрөнгийг борлуулсан гэж үзээд байна. Үнэндээ 5 ширхэг авто машин, 6 ширхэг байрыг 2023 онд бүтэн тооцоо нийлээд авах эсэх нь яригдаж байгаа. Бодитоор авсан зүйл байхгүй. Арматур зарсан 2 тэрбум төгрөгийн авлага дууссан зүйл байхгүй. Хөрөнгө борлуулсан гэж үзэж акт тавиад байгаа нь буруу.

Арматур төмрийг өгсөн байсан. 2 тэрбум төгрөгийн авлага байх ёстой. Үүнийг дуусгаагүй нь буруу болж байгаа юм. Авлагатай гэдгийг тусгаж өгөх ёстой байсан. Тооцоолол хийгээд Өршөөлийн тухай хуульд хамрагдах ёстой байтал хамруулаагүй. Тооцооллоо зөв болгож Өршөөлийн тухай хуульд хамруулаад алданги, торгуулийг хасаж бодох ёстой байсан. 5 ширхэг авто машин нь гаалиар орж ирсэн боловч борлуулалт хийгдээгүй. Үүнийг мөн хөрөнгөд тусгаагүй борлуулсан гэж үзээд автомашин борлуулсан гэж үзээд байна. Тухайн үед борлуулаагүй гаалийн хашаан дотор байсан” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1.Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б*******, Ц.Б нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“Том татвар төлөгчийн газартай харьцдаг, 2005 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 90******* тоот гэрчилгээ, 50******* тоот регистрийн дугаартай Б******* ХХК /ГХО/-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар  сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2******* тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус - Иж бүрэн/ шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Татварын улсын байцаагч Ц.Б, Д.Б******* нар хийж гүйцэтгэж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр НА-21 нөхөн ногдуулалтын актаар 9,163.701,988.58 төгрөгийн зөрчилд нийт 1,412,960,687.57 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулсан.

Татвар төлөгч дээрх төлбөрөөс 4,158,448,327,28 төгрөгийн зөрчилд ногдох 225,506,347.89 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Уг гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар хянан хэлэлцэж, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот тогтоолоор 1,412,960,687.57 төгрөгийн төлбөрөөс 52,612,746.31 төгрөгийн төлбөрийг бууруулж 1,360,347,941.25 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөлт оруулсан. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/Ш32024/2866 тоот захирамжаар нэхэмжлэлийг буцаах шийдвэр гаргасан.

Б******* ХХК нь ахин нэхэмжлэл гаргасантай танилцаад тус гомдлын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Актын нэгдүгээрт туслах үйл ажиллагааны борлуулалтын орлогыг бүртгээгүй тул 1,843,915,163.64 төгрөгийн зөрчилд 276,576,211.06 төгрөгийн нөхөн татвар торгууль алданги ногдуулсан бөгөөд үүний задаргааг тодруулахад 890,709,000 төгрөгийн урьдчилж орсон борлуулалт хэмээн хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж татвар ногдуулсан байсан. Үүнийг шалгаж үзэхэд манай компанийн санхүүгийн тайланд бүртгэгдсэн, урьдчилж орсон орлогын дансанд бүртгэгдсэн 890,709,000 төгрөгийн борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч төлбөрийн баримтыг системд бүртгэсэн байсныг бүрэн гүйцэт шалгаж тогтоогүй бүхэлд нь нөхөн татвар торгууль алданги тооцсон нь үндэслэлгүй байна гэжээ.

Б******* ХХК-ийн 2021 оны эхэнд санхүү байдлын тайланд “урьдчилж орсон орлого” дансанд 890,709,000.0 төгрөг байсныг 2021 оны эцсээр 0.0 төгрөг болгосон атал борлуулалтад хүлээн зөвшөөрөөгүй нь 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, татвар төлөгчийн ирүүлсэн 2021 оны борлуулалтын жагсаалт, ТУНС-ын хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчийн ирүүлсэн “борлуулалтын жагсаал” зэргээр нотлогдож байна.

Татварын ерөнхий хуулийн 41.12.2-т татвар ногдуулалт, төлөлт, татварын хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх гэж заасны дагуу хяналт шалгалтын явцад татвар төлөгчөөс хэд хэдэн удаа дээрх “урьдчилж орсон орлого”-той холбоотой ярилцлага хийж тодруулахаар асуусан боловч тухайн үед хариулт өгөөгүй, мэдэхгүй байна дараа хариулъя гэх мэтчилэн тодорхой хариулт өгч байгаагүйгээс гадна үүнтэй холбоотой ямар ч баримт ирүүлээгүй болно.

Хоёр. Актын гуравдугаарт үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого хэмээн 235,309,00.00 төгрөгт 7,058,987 төгрөгийн нөхөн татвар торгууль алданги нь ямар хөрөнгө хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан талаарх санхүүгийн анхан шатны баримт дансны орлого зарлагын гүйлгээнд тулгуурлан гаргаагүй, үүнд үндэслэн тооцоолол хийгээгүй гэж үзэж байна.

Б******* ХХК-ийн 2021 оны санхүү байдлын тайлангийн үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл 235,309,000.0 төгрөг байсныг оны эцсээр 0,0 төгрөг болгон өөрчлөлт хийхдээ үнэгүй шилжүүлсэн хэсэгт тайлагнасныг бид хяналт шалгалтын явцад тодруулахад “2021 онд үндсэн хөрөнгийн бүртгэлээс хассан болно, уг үндсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн П-ийн эзэмшдэг Ө ХХК-ийн оффисын барилга юм гэж тайлбарлаж байсан. Ө ХХК-ийн нэр дээр 235,309,000.0 төгрөгийн дүн бүхий хөрөнгө бүртгэлгүй тул (тайлбарыг цаасаар ирүүлж байсныг хавсаргав. Нягтлан бодох бүртгэл хийгддэггүй, үндсэн хөрөнгийн жагсаалт болон хөрөнгөтэй холбоотой журнал анхан шатны барим ирүүлээгүй тул хяналт шалгалтын баг үндсэн хөрөнгө борлуулсан (үл хөдлөх хөрөнгө) гэж үзэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна: 18 дугаар зүйлийн 18.6.Дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдох тухайн орлогын төрөл тус бүрийн нийт дүнгээр тооцно: 18.6.4.үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого; мөн 20 дугаар зүйлийн 20.2.2.энэ хуулийн 18.6.4-т заасан албан татвар ногдуулах орлогод 2 хувиар буюу 4,706,180.0 төгрөгийн нөхөн татвар, 1,882,472.0 төгрөгийн торгууль, 470,335.63 төгрөгийн алданги, нийт 7,058,987.63 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.

Дээрх үндсэн хөрөнгө борлуулсан орлогод Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ...;” гэж заасныг дагуу төлбөр ногдуулсан болно.

Гурав. Актын дөрөвдүгээрт нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайланд 2021 онд 2,079,224,163.64 төгрөгийн НӨАТ-ын борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 311,671,149.20 төгрөгийн нөхөн татвар, торгууль алданги тооцсон нь илэрхий алдаатай тооцоолол хийсэн гэж үзэж байна. Учир нь татварын улсын байцаагч нар тооцоолол хийхдээ Та ХХК-с барааны үнэд байр авч 953,203,163.64 төгрөгөөр борлуулсан гэж мөн 2020 онд Монгол Улсын гаалийн байгууллагад мэдүүлэн оруулж ирсэн 5 автомашиныг зарж борлуулсан орлогоос НӨАТ төлөөгүй гэж үзэж төлбөр ногдуулсан. Татварын улсын байцаагч нар болон Маргаан таслах зөвлөлөөс үүнийг тооцохдоо Б******* ХХК нь Та ХХК-д 8 төрлийн диаметр бүхий 1,339.61 тонн барилгын арматур төсрийг ... нийлүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр №CR2******* тоот худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Улмаар-Та ХХК-ийн барьсан орон сууцны зориулалттай байрнаас 6 байр, 5 авто зогсоолыг бартерт 1,313,659,00.00 төгрөгийн үнэлгээтэй/ авахаар тохиролцсон нь компани хооронд хийсэн тооцоо нийлсэн актаар нотлогдож байна” гэжээ. Б******* болон Та ХХК-ийн хооронд байгуулсан дээрх худалдах худалдан авах гэрээний төлбөрт бартераар байр орон сууц болон бусад зүйлс авах талаар тохиролцоогүй бөгөөд энэхүү дурдсан 6 байр 5 авто зогсоолыг манай компани өөрийн өмчлөлд аваагүй бүртгэлд оруулаагүй худалдан борлуулаагүй байхад худалдан борлуулж орлого олсон гэж байгаа нь үндэслэлгүй, мөн дээрх 5 автомашин нь өнөөдөр ч манай компанийн нэр дээр бүртгэлтэй өдөр тутам үйл ажиллагаандаа ашиглаж байхад худалдан борлуулсан гэж үзэж төлбөр тогтоосон. Ийм байхад энэхүү орлого олоогүй зүйлд НӨАТ тооцох, түүнд торгууль алданги бодох нь хууль зөрчсөн үйлдэл болжээ гэж үзэхээр байна. Харин үүнийг хасаж үлдэх тайлагнасан орлогод ногдох торгууль алдангийг “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль” 2020 оны хуулиудад хамааруулан чөлөөлөхөөр байжээ.

Тус компани нь БНХАУ-аас арматур төмөр импортлон барилга угсралтын компаниудад борлуулдаг. Т******* ХХК-тай худалдах, худалдан авах гэрээгээр арматур төмөр нийлүүлэх гэрээ байгуулж 2021 онд 1,313,659,000.0 төгрөгийн материал нийлүүлсэн байдаг. Үүний 643,625,200.0 төгрөгийг мөнгөөр буюу бэлнээр тооцож үлдэгдэл 670,033,800.0 төгрөгийг борлуулалтын журналд бүртгээгүй.

Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 09, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус батлагдсан. Энэ хуулиар “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дaryy ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж заасан тул дээрх нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөр хамааралгүй болно.

Иймд татвар төлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын хэрэгжилтийг хангаж өгнө үү.” гэжээ.

3.2.Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...890,000,000 төгрөг урьдчилж олсон орлоготой холбоотой. Энэ 890,000,000 төгрөг дотор Та ХХК-ийн орлого орсон байгаа гэж тайлбарласан. Бид үүнийг тодруулсан. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ямар ч өр авлага байхгүй гэсэн хэр нь Та ХХК-ийн орлого дунд орж тооцоологдсон гэдэг байдлаар тайлбарлаад байсан. 890,000,000 төгрөг дотор Та ХХК-тай холбоотой орлогыг дараа жил нь хүлээн зөвшөөрсөн юм байхгүй шүү гэдгийг нотолж байгаа нотлох баримт байгаа. Борлуулалтын жагсаалт дотор Та ХХК-ийн борлуулалт байх ёстой. Гэтэл байгаагүй. Үүнийг нотолж орлогын жагсаалтыг и-баримтаар хэвлэн авсан.

Борлуулалтын орлогын жагсаалтаар Та ХХК-аас борлуулалтын татвар бичигдсэн байх ёстой. Нэхэмжлэгч борлуулалтын орлогоор зөвшөөрч Та ХХК худалдан авалтаараа зөвшөөрөх ёстой. Бид анхан шатны бүртгэлийн тайланг санхүүгийн тайлангаар хянана. Бартераар авсан зүйл санхүүгийн тайланд бараа материал дээр бүртгэгдээд борлуулах үедээ бараа материалаас хасаж борлуулалтын орлогод орох ёстой.” гэв.

3.3.Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бартераар авсан бүх зүйл бараа материалын бүртгэл дээр байх ёстой. Гэтэл аль аль нь бүртгэгдээгүй. Бүртгээгүй тохиолдолд татвар төлөхөөс зайлсхийсэн асуудал болж байгаа юм. Борлуулалт хийж байгаа үед татвар аккурел суурьтай. Аккурел суурийн дагуу борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрөөд л явах ёстой. Тийм учраас акт ноогдуулах л ёстой гэж үзэж байгаа.” гэв.

3.4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Захиргаа, хуулийн хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татварын улсын байцаагч нар тухайн шалгалт хийхэд татвар төлөгч өөрөө хяналт шалгалтын үнэн зөвийг хариуцаж хамрагдах, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Хяналт шалгалтын явцад байцаагч нар саналуудаа удаа дараа явуулж нягтлангаас тодруулж байсан. Өөрөөр хэлбэл манайх 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийхэд 2020 оны жилийн эцсийн үлдэгдэл буюу санхүүгийн тайлан, татварын тайлан дээр байсан мөнгө нь саяны хэлээд байгаа 2 зөрчил дээр хөрөнгө борлуулсан, туслах үйл ажиллагааны борлуулалтын орлого болох энэ 2 мөнгө 2020 оны жилийн эцэс дээр байгаад 2021 оны шалгалтын явцад байхгүй болсон. Шалгалтын явцад биш 2021 ондоо байхгүй болсон. Урьдчилж орсон орлого байна уу гэдэг нь 2020 оны жилийн эцэст байсан бол 2021 ондоо орлогоор тооцох ёстой гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Татварын хуулиар орлож тооцоогүй болохлоор тодруулж ногдуулалт хийсэн” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Б******* ХХК /ГХО/-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б*******, Ц.Б нарт холбогдуулан “Татварын  ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б*******, Ц.Б нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-21 дугаартай  нөхөн ногдуулалтын актыг зарим хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- урьдчилж орсон орлогын дансанд бүртгэгдсэн 890,709,000 төгрөгийг борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч төлбөрийн баримтыг системд бүртгэсэн байсныг бүрэн гүйцэт шалгаж тогтоогүй бүхэлд нь нөхөн татвар торгууль алданги тооцсон,

- Үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого хэмээн 235,309,000.00 төгрөгт тооцсон 7,058,987 төгрөгийн нөхөн татвар торгууль алданги нь ямар хөрөнгө хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан талаарх санхүүгийн анхан шатны баримт дансны орлого зарлагын гүйлгээнд тулгуурлан гаргаагүй,

- Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайланд 2021 онд 2,079,224,163.64 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 311,671,149.20 төгрөгийн нөхөн татвар, торгууль алданги тооцсон нь илэрхий алдаатай тооцоолол хийсэн, татварын өршөөлд хамруулаагүй нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

3. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б*******, Ц.Б нараас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-21 дугаартай нөхөн ногдуулалтын актаар “Б*******” ХХК /ГХО/-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 870,689,327.17 төгрөгийн нөхөн татвар, 423,52,331.33 төгрөгийн торгууль, 118,751,029.07 төгрөгийн алданги, нийт 1,412,960,687.57 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

4. Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор “... татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 1,412,960,687.56 төгрөгийн төлбөрөөс “М” ХХК-ийн 192,921,000.0 төгрөгийн борлуулалтад ногдох 35,076,567.27 төгрөгийн нөхөн татвар, энэхүү нөхөн татварт ногдох торгууль 14,030,626.91 төгрөг, алданги 3,505,552.13 төгрөг, нийт 52,612,746.31 төгрөгийн төлбөрийг бууруулж, 8,812,936,315.85 төгрөгийн зөрчилд ногдох 835,612,759.91 төгрөгийн нөхөн татвар, 409,489,704.40 төгрөгийн торгууль, 115,245,476.94 төгрөгийн алданги, нийт 1,360,347.941.25 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөлт оруулж” шийдвэрлэжээ.

5. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй;” Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана” гэж тус тус заасан.

6. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн тайлангийн 1.2.1-т үндсэн хөрөнгө мөрөнд эхний үлдэгдэл 235,309.0 мянган төгрөг, эцсийн үлдэгдэл 0 төгрөг, 2.1.1.8-д Урьдчилж орсон орлого мөрний эхний үлдэгдэл 890,709.0 мянган төгрөг, эцсийн үлдэгдэл, 0 төгрөг гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс туслах үйл ажиллагааны борлуулалтын орлогыг бүртгээгүй, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд хамаарах 890,689,327.17 төгрөгийг “...жилийн эцэст тайлагнасан татвар ногдох борлуулалтын нийт дүн/32,362,502.7 мянган төгрөг/-д багтсан байсныг татварын улсын байцаагч нар тооцоогүй” гэсэн тайлбар нь нотлогдохгүй байна. Тодруулбал,

7.1. Татвар төлөгч хуулийн этгээдээс дээрх 890,689,327.17 төгрөгийг “Т”ХХК-д арматур төмөр нийлүүлсэн тооцоонд хамаарна гэж тайлбарласан ба татварын улсын байцаагч нараас “Т” ХХК-ийн нягтлан бодогч Г.Лтэй хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлд “... 2021 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар тооцоо байхгүй, ... 2021 онд 2 тэрбум 12 сард авсан, 1-2 долоо хоногийн хугацаатай зээлээд буцаагаад төлчихдөг” гэж тэмдэглэгдсэн, тооцооны үлдэгдлийн баталгаа №1-д 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд “тооцоогүй” (1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх талд) гэжээ.

7.2. Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай тогтоолд “Б*******” ХХК-ийн 2021 оны харилцах дансаар “М” ХХК-аас нэмж мөнгө орж ирсэн гүйлгээ байхгүй бөгөөд Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн систем дэх тус компанийн 2020, 2021 оны борлуулалтын цахим төлбөрийн баримттай тулгахад 2021 онд 192,921,120.00 төгрөгийн борлуулалтын баримт шивэгдсэн байгаа тул нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан “урьдчилж орсон орлого”-оос 192,921,120.00 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй байна” гэж дүгнэж маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийг багасгаж шийдвэрлэжээ.

7.3. Мөн тооцооны үлдэгдлийн баталгаа №1-д 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд “2 тэрбум төгрөгийн өртэй” гэсэн, “Т” ХХК-ийн өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлд “тооцоогоор түр зээлэв. 2,000,000 төгрөг, 2021/12/07” гэсэн, тус 2 компанийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлсэн актад “өглөг 1,000,000” гэсэн татвар төлөгчөөс татварын хяналт шалгалтын явцад гаргаж өгсөн баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй байна(1 дүгээр хавтаст хэргийн 90-93 дахь талд).

7.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  ““Т” ХХК-тай хийх тооцоонд орсон 5 ш орон сууц, 5ш автозогсоол авахаар тохиролцсон боловч эдгээр үл хөдлөх хөрөнгийг бодитоор хүлээж аваагүй, гаалиар оруулж ирсэн автомашинуудыг зарж борлуулаагүй, нь өмнө ажиллаж байсан нягтлан санхүүгийн тайлангийн холбогдох хэсэгт тусгаагүй байсан, үүнийгээ хяналт шалгалтын явцад тайлбарлаж ойлгуулж чадаагүй” гэж тайлбарласан.

7.5. Нэхэмжлэгчээс дээрх орлого нь аль байгууллага, иргэнээс урьдчилж орсон талаарх болон, жилийн эцсийн нийт борлуулалтад хэрхэн тусгагдаж тайлагнагдсан талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй.

7.6. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2021 оны санхүүгийн тайлангийн эхний үлдэгдэлд урьдчилж орсон орлогоор бүртгэгдсэн 890,689,327.17 төгрөг нь харилцагч “Т” ХХК-д хийсэн борлуулалтын эхний үлдэгдэл гэж үзэхээргүй байхын зэрэгцээ санхүүгийн тайланд холбогдох бичилтийг тухайн байгууллагын нягтлан хийж, тайлангаа үнэн зөв гаргах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх тул татвар төлөгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно:” гэж, 8.1.1-д “.бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;” гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

8. Үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого хэмээн 235,309,000.00 төгрөгийн тухайд:

8.1. “Б*******” ХХК-ийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн тайлангийн үндсэн хөрөнгө мөрөнд эхний үлдэгдэл 235,309.0 мянган төгрөг гэж бүртгэсэн атлаа эцсийн үлдэгдлээр бүртгээгүй байна.

8.2. Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай тогтоолд “...Үндсэн хөрөнгийн Тодруулгад 235,309,000.00 төгрөгийн эхний үлдэгдэлтэй, тайлант онд “Үнэгүй шилжүүлсэн” мөрөнд 235,309,000.00 төгрөг гэж тайлагнасан Сангийн яамны цахим санхүүгийн тайлан /ebalance.mof.gov.mn/-гийн мэдээллээр нотлогдож байна. Татварын байцаагчид Маргаан таслах зөвлөлд ирүүлсэн тайлбартаа татварын хяналт шалгалтын явцад ... нягтлан бодогч О.Баас уг үндсэн хөрөнгийн талаар тодруулахад компанийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн F******* эзэмшдэг “Ө” ХХК-ийн оффисын барилга гэж тайлбарлаж байсан, “Ө” ХХК-ийн нэр дээр 235,309,000.0 төгрөгийн дүн бүхий хөрөнгө бүртгэлгүй, дээрх хөрөнгийн хасалттай холбоотой анхан шатны баримт, хөрөнгийн гэрчилгээ зэргийг “баримт бичгийн хүсэлт”-ээр шаардсан боловч хяналт шалгалтын явцад ирүүлээгүй, нягтлан бодох бүртгэл, данс хөтөлдөггүй, хөрөнгийн жагсаалт болон хөрөнгөтэй холбоотой баримт байхгүй...” гэжээ.

8.3. Нэхэмжлэгчээс дээрх үндсэн хөрөнгө хэрхсэн талаарх аливаа баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй.

8.4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно” гэж, 14 дүгээр зүйлийн 14.5-д “Аж ахуйн нэгж, байгууллагын аж ахуйн ажил, гүйлгээ нь аль улсын нутаг дэвсгэрт гарснаас үл хамааран холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг энэ хуульд заасны дагуу бусад баримт, бүртгэлийн маягттай хамт хадгална” Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж заажээ.

8.5. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу хуулийн этгээд нь анхан шатны баримтад үндэслэн санхүүгийн тайланг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд үүнийг нотлох баримтыг хадгалах, улмаар эрх бүхий этгээдэд гаргаж өгөх боломжтой байхад холбогдох нотлохтой баримтыг гаргаж хүргүүлээгүй, тухайн эд хөрөнгийг хэрхсэн талаар баримтыг илрүүлэх, олж тогтоох нь захиргааны байгууллагын үүрэгт хамаарахгүй тул нэхэмжлэгч талын “санхүүгийн анхан шатны баримт дансны орлого зарлагын гүйлгээнд тулгуурлаагүй холбогдох тооцоолол хийлгүй акт үйлдсэн” гэх тайлбар үндэслэлгүй, маргаан бүхий акт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна:”, 18 дугаар зүйлййн 18.6.4-т “үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого” гэж заасныг хэрэгжүүлж гарсан гэж үзнэ.

9. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгэ”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:”, гэж, Татварын торгууль, алдангиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх”-өөр заажээ.

10. Нэхэмжлэгч талаас нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтыг орлогыг дутуу тайлагнасан зөрчлийн тухайд үндэслэл нэрлэж маргаагүй.

11. Энэ тохиолдолд буюу татварын улсын байцаагч нараас хяналт шалгалтын явцад зөрчлийг илрүүлсний үндсэн нөхөн татвар ногдуулж, улмаар торгууль алданги тооцсон байгаа нь татварын торгууль, алдангиас чөлөөлөх тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.” гэж, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.” гэж тус тус заасан.

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өмнө ажиллаж байсан нягтлан ажлаа хаяж явсан, санхүүгийн тайланд тусгавал зохих өр, авлага, бараа материал зэргийг тайландаа тусгаагүй орхигдуулсан” хэмээн тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 1 жил гаруй хугацаанд 890,709,000 төгрөгийг борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч төлбөрийн баримтыг системд бүртгэсэн талаарх баримтыг, мөн 235,309,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг борлуулсан, эсхүл шилжүүлсэн талаарх баримтыг, түүнчлэн бартераар авсан үл хөдлөх хөрөнгүүд, гаалиар оруулж ирсэн 5ш автомашиныг үндсэн эд хөрөнгө, бараа материалд бүртгэж тайланг залруулсан талаарх аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөр этгээдээс гаргуулахтай холбоотой хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй тул “анхан шатны баримт, дансны орлого зарлагын гүйлгээнд тулгуурлаагүй, үндэслэл бүхий тооцоо хийгээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

14. Дээрхээс үзвэл, маргаан бүхий акт татварын улсын байцаагчид хуулиар олгогдсон Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, ... алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно”, 73.1.1-д “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар” 82 дугаар зүйлийн 82.1-т “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.2-т “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар”, 84 дүгээр зүйлийн 84.1-т “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно”, 84.1.2-т “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй”, 84.2-т “Өмнө нь татварын албаны хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон энэ зүйлд заасан зөрчлийг давтан үйлдвэл, тухайн зөрчилд ногдох нөхөн төлбөл зохих татварын дүнгийн 50 хувиар торгоно” гэсэн эрх хэмжээний хүрээнд гарсан акт байна гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.2, 84.2, 10 дугаар зүйлийн 10.1, 18 дугаар зүйлийн 18.6.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК /ГХО/-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б*******, Ц.Б нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б*******, Ц.Б нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-21 дугаартай нөхөн ногдуулалтын актыг зарим хэсгийг хүчингүй болгуулахтухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.МӨНХЗУЛ