Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 152/ШШ2024/00373

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: О.Э-ийн,,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч О.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1968 онд төрсөн, 56 настай. Би 1984-1987 онд ЗХУ-ын Джамбул хотод Техник мэргэжлийн сургуулийг засал чимэглэлийн мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Барилга цахилгаан сантехник засвар ангид засал чимэглэлчнээр 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан юм. Энэхүү хугацаанд тухайн анги Барилга Засвар Шинэчлэл ХХК болсон. 1991-1993 онд ажиллаж байгаад үйл ажиллагаа зогссон. Одоо миний бие тэтгэвэрт орох болсон ба тухайн үеийн ажилд орсон, гарсан тушаал тодорхойгүй, тамга тэмдэг бүдэг, мөн энэ компанийн ажилчдын цалингийн мэдээлэл архивт олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Барилга цахилгаан сантехник засвар ангид засал чимэглэлчнээр 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, мөн өдрөөс үргэлжлүүлэн Барилга Засвар Шинэчлэл ХХК-д 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл засалчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгож өгнө үү. Тухайн үед надтай ажиллаж байсан Ш.С, Ц.Ц нарыг гэрчээр оролцуулж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, О.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, О.Эийн 240814 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаартай тушаал, мөн Увс аймгийн Барилга, цахилгаан, сантехникийн засварын ангийн даргын 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай тушаал, Барилга, сантехник, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1990 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай тушаал, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 189 дугаартай тушаал, Увс аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай зөвлөмжийн хуудас, 1988 онд гэх тайлбартай гэрэл зураг, Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 670 дугаартай архивын лавлагаа, Увс аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 141 дугаартай архивын лавлагаа, Ш.Сын иргэний үнэмлэхийн хуулбар, Ш.Сын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ц.Цгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Цэ-ийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 354 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс О.Эийн ХААТР-1 маягт, О.Эийн 1990 онд төрүүлсэн хүүхэд болох Г.Болор-Эрдэнийн төрснийг бүртгэх анкет, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Шинэчлэл ХК-ийн 1992-1994 оны баримтаас О.Эт холбогдох баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.  

О.Эийн хүсэлтээр Ш.С, Ц.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс О.Эийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. О.Э нь шүүхэд хандаж Барилга, цахилгаан, сантехник засвар ангид засал чимэглэлчнээр 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, мөн өдрөөс үргэлжлүүлэн Барилга, Засвар, Шинэчлэл ХК-д 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл засалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч О.Эийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч О.Э нь Барилга, цахилгаан, сантехник засвар ангид 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Барилга, Засвар, Шинэчлэл ХК-д засалчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. О.Э нь 1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Джамбул хотод засалчны мэргэжил эзэмшиж ирээд 1987 оны 4 дугаар сарын 05-ны өдрөөс Увс аймгийн Барилга, цахилгаан, сантехник засвар ангид засалчнаар ажиллаж эхэлсэн ба 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус анги хувьчлагдах хүртэл ажилласан. Улмаар 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Барилга, Засвар, Шинэчлэл ХК-д 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл засалчнаар ажилласан боловч тухайн үеийн ажилд орсон болон гарсан тушаал аймгийн архиваас гараагүй байна. Мөн цалингийн баримт дутуу гарсан.

3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай зөвлөмжийн хуудсаар “О.Э нь Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1987-1994 он хүртэл ажиллаж байх үеийн ажилд орсон, гарсан тушаал аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны ажилласан жилийг тэтгэврийн жил дээр оруулан тооцох боломжгүй байна” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хэрэгт авагдсан 240814 дугаартай, О.Эт 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны боловсон хүчний газраас олгосон хөдөлмөрийн дэвтэрт “Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны сайдын 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б-36 тоот тушаалаар сургууль төгсөж ирсэн тул Увс аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн газарт томилов” гэжээ.

Мөн Увс аймгийн Барилга, цахилгаан, сантехникийн засварын ангийн даргын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаартай тушаалд “Үйлчлэгчээр түр ажиллаж байсан О.Эийг 1988 оны 01 дүгээр сарын 09-ээс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж засалчнаар ажиллуулсугай” гэжээ.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн О.Эийн ХААТР-1 маягтад түүнийг 1987 онд Барилга, цахилгаан, сантехникийн ангид засалчнаар ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэжээ.

Хэдийгээр хэрэгт О.Эийг 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Барилга, цахилгаан, сантехникийн засварын ангид ажилд томилсон тушаал хэрэгт авагдаагүй боловч дээрх бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтад үндэслэн О.Эийг 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга, цахилгаан, сантехникийн засварын ангид үйлчлэгчээр, 1988 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс тус ангид засалчнаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4.2. Түүнчлэн хэрэгт авагдсан Увс аймгийн Барилга, цахилгаан, сантехникийн засварын ангийн даргын 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай тушаалаар О.Эт цалин олгох асуудлыг шийдвэрлэсэн бол тус ангийн даргын 1990 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай тушаалд “...засалчин ажилтай О.Э- 1990 оны 5 дугаар сарын 18-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл...чөлөө олгосугай” гэжээ.

Мөн Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 189 дугаартай тушаалд “...Э-т 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл...чөлөө олгосугай” гэжээ. 

Дээрх баримтууд нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан байх бөгөөд О.Э нь 1988 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Увс аймгийн Барилга, цахилгаан, сантехникийн засварын ангид засалчнаар ажиллаж байсан болохыг нотолж байна.

 4.3. Шүүхийн журмаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Шинэчлэл ХК-ийн 1992-1994 оны баримтаас О.Эт холбогдох баримтыг шүүлгэсэн боловч тус архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 96 дугаартай албан бичгээр “Увс аймгийн Шинэчлэл ХК-ийн тушаал, цалингийн баримт тус архивт шилжиж ирээгүй тул О.Э-тэй холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй болно” гэх хариуг ирүүлжээ.

Өөрөөр хэлбэл, О.Эийн 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ажиллаж байсан гэх Шинэчлэл ХК-ийн баримт архивт шилжиж ирээгүйн улмаас О.Эийн ажиллаж байсан байдлыг нотлох баримтыг олж авах боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Харин О.Эийн 240814 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “тус байгууллага нь Б.З “Шинэчлэл” компани болж зохион байгуулагдсан тул Шинэчлэл компанийн захирлын 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалаар засалчнаар авч ажиллуулав” гэж бичигджээ.

Тус бичилтийг Шинэчлэл ХК-ийн тамга дарж баталгаажуулсан байх бөгөөд О.Эийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байна.

Иймд дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч О.Эийг 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс барилга, засварын Шинэчлэл ХК-д засалчнаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэлээ.

4.4. Гэрч Ц.Ц “Би 1983-1986 онд ЗХУ-д техник мэргэжлийн сургуулийг засал чимэглэлийн мэргэжлээр суралцаж төгссөж ирээд 1986 онд Барилга, цахилгаан сантехникийн засвар ангид засалчнаар ажиллаж эхэлсэн. О.Этэй хамт Барилга, цахилгаан сантехникийн засвар ангид ажилладаг байсан тул нэгнээ сайн мэднэ. О.Э 1987 онд Барилга, цахилгаан сантехникийн засвар ангид засалчнаар ажилд орж байсан. 1987-1991 онд хүртэл Барилга, цахилгаан сантехникийн засвар анги гэх нэртэй, 1991-1993 онд Барилга засвар шинэчлэл ХК болж өөрчлөгдсөн. О.Э 1993 он хүртэл Барилга засвар шинэчлэл ХК-д ажилласан” гэж мэдүүлжээ.

Гэрч Ш.С шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Би 1981 онд Нийтийн ахуй үйлчилгээний харьяа барилга, цахилгаан, сантенхник засварын ангид засалчнаар ажиллаж байгаад Улаанбаатар хотод ахуй үйлчилгээний харьяа барилгын түр курс төгсөж ирээд үргэжлүүлэн барилга, цахилгаан, сантенхник засварын ангид засалчнаар ажиллаж, 1993 он хүртэл ажилласан. О.Э Оросын холбоооны улсад барилгын техник мэргэжлийн сургуулийг засалчнаар төгсөж ирээд, 1987 онд нийтийн ахуй үйлчилгээний харьяа барилга, цахилгаан, сантенхник засварын ангид засалчнаар ажилд орж байсан. Хамт ажилладаг байсан тул О.Эийг сайн мэднэ. 1991 онд нийтийн ахуй үйлчилгээний харьяа барилга,цахилгаан, сантенхник засварын анги Барилга засвар шинэчлэл ХК болж нэршил нь өөрчлөгдсөн. О.Э 1993 он хүртэл ажилласан” гэж мэдүүлжээ.

Гэрч Ц.Ц нь хүсэлт гаргагч О.Эийн шүүхийн журмаар сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1986 оны 7 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Увс аймгийн барилга, цахилгаан, сантенхник засварын анги болон барилга, засварын Шинэчлэл ХК-д ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 354 дугаартай шийдвэрээр тогтоогдсон бол гэрч Ш.Сын ажиллаж байсан байдал нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

Гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

5. Иймд шүүхээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн О.Эийн 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Увс аймгийн барилга, засвар, сантехникийн ангид үйлчлэгч, 1988 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус ангид засалчнаар, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Шинэчлэл ХК-д засалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.

6. Шүүхээс хүсэлт гаргагч О.Эийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч О.Э-ийн 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Увс аймгийн барилга, засвар, сантехникийн ангид үйлчлэгч, 1988 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус ангид засалчнаар, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Шинэчлэл ХК-д засалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч О.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА