Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга А.Болор,

          улсын яллагч М.Цэнд-Аюуш,

          шүүгдэгч Ц.Г,

хохирогчийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Гд холбогдох эрүүгийн 1706 00176 0417 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,  Нийсэлийн Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгт тогооч ажилтай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамжны 13а байрны 58 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 24 дүгээр байр     1-9 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НБ70052401, Арслан овгийн ЦГ.

 

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 24 дүгээр байрны орчимд иргэн Н.Саруултай автомашины зогсоолоос болж маргаан үүсгэн, түүн рүү төмөр шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр манай хамаатан ирж машин тавьсантай холбогдуулан маргаан гарсан. 2017 оны 6 дугаар сарын 24-ний өглөө гарахад жижүүрийн хамт Саруул сууж байсан. Би машинтай хүн ирэхээр нь машинаа яаж гаргах вэ гэж асуухад зайл гэж хэлсэн. Би тэгэхээр нь хохирогч руу төмөр авч шидсэн. 10 дугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс ирж, надад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж хэлсэн.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 8303 дугаартай дүгнэлт /хх-32/, гэрч Б.Батсэнгээгийн мэдүүлэг /хх-18-20/, гэрч Б.Буянцогтын мэдүүлэг /хх-21-22/, гэрч Э.Отгонбаярын мэдүүлэг /хх-27-28/, гэрч И.Батсүхийн мэдүүлэг /хх-29-30/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 24 дүгээр байрны орчимд иргэн Н.Саруултай автомашины зогсоолоос болж маргаан үүсгэн, түүн рүү төмөр шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Саруулын: "Би 2013 оноос Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүгийн цагдаагийн ажилчдын байрны СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. ...2017 оны 6 сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минутаас эхлэн орцны хуучин шилэн хаалгыг солих болоод төмөр хаалга авч ирсэн юм. 2 орцны хаалга солиод оройн 19 цаг 20 минутын орчимд 1 орцны хаалгыг солих гэтэл орцны үүдэнд манай байранд бүртгэлгүй Тоёота Приус-11 маркийн машин зогсож байсан. ...Тэгээд уг машины цонхон дээр утасны дугаар байхаар нь залгаад "ачаа буулгах гэсэн юм машинаа хоосон зогсоол дээр тавьчих" гэж хэлсэн. Тэр утас авсан эмэгтэй миний машин яачихсан юм, яах гээд байгаа юм” гээд уурлаж байгаад гар утсаа салгасан. Би тэр хавиар бараа буулгаад хуучин хаалгыг нь салгаад байж байтал урьд нь харж байгаагүй нэг эмэгтэй бид нар дээр ирээд шууд үгийн зөрүүгүй "эргүү балай авгай чинь хүн амраахгүй юм" гэж орилж чарлаад гарч ирсэн. Тэгэхээр нь би хэрэлдэх нь гол биш учраас "машинаа хоосон зогсоол дээр тавьчих, би ийм хүнд төмөр хаалга буулгах гээд байна" гэж хэлсэн. Тэр хүүхэн над руу “энэ чиний эзэмшлийн газар юм уу май” гээд салаавч өгөөд "чи миний машиныг хөөдөг хэн юм бэ" гэхээр нь “би ажлаа дуусгах хэрэгтэй байна, харанхуй болох гээд байна машинаа холдуулчих л” гэж хэлсэн. Маргааш нь би харуул Батсэнгээгийн хамт сууж байтал Оюунбаатар хурандаагийн эхнэр нь хаанаас ч юм гарч ирээд "чам шиг юмаар машин орж гарахыг заалгахгүй, би энд машин тавих эрхтэй юм байгаа биз дээ" гээд дайраад байсан. Би ямар ч юм хэлэхгүй байж байгаад "та юу яриад байгаа юм учир ойлго, би ачаа буулгах гэж л машиныг чинь өөр зогсоолд байрлуулчих” гэж хэлсэн гэхэд газар байсан төмрийг авч шидээд зүүн гарын булчинг онож гэмтэл учруулсан. Тэгэхээр нь би “ямар солиотой юм бэ, наад төмөр чинь зэвсэг шүү дээ” гэхэд “хохь чинь” гээд коридор руу орсон. Миний гараас цус гараад байж байтал дахин нөгөө авгай /Оюунбаатар хурандаагийн эхнэр/ коридорт байсан төмрийг аваад шидэж нуруу руу цохьсон. Тэр үйлдлийг харуул болон хаалга хийж байсан компаний 2 ажилчин харсан. Тэгээд дахиад намайг цохих гээд дайраад байхад харуул Батсэнгээ салгаж тэр авгайг хөөж явуулсан.../хх-ийн 14-17/, гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батсэнгээгийн өгсөн: 2017 оны 6 сарын 23-ны орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 24 дүгээр байрны орцны хаалга солих гээд хаалга нь ирээд эхлээд 2 дугаар орцны хаалгыг манай СӨХ дарга Н.Саруул хаалганы компаний 2 хүн тэгээд би бид 4 суулгаад дараа нь 1 дүгээр хаалгыг суулгах гэтэл хаалганыхан урд жижиг цагаан машин тавьсан байсан юм. Тэгсэн СӨХ-ийн дарга Н.Саруул машин дээрээс нь утасныхан дугаарыг хараад эзэн рүү машинаа холдуулаад өөр зогсоол дээр тавьчих бид нар орцны хаалга солих гэж хаалга нь хүнд болохоор орцныхон урд ачсан портер машинтай нь ухарч орох гэсэн юм гэж хэлсэн. Тэгсэн удалгүй цонхоороо нэг эмэгтэй “чиний талбай юм уу” гээд л орилоод байсан. Тэгсэн дараа нь нэг жижиг биетэй хүүхэн гараад ирсэн СӨХ-ийн даргатай маргалдаад байх шиг байсан. Би наана нь 2 дугаар орцон дээр юм хийж байсан. Тэгсэн дараа СӨХ-ийн Н.Саруул ирээд “саяны хүүхнийг машинаа өөр зогсоолд тавьчих гэж хэлсэн биш зодуулах шахлаа” гээд бид нар дээр ирсэн. Тэгээд нөгөө эмэгтэй машинаа өөр зогсоол дээр та байсан болохоор нь бид 1 дүгээр орцныхоо хаалгыг суулгаад амарцгаасан цаг нилээн болсон байсан. Тэгээд бид нар маргааш нь үдээс хойш үлдсэн. Н.Саруул бид 2 орцныхоо шатан дээр сууж байтал манай байрны 3 давхарын 9 тоотын эмэгтэй нөхрийн хүүхдийнхээ хамт гурвуулаа машинтайгаа ирээд машинаасаа бууж ирснээ СӨХ-ийн дарга руу “яахаараа айлд хүн ирж болохоо больсон юм бэ” гээд нөгөө 9 тоотын эмэгтэй дайраад байсан. Тэгээд тэр хоёр маргалддаж байгаад 9 тоотын эмэгтэй газраас төмөр аваад СӨХ-ийн дарга Н.Саруулын нүүр рүү нь шидэхэд Н.Саруул гараараа хаахад зүүн гарынхан нь булчин дээр оноод гарыг нь зүсчихсэн байсан. Тэгэхээр нь би “боль” гээд дундуур нь ортол нөгөө 9 давхарын эмэгтэй орц руугаа орсон юм. Тэгснээ эргэж орцноосоо гарч ирээд Н.Саруул дахиад төмөр шидээд Н.Саруулын нуруу юу гар руу нь юм уу араас нь онох нь оносон. Тэгэхээр нь гүйж очоод бүүр орцныхон хаалгыг дараад хаасан юм тэгсэн Н.Саруул уйлаад цагдаа дуудсан. Тэгээд удалгүй 2 цагдаа ирээд Н.Саруул учир байдлаа хэлэхэд нөгөө 2 цагдаа 9 руу орж нөгөө эмэгтэйг дагуулаад гарч ирээд цагдаагийнхаа машинд суулгатал нөхөр нь араас нь гарч ирээд тэр 2 цагдаатай уулзаж байснаа эхнэрийгээ буулгаад аваад үпдсэн. Тэгсэн нөгөө 9 тоотын эмэгтэй Н.Саруул руу “чамайг наад СӨХ-өөс чинь гаргана” гээд л орилоод дахин маргалдтал тэр нөхөр нь “оръё” гээд аваад орсон. Ер нь бол тэр 9 тоотын эмэгтэй Н.Сарууп руу тухайн үед их л юм ярьж дайрч давшлаад байсан...  /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Буянцогтын өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 23-нд байхаа манай компанид Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны СӨХ-өөс хаалга хийлгэх захиалга ирсэн байсныг бид тухайн өдөр суулгаад эхний 1 дүгээр орцны хаалгыг суулгаад дараа нь 2 дугаар орцны хаалгыг суулгах гэхэд машин шахаад зогссон байсан. Бид нар хаалгаа портер машин дээр ачсан байсан. Нилээн хүнд хаалга учраас хаалга руу нь шахаж зогсож байж буулгахгүй бол болохгүй байсан юм. Тэгсэн тэр СӨХ-ийн дарга эгч тэр хаалга шахаж зогссон машины эзэн рүү утсаар ярьж дуудсан байсан. Тэр үед машинаа ухрааж байсан юм. Тэгсэн машины ард СӨХ-ийн дарга эгчтэй тэр шахаж тавьсан машины жолооч гараад ирсэн хэрэлдээд байх шиг байсан. Тэгж байгаад машинаа холдуулсан. Тэгээд тэр машины эзэн нь орохдоо СӨХ-ийн дарга эгчтэй дахиад л маргалдаад байх шиг байсан. Яг юу гэж хоорондоо ярьсныг нь би мэдэхгүй байна. Тэгээд ажлаа дутуу хийгээд маргааш үргэлжлүүлэхээр болоод явсан. Маргааш нь ирээд хуучин хаалган дээр байсан цонхны рамны төмрийг булан болгож тасдах гэсэн олигтой юм болохгүй байхаас СӨХ-ийн дарга эгчийн нөхөр нь 100 айл дээр таньдаг хүн байгаа очиж төмөр тасдуулья п манай хамтран ажилдаг Баярманлайгийн хамт явсан байсан тэр үед СӨХ-ийн дарга манаач ах бид 3 үлдээд би Бөхийн өргөөний тийшээ хүнтэй уулзах гээд явсан байсан. Тэгээд удалгүй эргээд ирэхэд СӨХ-ийн дарга эгчийн зүүн бил үү баруун бил үү аль нэг гарын булчингаас цус гарчихсан манаач ах тэр 2 зогсож байсан. Би тэгэхээр нь юу болсон юм асуухад өчигдрийн машины эзэн 2 удаа төмөр авч шидээд зүсчлээ цагдаа дуудсан гээд зогсож байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд нөгөө хэрэлдээд байсан эгчийг гэрээс нь авч гарч ирээд цагдаагийн машинд суулгаад байж байтал араас нь нөхөр нь бололтой нэг ах гарч ирээд буцаагаад аваад орсон. Тэгэхдээ тэр ах нь нөгөө 2 цагдааг гэрт ороод асуувал асуу гээд байсан. Нөгөө цагдаа нь би хэсэг рүү авч явна гээд байх шиг байсан ерөнхийдөө дуудлагаар ирсэн 2 цагдааг загнаад байгаа юм шиг л байсан. Тэгээд СӨХ-ийн дарга цагдаагийн машинд нь суугаад явсан. Би тэгээд удалгүй явсан.” /хх-21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч  Э.Отгонбаярын өгсөн: “2017 оны 6 сарын 24-ний өдөр би машинт эргүүлийн үүргийг Сүлд 115 чиглэлд эргүүлийн офицер И.Батсүхийн хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Цагийг нь тодорхой сайн санахгүй байна. 18, 19 цагийн орчимд дуудлага ирсэн. Дуудлагын утга нь намайг хүн зодчихлоо, төмрөөр цохичихлоо гэсэн утгатай дуудлага байсан. Дуудлага авах үед 6 дугаар хорооны хавьцаа явж байсан ба шууд дуудлага аваад очсон. Багцаагаар 5 орчим минутын дотор очсон. Дуудлага өгсөн газар нь Баянзүрх дзүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр эрүүгийн цагдаагийн 24 дүгээр байр байсан. Дуудлаганд очиход дуудлага өгсөн зодуулсан гээд байгаа эмэгтэй нь байсан. Өөр ажил хийж байгаа гээд 2, 3 хүн байсан. Дуудлага өгсөн эмэгтэйтэй уулзахад намайг намайг сая төмрөөр цохисон, цохисон эмэгтэйнх энэ байранд байдаг, сая гэр рүүгээ орчихлоо гэсэн. Тэгээд офицер ахмад Батсүхтэй цуг зодсон гэх эмэгтэйн гэр рүү орохоор явсан. Би машиндаа суугаад үлдсэн. Цохисон гээд байсан эмэгтэйг нь Батсүх аваад гараад ирсэн. Гарч ирэнгүүтээ цохисон хүн чинь гомдолтой гэж байна, та манай хэлтэс дээр очоод асуудлыг шийдэх албан тушаалтнуудтай уулзаадах гэж хэлээд байж байсан чинь нөхөр нь гэх хүн тэр байрнаас нь гараад ирсэн. Гарч ирээд манай албаны машины хаалгыг нээгээд эхнэрийгээ шууд “буу” гэсэн. Тэгсэн чинь Батсүх нөхөрт нь цагдаагийн хэлтэс дээр очоод асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн. Тэгсэн чинь нөхөр нь “та нар шийддэггүй юмаа, тайлбар мэдүүлэг авах гэж байгаа бол та нар энд ирж ав” гэсэн Тэгээд эхнэрийгээ аваад буулгаад явангуут нь Батсүх ардаас нь очоод “та ингэж болохгүй шүү дээ” гэж хэлж байсан. Тэгсэн чинь “би мэдэж байна, эхнэрийгээ явуулахгүй” гээд эхнэрийгээ аваад орчихсон. Тэгсэн зодуулсан гээд байгаа эмэгтэй нь “наад хүн чинь Эрүүгийн цагдаагийн газрын Оюунбаатар гэж хурандаа баигаа юм аа, та нарын үгэнд орохгүй юм байна” гээд эгч өөрөө очоод хэлтэс дээр чинь өргөдлөө гаргаад өгчихье гэсэн. Тэгээд ээлжнээс буух 20 цаг болж байсан тул тэндээс шууд хөдлөөд хэлтэс дээр ирсэн.  Өөрөө яваад очъё гэж байсан. Тэр зодуулсан гэх эмэгтэй нь бас тухайн үед ярианаас нь сонсоход цагдаагийн хүн гэсэн. Тэр нөхөр нь гэх хүн тэр Оюунбаатар гээд цагдаагийн хүнтэй хэрэлдээд байсан. Дуудлаганд очиход гэмтэж бэртсэн гэвэл зодуулсан гэх эмэгтэйн зүүн гарынх тохой байна хавьцаа хөхрөөд бага зэргийн шалбарсан байсан. Нөгөө эмэгтэйн биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Яаж зодсон талаараа бол төмрөөр гар руу цохисон гэсэн зүйл ярьж байсан. Өөр тодорхой зүйл яриагүй. Төмрөөр цохисон гэх эмэгтэй нь бол зодуулсан цохиулсан гэж юу ч яриагүй дөнгөж машиндаа суулгатал нөхөр нь гэх Оюунбаатар гэх хүн шууд аваад машинаас буулгасан.”/хх-27/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч  И.Батсүхийн өгсөн: “2017 оны 6 сарын 24-ний өдөр би машинт эргүүлийн үүргийг Сүлд 115 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо эрүүгийн цагдаагийн ажилчдын байрны гадаа хүмүүст зодуулчихлаа гэсэн дуудлагын дагуу очсон. Дуудлаганд очиход дуудлага өгсөн эмэгтэйн зүүн гарын бугалганы орчим бага зэрэг хөхөрсөн, шалны хүрээ төмөр, мод байсан уу тэрийг нь санахгүй байна, нэг зүйл барьчихсан энүүгээр намайг цохисон гэчихсэн гэж цохиж байсан. Тэр байранд амьдардаг Чингэлтэйн цагдаагийн дэд даргын эхнэр зодчихлоо гээд надад хаягийг нь хэлж өгсөн. Тэгээд орж шалгасан. Хаалгыг нь цохисон нэг эмэгтэй хүн гараад ирсэн. Иргэн гомдол гаргасан гэсэн. Би хэрэлдэсэний улмаас нэг цохих нь цохисон сүйдтэй зүйл болоогүй гэсэн зүйл ярьсан. Би шалгах шаардлагатай гээд гэрээс нь дагуулаад гарсан. Гараад цохисон гэх эмэгтэйг албаны машинд суулгасан. Тэгээд цохиулсан гэх эмэгтэйг ардаас яваад оч гээд гэсэн. Тэгтэл цохисон гэх эмэгтэйгийн нөхөр нь гарч ирээд эхнэрийгээ өгч явуулахгүй тайлбар байцаалт авах бол энд ав, гэр оронд гаднаас хүн ирчихсэн байна гэсэн. Тэгсэн зодуулсан гэх эмэгтэй “за за наад эмэгтэйгээ явуулж бай, би наад эмэгтэйн чинь гэр орныг мэдэх юм чинь би өөрөө цагдаа дээр очоод өргөдөл гаргаад өгчихье” гэхээр нь явуулсан. Нөгөө эмэгтэй ч гэр рүүгээ орсон. Дуудлагаар анх очиход зодуулсан гэх эмэгтэй л байрны орцны урдаа байж байна.” /хх-29/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12883 тоот дүгнэлтэнд:

1. Н.Саруулын биед тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт,
нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-32/ гэх дүгнэлт,


             Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/,

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Гд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

           

            Хохирогч Н.Саруул нь эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилсэн зүйлгүй болно.

  

Хэрэгт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

            Шүүхээс шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Арслан овгийн ЦГг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Гг 600 /зургаан зуун / нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Г нь шүүх оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           

           6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Гд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС