Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/09

 

                                           *******өд холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЗ/440 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******өд холбогдох эрүүгийн 2231003180226 дугаартай, 175/2022/0008/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, 1984 оны 12 сарын 11-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэггэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны ******* гудамж ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: МТ84121113/

Яллагдагч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3-р багийн нутаг дэвсгэрт “Сангийн гол” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Volvo-55 маркийн экскаватор, Komatsu маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдаж байгаль экологид 385,360 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар алт олборлох гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн ******* *******өд холбогдох эрүүгийн 2231003180226 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокуроын газрын хяналтын прокурор 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцэлдээ:

...Шүүгчийн захирамжийг 2022 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.******* нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3-р багийн нутаг дэвсгэрт “Сангийн гол” нэртэй газарт 2 экскаватор, алт угаах төхөөрөмж байрлуулан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 385,360 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд Ж.Наранбаярын өмчлөлийн 48-50 УР улсын дугаартай Волво 55 маркийн экскаватор 1 ширхэг Д.Чинзоригийн эзэмшлийн Комацу-20 маркийн экскаватор 1 ширхэг тус тус ашигласан болох нь тогтоогдсон ба дээрх экскаваторуудын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-иар хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг гаргуулсан. Дээрх дүгнэлтээр баг оврын 48-50 УР улсын дугаартай Волво 55 маркийн экскаваторыг 1,500,000 төгрөгөөр, Д.Чинзоригийн эзэмшлийн Комацу-20 маркийн экскаваторыг 1,500,000 төгрөг төгрөгөөр тус тус үнэлсэн нь тухайн техникийн зах зээлийн үнэлгээг бодитоор тогтоосон. Хэргийн оролцогчдоос үнэлгээний талаар маргаагүй байна.

Гэтэл шинжээчийн дүгнэлтэд үнэлгээний зүйлийн шинж байдал хэсэгт Даевоо 200 маркийн экскаватор техникийн байдлыг тусгаж техникийн шинжтэй алдаа гаргасан байгаа боловч үнэлсэн эд хөрөнгө нь алдаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой. Шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй байна. Техникийн үнэлгээ нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт биш гагцхүү Эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой баримт болно.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан. шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй”,

16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”,

2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжпэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж тус тус заажээ.

Гэтэл шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлдэггүй, төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2. “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан улсын байцаагчийн эрхийн хүрээнд байгаль орчны хяналтын улсын байцаагчаар нөхөн төлбөрийг ноогдуулж яллагдагчийн гэм бурууг шүүхээр хянан хэлэлцүүлэхгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яллагдагчаар нөхөн төлүүлэх эрх зүйн үр дагавар бүхий улсын байцаагчийн акт буюу захиргааны акт шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Харин Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу хэрэгт авагдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх бүхий Эрдэнийн ногоолин ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 440 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ  дэмжиж оролцож байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлээр *******өд холбогдох эрүүгийн 2231003180226 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу дүгнэлт гаргасан “Эрдэнийн ногоолин” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллага болохыг тогтоосон буюу эрх олгосон, хугацаа сунгасан баримт, мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу дүгнэлт гаргасан “Ашид билгүүн” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрөл олгогдсон баримт тус тус хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эдгээр байгууллагуудын шинжээчийн гаргасан дүгнэлтүүдийг нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд дээрхи байгууллагуудын эрх зүйн байдлыг тогтоосон баримтуудыг хэрэгт хавсаргаж, хуулийн хүрээнд эдийн засгийн үндэслэл бүхий дүгнэлт гаргуулах шаардлагатай байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/440 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/440 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                          ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

            ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ