Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 152/ШШ2024/00374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б.Э-ийн,

Ж.Ан ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Э (цахим)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ж.А 1969 онд төрсөн, 55 настай. Ж.А 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд орсон. 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сар хүртэл үйлчлэгчээр ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр туслах багшаар ажилсан. Одоо Ж.А тэтгэвэрт гарах нас нь болж тэтгэврийн баримтаа бүрдүүлэхэд Увс аймгийн Архиваас 1990 оны 01 дүгээр сараас 1992 оны 5 дугаар сарыг дуустал агч байсан цалингийн тодорхойлолт гарсан. Тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал гарын үсэг олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд Ж.Ан 8 дугаар цэцэрлэгт 1987-1988 он, 1992-1997 оныг дуустал туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед Ж.А-тай хамт ажиллаж байсан Р.Оыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Ж.Ан 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оныг дуустал хугацаанд тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна” гэв.

Хүсэлт гаргагчаас Ж.Агаас Б.Эт олгосон итгэмжлэл, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэгийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 124 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 157 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 244 дугаартай цалингийн тодорхойлолт хавсралтын хамт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, 296903 дугаартай Ж.Ан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 329660 дугаартай Ж.Ан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Р.Оы иргэний үнэмлэхийн хуулбар, Р.Оы 399341 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Ан ХААТР-1 болон ХААТР-15 маягтууд болон Ө овогтой Бийн төрсний бүртгэх анкет, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас Ж.Ан 1995-1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас Ж.Ад холбогдох 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын хуудас нотлох баримтаар бүрдүүлэв.

Б.Эийн хүсэлтээр Р.Оыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Б.Эийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. 

2. Б.Э нь шүүхэд хандаж Ж.Ан 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оныг дуустал хугацаанд тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Б.Э-ийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Б.Э нь Ж.Ан 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оныг дуустал хугацаанд тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Ж.А нь 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд орж 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан ба 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс туслах багшаар ажиллаж эхэлсэн. Улмаар 1997 оныг дуустал хугацаанд тус цэцэрлэгт туслах багшаар ажиллсан боловч тухайн үеийн ажилд орсон болон гарсан тушаал аймгийн архиваас гараагүй байна. Мөн цалингийн баримт дутуу гарсан.

3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаартай зөвлөмжийн хуудсаар “Ж.А нь 1987-1995 он хүртэл Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт ажиллаж байх үеийн ажилд орсон, гарсан тушаал аймгийн архиваас гараагүй мөн нөхөн бичилттэй тул ажилласан жил тооцох боломжгүй байна” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай тушаалыг хүсэлт гаргагч Б.Эт хуулбарлан олгосон байх бөгөөд тус тушаалд Ж.Аг 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 8 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллуулсан байна.

Мөн шүүхийн журмаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас нотлох баримтаар бүрдүүлсэн Цэвэгийн Жамсрангийн өрхийн тооллогын хуудаст Ж.А-г цэцэрлэгт асрагч ажилтай гэж тэмдэглэжээ.

Иймд Ж.Аг 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эийн “...Ж.А нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж эхэлсэн” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

4.2. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 244 дугаартай цалингийн тодорхойлолтоор Жамсрангийн Алтайн 1991 оны 1-12 дугаар сар, 1992 оны 1-5 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн олгожээ.

Иймд Ж.Аг 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Ж.Ан гэрлэснийг бүртгэх анкетыг 1991 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад Ж.Аг 8 дугаар цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгч ажилтай гэж тэмдэглэсэн бол 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн Өсөхбаярын Батцэнгэлийн төрснийг бүртгэх анкетад Ж.Аг 8 дугаар цэцэрлэгт ажилладаг гэж тэмдэглэжээ.

Дээрх бичмэл нотлох баримтуудар Ж.А нь 1991-1994 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

4.4. Гэрч Р.О шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Би 1987 онд Дархан хотын долдугаар арван жилийг төгссөн. 1987-1989 онд Дархан хотын барилгын техник мэргэжлийн сургуулийн тогоочийн ангийг тогооч мэргэжлээр төгссөн. 1989 онд Дархан хотыян тавдугаар цэцэрлэгч тогоочоор ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар 1990 онд Увс аймагт ирсэн. 1990 оны 9 дүгээр сард Увс аймгийн наймдугаар цэцэрлэгт тогоочоор ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Намайг 1990 онд Увс аймгийн наймдугаар цэцэрлэгт ажилд ороход Ж.А шат талбайн үйлчлэгчээр ажилладаг байсан. Ж.А Увс аймгийн наймдугаар цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа туслах багшаар мөн ажиллаж байсан. Ж.А Увс аймгийн наймдугаар цэцэрлэгт туслах багшаар 1997 он хүртэл  ажилласан” гэж мэдүүлжээ.

Гэвч хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэрч Р.О нь хүсэлт гаргагч Б.Эийн шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1987-1997 оны хооронд Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан эсэх нь нотлогдохгүй байх тул түүний мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэлээ.

5. Иймд шүүхээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Ж.Ан 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй.

6. Харин Б.Э-ийн хүсэлтээс Ж.Ан 1995-1997 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгов.

Тодруулбал, хэрэгт Ж.Ан 329660 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар авагдсан бөгөөд тус дэвтэрт Ж.Ан 1995-1997 онд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар бичилт хийгдсэн байна.

Шүүхийн журмаар Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас Ж.А 1992-1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагааг гаргуулахад тус газрын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 251 дугаартай албан бичгээр “Тухайн үеийн Наймдугаар цэцэрлэгийн 1992-1997 оны нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой тайлан манай архивт байхгүй байна” гэх хариуг шүүхэд ирүүлжээ.

Ийнхүү хэрэгт авагдсан баримтын хүрээнд Ж.А 1995-1997 оны хооронд Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан боловч тус байгууллага нь түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй эсэх, эсхүл 8 дугаар цэцэрлэг нь Ж.Ан нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж, нийгмийн даатгалын дэвтэр нээж, холбогдох журмын дагуу баталгаажуулсан боловч түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл нийгмийн даатгалын байгууллагын цахим санд бүртгэгдээгүй эсэх нь тодорхойгүй байх бөгөөд шүүхээс дээрх маргааныг иргэний хэргийн шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэг буюу одоогийн 5 дугаар цэцэрлэг Ж.Ан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу төлөөгүй эсэх үйл баримтыг иргэний хэргийн шүүх ердийн журмаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэг Ж.Ан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу суутган төлж, тайлагнасан боловч нийгмийн даатгалын санд Ж.Ан шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл тусгагдаагүй эсэх маргааныг Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл буюу Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх заалтад заасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эийн хүсэлтээс Ж.Ан 1995-1997 оны хооронд Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

7. Шүүхээс хүсэлт гаргагч Б.Эийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Дөрөг овогт Ж.А-н 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, хүсэлтээс үлдэх 1995-1997 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Б.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА