Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2024/00898

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, И овогт Б.Х-ны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт Х.А-д  холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Хадлангийн газарт зөвшөөрөлгүй татсан хашааг албадан зайлуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А,

Хариуцагч Х.А,

Орчуулагч Т.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Х.А-д холбогдуулан Хадлангийн газарт зөвшөөрөлгүй татсан хашааг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Би тус аймгийн Б сумын Бугын голын хойд хөндийн “Домоожихын зүлэг” гэх газрын “Ганц бургасаас “Арслангийн өвөлжөөний арын зүлэг” хүртэлх хадлангийн газартай билээ.

1.2.Би сүүлийн 2 жилд өвчний учир Улаанбаатар хотод түр байж ирж буцах хугацаанд өөрийн хэдэн малаа төрсөн ах Б.Х-ийн малтай нийлүүлэн маллуулж мөн өөрийнхөө дээрх хадлангийн газарт ургасан өвсийг хадаж авч малд минь тэжээл болгоорой гэж хэлж захисан юм. Ах маань өөрөө ч өвчтэй ба бас хүн хүчний туслалцаа дутмаг бөгөөд “Уг хадлангийн газар ургасан өвсийг бүрэн гүйцэт хадаж авч чадаагүй байхад зарим хүмүүс хадлангаас зөвшөөрөлгүй өвс хадаж авч, бас хадлангийн хэсэг газрыг тойруулан ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн хашаа татаж авлаа!” гэж надад ах мэдэгдсэний дагуу би ирж хадлангаа үзэхэд тус Б сумын 4 дүгээр багийн иргэн Х.А гэгч залуу намайг өвдөөд Улаанбаатар хотод байсан түр хугацаанд ахыг дээрэлхэж миний хадлан өвс авах газрын ургац сайтай хэсэг газрыг тойруулан зөвшөөрөлгүйгээр мод бургасаар хашаа татаж авсан байсан. Өөрт нь хэлэхэд “Очоод заргалд хашааг буулгахгүй газрыг хууль бусаар эзэмшинэ!” гэсэн. Сумын газрын даамалд гомдол гаргахад шүүхэд гомдлоо гаргаж маргаанаа шийдвэрлүүл!” гэж бичгээр хариу өгсөн тул тус шүүхэд хандаж байна.

1.3.Энэ нэхэмжлэлийг 2023 08 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргасан юм. Тус шүүх нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 130/ШЗ2023/00000 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “Урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн” гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн сумын Засаг дарга нь нэхэмжлэл гаргах ёстой гэсэн. Мөн сумын Засаг дарга нь дэргэдэх газрын даамал /Б.Буяндэлгэр/ нэхэмжлэл тодорхойлолт гаргах урьдчилан шийдвэрлэх эрхгүй гэсэн. Тэгээд сумын Засаг дарга Х.Ерланд өргөдөл гаргаж газрын маргааныг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэхэд өргөдлийн дагуу энэ маргааныг шийдвэрлэх гэж удаа дараа Х.Аг дуудуулан ярилцаж хурлаар хэлэлцэх гэхэд ирэхгүй ба хашаагаа буулгахгүй гэж эсэргүүцсэн тул маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд урьдчилан шийдвэрлэж зохицуулах боломжгүй байна гэж үзэж шүүхэд та өөрөө газраа хамгаалж нэхэмжлэл гаргаарай гэж хэлж 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 189 дугаартай хариу албан бичгийг надад өгсөн. Үүнд “... А-тай холбоотой маргааныг сумын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй байгаа тул зохих хууль журмын дагуу хуулийн байгууллагад хандаж шийдвэрлэнэ үү гэж хариу өгсөн.

1.4.Энэ хугацаанд би А болон бусад холбогдох хүмүүстэй уулзаад хашааг нь зайлуулах талаар хүлээстэй хандаж байхад хашаагаа зайлуулаагүй. Мөн Засаг даргад та шүүхэд хашааг зайлуулж өг гэж нэхэмжлэл гарга, эсвэл та Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.2-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэхэд шийдвэрлэж өгөлгүй удаасан тул аргагүй болж шүүхэд хандаж байна.

1.5.Хөдөөгийн малтай иргэд бид өөрсдөө хууль ёсоор хуваарилагдсан хадлан ашиглах талбайгаас жилд ганц удаа малын тэжээл болгон өвс хадаж авдаг. Мөн хадлангийн талбайгаа усалж, чулууг нь түүж, зарим өвсний үр цацаж ургуулж арчилдаг билээ. Гэтэл сумын захиргаанаас “Хадлангийн газар олгосон байгаа. Дараагийн асуудал бидэнд хамаагүй гэж иргэдийн маргааныг шийдвэрлэж өгөлгүй хариуцлагагүй байдал гаргасан тул би аргагүй болж хадлан авах талбайд зориуд хашаа барьсан А-гийн хашааг зайлуулж өгнө үү гэж шүүхэд хандаж байна.

1.6. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бамбайн эмчилгээнд хамрагдаж Улаанбаатар хотод түр оршин сууж, амьдарч байгаа. Хариуцагчийн хувьд Б суманд 3, 4 хадлан, өвөлжөө, хаваржааны газартай. Хэрвээ хашаагаа буулгавал би нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой. Хэрвээ хашаагаа буулгахгүй гэвэл би шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна

 

2.Хариуцагч Х.Агийн хариу тайлбар, татгалзал:

2.1.Миний бие Б.Х-ийн хадлангийн талбайд хашаа татсан асуудал байхгүй. Тухайн газар нь хадлангийн талбай биш, чулуулаг газар байгаа ба Б.Х-ийн хадлангийн талбайгаас 500 метр зайтай газар байдаг.Тэнд ямар ч хадлангийн өвс ургадаггүй.

2.2.Би тухайн газарт 2012 онд хоёр модон хашаа татсан. Тэрнээс хойш тухайн хоёр модон хашааг ашиглаж ирсэн.Тэр үед Б.Х нь ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй. Б.Х нь тэнд огт амьдардаггүй, Улаанбаатар хотод очиж хөлсний ажил хийж явдаг.

2.3.Би тухайн газрыг эзэмшихээр Б сумын 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хуралд хүсэлт гаргаж, тус хурлын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хаваржааны зориулалтаар газар олгохыг зөвшөөрсөн. Б.Х-д тэнд ямар нэгэн газар эзэмшүүлсэн шийдвэр байхгүй. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 189 дугаартай албан бичиг, 0305582 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Хадлангийн талбай ашиглах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, фото зургууд, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШЗ2023/0000 дугаартай шүүгчийн захирамж, фото зураг, тайлбар, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолт, 00168 дугаартай Иргэний газар эзэмших гэрчилгээ эх хувь, Б аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 163 дугаартай тодорхойлолт, тус аймгийн Б сумын газрын даамлын зураглал зэргийг,

Хариуцагчаас хариуцагч тайлбар, Б аймгийн Б сумын 4-р багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 100 дугаартай албан бичиг, Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тогтоол, фото зургууд, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Б.Х-ийн хариуцагч Х.А-д холбогдуулан гаргасан хадлангийн газарт зөвшөөрөлгүй татсан хашааг албадан зайлуулах  тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. 

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Би Б аймгийн Б сумын Бугын голын хойд хөндий “Домоожихын зүлэг” гэх газрын ганц бургасаас Арслангийн өвөлжөөний арын зүлэг хүртэл хадлангийн газартай билээ.  Б сумын 4-р багийн иргэн Х-ийн А гэгч залуу миний өвдөөд Улаанбаатар хотод байсан түр хугацаанд миний ахыг дээрэлхэж миний хадлан авах газрын ургац сайтай газрыг тойруулан зөвшөөрөлгүйгээр мод бургасаар хашаа татаж авсан байсан. Өөрт нь хэлэхэд хашааг буулгахаас татгалзсан. Агийн буруутай, санаатай үйлдлээс болж одоогоор 3 жил хадлангаа авч чадсангүй. Мөн хадлангийн талбайгаа арчилж, усалж, чулууг нь цэвэрлэж тордож чадсангүй. Миний хадлангийн газарт зөвшөөрөлгүй хашаа татсан Х.Агийн хашааг миний хадлангийн талбайгаас зайлуулж өгнө шүү гэжээ.

6.Хариуцагч Х.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие Б.Х-ийн хадлангийн талбайд хашаа татсан асуудал байхгүй. Миний хашаа татсан газар хадлангийн талбай биш, чулуулаг газар байгаа ба Б.Х-ийн хадлангийн талбайгаас 500 м зайтай байдаг. Тэнд ямар ч хадлангийн өвч ургадаггүй. Тухайн газарт 2012 онд модон хашаа татсан бөгөөд ямар нэгэн маргаан гараагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 7.1.Б аймгийн Б сумын газрын даамлаас 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр олгосон 000000 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр И овгийн Б-ийн Х нь Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрт  Бугын хойд хөндий /Хар дэгнүүл/ 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг болох нь тогтоогдсон байна.

7.2. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б сумын Засаг даргын тамгын газрын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн С.А, газар ашиглагч Б.Х нар “Хадлангийн талбай ашиглах гэрээ” байгуулж, уг гэрээг Засаг даргын орлогч баталсан байх ба 2021-2023 онуудад сунгасан талаар тамга дарагджээ.

7.3. Б аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 163 дугаартай тодорхойлолтоор тус сумын 4 дүгээр багийн иргэн Б.Х-ийн хадлангийн газарт иргэн Х.А хууль бусаар хашаа барьсан гэх гомдлын дагуу сумаас зохих ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан нь үнэн болно гэж тодорхойлсон байх ба Б сумын 4 дүгээр багийн иргэн Б.Х-ийн гомдлын мөрөөр 4-р багийн Бугын  хөндийд очиж ажилласан тухай тайлбараар газрын даамал Б.Б, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Т, 4-р багийн Засаг дарга У.А нар очиж ажиллаж Б.Х-ийн хадлангийн талбай дээр зөвшөөрөлгүй хашаа барьсан гэх иргэн Х.А-гийн шинээр барьсан хашаа нь газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад дур мэдэн газар хашаалсан зөрчилтэй байна гэж тогтоожээ.

7.4. Б аймгийн Б сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолтоор Б сумны 4-р багийн оршин суугч Хайрхан овогтой А нь Бугын голд амьдардаг ба 2020 оноос хойш одоо хүртэл хус модны зөвшөөрөл болон хашаа барих зөвшөөрөл аваагүй болохыг тодорхойлжээ.

7.5.Тус аймгийн Б сумын газрын даамлаас үйлдсэн зураглал болон хэрэгт авагдсан фото зургуудаар хариуцагч Х.А-гийн зөвшөөрөлгүй татсан хашааны байршил болон харагдах байдал тогтоогдсон байна.

8.Нэхэмжлэгч талаас хариуцагч нь хадлан авах газарт зөвшөөрөлгүй хашаа барьж, миний газар ашиглах эрхэд саад учруулж байгаа гэж маргасан ба хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ. 

9.Нэхэмжлэгч Б.Х эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн дагуу ашиглаж байгаа хадлангийн талбайг зориулалтаар нь ашиглахад хариуцагчийн хууль бусаар барьсан хашаа саад учруулж байгаа гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн хүрээнд бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг гаргуулах шаардах эрхийг эдийн баялгийн эрх зүйн хэм хэмжээг үндэслэн хэрэгжүүлнэ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч уг шаардлагыг гаргах эрхтэй бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч уг шаардлагыг гаргах эрхтэй. Монгол улсын Үндсэн хуулийн дагуу иргэдэд өмчлүүлснээс бусад газар нь төрийн нийтийн өмчид хамаарна. Монгол улсын аль нэг иргэн газрыг чөлөөлүүлэх шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргахын тулд тухайн эзэмшил газрын хувьд нэхэмжлэгч этгээдийн субьектив эрх хөндөгдсөн байхыг шаардана. Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн нийтийн өмчид хамаарах хэдий ч төрийн нийтийн өмчийг ард түмнийг төлөөлөн төрийн эрх бүхий этгээд удирдан зохион байгуулж, Монгол Улсын иргэдэд эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

10.Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн  53.1 дэх хэсэгт “сум, дүүргийн Засаг дарга мэргэжлийн эрх бүхий байгууллагатай хамтран хадлангийн талбайд газар зохион байгуулалтын арга хэмжээ авч, түүний хэрэгжилтийг хангана” гэж, 53.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна” гэж тус тус заасан.

11.Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт “тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна” гэж, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1 дэх хэсэгт “цагдаагийн байгууллага хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах үүрэгтэй”  гэж тус тус зааснаас үзэхэд зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа газрыг чөлөөлүүлэх үүрэг нь тухайн шатны Засаг дарга буюу Б аймгийн Б сумын Засаг даргад байх ба Засаг даргын шийдвэрийн биелэлтийг цагдаагийн байгууллага хангахаар байна.

12.Хариуцагч Х.А нь хашаа барьсан газрыг эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр ашиглаж байгаа талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.А нь Б аймгийн Б сумын нутаг дэвсгэр Бугын голын хөндий гэх газарт зохих зөвшөөрөлгүй хашаа барьж ашиглаж байгаа болох нь тогтоогдсон байна.

13.Зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа газрыг чөлөөлүүлэх үүрэг нь хуульд зааснаар Б аймгийн Б сумын Засаг даргад байх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд эрх бүхий этгээд энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар уг эрх зүйн зөрчлийг арилгуулах боломжтой болно.

14. Дээрх байдлыг үндэслэн Б.Х-ийн хариуцагч Х.А-д холбогдуулан гаргасан хадлангийн газарт зөвшөөрөлгүй татсан хашааг албадан зайлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

15. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.2, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Х-ийн хариуцагч Х.Ад холбогдуулан гаргасан Хадлангийн газарт зөвшөөрөлгүй татсан хашааг албадан зайлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК