Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 102/2018/03839/и |
Дугаар | 01998 |
Огноо | 2020-09-21 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 01998
С.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/02732 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-т холбогдох
Гэм хорын хохиролд 423 927 216 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүенбат, хариуцагч Д.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Г-аас төмрийн хүдэр худалдан авахаар тохирч 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 176 400 ам.доллар шилжүүлсэн боловч төмрийн хүдрээ нийлүүлээгүй. Улмаар цагдаагийн байгууллагад 2012 онд өргөдөл гаргаж, Д.Г-ын үйлдлийг шалгуулсан ба прокурорын байгууллагаас Д.Г-ыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх боловч Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг хаасан, уг шийдвэрт намайг өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу 176 400 ам.доллар 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Монголбанкны ханшаар 434 727 216 төгрөг болж байна. Үүнээс Д.Г-ын өгсөн мерседес бенз маркийн автомашиныг 12 000 000 төгрөгт тооцохыг зөвшөөрч, бэлэн өгсөн 1 500 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөгийг хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагаа 421 227 216 төгрөгөөр тодорхойлж байна. Иймд хариуцагч Д.Г-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу 421 227 216 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Б- бид 2 арван жилийн нэг ангийн найзууд бөгөөд Хятад улс руу төмрийн хүдэр гаргаж хамтран ажиллахаар тохиролцсон. Миний дансанд 176 400 ам.доллар шилжиж ирсэн. Би “Лут чулуу” ХХК-ийн менежер П.Энхболдод 80 000 гаруй ам.долларыг шилжүүлж, гаалийн талбайд 1500 тонн төмрийн хүдэр буулгасан. Гэвч худалдан авагч хятад тал хүдрийн агуулга бага гэсэн үндэслэлээр төмрийн хүдэр авахаас татгалзсан. С.Б- бид 2 хэд хэдэн удаа Эрээнд хятадуудтай уулзсан. Төмрийн хүдрийн үнийг буулгаад аваач гэсэн боловч зөвшөөрөөгүй. Миний бие С.Б-т мерседес бенз ML320 маркийн автомашиныг 12 000 000 төгрөгт дүйцүүлж өгсөн. Бэлэн мөнгө 1 500 000 төгрөг өгсөн. 82 000 000 гаруй төгрөгийн зурагт өгсөн. Бид хамтарч бизнес хийхээр тохирсон учир би эрсдэлийн 50 хувийг хариуцна гэж үзэж байна. Надад ам.доллар шилжүүлсэн 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Монголбанкны ханшаар тооцон төлбөрийн 50 хувь болох 112 217 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г-аас 150 972 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 270 254 816 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Г-аас 912 812 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүенбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 176 000 ам.долларын ханшийг тооцож дурдахдаа “хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас 176 000 ам.доллар буюу 246 960 000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учирсан болохыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн прокурорын тогтоолд тодорхойлсон байх тул уг баримтыг үндэслэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв гэж Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь заалтуудыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.2 дахь хэсэгт заасан “тухайн үеийн” гэдгийг нэхэмжлэл гаргах үеийн ханш гэж ойлгоно. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан “үүрэг үүсэх үе” гэдгийг хэдий үед хамааруулж ойлгох нь чухал ач холбогдолтой. Хариуцагч нь гэмт хэрэг үйлдсэний улмаас нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэхдээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг үүсэх үеийн ханшаар буюу эрх бүхий байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөх үүрэгтэй.
Иймд дээрх хуулийн заалтад нийцүүлж нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хариуцагчийн төлсөн төлбөрийг зөв тооцоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Д.Г-т холбогдуулан гэм хорын хохиролд 423 927 216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 421 227 216 төгрөг болгож багасгасан бол хариуцагч нь 112 217 000 төгрөгийг төлөхөөс бусад хэсгийг эс зөвшөөрч төмрийн хүдэр худалдан авах талаар хамтран ажиллахаар тохирсон, эрсдлийн 50 хувийг хариуцна үндэслэл заан маргажээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор Д.Г- нь С.Б-ийг залилан мэхэлж, түүнд 176 400 ам.долларын их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, уг гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, хохирогч С.Б- нь Д.Г-аас 176 400 ам.долларын их хэмжээний хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. / хх-ийн 6, 7/
Хариуцагч нь хамтран ажиллахаар тохиролцсон тул эрсдэлийн 50 хувийг хариуцна гэж тайлбарлаж байгаа боловч хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотолж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн Прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 241 дүгээр тогтоол, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтад үндэслэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчийг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруутай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж шийдвэрлэсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулахад гэм буруугуй болохоо өөрөө нотлох үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа нотолж шүүхэд гаргасан нотлох баримтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдсон хэмжээгээр хангасныг буруутгах боломжгүй.
Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Д.Г-т 176 400 ам.долларыг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан ба хариуцагч 176 400 ам.долларыг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар үйл баримтын талаар маргаагүй байна.
Хариуцагч нь хохиролд 176 400 ам.доллар төлөх үүрэгтэйгээс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мерседес бенз ML320 маркийн автомашиныг 12 000 000 төгрөг, бэлнээр 1 500 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөгийг төлсөн гэж 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн талуудын хооронд үйлдсэн актыг үндэслэн тайлбарласныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй тул 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ханш 2459 төгрөгт хөрвүүлэхэд /13 500 000 * 2459 =/ 5 490 ам.доллар төлөгдсөн гэж үзэхээр байна. /хх-ийн 115/
Мөн хариуцагч Герман улсад үйлдвэрлэсэн Mirror TV /толин зурагт/ маркийн 7 ширхэг телевизорыг нийт 82 487 600 төгрөгт тооцон тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн зурагт хүлээлгэн өгсөн акт зэргээр нотлогдсон тул тухайн үеийн ханш 2391 төгрөгөөр тооцоход /82 487 600 * 2391/ = 34 500 ам.доллар төлөгдсөн гэж үзэхээр байна. /хх-ийн 134/
Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас 136 410 ам.долларыг хохиролд шаардах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ханш 2 464 төгрөгөөр тооцоход 336 114 240 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/02732 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “150 972 400 төгрөг” гэснийг “336 114 240” гэж, “270 254 816” гэснийг “85 112 976” гэж, 2 дахь заалтын “912 812” гэснийг “1 838 521” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Н.БАТЗОРИГ