Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 508

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөр харуул овогт Балжиннямын Баярсайханд холбогдох эрүүгийн “1711008380162” дугаартай, 186/2017/0543/э  индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Нийслэлийн түргэн тусламжийн төвд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 44-75 тоотод оршин суух бүртгэлтэй, 1984 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ажилчдын районы шүүхийн 156 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109б дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Төмөр харуул овогт Балжиннямын Баярсайхан /РД:УХ65090216/

Холбогдсон хэргийн талаар 

Б.Б нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна талбайд хохирогч Х.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдаж улмаар түүнийг зодож биед нь баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                          

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Б.Б нь шүүхэд мэдүүлэхдээ:...Би мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

           2.1. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.2.Хохирогч Х.Ганбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:...2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би ажилруугаа албаны машинтай орох гэтэл уулзвар дээр Баярсайхан хоёр, гурван хүнтэй хамт зогсож байсан бөгөөд Баярсайхан урдуур машин хааж зогсоод, машин дотор намайг сууж байхад машины онгорхой цонхоор гараа оруулж ирээд заамдаад Лхагваа та хоёрыг ална, чи муу Лхагваагийн бууны нохой, чи хоёр жилийн өмнө нусан буу манайд ажилд ороо биздээ гээд хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би Баяраа яасан юу болсон юм учраа олъё гэж хэлтэл чи битгий хуц Лхагваад чи юу юу гэж хэлсэн юм гэхээр нь би чиний тухай юу ярьдаг юм бэ, гэсэн чинь гараад ир би чамайг алаад өгье гээд байсан. Тэгэхээр нь би машинаа тавьчихаад эргээд гараад ирье гэж хэлсэн чинь заамдсан гараа тавиад эргээд хүрээд ирээрэй гэхээр нь машинаа зогсоол дээр тавилгүй эргээд гарсан. Тэгтэл Баяраа хойноос Ганбаа хоёулаа учраа ололцъё, ямар нэгэн асуудал байхгүй буугаад ирээ гэхээр нь би итгээд машинаа тавьчихаад бууж очоод Чи одоо намайг хардаад яваад байхаа болилдоо өдий насны улсууд байж яаж ингэдэг юм гэтэл чи битгий хуцаад бай гээд шууд миний нүүрлүү цохьтол миний малгай үсрээд цааш унахаар нь би Баяраад чи яах гэсэн юм бэ хоёулаа болъё гэж хэлээд хойшоогоо ухраад малгайруугаа хартал Баяраатай хамт явж байсан хар куртиктэй нөхөр миний малгайг маань өшиглөөд модны тэнд аваачсан байсан. Тэгээд би Баяраатай маргалдаад хэсэг хугацааны дараа эргээд малгайруугаа хартал миний өшиглөсөн эрэгтэй малгайруу маань шээж байсан. Тэгээд би Баяраагаас тойрч зугтаагаад малгайруугаа гүйгээд очтол малгай маань норчихсон байсан. Тэгэхээр нь би миний малгайруу шээсэн нөхөрлүү чи яаж байгаа юм, миний малгайруу яагаад шээж байгаа юм гэтэл яадаг юм хохь чинь, наадах чинь юу ч биш багадаж байна гэхээр нь би малгайгаа аваад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэсэгрүү ороод хоёр цагдаа дагуулаад гараад иртэл тэд нар байхгүй явчихсан байсан гэх мэдүүлэг /хх-9/,

2.3. Гэрч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:...Би нийслэлийн түргэн тусламжийн газарт жолооч ажил эрхэлдэг бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 24 цагийн үүрэг гүйцэтгэж, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажлаасаа буугаад баазын үүдэнд түргэний жолооч нартайгаа хамт 6-7 уулаа 3 шил 0,75 граммын хараа архи хувааж уусан. Тэгээд архиа хувааж уучихаад баазынхаа үүднээс бүгдээрээ салаад явцгааснаа санаж байгаа юм. Үүнээс хойш би тасраад юу болсноо санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд гэртээ орсноо мэдэж байгаа юм. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаад ухаан орсон юм гэх мэдүүлэг /хх 13-14/,

2.4. Гэрч Б.Батбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:... 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн үед ээлжийн ажлаасаа буугаад баазаас гараад Чингэлтэйн эмнэлгийн тэнд Баярсайхан ах, Наранбаатар хоёртой хамт очоод дэлгүүрээс 1 шил 0,75 граммын Соёрхол архи худалдаж аваад гурвуулаа тэндээ ууж дуусчихаад Чингэлтэйн эмнэлгийн тэнд зам дээрээс такси барих гээд очоод зогсож байтал цагаан эмнэлгийн тэрэг хажуугаар өнгөрөхдөө жолооч нь алнаа пизда минь Баяраа ахыг тэгтэл жолоочийн малгай нь хийсээд шавар дээр уначихаар нь би малгайг нь аваад уг жолоочруу малгайгаа аваарай гээд шидчихсэн. Тэгээд би ганцаараа такси бариад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-15/

2.5. Гэрч Г.Алтанбагана нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:...Би Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд жолооч ажил эрхэлдэг. 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ганбаатар манай гэрт хүрч ирээд надаас том данхраад аваад би Ганбаатарын машинд цуг суугаад ажилруу ирсэн. Ажлын үүдэнд эргээд ороход  гурван залуу нэлээд согтуу зогсож байсан бөгөөд уг залуучууд машины урд талд хааж зогсоод бүгдээрээ хүрж ирээд манайд урьд нь ажиллаж байсан Баярсайхан Ганбаатарын цонхон дээр хүрж ирээд Ганбаатартай маргалдаад байсан. Нөгөө талын цонхон дээр Батбаатар нь хүрж ирээд надтай маргалдаад байсан, нэг залуу нь согтолтоороо арай гайгүй байсан бөгөөд нөгөө хэдийгээ болиулаад байсан. Тэгээд бид хоёр эмнэлгийн хашааруу ороод би машинаас буутал Ганбаатар би харьлаа гэхээр нь за за чи шууд хариарай гэж хэлээд ажилруугаа орсон. Тэгээд 20-30 минутын дараа би Баяраад цохиулчихлаа гээд баруун нүд нь хавдаад хөх туяа суучихсан орж ирсэн гэх мэдүүлэг /хх-18/

2.6. Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ:...2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би ажлаасаа буугаад баазын жолооч Батбаатар, Наранбаатар хоёртой хамт баазын үүдэнд архи уучихаад тэндээсээ гараад явсан байсан. Гэхдээ би баазаас гарч явсанаа огт санахгүй байгаа. Тухайн үед тасарсан байсан юм шиг байна лээ. Наранбаатар, Батбаатар хоёрын ярьж байгаагаар бол баазаас гарч яваад хуучин ажил дээр очиж хажуугийн дэлгүүрээс архи авч уусан гэсэн. Тэгээд Ганбаатар бид хоёрыг маргалдаж байхад Алтанбагана салгаад намайг явсаны дараа араас Ганбаатар очсон юм шиг байна лээ. Би энэ хэргийн талаар огт санахгүй байгаа. Хүмүүсийн ярьж байгаагаар ямар ч байсан маргалдаж байсан сурагтай байгаа юм. Зодолдсоныг огт мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-32 /

2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12259 тоот актын:

1. Х.Ганбаатарын биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-21/

              2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1053 тоот актын:

1. Х.Ганбаатарын биед баруун нүдний ухархайн дотор хана хугарал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт  /хх-23/

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний  хуулбар, лавлагаа /хх-38/, ажлын байрны  тодорхойлолт /хх-37/, 2007 оны 02 дугаар сарын 27-ний  өдрийн 68 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Б.Б нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна талбайд хохирогч Х.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдаж улмаар түүнийг зодож биед нь баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Ганбаатарын хохирогчоор мэдүүлсэн:...тэгтэл Баяраа хойноос Ганбаа хоёулаа учраа ололцъё, ямар нэгэн асуудал байхгүй буугаад ирээ гэхээр нь би итгээд машинаа тавьчихаад бууж очоод Чи одоо намайг хардаад яваад байхаа болилдоо өдий насны улсууд байж яаж ингэдэг юм гэтэл чи битгий хуцаад бай гээд шууд миний нүүрлүү цохьсон....гэсэн  мэдүүлэг /хх-9/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч  Г.Алтанбаганын:...тэгээд бид хоёр эмнэлгийн хашааруу ороод би машинаас буутал Ганбаатар би харьлаа гэхээр нь за за чи шууд хариарай гэж хэлээд ажилруугаа орсон. Тэгээд 20-30 минутын дараа би Баяраад цохиулчихлаа гээд баруун нүд нь хавдаад хөх туяа суучихсан орж ирсэн гэх мэдүүлэг /хх-18/ Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12259, 1053 дугаартай  дүгнэлтүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.             

Хохирогч  Х.Ганбаатар шүүхэд:”... Б.Б нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй...”  гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул  шүүгдэгчийг  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж  түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцох нь зүйтэй гэж  шүүх  үзлээ.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Төмөр харуул овогтой Балжиннямын Баярсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Бд  хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БАТЖАРГАЛ