Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

Д.*******, Б.*******, Д.******* нарт

                                холбогдох  эрүүгийн хэргийн тухай       

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гансүх

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Д.*******, Б.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2022/0187/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ийн *******, Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, ****эгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, малчин, ам бүл ***** хамт Булган аймаг Бугат сум **** баг, **** гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:******/;

******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, **** настай, ***эгтэй,**** боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****** хамт Дархан-Уул аймаг Дархан сум ***** дугаар баг ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:********/;

******* овогт *******гийн *******, Монгол  улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумд төрсөн, * ***настай, ****эгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **** хамт Сэлэнгэ аймаг Ерөө сум ***** баг ****** тоотод оршин суух хаягтай, /РД:********/; урьд

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсгүүдэд зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Д.*******, Б.*******, Д.******* нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт “Хьюндай 3000” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 80,685,89 (наян мянга зургаан зуун наян таван)-н төгрөгийн шууд хохирол, 337,137,29 /гурван зуун гучин долоон мянга нэг зуун гучин долоо/-н төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Д.*******, Б.*******, Д.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ийн *******, ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Б.*******, Д.******* нарт тус бүр 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдгээрт тус бүрт оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг Д.*******, Б.*******, Д.******* нарт тус тус даалган,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Б.*******, Д.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 3, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь заалтуудад тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас Д.*******, Б.*******, Д.******* нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, хөрс, ургамлан нөмрөгтучирсан хохирол 192,207,51 төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардал 144,929,78 төгрөг, нийт 337,137 /гурван зуун гучин долоон мянга нэг зуун гучин долоо/-н төгрөгийг шүүгдэгч нар нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*******, Б.*******, Д.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Нyundai Robex-3000” маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, усны насос 1 ширхэг зэргийг тус тус хураан авч, Улсын орлого болгон,

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.*******, Б.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд гаргасан 201 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Д.*******, Б.*******, Д.******* нар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт Хэрээн гол гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хьюндай 3000 маркийн эксковаторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл -хайгуул явуулж, газрын хэвлийд халдаж байгаль экологид 80,685,89 төгрөгийн шууд хохирол, 337,137,29 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж, эксковатор, алт угаах төхөөрөмж тус бүр 1 ширхэгийг хурааж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийтгэх тогтоолоор хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн Хьюдай 3000 маркийн эксковатор нь н.Ганзүрх гэх хүний шударга эзэмшилд байгаа болохыг яллагдагч, гэрчүүд мэдүүлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан. Харин Д.******* нарт холбогдох хэрэгт битүүмжпэгдсэн техник хэрэгсэл нь тэдгээрийн өмчлөлд байсан болох нь тогтоогдоогүй, бусдын эзэмшилд байсан нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, энэ талаар хийсэн дүгнэлт нь баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, битүүмжилсэн эд хөрөнгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр техникийг нь Ганзүрхэд олгоод, үнэлгээ тогтоосон төлбөрийг нь яллагдагч нараас гаргуулж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ техник нь Ганзүрх гэх хүний өмчлөл болоод, эзэмшилд байдаг талаар лавлагаа авахад тогтоогдоогүй. Уг техникийн эх сурвалжийг Ганзүрхээс тодруулсан. Гэтэл Ганзүрх нь “...Зам ангид  ажиллаж байгаад, хөлсөнд нь авсан...” гэж тайлбарладаг. Зам ангийн компанийн хөрөнгийг шалгахад шилжүүлж байгаа талаар баримт бичиг байгаагүй. Сая өмгөөлөгчийн ярьснаар өөр төрлийн гэмт хэрэг үйлдэхэд энэхүү техник нь байнга ашиглагддаг гэх талаар Мөнхбат гэх хүний техник ашиглагддаг гэж өмгөөлөгч өөрөө анхан шатны шүүх хуралдаанд ярьж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана гэж үзэж байна. Тухайн үед эвдрээд энэ техник “Хэрээн гол” гэх газарт 2 жилийн хугацаатай байсан талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ганзүрх нь мэдүүлж байсан. Эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийгээд, Ганзүрхийн эзэмшлийн техник биш байна, гэмт хэрэг үйлдэхэд энэ төрлийн техникүүдийг ашиглаж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байх тул улсын орлогод оруулъя гэсэн саналыг анхан шатны шүүхэд гаргасан. Энэ саналаа дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Д.*******, Б.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 Шүүгдэгч Д.*******, Б.*******, Д.******* нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт “Хьюндай 3000” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 80,685,89 (наян мянга зургаан зуун наян таван)-н төгрөгийн шууд хохирол, 337,137,29 /гурван зуун гучин долоон мянга нэг зуун гучин долоо/-н төгрөгийн хор уршиг учруулсан гэм буруутай болох нь:

хохирогч Д.Эрдэнэбулганы өгсөн “...Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 07-18 тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлүүд гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21, 24-26/, “Эрдэнийн ногоолин” ХХК-ийн шинжээчийн “...Хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 192207 төгрөг болж байна. Тухайн газарт нөхөн сэргээлтийн ажлын зардал 144929 төгрөг байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 78-104 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Б.*******, Д.******* нарт тус бүр 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зүйл заалтанд заасан ялын төрөл хэмжээнд багтсан, оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай Робекс 3000” маркийн экскаватор нь авто тээврийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, техникийн бичиг баримтгүй, хэний өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлогдоогүй, гэрч Б.Ганзүрх нь тухайн экскаваторын өмчлөгч болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр уг техникийг хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Учир нь Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүдийг үйлдэхэд техник хэрэгсэл ашиглахгүйгээр үйлдэх боломжгүйн дээр, өөрөө ухагч, тээвэрлэгч, шороо угаах усан буу гэх мэтийн хэрэгсүүдийг ашиглаж гэмт хэргийн явцыг түргэсгэх, өөрсдийн ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор  ашигладаг бөгөөд гэмт үйлдэлд ашигласан техник хэрэгсэл нь хэний өмчлөлийн эд зүйл болох нь нотлогдоогүй нөхцөлд хурааж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэх ба харин тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч хууль ёсоор тогтоогдвол гэм буруутай этгээдүүдээс хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж өөрчлөлт оруулахаар тогтов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дугаар  заалтанд өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  

6 дахь заалтыг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*******, Б.*******, Д.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Нyundai Robex-3000” маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, усны насос 1 ширхэг зэргийг тус тус хураан авч, Улсын орлого болгон уг тээврийн хэрэгслийн өмчлөгч хууль ёсоор тогтоогдвол гэм буруутай этгээдүүдээс уг тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                           ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ