Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0643

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Топдаймонд дриллинг” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ганбат, Г.Баярбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Ууганбаяр

Хариуцагч: “Эрдэнэс Тавантолгой” ХК

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Оюунтуяа, Д.Бодьцэцэг, С.Мандахтуяа

Гуравдагч этгээд: “Эрдэнийн эрэл” ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Энхтайван, С.Өсөхбаяр

Маргааны төрөл: “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан ЭТТХК/20240101101-02 дугаартай Багц№2 “Далд уурхайн хайгуулын 60,000 тууш метр өрөмдлөг хийх” ажилд “Эрдэнийн эрэл” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/792 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай”-ээр 3-т эрэмбэлсэн тухай шийдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эрдэнийн эрэл” ХХК нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЭТТ-2024/1228 “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (Багц-2) гэрээ тус тус хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахтуяа, Д.Оюунтуяа, Д.Бодьцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өсөхбаяр, Л.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Топдаймонд дриллинг” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д холбогдуулан ““Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан ЭТТХК/20240101101-02 дугаартай Багц№2 “Далд уурхайн хайгуулын 60,000 тууш метр өрөмдлөг хийх” ажилд “Эрдэнийн эрэл” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/792 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай”-ээр 3-т эрэмбэлсэн тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх явцад 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ““Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эрдэнийн эрэл” ХХК нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЭТТ-2024/1228 “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (Багц-2) гэрээг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох тендерийн багц №2 “Далд уурхайн хайгуулын 60,000 тууш метр өрөмдлөг хийх ажил”-ын тендерийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зарласан байна.

            4. Нэхэмжлэгч “Топдаймонд дриллинг” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас дээрх зарласан ЭТТХК/20240101101-02 дугаартай Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох тендерт холбогдох материалыг бүрдүүлэн оролцсон.

5. Тус тендерт “Элгэн” ХХК, “Эрдэнийн эрэл” ХХК, “Топдаймонд дриллинг” ХХК гэсэн гурван компани тендерийн материалыг ирүүлсэн байх ба 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн тендерийг эрэмбэлэхэд 1-д “Эрдэнийн эрэл” ХХК, 2-т “Элгэн” ХХК, 3-т “Топдаймонд дриллинг” ХХК-ийн тендер тус тус эрэмбэлэгдэж, 1-д эрэмбэлэгдсэн “Эрдэнийн эрэл” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэж тус тус гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

6. Дээрх шийдвэрийг “Топдаймонд дриллинг” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11/4436 дүгээр албан бичгээр “... “Топдаймонд дриллинг” ХХК нь дотоодын давуу эрх тооцуулах талаар нотлох баримтыг хавсарган ирүүлээгүй нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 31.1-д заасан шаардлагыг хангаагүй байх тул дотоодын давуу эрх тооцож үнэлгээ хийгээгүй захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. “Эрдэнийн эрэл” ХХК нь санал болгосон SH-9000MP маркийн өрөмдлөгийн машины танилцуулга, өрөмдлөгийн төхөөрөмжийн гэрчилгээг тус тус ирүүлсэн байх бөгөөд тухайн танилцуулга болон өрөмдлөгийн гэрчилгээнд NQ-1500m гэж заасан байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1, 19.2-т заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн хариу өгсөн байна.

7. Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11/4436 дүгээр албан бичгээр “Топдаймонд дриллинг” ХХК-д хариу хүргүүлснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

8. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2024/*** дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан ЭТТХК/20240101101-02 дугаартай Багц-2 “Далд уурхайн хайгуулын 60,000 тууш метр өрөмдлөг хийх ”ажилд “Эрдэнийн эрэл” ХХК-ийг сонгон шалгаруулж,  гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тухайн тендерт шалгарсан “Эрдэнийн эрэл” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь хуурамч буюу тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй компанийг шалгаруулсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болсон талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ тодорхойлон дурдаж тухайн компанийг шалгаруулсан шийдвэр гаргасан нь манай компанийн эрх хууль ёсны шаардлага бодитоор хөндөгдсөн гэж үзсэн. Тухайн шийдвэрийг дээд шатны эсвэл шүүх хүчингүй болгосноор 2,3-т эрэмбэлэгдсэн компаниудыг дахин эрэмбэ тогтоон шалгаруулах боломжгүй тул тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нөгөөтээгүүр 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/792 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Захиалагчийн зүгээс манай компанийг 3-т эрэмбэлсэн тухайн мэдэгдэлтэй холбоотой шаардлага гаргаагүй нь “татгалзсан шийдвэртэй маргаагүй” гэж үзэх үндэслэл болохгүй буюу нэгэнт алдаатай шалгаруулалт хийж захиргааны шийдвэр гаргасан тухайн тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны үнэлгээг шүүх нөхөн үнэлж хуульд заасан үнэлгээ хийх боломжгүй буюу манай компанийн эрэмбийг өөрчлөх боломжгүй гэж үзсэн байна.

Худалдан авах ажиллагааг зохион байгуулсан захиргааны байгууллагын ажиллагаа нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байгаа тул тухайн ажиллагааны үр дүн буюу захиргааны байгууллагын гаргасан шийдвэр нь худалдан авах ажиллагаанд оролцогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлын хөндсөн гэж үзэж байгаа болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах  ажиллагаа нь бүхэлдээ захиргааны шийдвэр гаргах нэг ажиллагаа бөгөөд тухайн ажиллагааны үр дүнд гарсан шийдвэр нь захиргааны акт болох тул зөвхөн үнэлгээний хорооны үнэлгээ, эрэмбэ тогтоосон байдал зэргийг салган авч үзэж захиргааны шүүхэд нэхэмжлэл гарган маргах боломжгүй. Мөн шалгарсан этгээдийн тендерийн бичиг баримт нь илт алдаатай, хуурамч байхад үнэлгээ хийж эрэмбэлсэн нь тухайн тендерийг сонгох шалгаруулах ажиллагааны үнэлгээ эргэлзээ бүхий болсон гэж үзэж байгаа бөгөөд Тендерийн үнэлгээний хороо нь бие даасан захиргааны байгууллага биш, үнэлгээний хорооны нь дангаар захиргааны акт болох шийдвэр гаргаагүй бөгөөд шүүхэд маргаан үүсгэх захиргааны шийдвэр биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар тодруулан захирамжийн биелэлт хангуулсан болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байгаа учир нь сонгон шалгаруулалтад 3 хуулийн этгээд оролцсоноос шалгараагүй хасагдсан буюу 2,3-р эрэмбэлэгдсэн хуулийн этгээдийн захиалагчид хүргүүлсэн үнийн санал ижил байгаа нь тухайн тендерийг дахин зарлах нөхцөл байдал үүсэх тул шаардлагыг дээрх байдлаар тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацаанд захиалагчид хандан үнэлгээний хорооны тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргахад Үнэлгээний хорооны зүгээс тэмдэглэлийг зөвхөн уншиж танилц гэсэн бөгөөд ямар нэгэн байдлаар бичгээр тэмдэглэгээ хийхийг хориглосон тул үнэлгээний ажиллагаа бүхэлдээ хэрхэн явсан талаар бүрэн дүүрэн мэдээлэлгүй, энэ талаар тухалсан шаардлага гаргах боломжгүй байгаа болно.

Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан ЭТТХК/20240101101-02 дугаартай Багц№2 “Далд уурхайн хайгуулын 60,000 тууш метр өрөмдлөг хийх” ажилд “Эрдэнийн эрэл” ХХК”-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон, 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 01/792 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай”-ээр 3-т эрэмбэлсэн тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг даалгах тухай даалгаж өгнө үү.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эрдэнийн эрэл” ХХК нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЭТТ-2024/1229 “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх Багц-2 гэрээ”-г байгуулсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчийн зүгээс шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа маргаан бүхий захиргааны актыг үндэслэн гэрээ байгуулсан байх тул дээрх гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн гаргаж байгаа болно.” гэжээ.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дугаар бүхий тендерийн багц 2-т “Топдаймонд дриллинг” ХХК оролцсон. Үнэлгээний хорооны үнэлгээгээр 3-д эрэмбэлсэн. Захиалагчийн зүгээс “Эрдэнийн эрэл” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрхийг олгосон талаар “Топдаймонд дриллинг” ХХК-д мэдэгдсэн. Үүнийг эс зөвшөөрч бид Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлын гол үндэслэл нь захиалагчийн зүгээс техникийн шаардлага хангаагүй этгээдийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон явдал юм. Тухайн ажлын даалгаврын техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага хэсгийн 5 дугаар зүйлийн 5.1-д өрмийн машин тус бүр нь HQ диаметрээр 800-1000 метр, NQ диаметрээр 1200-1500 метр өрөмдөх хүчин тал чадалтай холбогдох төхөөрөмжтэй байна. 5.2-т өрөмдлөгийн хүчин чадлыг үзүүлэлтийг үйлдвэрлэгчээс заасан техникийн дээд доод хязгаарын үзүүлэлтээр тооцон тус тус тодорхойлсон байна гэж заасан. “Эрдэнийн эрэл” ХХК-ийн тендерийн баримт баримт бичигтээ ирүүлсэн SUNHJAN SH-9000  маркийн өрөмдлөгийн машины үйлдвэрлэгчийн мэдээллийг харахад техникийн үзүүлэлтийн дээд хэмжээ нь 100 метр хүртэл өрөмдлөг хийхээр тусгагдсан байсан. Энэхүү баримтыг Сангийн яаманд өгсөн гомдолдоо хавсаргасан. “Эрдэнийн эрэл” ХХК-д холбогдох холбооноос нь олгосон гэрчилгээний техникийн үзүүлэлт нь захиалагчийн шаардлагад нийцсэн байна гэж хариу өгсөн. Техник үзүүлэлттэй холбоотой баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн. Харьцуулалт хийхгүйгээр тендерт ирүүлсэн баримтын гэрчилгээг үндэслэн үнэлгээг хийсэн. Өрөмдлөгийн машины техник үзүүлэлтэд хөдөлгүүр үзүүлэлт, тосны шахуурга, усны шахуурга зэрэг 3 гол үзүүлэлт нь өөрчлөгдөөгүй буюу үйлдвэрлэгчийн веб сайт албан ёсны үзүүлэлтэд ижил атлаа өрөмдлөгийн хэмжээний үзүүлэлттэй, дээд хэмжээ зөрөөтэй байгаа нь оролцогч тендерийн шаардлагад нийцүүлэн техникийн үзүүлэлтийг доорх байдлаар засварласан байх боломжтой гэж үзсэн. Үүнийг хүснэгт байдлаар гомдолд дурдсан.

“Эрдэнийн эрэл” ХХК-ийн техник үзүүлэлт нь HQ 1000, NQ 1500 гэсэн байна. Гэтэл өнөөдрийн мэдээллийг харахад дээд үзүүлэлт нь 1000 м хүртэл  гэснээс үзэхэд мэдээлэл зөрүүтэй гэж үзэж байна. Энэ зөрүүг арилгахын тулд шүүхээс үзлэг хийх нь зүйтэй байсан гэж үзэж байна. Аль техник үзүүлэлт зөв бэ? гэдгийг шүүх дүгнэх боломжгүй тул тухайн техникийн хүчин чадлыг тодорхойлох шинжээч томилох шаардлагатай байсан болов уу. Дутуу техникийн үзүүлэлтээр шалгарсан нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй ба хасагдах нөхцөл байдалд шалгаруулсан гэж үзсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зарласан ЭТТХК 20240109101-02 дугаартай багц 2  далд уурхайн хайгуулын 60 мянган тууш өрөмдлөг хийх ажил сонгон шалгуулж, гэрээ байгуулахыг хүссэн шийдвэрийг болон гэрээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/20240101101 дугаартай тендер сонгон шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зарлаж, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10:30 цагт нээсэн бөгөөд Багц-2-т “Элгэн” ХХК, “Эрдэнийн эрэл” ХХК, “Топдаймонд дриллинг” ХХК-ууд тус тус материал ирүүлсэн. Компанийн үнэлгээний хороо нь тендерт оролцогч нарын ирүүлсэн тендерийг хянан үзэж, үнэлгээг хийж, үнэлгээний тайлан, зөвлөмжийг захиалагчид ирүүлсэн. Дээрх тендерүүд нь шаардлагад нийцсэн тул ТБОНӨХБӨҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу эрэмбэлэхэд 1 дүгээрт “Эрдэнийн эрэл” ХХК, 2 дугаарт “Элгэн” ХХК, 3 дугаарт “Топдаймонд дриллинг” ХХК-ийн тендерүүд тус тус эрэмбэлэгдсэн тул захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/794 дүгээр албан бичгээр “Эрдэнийн эрэл” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр “Топдаймонд дриллинг” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн болно.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж буй “Эрдэнийн эрэл” ХХК нь шаардлага хангаагүй гэх үндэслэлийн тухайд:

ТӨХ-ийн ТШЗ 19.1-д “Өрмийн машин NQ диаметрээр 1200 метр болон түүнээс дээш метр өрөмдөх хүчин чадалтай байна”, 19.2-т “Өрмийн машины үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт бүхий танилцуулга ирүүлнэ. /Танилцуулгад үндэслэн ажлын даалгаварт шаардсан өрмийн машины хүчин чадлыг тооцох ба ирүүлээгүй тохиолдолд үйлдвэрлэгчийн веб сайт дээрх мэдээллийг үндэслэн хүчин чадлын шаардлагад нийцэж буй эсэхийг нягтална/ гэж заасан.

“Эрдэнийн эрэл” ХХК нь санал болгосон SH-9000MP маркийн өрөмдлөгийн машины танилцуулга, өрөмдлөгийн төхөөрөмжийн гэрчилгээг тендертээ ирүүлсэн бөгөөд тус танилцуулга болон гэрчилгээнд NQ 1500m гэж заасан байх тул шаардлага хангаж байна гэж үзсэн.

2. “Топдаймонд дриллинг” ХХК-ийн дотоодын давуу эрх тооцох хүсэлтийг үнэлээгүй гэх асуудлын тухайд:

ТӨХ-ийн ТШЗ 31.1-д “Давуу эрх тооцуулахад шаардлагатай мэдээлэл, баримт бичиг: 1.Давуу эрх тооцуулах тухай хүсэлт: 2.Давуу эрх тооцуулах нөхцөл хангаж буй талаар нотлох баримт ирүүлнэ:...” гэж Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер үнэлэх давуу эрх олгох аргачлал, зааврын 9.2-т “Хуулийн ... 8.7.2-т заасан нөхцөлийг хангасныг нотлох баримтаа зохих ёсоор ирүүлснийг “Б” ангилалд хамруулна” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч компани нь давуу эрх тооцуулах үндэслэл бүхий нотлох баримтыг зохих ёсоор тендертээ хавсаргаж ирүүлээгүй болно.

3. “Топдаймонд дриллинг” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 11/4436 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Тус тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн тендерүүд нь шаардлагад нийцсэн тул ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу эрэмбэлэхэд 1 дүгээрт “Эрдэнийн эрэл” ХХК, 2 дугаарт “Элгэн” ХХК, 3 дугаарт “Топдаймонд дриллинг” ХХК-ийн тендерүүд тус тус эрэмбэлэгдсэн тул захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/794 дүгээр албан бичгээр “Эрдэнийн эрэл” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, тус албан бичгийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан болно.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ тодорхой дурьдаагүй байх хэдий ч захиалагчийн зүгээс “хамгийн сайн” тендер ирүүлсэн оролцогч болох “Эрдэнийн эрэл” ХХК-тай ТБОНӨХБӨҮХАтХ-ийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанийн хувьд далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зарласан. 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутад нээхэд багц 2-т “Эрдэнийн эрэл” ХХК, “Топдаймонд дриллинг” ХХК гэсэн компанийн материал ирсэн байсан. Үнэлгээний хороо нь тендерт оролцогч нарын ирүүлсэн тендерийг хянан үзэж үнэлгээ хийгээд дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Захиалагчаас тус дүгнэлт, зөвлөмжийг үндэслэлтэй гэж үзээд мэдэгдлүүдийг холбогдох компаниудад хүргүүлсэн. Материал ирүүлсэн 3 компани баримтуудын шаардлага хангаж байсан учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу эрэмбэлсэн. Улмаар нэгдүгээрт “Эрдэнийн эрэл” ХХК, гуравдугаарт “Топдаймонд дриллинг” ХХК орсон. Тиймээс “Эрдэнийн эрэл” ХХК-тай гэрээ байгуулсан.

“Эрдэнийн эрэл” ХХК шаардлага хангахгүй гэх үндэслэлийн тухайд тайлбар хэлье. Тендерийг өгөгдлийн бүртгэлийн ТШЗ19.1-д өрмийн машин NQ диаметрээр 1200 метр болон түүнээс дээш метрийн хүчин чадалтай байна. Мөн өрмийн машиныг үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт бүхий танилцуулгыг тендерт ирүүлнэ. Хэрэв ирүүлээгүй тохиолдолд үйлдвэрлэгчийн веб сайт дээрх мэдээллийг үндэслэн хүчин чадлыг нь шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгана гэж заасан.  “Эрдэнийн эрэл” ХХК-ийн санал болгосон SUNHJAN SH-9000 маркийн өрөмдлөгийн машины танилцуулгаа өрөмдлөгийн төхөөрөмжийн гэрчилгээний хамт тендертээ хавсаргаж ирүүлсэн байсан. Тус компанийн ирүүлсэн танилцуулгад NQ 1500 метр байсан учир шаардлага хангаж байна гэж Үнэлгээний хорооны зүгээс үзсэн. Мөн хэрэгт авагдсан “Уран дриллинг” ХХК буюу мөн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийнх нь ирүүлсэн мэдээлэл дээр NQ 1500 метр гэж заасан байсан учраас “Эрдэнийн эрэл” ХХК-ийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Дотоодын давуу эрх тооцох хүсэлтийг үнэлээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан байсан. Гэтэл тендерийн өгөгдлийн хүснэгт ТШЗ 31.1-д давуу эрх тооцуулахад шаардлагатай мэдээлэл, баримт бичиг дотроо 1 дүгээрт нь хүсэлт, 2 дугаарт давуу эрх тооцуулах нөхцөлийг хангаж байгаа талаар нотлох баримтыг ирүүлэхээр заасан. Гэтэл нэхэмжлэгч нь зөвхөн давуу эрх тооцуулах хүсэлтийг өгөөд хүсэлттэй холбогдох баримтуудаа хавсаргаж өгөөгүй. Хаанаас ямар баримтуудыг хэрхэн давуу эрхэд тооцож, үнэлж дүгнэх бэ? Хуульд заасан давуу эрх тооцуулах баримтууд нь байгаа эсэх талаарх баримтаа тендерт оролцогч өөрөө тендертээ хүсэлтийн хамт хавсаргаж өгөх ёстой. Энэ талаар баримтуудыг хавсаргаж өгөөгүй. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 255 дугаартай тушаал байгаа. Энэ тушаалаар тендер үнэлэх давуу эрх олгох, олгох аргачлал, зааврыг баталсан. Энэ зааврын 9.2-т ямар баримтуудыг яаж ирүүлэх ёстой вэ? гэдгийг тодорхой дурдсан байдаг. 9.2-т нь хуулийн 8.7.2-т заасан нөхцөлийг хангасныг нотлох баримтаар зохих ёсоор ирүүлснийг Б ангилалд хамааруулна гэж заасан. Гэтэл нотлох баримтаа огт ирүүлээгүй. Тиймээс нэхэмжлэгч компанийн давуу эрх тооцуулах хүсэлтийг үнэлээгүй гэсэн тайлбарыг хүлээж авах боломжгүй байна. “Топдаймонд дриллинг” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11/4436 дугаар гомдол хянасан тухай албан бичгээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн. Иймд дээрх үндэслэлээр  “Топдаймонд дриллинг” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

13. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Манай “Эрдэнийн эрэл” ХХК-ийн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангасан тухайд:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан ЭТТХК/20240101101-02 дугаартай Багц№2 “Далд уурхайн хайгуулын 60,000 тууш метр өрөмдлөг хийх” ажлын тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ 19.1-д холбогдох хэсгийн 2-т Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн шаардлагыг тусгасан байх бөгөөд өрмийн машинд “Өрмийн машин тус бүр нь HQ диаметрээр 800 метр болон түүнээс дээш метр, NQ диаметрээр 1200 метр болон түүнээс дээш метр өрөмдөх хүчин чадалтай байна”, мөн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 5.1-д “...өрмийн машин тус бүр нь HQ диаметрээр 800 метр болон түүнээс дээш метр, NQ диаметрээр 1200 метр болон түүнээс Дээш метр өрөмдөх хүчин чадалтай, холбогдох тоног төхөөрөмжтэй байна” гэж тус тус шаардлага тавьсан байна.

Манай “Эрдэнийн эрэл” ХХК-аас тус тендер сонгон шалгаруулалтад хүргүүлсэн материалдаа нэхэмжлэгчийн маргаж буй SungHan SH 9000 машины хүчин чадлын мэдээллийг Монгол Улсын Өрөмдлөгийн холбооноос тус техник хэрэгсэлд олгосон №320 Улсын бүртгэлийн дугаар бүхий “Өрөмдлөгийн төхөөрөмжийн гэрчилгээ”-г хавсаргаж хүргүүлсэн. Тус гэрчилгээнд тухайн төхөөрөмжийн үзүүлэлтийг тодорхойлж (HQ-1000m, NQ-1500m), улсын бүртгэгч бүртгэсэн байдаг. Эндээс үзвэл тухайн төхөөрөмжийн техникийн хүчин чадлыг баталгаажуулж бүртгэлийн дугаар олгосон гэрчилгээнд буй мэдээлэлд буй үзүүлэлт нь тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ 19.1, 3 дугаар бүлгийн 5.1-д заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа тул нэхэмжлэгчийн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгчид дотоодын давуу эрх тооцох тухай асуудлаар Үнэлгээний хороо зөв шийдвэрлэсэн тухайд,

Ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад “дотоодын давуу эрх тооцох” үнийн дүнгийн 50 хувь, үнийн 7.5 хувь гэх 2 хэлбэрийг тусгасан.

Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох, аргачлал, заавар”-ын 9.2 дахь хэсэгт “... 8.7.2-т заасан нөхцөлийг хангасныг нотлох баримтаа зохих ёсоор ирүүлснийг “Б” ангилалд хамруулна”, 9.3 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэхээр ирүүлсэн шаардлагад нийцсэн тендерүүдийн “А”, “Б” ангилалд хамаарахгүй бусад оролцогчийг “В” ангилал гэж үзнэ” гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн хувьд 24/85 дугаар “Дотоодын давуу эрх тооцуулах тухай” хүсэлтийг хүргүүлсэн боловч хуульд заасан үнэлгээг хийгээгүй гэж маргадаг. Гэвчч ирүүлсэн дээрх хүсэлтийг харвал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.2 дахь заалтын (1) эцсийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн байх оролцогч энэ хуулийн 8.3-т зааснаас дээш төсөвт өртөгтэй ажлыг дангаар гүйцэтгэхээр, (2) гэрээний үүргийн 50-иас доошгүй хувийг гүйцэтгэж, энэ хуулийн 6.3.2-т заасан эрх эдлэх түншлэлийн гишүүний хувиар гүйцэтгэхээр санал ирүүлсэн гэх 2 нөхцөлийн аль болохоо тодорхой дурдаагүй, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь нотлох баримт ирүүлсэн нь дээрх 2 нөхцөлийг хангахгүй нь тодорхой байна. Тодруулбал, (1) тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан төсөвт өртөг нь “ажлын хувьд 30 тэрбум” төгрөгөөс дээш байх шаардлагатай байна. Гэтэл уг ажил нь буюу багц №2-ын төсөвт өртөг нь 21 тэрбум төгрөг байна. Иймээс энэ нөхцөлийг нэхэмжлэгч хангахгүй нь тодорхой байна. (2) Нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс үзэхэд тухайн тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч түншлэлээр бус дангаараа оролцож байгаа нь тодорхой байна. Иймд 2 дахь нөхцөлийг мөн адил хангахааргүй байна. Иймээс нэхэмжлэгч нь хүсэлтдээ дурдсан “дотоодын давуу эрх тооцох” нөхцөлийг алийг нь хангахгүй байгаа нь тодорхой байх тул энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу үндэслэлгүй байна. Мөн энэ талаар гаргасан Үнэлгээний хорооны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

3. Тендер сонгон шалгаруулалтыг ахин зарлахыг хариуцагчид даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа тухайд,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж захиргааны байгууллагад даалгах шийдвэрийн төрлийн урьдчилсан нөхцөлийг хуульчилсан.

Эндээс үзвэл нэхэмжлэгчийн хувьд захиргааны байгууллагаас өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эс үйлдэхүй гаргасан, эсвэл хууль бус татгалзал гаргасан бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд шаардагдах захиргааны актыг гаргахыг даалгаж шийдвэрлэх боломжтой. Эндээс үзвэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн “даалгах” шаардлага гаргах эрх зүйн маргаан байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” байна. Иймд ЗХШХШТХ-ийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нөхцөл байдал илэрч буй тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

14. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж маргахдаа 1 дүгээрт техникийн шаардлага хангаагүй этгээдийг шалгаруулсан. 2 дугаарт нь SUNHJAN SH-9000 маркийн машин нь 1000 метр л өрөмдөх хүчин чадалтай. 3 дугаарт нь хөдөлгүүр ижил байхад хүчин чадал өөр болох үндэслэлгүй гэдэг зүйлийг ярьж маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан бичгийн болон цахим нотлох баримтуудыг судлаад тухайн техникийг албан ёсоор борлуулдаг Солонгосын компаниас албан ёсны дистрибьютерийн эрх авсан “Уран дриллинг” ХХК нь тендерийн материалдаа хүргүүлсэн “Эрдэнийн эрэл” ХХК-ийн тоног төхөөрөмж шаардлагыг хангана. Албан ёсны дистрибьютерийн хувьд энэ талаарх тодорхойлолтыг хийж байна гэсэн албан бичгийг хэрэгт өгснөөр шаардлагыг хангасан нь нотлогдож байна гэж үзэж байна. Үүнээс үзэхэд SUNHJAN SH-9000 маркийн машин нь 1000 метрийн хүчин чадалтай гэдэг нь үндэслэлгүй гэсэн нь тодорхой байна.

Нэгдүгээрт: Хөдөлгүүр ижил байхад хүчин чадал өөр байдаг нь ямар учиртай вэ гэдэг асуудлыг ярьж байна. Энэ талаар тайлбар хийе. Хөдөлгүүр болон цохилтын үйлдлээсээ үл хамаарч 3, 4 янзын өрмийн хошууг сольж болдог олон үйлдэлт машин байгаа юм. Үүнийг Солонгосын компани нь хөдөлгүүр, бусад эд ангийг нь угсраад өөрийн брэндийн нэрээр SUNHJAN SH-9000 гэсэн машиныг үйлдвэрлэдэг юм байна. Дэлхийн стандартад нийцсэн NQ, PQ, HQ гэсэн 3 хэмжээтэй өрөмдлөгийн хошууг сольж хийдэг. NQ нь  69,9 мм, HQ нь 88,9 мм, PQ нь 114,3 мм-ийн диаметрийн өргөнтэй. Диаметр ихсэх тусам өрмийн жин нэмэгдэнэ гэсэн үг. Хүнд өрмийн хошуутай өрөмдлөгийн машин хол зайд өрөмдөж чаддаггүй. PQ 114,3 мм-ийн буюу 4,48 инчийн хэмжээтэй өрмийг энэ машинд хийвэл 500 метр л явж чадна. Арай хөнгөн буюу HQ хэмжээтэй өрмийг хийчихээр 1000 метр явна. Хамгийн бага хэмжээтэй буюу NQ 69,9 мм-ийн диаметртэй өрмийг хийвэл гүн нь ихсэж 1500 болдог. Үйлдвэрлэгчийн каталог дээр байсан дриллийн капасити /drilling capacity/ гэдэг үгийг нэхэмжлэгч албан ёсоор орчуулахгүйгээр хамгийн гүн өрөмдөх хэмжээ гэж буруу ойлгоод байгаа юм. Хамгийн гүн, их гэсэн утгыг агуулаагүй.

Хоёрдугаарт: Үйлдвэрлэгчийн албан ёсны дистрибьютер компани нь “Эрдэнийн эрэл” ХХК-ийн баримтад дурдсан NQ, PQ, HQ гэсэн 3 хэмжээтэй өрмийн хошуугаар 500, 1000, 1500 метрийн гүн өрөмдөнө гэдгийг нотолж тодорхойлчихсон.

Албан ёсны дистрибьютерээс авсан энэ каталогийг тендерийн баримт бичигт  хавсаргаж явуулсан. “Уран дриллинг” ХХК-ийн өгсөн каталоги гэдгийг нотлохын тулд “Уран дриллинг” ХХК-ийн тамгатай баримтыг хэрэгт өгсөн. Үүнийг харьцуулан шинжлэн судлуулсан. Энэ 2 баримт адилхан байна гэдэг нь тогтоогдсон. Нэхэмжлэгч талын хөдөлгүүр ижил байхад хүчин чадал өөр болдог гэх логик нь өөр тоног төхөөрөмжид хэрэгждэг байх. Өрмйин машинд ийм байх боломжгүй гэдэг нь тогтоогдлоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдэгдэл хүргүүлсэн албан бичигтэй маргасан. Нэхэмжлэгч компани Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу захиргааны акт, гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн болох нь тогтоогдвол хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэл гаргаад байгаа.

Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус, хүчингүй гэж үзэхийн тулд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдох ёстой. Үүнтэй холбогдуулан гуравдагч этгээдийн зүгээс танай ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх гэж асуухад нэхэмжлэгч талаас мэдэхгүй байна гэж хариулсан. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэдгийг гуравдагч этгээд ямар үйл баримт дээр тулгуурлан дүгнэж байна вэ гэвэл 1 дүгээрт нэхэмжлэгч компани Үнэлгээний хорооны мэдэгдэл хүргүүлэх албан тоотод маргасан. Тодруулбал Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3 дугаар хурлын тэмдэглэл буюу “Эрдэнийн эрэл” ХХК-ийг шалгаруулж “Топдаймонд дриллинг ХХК-ийг 3-д эрэмбэлсэн шийдвэртэй маргаагүй. Үнэлгээний хороог хариуцагчаар татаагүй. Үнэлгээний хорооны шийдвэртэй маргах хүсэл зориг нэхэмжлэгч талд байгаагүй. Нэхэмжлэгч талыг 3-д эрэмбэлээд гуравдагч этгээдийг шалгаруулсан үнэлгээний хорооны 3 дугаар дүгнэлтэд маргаагүй учраас мэдэгдлийг хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй. Мэдэгдлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч 2-т эрэмбэлэгдэх, тендерт шалгарах хуулийн боломж байхгүй учраас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй.

Гуравдугаарт: “Топдаймонд дриллинг” ХХК-ийн ямар эрх ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл 3-д эрэмбэлэгдсэн компани мэдэгдэл хүргүүлэх албан тоотыг хүчингүй болгосноор эрх нь сэргэхгүй. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан хүчингүй болгуулах шийдвэрийг гаргах урьдчилсан нөхцөл харагдахгүй байна. Гэрээтэй маргадаг боловч ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж байгаа нь тодорхойгүй. Үүнийг тодруулах зорилгоор гэрээ байгуулгасныг хэзээ мэдсэн бэ гэж асуухад шүүх хуралдаан дээр мэдсэн гэж тайлбарласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д зааснаар гэрээ байгуулах, эрх олгох мэдэгдэл хүргүүлснээс хойш 10 хоногийн дараа гэрээ байгуулагдсанд тооцно гэсэн зохицуулалтыг мэдэж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн маргаан бүхий мэдэгдлээр гэрээ байгуулах эрх олгогдсон гэдгийг мэдсэн байна. 10 хоногийн дараа гэрээ байгуулагдах нь тодорхой буюу энэ талаар нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан. Шүүх хуралдаан дээр мэдсэн гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Тэгэхээр 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 10 хоногийн дараа гэрээ байгуулагдана гэдгийг мэдсэн байх боломжтой байна. Хуульд заасан 30 хоногийн хугацаанд гэрээтэй маргаагүй байж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна гэж дүгнэх боломжтой юм.

Гэрээ хууль бус болох тохиолдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д тодорхойлсон байдаг. Энэ хуулийг зөрчиж шууд гэрээ байгуулсан, нэг эх үүсвэрээс худалдан авсан, хуульд зааснаар зарлаж нийтлээгүй, эсхүл урилга хүргүүлээгүй тохиолдолд 29.2-т заасан тендертэй танилцах эрхийг нь хязгаарласан, тендер хүлээн авах эцсийн хугацааг эсхүл энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй, захиалагч нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн тохиолдолд тендерийн гэрээ хууль бус байхаар хуульд зохицуулжээ. Гэтэл нэхэмжлэгч аль тохиолдолд хамаарах талаар мэтгэлцэж огт маргаагүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлд мөн энэ талаар дурдаагүй. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй.

Дөрөвдүгээрт: гэрээ хууль бус байна гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч баримтын хүрээнд эргэлзээ үүссэн.Тиймээс үзлэг хийх байсан, нэмэлт нотлох баримт авах байсан гэдэг зүйлийг яриад байна. Гэтэл эдгээр эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй болчихлоо. Солонгос Улсын SUNHJAN компанийн албан ёсны дистрибьютер “Уран дриллинг” ХХК-иас ирүүлсэн баримтуудаар бүгд үгүйсгэгдэж байна. Маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Үнэлгээний хорооны шийдвэр буюу тэмдэглэл дээр давуу эрх олгох хүсэлтийг нь шийдвэрлэсэн талаар тусгах ёстой гэж нэхэмжлэгч хүсэж байна. Гэтэл Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр буюу тэмдэглэлийн загварыг захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлсэн Сангийн яамны журмаар тогтоосон байдаг. Хүсэлтийг аливаа байдлаар шийдвэрлэж журмаас давсан загвар бүхий тэмдэглэлийг Үнэлгээний хороо гаргах ямар ч хууль зүйн боломжгүй.  Үнэлгээний хороо хууль зөрчсөн болно шүү дээ. Давуу эрх олгох хүсэлтийг нь хангах боломжгүй талаар Үнэлгээний хорооны тэмдэглэлд туссан л бол энэ хүсэлтийг шийдвэрлэсэнтэй адилтгаж үзнэ. Хүсэлт гэж бие даасан албан бичгийн төрөл хэлбэртэй байгаа боловч тендерийн материалд хавсаргагдсан байгаа. Энэ материалыг Үнэлгээний хороо хянаж үзээд шийдвэрээ гаргасан. Үнэлгээний хороо хүсэлт шийдвэрлээгүй гэдэг агуулга байж болохгүй. Хүсэлт шийдвэрлээгүй гэж үзсэн бол үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, даалгах шийдвэр гаргах ёстой байсан. Эцсийн өмчлөгч нь 100% Монгол Улсын хуулийн этгээд бол давуу эрх тооцно гэдэг энэ үндэслэлийг нэхэмжлэгч тал баримталж тайлбарладаг. Гэтэл энэ үндэслэл нь 30 тэрбум төгрөгөөс дээш бол давуу эрхийг эдэлнэ. Нийт тендерийн үнийн дүнгээр тооцож байна уу эсхүл багц 2-ын үнийн дүнгээр тооцоолсон уу гэж асуухад хариулж мэдэхгүй байна гэсэн. Хууль зүйн үндэслэлийн хувьд багц 2-ын үнийн дүнгээр тендерт оролцож байгаа учраас багц 2-ын үнийн дүнгээр бодох ёстой. Багц 2-ын үнийн дүн 30 тэрбум хүрэхгүй учраас нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл илт үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 3 шаардлага тэдгээрийн үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

15. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өсөхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч 2 үндэслэлээр маргаж байгаа. 1 дэх нь тендер шалгаруулалтын баримт бичиг нь шаардлага хангахгүй гэж үзсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зарласан ЭТТХК/20240101101-02 дугаартай багц 2 тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн шаардлагыг тусгасан байдаг. Өрмийн машины хувьд HQ диаметрээр 800 метр болон түүнээс дээш, NQ диаметрээр 1200 метр болон түүнээс дээш өрөмдөх хүчин чадалтай байна гэж заасан. Техникийн тодорхойлолт тавигдах шаардлагыг 5.1 дэх хэсэгт өрмийн машин нь тус бүр нь HQ диаметрээр 800,  NQ диаметрээр 1200 метр болон түүнээс дээш өрөмдөх хүчин чадалтай холбогдох тоног төхөөрөмжтэй байна гэж заасан. “Эрдэнийн эрэл” ХХК нь яагаад энэхүү шаардлагыг хангаж байна вэ гэвэл SUNHJAN SH-9000 машины хүчин чадлын мэдээллийг Монгол Улсын өрөмдлөгийн холбооноос тус техник хэрэгсэлд олгосон 320 улсын бүртгэлийн дугаартай өрөмдлөгийн төхөөрөмжийн гэрчилгээг бид хавсаргаж хүргүүлсэн. Тус гэрчилгээ нь тухайн төхөөрөмжийн үзүүлэлтийг тодорхойлж HQ 1000 метр, NQ 1500 метр гэж улсын бүртгэгч нь бүртгэсэн байдаг.

Төхөөрөмжийн техникийн хүчин чадлыг баталгаажуулах бүртгэлийн дугаар олгосон гэрчилгээнд байгаа мэдээлэл, үзүүлэлт нь энэ тендерийн баримт бичгийн 19.1 болон 3 дугаар бүлгийн 5.1-д заасан шаардлагуудыг нь хангаж байгаа юм. 2 дугаарт Үнэлгээний хорооноос давуу эрх олгоогүй гэж маргадаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд зааснаар 2 үндэслэлээр давуу эрх олгодог. 8.7.2 дахь хэсэгт эцсийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн байх оролцогч нь 30 тэрбум төсөвт өртөгтэй ажлыг дангаараа гүйцэтгэж байгаа бол давуу эрх олгохоор хүсэлт гаргаж болно. 6.3.2-т хэрвээ түншлэлээр орж байгаа, гэрээний үүргийн 50-аас доошгүй хувийг дангаар гүйцэтгэхээр бол давуу эрх олгох хүсэлт гаргаж болно.

Хүсэлтээ гаргахдаа дээрх хоёрын алинд нь хамаарч байгаа вэ гэдгийг нотлох баримтаар нотлох зохицуулалттай. Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 255 тушаалын хавсралтаар батлагдсан тендер үнэлэх давуу эрх олгох аргачлал, зааврын 9.2 дахь хэсэгт заасны дагуу 8.7.2-т заасан нөхцөлийг хангасан нотлох баримтаар зохих ёсоор ирүүлснийг Б ангилалд хамруулна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч компани нь нотлох баримтаа огт ирүүлээгүй. Энэ 2 үндэслэлийн алинд нь хамаарч байгаа вэ гэдгийг өөрөө нотлоогүй. Эцсийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн байх, оролцогч нь 30 тэрбум төсөвт өртөгтэй ажлыг дангаар гүйцэтгэж байгаа бол давуу эрх олгоно. Гэтэл багц 2 нь 21 тэрбум. 30 тэрбумд хүрэхгүй. Түншлэлээр оролцоогүй. Гэрээний үүргийн 50-аас доошгүй хувийг дангаар эзэмшээгүй гэдэг нь тодорхой байгаа. Нотлох баримтаа ирүүлсэн ч гэсэн давуу эрх олгох боломжгүй харагдаж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.”Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1.”Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох; 28.1.2.шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай; …” 28.2.”Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.”, 28.3.”Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно.” гэж заажээ.

2. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдснаар 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн тендерийг эрэмбэлэхэд 1-д “Эрдэнийн эрэл” ХХК, 2-т “Элгэн” ХХК, 3-т “Топдаймонд дриллинг” ХХК-ийн тендер тус тус эрэмбэлэгдэж, 1-д эрэмбэлэгдсэн “Эрдэнийн эрэл” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэж тус тус гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/20240101101-02 дугаар тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-ийн  2-т зааснаар тендерт оролцогчид нь ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болох өрмийн машин тус бүр нь HQ диаметрээр 800 метр болон түүнээс дээш метр, NQ диаметрээр 1200 метр болон түүнээс дээш метр өрөмдөх хүчин чадалтай 5 ширхэг байхаар заасан байна.

3.1 Гуравдагч этгээдийн тендерийн материал дахь ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн талаарх хавсаргасан Sunghan SH-9000 загварын өрмийн машин тодорхойлолт, өрөмдлөгийн төхөөрөмжийн гэрчилгээ зэргээс үзвэл  PQ диаметрээр 500 метр, HQ диаметрээр 1000 метр, NQ диаметрээр 1500 метр өрөмдөх чадалтай болох нь нотлогдож байна.

3.2 Нэхэмжлэгчийн маргаж байгаа интернэтэд тавигдсан танилцуулгад[1] 1000 метр гэж байгаа боловч тус үзүүлэлт нь Sunghan SH-9000 загварын өрмийн машины өрөмдлөгийн дундаж гүнийн хэмжээ болох талаар  Sunghan D&T компанийн Монгол Улс дахь албан ёсны дистрьбютер “Уран дриллинг” ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

3.3 Иймд гуравдагч этгээдийг шаардлага хангасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т заасантай нийцсэн байна.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.”Захиалагч ажлын хувьд 30 тэрбум, барааны хувьд нэг тэрбум, үйлчилгээний хувьд 300 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад гадаадын этгээд оролцохыг хориглож үл болно.”, 8.7.”Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтад дараах давуу эрхийн аль нэгийг олгож, тендерийн үнийг хийсвэрээр бууруулж тооцно: …  8.7.2.эцсийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн байх оролцогч энэ хуулийн 8.3-т зааснаас дээш төсөвт өртөгтэй ажлыг дангаар гүйцэтгэхээр, эсхүл гэрээний үүргийн 50-иас доошгүй хувийг гүйцэтгэж, энэ хуулийн 6.3.2-т заасан эрх эдлэх түншлэлийн гишүүний хувиар гүйцэтгэхээр санал ирүүлсэн бол тендерийн үнийн дотоодын бараанаас бусад хэсгийн үнийн 7.5 хувиар.”, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар баталсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын 9.1.”Ажил гүйцэтгэхээр ирүүлсэн шаардлагад нийцсэн тендерүүдийг "А", "Б", "В" гэсэн ангилалд хуваана.”, 9.2.”Хуулийн 8.7.1-д заасан нөхцөлийг хангасныг нотлох баримтаа зохих ёсоор ирүүлснийг "А" ангилалд, 8.7.2-т заасан нөхцөлийг хангасныг нотлох баримтаа зохих ёсоор ирүүлснийг "Б" ангилалд хамруулна.”, 9.5.”Ажил гүйцэтгэх тендерт давуу эрх олгох тооцооллыг энэ аргачлал, зааврын Маягт 6-ын 2 дугаар хүснэгтийн дагуу хийнэ.” гэж заажээ.

5. Нэхэмжлэгчийн тендерийн материалаас үзвэл 2024 оны 04 дүгээр сарын 09-ны 24/85 дугаар албан бичгээр дотоодын давуу эрх тооцуулахаар хандсан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.2-т заасан нөхцөлийг хангасан болохоо нотлох баримтыг зохих ёсоор ирүүлээгүй тул Үнэлгээний хорооны хурлаар нэхэмжлэгчийн дотоодын давуу эрх тооцуулах тухай хүсэлтийг хэлэлцээгүй, тооцооллыг хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүй.

6. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.7.2-т зааснаар захиалагч ажлын хувьд 30 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажлыг дангаар гүйцэтгэхээр санал ирүүлсэн бол  давуу эрхийн аль нэгийг олгож, тендерийн үнийг хийсвэрээр бууруулж тооцож болох боловч тус тендерийн хувьд ажлын үнийн дүн хуульд заасан төсөвт өртөгт хүрэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

7. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.2, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т заасныг баримтлан “Топдаймонд дриллинг” ХХК-иас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д холбогдуулан гаргасан ““Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан ЭТТХК/20240101101-02 дугаартай Багц№2 “Далд уурхайн хайгуулын 60,000 тууш метр өрөмдлөг хийх” ажилд “Эрдэнийн эрэл” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/792 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай”-ээр 3-т эрэмбэлсэн тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг даалгах, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эрдэнийн эрэл” ХХК нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЭТТ-2024/1228 “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (Багц-2) гэрээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.ДАМДИНСҮРЭН