Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2024/00912

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2024/00912

Баян-Өлгий аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, Ш овогт Т.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Б овогт А.М-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, үндэслэлгүй авсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А,

Хариуцагч А.М,

Орчуулагч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч А.М-д холбогдуулан Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, үндэслэлгүй авсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Т.А нь Т.А-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн гэрлэсний бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан.

1.2.Бид хамтран амьдарч байх хугацаанд 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Аийн Дг хадам аав М.Т, хадам ээж А.М нарт үрчлүүлсэн.

1.3.Би нөхөр Т.А-тэй хоорондоо таарамж муутай байсан учир гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан ба Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/000000 дугаар шийдвэрээр бидний гэрлэлтээ цуцалж, хүү А.Д, охин А.С нарыг миний асрамжид үлдээж, эцэг нь Т.А-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Тэрнээс хойш Т.А, бид нар тусдаа амьдарч байна. Тухайн үед охин А.Д-г өвөөгөөр овоглож байсан боловч миний асрамжид үлдсэн ба тэрнээс хойш одоо хүртэл миний асрамжид, надтай хамт амьдарч байна.

1.4.Хадам аав М.Т нь 2021 оны 11 дүгээр сард нас барсан ба хадам ээж А.М нь охин А.Д-д 2021 оны 12 дугаар сард тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож мөнгийг одоо хүртэл авч ашиглаж байгаа юм байна. Би үүнийг тухайн үед мэдээгүй байсан бөгөөд 2022 онд хадам ээж А.М намайг дуудаад 5,0 сая төгрөг өгч мөнгийг би авч байя, чамд дараа нь өгч байна гэж хэлсэн. Гэхдээ тэрнээс хойш надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. А.М нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосноос хойш 45 дахь сардаа тасралтгүй тэтгэврийн мөнгө авч ашиглаж байна.

1.5.Би анх А.Дг үрчлүүлэх үед албан ёсоор зөвшөөрөл өгөөгүй, ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурж байгаагүй. А.Д нь одоо хүртэл миний асрамжид байж, надтай хамт амьдарч байгаа ба түнхний ясны мултралтай, байнгын асаргаа шаардлагатай, А.М-г огт танихгүй, тэр хүнтэй нэг ч хоног хамт амьдарч байгаагүй. А.М нь миний охин А.Д-г нэг ч хоног асран хамгаалаагүй, өсгөн хүмүүжүүлээгүй мөртлөө тэжээгчээ алдсаны тэтгэврийг нь авч ашиглаж байгаад гомдолтой байна. Үүнтэй холбоотойгоор би үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, А.М-н 2021 оны 12 дугаар сараас хойш авсан тэтгэврийн мөнгийг гаргуулан авахыг хүсэж байна.

1.6.Иймд миний хүсэлтийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж охин А.Д-ийн М.Т, А.М нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, А.М-ийн 2021 оны 12 дугаар сараас хойш авсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгөнөөс 5,0 сая төгрөгийг хасаж, үлдэгдэл мөнгийг надад буцаан олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч А.М-ийн хариу тайлбар, татгалзал:

2.1.Миний бие А.М Н сумын 6 дугаар багт амьдардаг. Би бэр болох Т.А-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хүү болох А болон бэр А нар надаас болж салаагүй. Би бэрдээ болон ач нартаа нэг ч үг хэлдэггүй. Гэр бүл дотор ямар нэгэн зодоон, хүчирхийлэл гардаггүй, зөвхөн нөхөр нь хааяа архи уудаг байсан. Үүнээс болж надад ч мэдэгдээгүй бэр маань салсан байсан.

2.2. Миний бие бэрдээ удаа дараа гэртээ буцаж ирэхийг гуйсан. Бэр маань одоо ч хүрээд ирвэл миний бие хүлээн авахад бэлэн байна. Би бэрээ гэрээс гуйгаагүй.

2.3.Д-ийн хувьд хүү А, бэр А нар өөрсдөө зөвшөөрсний үндсэн дээр өргөдлөө бичиж сайн дурын зөвшөөрлийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/99 тоот захирамжаар хуулийн дагуу нөхөр бид хоёр үрчилж авсан. Мөн Д-г төрсөн цагаас эхлэн миний бие өөрөө асарч өсгөсөн. Охин Дг бэр Ад өгөөгүй, өөрөө явахдаа бусад 2 хүүхдийн хамт авч явсан байна. Хүүхдүүдийг нааш нь явуулчих, би ач нарыгаа санаж байна гэхэд хүүхдүүдийг явуулахгүй байгаадаа би их гомддог. Д-ийн хувьд миний бие хууль ёсны эцэг эх нь мөн. Би бэрдээ Д-г авч яв гэж хэлээгүй, өгөөгүй. Гэрт байсан хүүхдийг өөрөө миний зөвшөөрөлгүйгээр дагуулж явчихаад, буцаж гэрт явуулахгүй байна.

2.4.Охин Дд нөхөр маань нас барсны дараа тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон. Тэр үеэс эхлэн миний бие өөрөө авч байгаа. 2022 онд (Д-ийн) өөрийн нэр дээр байгаа тэжээгчээ алдсаны тэтгэврийг зээлээр урьдчилан бичүүлэн авч Д-д хэрэглээрэй гэж бэрдээ 5,000,000 төгрөг өгсөн. Түүний дараа охиноо нааш нь явуулчих, би өөрөө асаръя гэсэн боловч миний охиныг явуулахгүй байна.

2.5.Одоо Т.А 3 хүүхдийн мөнгө болон хүү А-ийн тахир дутуугийн группийн мөнгийг сар бүр авч байгаа. Т.А-ийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг гаргах өгөх боломж, бололцоо үнэхээр байхгүй. Өнгөрсөн жил авсан зээлээр хүүхдээ мотоцикл авч өгсөн. Энэ жилийн авсан зээлээр гэртээ засвар хийсэн. Байшиндаа хийсэн засварыг очоод үзэж болно. Хүү маань архинаас гарч засагдаж, бэр болон ач нар маань очоод амьдарна гэвэл би дуртайяа хүлээж авна, тэд нарын төлөө байшиндаа засвар хийсэн. Одоо би үхвэл тэр байшин ач нарт үлдээнэ. Харин хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгож, Т.А-ийн нэр дээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00926 дугаар шийдвэр, Б аймгийн Ө сумын 10 дугаар багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/56, 10/57 дугаар тодорхойлолтууд, Б аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 3/417 дугаар тодорхойлолт, А.Д-ийн Төрсний бүртгэлийн лавлагаа, Т.А-ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, виза карт-ны  фото зураг, Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Т.А-ийн Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, төрөлтийн түүх, Т.Д-ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 281 дугаар албан бичиг зэргийг,

Хариуцагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Б аймгийн Н сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/99 дүгээр захирамж зэргийг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12/1148 дугаар албан бичгийн дагуу М.Т-ын  Нас барсны бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Н сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/99 дүгээр захирамж, А.Д-ийн төрсний гэрчилгээний хуулбар, ХААТР маягтууд зэргийг,

Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1219, 1220, 1221 дугаар албан бичгүүдийн дагуу Төрийн банкны Б аймаг дахь салбарын 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 47/753 дугаар албан бичгээр ирүүлсэн А.М-ийн тус банк дахь Харилцах дансны харилцагчийн хуулга, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 503 дугаар албан бичгээр ирүүлсэн А.Мн Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолын хуудас, ХААН банкны Б салбарын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5197/762 дугаар албан бичгээр ирүүлсэн А.Мн тус банк дахь Депозит дансны хуулга зэргийг тус тус  бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Т.А-ийн хариуцагч А.М-д холбогдуулан гаргасан үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, үндэслэлгүй авсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангаж, үндэслэлгүй авсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг буцан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5.Нэхэмжлэгч Т.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 2013 онд Т.А-тэй гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин А.Дг хадам  аав М.Т, хадам ээж А.М нарт үрчлүүлсэн. Нөхөр Т.А-тэй хоорондоо таарамж муутай байсан учир гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан ба шүүхээс бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээсэн. Охин Д  өвөөгөөр овоглож байсан боловч миний асрамжид үлдсэн ба одоо хүртэл надтай хамт байгаа. Хадам аав М.Т 2021 онд нас барсан ба хадам ээж А.М нь Д-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож мөнгийг өөрөө ашиглаж байгаа. 2022 онд А.М намайг дуудаад 5,000,000 төгрөг өгч тэрнээс хойш мөнгө өгөөгүй. Охин Д нь миний асрамжид байж, надтай хамт амьдарч байгаа. Үрчлэн авагч А.М нь миний охин А.Д-г нэг ч хоног асран хамгаалаагүй, өсгөн хүмүүжүүлээгүй мөртлөө тэжээгчээ алдсаны тэтгэврийг нь авч ашиглаж байгаад гомдолтой байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож А.М-н 2021 оны 12 дугаар сараас хойш авсан тэтгэврийн мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч А.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Хүү А, бэр А нар өөрсдөө зөвшөөрсний үндсэн дээр 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин Д-г нөхөр бид хоёр үрчилж авсан. Д-г би өөрөө асарч өсгөсөн. А гэрлэлтээ цуцлуулж явах үедээ хоёр хүүхдийн хамт авч явсан. Хүүхдийг миний зөвшөөрөлгүй аваад явчхаад буцааж явуулахгүй байна. Нөхөр нас барсны дараа Д-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдсон бөгөөд түүнийг миний бие авч байгаа. 2022 онд тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгөнөөс Д-д хэрэглээрэй гэж Ад өгч байсан. А, А нарын гэр бүл салалтад би буруугүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1.Б аймгийн Н сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/99 дугаартай захирамжаар А-ийн Д-г М.Т, А.М нарт үрчлүүлсэн байх ба 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үрчилсний бүртгэл хийгдэж Тайлахын Д болгон төрсний гэрчилгээ олгосон болох нь тогтоогджээ.

7.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Нас барсны лавлагаагаар үрчлэн авагч И овгийн М.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болох нь тогтоогджээ.

7.3.Б аймгийн Ө сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор охин Т.Д нь төрүүлсэн эх Т.А-ийн хамт амьдарч байгаа болох нь, мөн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолтоор Тайлах овогтой Д нь 2024-2025 оны хичээлийн жилд тус сургуулийн 5б  ангид суралцаж байгаа  болох нь тус тус  тогтоогдсон байна.

7.4. Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 503 дугаартай албан бичиг болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсаар А.М нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг Т овогтой Д-д 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тогтоолгож авч байгаа болох нь, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэрт нийт 23,188,709 төгрөг олгосон болох нь тогтоогджээ.

7.5.Төрийн банк болон ХААН банкны Б аймаг дахь салбараас ирүүлсэн хариуцагч А.М-ийн харилцах дансны хуулгаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх харьцсан данс, орлого зарлагын хөдөлгөөн, дансны үлдэгдэл, гүйлгээнүүдийн утга зэрэг нь тогтоогджээ.

7.6.Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00926 дугаартай шийдвэрээр Т-А, Т.А нарын гэрлэлтийг цуцалж, тэдний хүүхдүүд болох А.Д, А.С нарын Т.А-ийн асрамжид үлдээж, Т.Д нь бусдад үрчлэгдсэн үндэслэлээр Т.А-ийн  Т.Д-ийн асрамжийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

8.Нэхэмжлэгч Т.А-ээс охиноо өөрөө асарч байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож, үндэслэлгүй авсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг буцаан  гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

9.Нэхэмжлэгч Т.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

10.Нэхэмжлэгч Т.А Д-г үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах үндэслэлээ сүүлийн 3 жилийн хугацаанд хүүхэд миний асрамжид байгаа, үрчлэн авагчийн хувьд хүүхдийг тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, сүүлийн 3 жилийн хугацаанд үрчлэн авагч нь хүүхдэд уулзаагүй гэж тайлбарласан ба хариуцагч А.М-аас шүүх хуралдаан дээр “охин Д-ийн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүүхдийг Т.А-ийн нэр дээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй” гэж тайлбарлажээ. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар Д-ийн төрүүлсэн эцэг, эх болох Т.А, Т.А нар 2021 онд гэрлэлтээ цуцлуулснаас хойш Т.Д нь  төрүүлсэн эх нь болох Т.А-ийн хамт амьдарч байгаа болох нь тогтоогдож байна. Дээрх байдлаас үзэхэд А.М нь хүүхдийг тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй байх ба үрчлэн авагчаас үрчлэлтийг хүчингүйд тооцохыг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Н  сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/99 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар А овогтой Д-г өвөг эцэг М овогтой Тайлах, эмэг эх А овогтой М нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож, охин Д-г төрүүлсэн эх нь Т.А-ийн асрамжид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

11.Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч А.М-аас үндэслэлгүй авсан охин Т.Д-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулахыг хүссэн байна.

12. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.1, 16.1.1-д зааснаар …, эсхүл өндөр насны .. тэтгэвэр авагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүн болох үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна. Өндөр насны тэтгэвэр авагч М.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өөр нас барсан байх бөгөөд түүний асрамжид байсан 19 насанд хүрээгүй хүүхэд болох Т.Д-д тэжээгчээ алдсаны тэтгэврийг авах эрх үүссэний дагуу нийгмийн даатгалын байцагчаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоожээ.

13. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “14 ба түүнээс доош насны хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-д олгоно” гэж заасны дагуу 14 насанд хүрээгүй Т.Д-ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг түүний эх болох А.М-д олгож ирснийг хууль бус гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч Т.А-ийн хариуцагч А.М-аас үндэслэлгүй олгогдсон тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

14.Иймд Б аймгийн Н  сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/99 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар А овогтой Д-г өвөг эцэг М овогтой Т, эмэг эх А овогтой М нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож,  нэхэмжлэгч Т.А-ийн хариуцагч А.М-аас үндэслэлгүй олгогдсон тэтгэврийн мөнгийг мөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

15.Нэхэмжлэгч Т.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, түүнийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид  70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хариуцагч А.М-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 23 дугаар зүйлийн 23.3  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б аймгийн Н  сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/99 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар А овогтой Д-г өвөг эцэг М овогтой Т, эмэг эх А овогтой М нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож,  нэхэмжлэгч Т.А-ийн хариуцагч А.М-аас үндэслэлгүй олгогдсон тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар охин Д-г төрүүлсэн  эх нь Т.А-ийн асрамжид шилжүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Т.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид  70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хариуцагч А.М-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК