| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2017/0553/Э |
| Дугаар | 540 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 540
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч А.Нямсүрэн, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Дандий-Ядам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Залайр овогт Аюурын Баасансүрэнд холбогдох эрүүгийн “1711007660165” дугаартай, 186/2017/0553/Э индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Монтел Сити дэлгүүр дотор гар утасны засвар ажлуулдаг, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол 26-320 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадварлтай Залайр овогт Аюурын Баасансүрэн /РД:ХП74042611/
Холбогдсон хэргийн талаар:
А.Б нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел худалдааны төвийн урд байрлах “гар утас засварын газарт” иргэн Б.Хүдэрбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний уруулан тус газарт нэг удаа цохиж биед нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Шүүгдэгч А.Б нь шүүхэд мэдүүлэхдээ:..Би мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн, өөрийнхөө бурууг ойлгож байна гэв.
2.1. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.2. Хохирогч Б.Хүдэрбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:...2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг өнгөрөөд манай эхнэр 1 нас 3 сартай хүүдийн хамт Монтел худалдааны төвийн зүүн талд байдаг засварын газарт гар утсаа засуулах гээд орсон би гадаа машиндаа хүлээгээд 1 цаг гаран болсон тэгээд утсаар асуухаар манай эхнэр одоо болж байна гээд байгаад байсан тэгээд ахиад залгахад арай болоогүй байна гээд байсан тэгэхээр нь манай эхнэр хүүхдээ тэвэрчихсэн байсан болохоор би санаа зовоод араас нь Монтел худалдааны төвийн урд байрлах засварын газар луу нь ороход 3 хүн гар утас засаад байж байсан ба дунд нь сууж байсан махлаг бор залуу дээр нь манай эхнэр гар утсаа засуулж байхаар нь би жаахан хурдлаарай бид яарч байна шүү наад хүн чинь хүүхэд тэвэрчихсэн байгаа биз дээ гэхэд тэр залуу нь байж бай чи юун сүртэй юм чадахгүй бол өөр хүн дээр засуул гэхээр нь би чи засаж чадахгүй юм бол яах гэж задалсан юм би үйлчлүүлж байгаа хүн арай удаж байгаа юм биш үү гэхэд ална шүү гээд тэр залуу барьж байсан гар утас засдаг хямсаагаараа над руу далайхаар нь чаддаг юм бол чи цохь эр хүн шиг гараад үзье гэхэд хажууд нь утас засаж байсан цагаан цамцтай залуу нь наад гар утсыг нь буцаагаад боогоод явуул гэхээр нь чи засаж чадахгүй юм бол яах гэж гар утас задлаад хүн 1 цаг гаран хүлээлгэж байгаа юм гэхэд тэр хажууд нь байсан залуу миний хүүхэд рүү гараа чичиж байснаа намайг янхан, биеэ үнэлэгч гээд миний эхнэр хүүхдийн хажууд доромжлоод байсан тэгээд гараараа миний уруулруу 1 удаа цохьсон, тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм гэжээ. /хх 11-12/
2.3. Гэрч Ч.Адъяасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед би нөхөр хүүхдийн хамт явж байгаад би хүүхдийн хамт машинаас буугаад Монтел худалдааны төвийн урд талд байдаг гар утас засварын газар ороод нэг засварчинд өөрийн ЛЖ маркийн гар утсаа засуулах гэж өгсөн юм гэтэл тэр хүн миний гар утсыг задалчихаад нэг эд ангийг нь солих юм байна гээд миний гар утсыг хажуудаа тавьчихаад өөр хүмүүсийн гар утсыг хажуугаар нь засаад байсан. Би тэнд 1 настай хүүхдийн хамт 1 цаг орчим хүлээсэн боловч засаж өгөхгүй хүлээлгээд байсан асуухаар одоохон боллоо гээд байсан. Ингээд байж байхад манай нөхөр Хүдэрбаатар нь орж ирээд миний гар утсыг засаж байсан залууг хурдан засаж болдоггүй юм уу ямар удаан юм бэ гэхэд тэр залуу засаж л байна шүү дээ пиздаа минь гэтэл тэр засварчны хажууд нь сууж утас засдаг хүн наадах чинь засаж л байна шүү дээ угаасаа хүлээлгэж байж л засна гэхэд манай нөхөр нялх хүүхэдтэй хүн 1 цаг хүлээлээ гэхэд тэр хоёр утас засдаг хямсаагаа бариад манай нөхрийг цохих гэж байсан. Харин хажууд нь суудаг хүн миний хүүхэд рүү хуруугаараа чичээд манай нөхрийг янхан, гичий гэх зэргээр хараагаад наад утсыг нь хурдан боож өгөөд явуул лангууны цаанаас босож ирээд гараараа манай нөхрийн уруул орчимд нь нэг удаа цохьсон нөхрийн амнаас нь цус гарч байсан, дээд уруул нь дотор талдаа язарсан байсан мөн урд талын 1 шүд нь эмтрээд буйлнаас нь цус гарч байсан тиймээс манай нөхөр цагдаад дуудлага өгөөд шууд цагдаагийн газар очиж өргөдөл гаргаж өгсөн юм гэжээ. /хх 15-16/
2.4.Гэрч С.Нямдорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:...Би Монтел худалдааны замны урд талд байрлах Сити нэртэй гар утасны засварын газарт гар утас засдаг. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед гар утас засаад ажил дээрээ байж байх үед гаднаас жаахан хүүхэд тэвэрсэн эмэгтэй орж ирээд Скай 840 маркийн гар утас засуулахаар өгсөн би уг гар утсыг засах гээд задалсан уг гар утас нь масстай байсан учраас асахгүй байсан тэгээд засаж байгаад 1 цаг орчим болсон байх уг утас нь засаад овоо болж байсан ахиад жаахан оролдоод засчих юм бол болчих гээд байсан тэгээд нөгөө эмэгтэй хүлээгээд үүдэнд зогсож байхад нөхөр нь гээд өндөр бор залуу орж ирээд эхнэрлүүгээ уурлаад яасан их уддаг юм хаашаа алга болчихдог юм гээд уурласан. Тэгээд хаана засуулж байгаа юм гэхэд намайг зааж өгсөн ба уг залуу надруу хандаж хурдан засаач яасан удаан засдаг юм гээд уурласан. Чи засаж чадахгүй юм бол юугаа хийж наанаа суудаг юм гэж чанга дуугараад хашгираад байхаар нь чи жаахан хүүхэдтэй явж байж наад хүүхдээ айлгалаа гэхэд миний хүүхэд чамд ямар хамаатай юм гээд уурлаад байсан. Тэгээд би босож зогсоод тэр залуутай хэрэлдээд байж байхад тэр залуу түлхүүрээ барьчихаад сайхан үзчих үү гээд дайраад байсан. Тэгэхээр нь боль гэж хэлсэн хажуугаас Баасансүрэн одоо чи боль хүүхэд чинь айчихлаа гээд байсан тэгээд манай шилэн лангуун дээгүүр тонгойхоор нь Баасансүрэн ах урдаас нь түлхээд эрүү орчимд нь гараараа тулчихсан юм тэгээд цагдаа дуудна гээд байсан. Цагдаа дуудсаны дараа тэр залуугийн уруулаас нь бага зэрэг цус гарчихсан байсан гэжээ. /хх 18-19/
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9559 тоот актын:
1. Б.Хүдэрбаатарын биед доод уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-30/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаагийн мэдүүлэг /хх-22/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургууд /хх-25/, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-38/ зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч А.Б нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел худалдааны төвийн урд байрлах “гар утас засварын газарт” иргэн Б.Хүдэрбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний уруулан тус газарт нэг удаа цохиж биед нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Хүдэрбаатарын:...2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг өнгөрөөд манай эхнэр 1 нас 3 сартай хүүдийн хамт Монтел худалдааны төвийн зүүн талд байдаг засварын газарт гар утсаа засуулах гээд орсон би гадаа машиндаа хүлээгээд 1 цаг гаран болсон... ингээд би араас нь орсон.....тэгээд гараараа миний уруулруу 1 удаа цохьсон, тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм гэсэн мэдүүлэг /хх 11-12/, гэрч Ч.Адъяасүрэнгийн:......2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед би нөхөр хүүхдийн хамт явж байгаад би хүүхдийн хамт машинаас буугаад Монтел худалдааны төвийн урд талд байдаг гар утас засварын газар ороод нэг засварчинд өөрийн ЛЖ маркийн гар утсаа засуулах гэж өгсөн юм гэтэл тэр хүн миний гар утсыг задалчихаад нэг эд ангийг нь солих юм байна гээд миний гар утсыг хажуудаа тавьчихаад өөр хүмүүсийн гар утсыг хажуугаар нь засаад байсан.....тэгээд лангууны цаанаас босож ирээд гараараа манай нөхрийн уруул орчимд нь нэг удаа цохьсон нөхрийн амнаас нь цус гарч байсан, дээд уруул нь дотор талдаа язарсан байсан мөн урд талын 1 шүд нь эмтрээд буйлнаас нь цус гарч байсан тиймээс манай нөхөр цагдаад дуудлага өгөөд шууд цагдаагийн газар очиж өргөдөл гаргаж өгсөн юм гэсэн мэдүүлэг /хх 15-16/, гэрч С.Нямдоржийн:.... Тэгээд би босож зогсоод тэр залуутай хэрэлдээд байж байхад тэр залуу түлхүүрээ барьчихаад сайхан үзчих үү гээд дайраад байсан. Тэгэхээр нь боль гэж хэлсэн хажуугаас Баасансүрэн одоо чи боль хүүхэд чинь айчихлаа гээд байсан тэгээд манай шилэн лангуун дээгүүр тонгойхоор нь Баасансүрэн ах урдаас нь түлхээд эрүү орчимд нь гараараа тулчихсан юм тэгээд цагдаа дуудна гээд байсан. Цагдаа дуудсаны дараа тэр залуугийн уруулаас нь бага зэрэг цус гарчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 18-19/ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9559 дугаартай дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Хохирогч Б.Хүдэрбаатар нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ:... Миний бие Б.Хүдэрбаатар нь хагалгаанд орсон учраас шүүх хуралд очиж амжихгүй байна. Тус шүүхэд Баасансүрэнд холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байгаа болно. Намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү, үнэн зөв шүүж гомдлыг минь барагдуулна уу, манай эхнэрийн утсыг эвдэж намайг цохьсон гэр бүлийн минь хажууд доромжилсон учраас гомдолтой байна гэжээ.
Хохирогч Б.Хүрэлбаатар өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг шүүхэд баримтаар нэхэмжлээгүй тул шүүх шүүгдэгч А.Бгээс хохирлыг гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна. Харин хохирогч нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Залайр овогт Аюурын Баасансүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Хүдэрбаатар нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
2017-11-28 12 цаг 30 минут