Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/14

 

 

                                            Б.*******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж шийдвэрлэн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/217 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2022/0206/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумд төрсөн, **** настай, ***эгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***** хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум **** дугаар баг ****** тоотод оршин суух хаягтай, /РД:*****/, урьд

Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан.

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт “Хюндай 2900 LС” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 20.719 төгрөгийн шууд хохирол, 110.071 төгрөгийн хор уршиг учруулан хууль бусаар алт олборлох гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* овогт *******ын *******г цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч *******ын *******д холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Шүүгдэгч Б.******* нь хохирол, хор уршигт 130.790 /нэг зуун гучин мянга долоон зуун ерөн/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болохыг дурьдан,

Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 04 дугаартай эсэргүүцэлдээ:  

... Цагаатгах тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

...шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтнээр болон шүүх хуралдаанд гзмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн гэрч Э.*******ийн “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчимд Хзрээн голоос доош уруудаад явж байсан чинь ******* ах гэнэт зогссоноо ах нь тэнд байгаа алт угаадаг гитаран бууг үзээдэхье хир юм байна гээд буугаад явсан. Тэгэзд удалгүй ирснээ “хуучин буу юм байна, гайгүй ажиллачих байхаа” гээд унаж явсан Хюндай ЛС-3 маркийн экскаватораа эргүүлээд очиж гитаран бууг босгоод экскаваторынхаа багажид байсан ус татах насос 2 ширхзг помп байсныг урт шланктай гаргаж ирээд угсраад ******* ах намайг “чи экскаватор барьж чадах юм чинь наад доороосоо шангадаад хутгаад хий” гэж хэлэхээр нь 5 гаран шанагдаж өгчихөөд байж байтал Бугантын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ш.Энхбаатар ирж үйлдэл дээр минь барьсан” гэсэн мэдүүлэг/

“Эрдэнийн ногоолин” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22/063 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “...Б.******* нь нийт 9.36 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон бөгөөд экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нийт 20.719 төгрөг болж байна. Дээрх талбайг нөхөн сэргээх ажпын техникийн нөхөн сэргээлтийн ажпын нийт зардал 15.433 төгрөг, Биологийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 40.366 төгрөг, нийт нөхөн сэргээлтийн ажпын зардал 55.770 төгрөг, „..Нөхөн төлбөрийн хэмжээ 54.301 төгрөг гьсэн дүгнэлт болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн барймтаар хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба Б.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт “Хюндай 2900 LС” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтээр тогтоосон газарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоолгохоор хууль заасан үндэслэл журмын дагуу мөрдөгчийн шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор “Эрдэнийн ногоолон” ХХК-ийн хийсэн дүгнэлтээр Б.*******гийн зезшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсаны улмаас нийт 9.36 метр квадрат талбайг эвдсэн нь хэмжилтээр тогтоогдсон, газрын хэвлийд халдахдаа техник хэрэгсэл ашиглаж үйлдсэн нь гэрч нарын мэдүүлэг болон мөрдөгч хойшлуулшгүй ажиллагаагаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтээр нотлогдсон.

Гэтэл шүүх тогтоолдоо ...Б.*******гийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсан үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай- ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулжээ... гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д ... энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцно гэж хуульчилсан боловч мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-д ...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байна.

Энэ гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргээр тодорхойлогдоно гэж үзэж, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал, мөрдөн шалгах ажиллагаагаар бэхжүүлсэн нотлох баримтыг буруугаар үнэлж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/217 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичид гээд давж заалдах шатны шүүх хуралдаан д оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар үндэслэл бүхий тайлбар хийж шүүгдэгчийг цагаатгасан. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тухайн хэргийн хохирол үлэмж бага байгааг давж заадах шатны шүүх харгалзан үзэж  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  прокурорын эсэргүүцлээр Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 3.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дүгээр сарын 17-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэр “Харээн гол” гэх газарт “Хюндай 2900LС” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдаж, байгаль экологид 20.719 /хорин гурван мянга долоон зуун арван ёсөн/ төгрөгийн шууд хохирол учруулсан гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг  хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн  хууль зүйн үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй  гэж үзэн  шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан байна.

 5.Тус шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байх ба  эсэргүүцлийн үндэслэлээ шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн гэжээ.

6.Хэргийг судлан үзвэл: Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дүгээр сарын 17-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт “Хюндай 2900LС” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах зорилгоор буюу голын голдирол дунд газрын хэвлийд халдсан үйл баримт хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “...надад тусгай зөвшөөрөл байхгүй, ...хууль зөрчсөн гэм буруугаа хүлээж байна...” гэсэн  мэдүүлэг,

гэрч Э.*******ийн ”...голоос доош уруудан явж байхад  алт угаадаг гитаран буу байсан түүнийг үзчихээд ... чи эксковатор барьж чадах юм чинь наад доороосоо хутгаад шороо хийгээд 5 шанагадаж өгчихөөд байж байхад цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн газрын хэвлийд халдсан үйлдлийн улмаас байгаль экологид 20.719 /хорин гурван мянга долоон зуун арван ёсөн/ төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн Ногоолин” ХХК-ийн 2022 оны 08 сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “ ...иргэн Б.*******  эвдрэлд оруулсан талбай нь гол мөрний урсац бүрэлдэж эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай  давхцал бүхий газар байна.  Иргэн Б.******* нь нийт 9.36 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан,  учирсан  хохирлыг үнэлгээг байгалын бүрэлдэхүүн тус бүрээр тооцож нийт 20.719 төгрөг байна. Дээрхи талбайг нөхөн сэргээх техник, биологийн нйит зардал 55.770 төгрөг болж байна.” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байх тул түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдсан гэж үзнэ.

 7.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан хууль зүйн үндэслэлээр  гэмт хэргийн шинжгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй  болгож түүнийг цагаатгасан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д заасан гэмт хэрэгт тооцохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх гэсэн эрх зүйн ойлголтуудыг нэг ойлголт мэтээр тайлбарлаж хэрэглэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, тухайн нэг этгээдийн үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь “гэмт хэргийн шинжгүй” байх тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй буюу хэргийг “хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэдэг.

Ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохыг Монгол улсын Эрүүгийн хуулиар тодорхойлж өгсөн. Гэмт хэргийн энэ мэт онцлог шинжийг нийтэд нь гэмт хэргийн бүрэлдэхүүн гэх ба үр дүнд нь гэмт хэргийг бусад гэмт хэргээс ялгах эсхүл тухайн гэмт хэргийг гэмт хэрэг бус бусад зөрчлөөс ялгах боломжтой юм.

Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь объект, субъект, объектив тал, субъектив тал гэсэн 4 хэсгээс бүрддэг ба эдгээрээс аль нэг нь үгүйсгэгдсэн буюу нотлогдоогүй тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу гэмт хэргийн шинжгүйд тооцогдох хэрэг хэрэгсэхгүй болох шууд нөхцөл үүснэ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д заасан гэмт хэрэгт тооцохгүй байх гэсэн ойлголт нь эрүүгийн эрх зүйгээр хамгаалагдсан эрх ашигт ялимгүй хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг “хэлбэрийн” төдий агуулсан, гэмт хэргийн зайлшгүй чухал “нийгэмд аюултай” шинж чанараар нь үнэлэх тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн  зохицуулалт гэж ойлгоно.

8.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох  гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөлгүйгээр ... хууль бусаар газрын хэвлийд халдсан...”  гэж хуульчилснаас үзвэл хохирол шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг боловч шүүгдэгч Б.Батзаягийн  үйлдэл нь гэмт хэргийн гол шинж болох нийгэмд аюултай шинж болон түүний үйлдлийн улмаас байгаль экологид үлэмж бага хэмжээний буюу 20.719 төгрөгийн ялимгүй хохирол учирсан, шүүгдэгчийн хувийн  байдал зэргийг харгалзан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж түүний үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирол хор уршиг шаарддаггүй, эрх зүйн ойлголтоор хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг боловч газрын хэвлийд халдсан үйлдэл бүрийг эрүүжүүлж буюу эрүүгийн гэмт хэрэг болгож шийдвэрлэх нь учир дутагдалтай гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Б.*******гийн  үйлдлийн улмаас байгаль экологид 20.719 төгрөгийн хохирол учирсан нь нийгмийн хор аюул ялимгүй бага, уг үйлдлийн улмаас нийтийн эрх ашигт ноцтой хор уршиг учруулаагүй байгааг анхаарч газрын хэвлийд халдсан зөрчил байж болно гэж үзсэн болно.

9.Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******гийн үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн өөр ойлголтуудыг нэг мэтээр тайлбарласныг зөвтгөн  шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй бус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдийн агуулсан гэж үзэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт  оруулахаар шийдвэрлэв.

10.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч *******ын *******д холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.  

Шүүх шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж цагаатгаж байгаа тохиолдолд хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэх тул түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй.

Харин  шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй буюу шүүгдэгч тухайн хэргийг үйлдээгүй гэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд  хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтэнд буцаах өөрөөр хэлбэл тус гэмт хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоолгох шаардлага үүссэн гэж ойлгоно.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/217 дугаартай цагаатгах тогтоолын Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн заримыг хангасугай.    

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН